Улаанбаатар 1c

Монголын хүүхдийн зохиолын хатан бүүвэй ээж

Чулуугаар гэр барьж, элсээр бороо оруулж, аадрын дараах солонгыг барих гэж хөөцөлдөн гүйж өсөөгүй хүн ховор болов уу. Гэгээн жаргалтай, гэнэн итгэмтгий балчир насыг туулаагүй хүн байхгүй ээ. Хэн болохоо мөрөөдөж, юу хийхээ зурж, божин борхон гараараа бүхнийг мэдрэх гэж, хийж үзэх гэж, барьж хүртэх гэж тэмүүлдэг далавчит насандаа хайргүй хүн хорвоод нэгээхэн ч үгүй болов уу.

Аманд багтдаг жаахан хөлийг, мөлхөж нуугддаг бяцхан ширээг, алтан загасыг, атгаалжин хар мангасыг, тоодон дээлтэй хүүг, бүлтгэр нүдэн унагыг, бүжин туулайтай сарыг магтан дуулж, үлгэр болгон ярьж, үгээр амилуулдаг шидтэнийг хүүхдийн зохиолч гэнэ. Тэд том хүний ертөнцөд хүүхдийн хэлээр ярьж, хүүхдийн нүдээр гайхширдаг учраас амьдрал ямагт гэгээн, сонирхолтой байдаг биз.

Хүн бүхний хамгийн жаргалтай цаг мөчийг бүтээлдээ мөнхөлж яваа, Монголын хүүхдийн зохиолын хатан бүүвэй ээж, Шагдарын Энхбаяртай бяцхан уншигчдыгаа уулзуулж байна. Тэрбээр зохиолч Х.Зандраабайдий гуайн эхнэр гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

ҮЛГЭРИЙГ ХЭН БИЧДЭГ ЮМ БОЛ ГЭЖ ГАЙХДАГ ОХИН БАЙЛАА

Монголын хүүхдийн уран зохиол аль ч цагт уран бүтээлч, уншигч, оюуны мастеруудаар дутаагүй ч дагнан бичигч, туурвин сэтгэгч төдийлөн олон байсангүй. Энэ нь зохиолч, уран бүтээлчдийн чадвартай, чадваргүйн асуудал биш ч гэлээ хэн дуртай нь бариад биччихдэг төрөл биш учраас ийн ярвигтай байсан гэвэл үнэнд дөхөх билээ. Хүүхдийн хэлээр ярьж, хүүхдийн сэтгэхүйгээр бодож, хүүхдийн нүдээр хорвоотой танилцана гэдэг амьдрал үзэж, тархи нь боловсорч, зүрх нь хатуужсан хэнбугайд ч хэцүү. 

Тийм ч учраас Ц.Дамдинсүрэн “Цэцэн хурга”, Ч.Лодойдамба “Малгайтай чоно”, Б.Бааст “Халзан бухандай”, Н.Санжмятав “Даанч ухаангүй тоглож дээ”, Д.Содномдорж “Жигмэд Тогмид хоёр”, “Норовын намтар”, Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх”, Д.Гармаа “Хөгжөөнтэй тууж”, “Аав цэцэрлэгт орсон нь”, П.Лувсанцэрэн “Усны эргүүлэг буюу Борзооны түүх”, Ч.Арьяасүрэн “Сүүлэнхүү”, П.Бадарч “Унага”, Ч.Чимэд “Би Монгол хүн” зэрэг шилээвэр бүтээл бий. 

Монголын уран зохиолын алтан үеийнхэн гэж хэлж болох уран бүтээлчдийг тухайн үеийн Гэгээрлийн яам бодлогоор дэмжиж, хүүхдийн уран бүтээл хийхийг санал болгодог байснаар дээрх бүтээл төрж, өнөөгийн уншигчдын бага насыг төсөөлөл, мөрөөдлийн ертөнц болгож, гэрэлтүүлсэн нь үнэн билээ. Харин өнөөдөр хүүхдийн уран зохиолыг дагнан бичиж байгаа уран бүтээлч гарын арван хуруунд багтаж байна. Тэр тусмаа эмэгтэй уран бүтээлч байна уу гээд хайвал, Шагдарын Энхбаяраас өөр алга. Тэрбээр  “Алтан-Өд” шагналыг 2016 онд  хүүхдийн уран бүтээлийн төрөлд “Болжмор”, “Шоовдор” бүтээлээрээ хүртэж байв.    

Хүний амьдрал дурсамж, хайрын тойрог дунд хөвөрдөг болов уу. Тэр тусмаа хүүхэд насныхаа дурсамжийг нэхэн санадаггүй хүн үгүй байх. Ерөнхийлөгч хүртэл балчир насныхаа бодол, дурсамжиндаа хайртай гэж боддог. Хүний амьдралын туршид бодогдсоор байдаг шуурга мэт дурсамжийн салхи сэвэлзэхээ болиход, магадгүй хүн үхдэг байх. Хүүхдийн зохиолч Ш.Энхбаяр хатагтайтай ярилцаж суухуйд ийм л бодол төрсөн юм. Тэрбээр “Миний бага нас Булган аймгийн Халиун суманд өнгөрсөн. Хамгийн жаргалтай, хамгийн танхил үе минь. Миний аавыг Шарав, ээжийг Дулам гэдэг байлаа. Аав маань их ажилсаг, илүү дутуу яриа цөөнтэй хүн байв. Бага залуудаа аймгийнхаа Намнангийн хүрээний их том лам байсан гэдэг.

Хатанбаатар Магсаржавын удирдлага дор байлдаж явсан цэрэг байсан гэх мэт түүхийг нь ээжээс сонсож байсан. Аав тэр тухайгаа дэлгэрэнгүй ярих дургүй байснаас надад дээрхээс өөр тодорхой мэдээлэл үлдээгүй. Манайх таван хошуу мал малладаг, дутуу гачуугийн зовлонгүй айл байлаа. Аав, ээж хоёр минь надаар юу ч хийлгэдэггүй, эрх зоргоор минь өсгөсөн. Ямар сайндаа л үнээ, тугал нийлэх гээд сандарсан ээж “Мал нийллээ, салгаарай” гээд орилтол гүйх гэсэн  намайг  аав минь ухасхийн татаж суулгаад “Миний охин битгий яв. Эхтэй мал эхийгээ хөхөө л биз, аавын охин ядарчихна” гээд болиулж байсан нь ер сэтгэлээс гардаггүй. Ийм л жаргалтай өссөн хүн дээ, би. Хэзээ ч ухаан зарж, хэрсүүжих боломж олгоогүй учраас өдгөө ч би яг хүүхэд шиг араншинтай.

Томчуудтай учраа олж, ярилцаж чаддаггүй, томчуудын дунд орох дургүй. Багаасаа үлгэр сонсож өссөн. “Энэ үлгэрийг хэн бичдэг юм бол, номыг хэн ийм гоё болгодог юм бол” гэж байнга боддог охин байлаа. Сургуульд ороод шүлэг их цээжилдэг, ном их уншдаг байсан нь зохиолч болоход нөлөөлсөн байх. Тэр тусмаа хүүхдийн уран зохиол бичих хөрс, суурь болсон болов уу” хэмээн ярилаа.

АНХНЫ НОМОО 19 НАСТАЙДАА БИЧСЭН НЬ  

Хүний хувь тавилан, заяа төөрөг гэдэг сонин. Хаана өсөж, юу үзэж туулсан зэргээс ихээхэн хамаардаг юм шиг. Ингэж хэлэхийн учир нь Ш.Энхбаяр зохиолч аав Шарав, ээж Дуламынхаа гар дээр хорвоогийн тоосноос хаацайлуулж өсөөгүй бол хүүхдийн зохиолч гэх алдрыг хүртэх байсан болов уу гэх хачин бодол зурсхийв. Ш.Энхбаяр зохиолч энэ хорвоод мэндлээд л өвөө, эмээгийн охин болжээ. Аав Шарав, ээж Дулам нар нь хүүхэд олоогүй учраас нэгэн охин айлаас өргөж авсан нь сайхан бүсгүй болж, хожмоо Энхбаяр гуайг төрүүлжээ. Ингээд хүүхдийн хүслэн болсон өвөө эмээ нь өргөмөл охиныхоо төрүүлсэн үрийг нүдний цөцгий мэт энхрийлэн өсгөсөн нь өдгөө Монголын хүүхдийн уран зохиолын хатан бүүвэй ээж болжээ. 

“Би төрүүлсэн аав, ээжээсээ хол өссөн. Миний жинхэнэ аав Зундуйн Даржаа гэж хүн байсан гэдэг. Энэ хүн Заамарт адуучин явсан гэж ярьдаг. Нэг удаа айлын эзэмшлийн өвс рүү адуу нь ороод идчихэж. Ингээд өвсний эзэн айл цагдаад мэдүүлэхэд нь аав “Ядарсан надад ял нь хүнддээд байна, ялзарсан өвсөнд үнэ нь хүнддээд байна” гэж хэлээд гарч байсан юм гэсэн. Зөвхөн энэ л жишээнээс бодоход миний төрсөн эцэг нэлээд хэлэмгий, цэцэн хүн байсан болов уу гэж боддог. Тэгэхээр юм бичих жаахан авьяас, өгөгдөл надад байдаг бол тэр нь аавын багахан “юм” л яваа болов уу даа” хэмээн ярилаа. Үнэхээр ч тийм байх. Авьяас гэдэг ямагт өгөгдөл байдгаас биш зорьж, зохиочихдог үйл биш ээ.

“Та хэзээнээс юм бичив. Өөрийгөө хүүхдийн зохиолч гэж тоосон үе байна уу” гэх асуултад тэрбээр “Анх 19-тэй байхдаа хүүхдэд зориулж шүлэг бичсэн. “Туузтай ишиг”, “Бөмбөг бид хоёр” гэсэн овоо хэдэн шүлэгтэй ном биччихсэн байсан. Яг энэ үед радиогоор хүүхдийн номын уралдаан зарлаж байгаа тухай мэдээ сонсоод, өнөөх 40 орчим шүлэгтэй номоо явуулчихлаа. Тэгж байтал Д.Содномдорж гуай радиогоор ярьж байна. “Шаравын Энхбаяр гэж зохиолчийн ном уралдаанд шалгарлаа” гээд л. Энэ яриаг сонсоод хотод иртэл “Өө чи чинь эмэгтэй хүн юм уу” гэсэн. Ингээд Д.Содномдорж гуайн зөвлөгөөг сонсож, номоо редакторлуулаад 1979 онд “Оосортой од” нэрээр анхны бүтээлээ хэвлүүлж байлаа” хэмээн дурсав.

Түүний “Ботго хүүхэд хоёр” нэртэй шүлэг Булган аймгийн “Дэвшил” сонинд нийтлэгдэхээс гадна “Пионерийн үнэн”, “Залгамжлагч”, “Хүүхдийн хүмүүжил” сонинд нэгэн зэрэг нийтлэгдэж байсан сонихон түүх ч бий гэсэн. “Ганц шүлэг нь дөрвөн ч хэвлэлд гарчихаар их ичсэн. Дамдинцоогийн Содномдорж гуай тэгэхэд “Чамд авьяас байна. Гэхдээ чамайг цаашид бичих үгүйг мэдэхгүй. Манай Монголд хүүхдийн уран зохиолоор дагнасан эмэгтэй зохиолч бараг байхгүй. Бичье гэвэл олигтойхон, тууштай бич. Бичихгүй бол хоёрын хооронд юм битгий сараачаарай” гэж хэлсэн нь их юм бодогдуулсан. Одоо ч би тэр үгийг байнга бодож, хүүхдийн нүд хуурсан юм бичье гэж боддоггүй” гэж ярилаа. Энэ бол хүүхдийн уран зохиол бичиж байгаа, бичихээр оролдож байгаа зохиолчдод тун ч хэрэгтэй үг санагдлаа. 

Ш.Энхбаяр зохиолч Булган аймагтаа амьдарч байхаасаа л тасралтгүй уран бүтээлээ туурвидаг байжээ. Тэрбээр цаг үеэсээ хоцрохгүйн тулд, өөрийгөө хүүхдийн уран зохиолд тамгалахын тулд СГЗ, Төрийн шагналт Жамбын Дашдондог зохиолчтой захидлаар харилцаж, өөрийн шинэхэн бүтээлээ илгээж, зөвлөгөө авч, санал бодлоо солилцдог байж. Энэ нь ёстой л эд бичиж, туурвиж байсан залуу зохиолчид уран бүтээлийн “урлан” болж байсан нь дамжиггүй. Энэ тухайгаа зохиолч “Би нэгэн удаа Ж.Дашдондог гуайд бичсэн захидалдаа “Би ер нь шүлэг бичиж чадахгүй юм шиг байна. Болилоо” гээд явуулчихлаа. Тэгтэл захидлын хариу тун хурдан ирсэн. Тэгтэл “Чи төв, орон нутгийн хэвлэлүүдээр уран бүтээлээ гаргуулчихаад битгий олон юм яриад бай. Дуугүй бич.

Чамаар тоглуулж байдаг хэвлэлийн газар гэж байхгүй” гэж загнасан. Тэр цагаас хойш больё гэсэн бодол төрөөгүй. Ингэж л нэг сайн банга хүртсэн. Мундаг, туршлагатай зохиолч бол анхлан бичигчийг ямагт төлөвшүүлж, хүмүүжүүлж, чиглүүлж байдаг юм билээ. “Би бол хүүхдийн зохиолч” гэж өөртөө итгэх итгэлийг Ж.Дашдондог зохиолчоос гадна Д.Содномдорж зохиолч надад бий болгосон. Энэ хүмүүс нутаг алс суугаа миний уран бүтээлийг төвийн хэвлэлүүдэд хэвлүүлж, хүүхдийн сонинд онцгойлон бичиж, миний уран бүтээлийг тоосон хүмүүс. Тэгэхээр энэ хоёр эрхэм хүнд баярлаж, талархахаас өөр аргагүй” гэдгийг онцолсон юм. 

ХҮҮХДИЙН ЗОХИОЛОО ДАГАЖ, ХҮҮХЭД ХӨГЖДӨГ БОЛОХООС ЗОХИОЛ НЬ ХҮҮХДИЙНХЭЭ АРААС ДАГАВАЛ УРУУДАЖ БАЙГАА НЬ ТЭР

“Хүүхдийн зохиолыг сайн бичих ёстой. Яагаад гэвэл, хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, танин мэдүүлэх, байгалийн зөн мэдрэмжийг нь хөгжүүлэхэд хүүхдийн зохиол, бүтээл, дуу, шүлэг, өгүүллэг, туужийн зорилго оршдог. Хүүхэд өөрийн нас, сэтгэхүйд тохирсон бүтээлийг уншсанаар сурах, мэдэх хүсэлд автаж, хорвоо ертөнц, алив юмсыг танихыг төлөө аав, ээж, багшаасаа асууж, яагаад, яагаад гэсэн бүхэндээ хариулт олж байвал энэ бол хүүхийн уран зохиолын зөв хэлбэр. Тэндээс хүүхэд ёс суртахуун олох ёстой. Хүмүүжиж, үг хэл нь цэгцрэх ёстой. Хүүхдийн уран зохиол бичиж байгаа хэн боловч тэдний хэл, сэтгэхүйд нь тохирсон ном бичих, анхаарлыг нь татахуйц зураг, чимэглэл ашиглах, нүд, сэтгэхүйг нь ядраахгүй өнгө сонгох ёстой болдог.

Хүүхдийн уран зохиолын төрөл бол хамгийн хүнд жанр. Тийм учраас маш нарийн мэдрэмжтэй, хэл, сэтгэхүй нь эвдрээгүй, аливааг гайхаж чаддаг хүн энэ төрлөөр сайн бүтээл гаргаж чадна. Мөн мартаж болохгүй нэг онцлог бий. Хүүхдийн зохиолын гол баатар нь хүүхэд өөрөө байх ёстой. Гэтэл бид хүүхдийг гаднаас нь харж, дүгнэсэн сэтгэгдлээ ном болгож хэвлүүлчихээд хүүхдийн зохиол бичлээ гэж андуураад байх шиг санагддаг. Тодруулбал, нийгмийн хөгжлийг дагаад хүүхдийн хөгжил ч мөн өндөр төвшинд хүрсэн. Ухаалаг дэлгэцийг эзэмшчихсэн хүүхдэд өнөөх л Алтан загасны үлгэрийг яриад байж болохгүй болчихлоо. Орчин үеийн хүүхдүүд хэр баргийн үлгэрт итгэхээ больсон байна.Гайхаж, биширч, төсөөлж, мөрөөдөж байх ёстой хүүхдийн зохиолд нэлээд өндөр шаардлага, шалгуур үүсэж байна” гэлээ. Ингэж хэлээд бяцхан уншигчдад зориулсан шүлэг хэлж, сэтгэл нь бөмбөрөх...
“Бөмбөг бид хоёр 
Бөмбөлөг адил хоёр 
Тоглох хоёул дуртай ч 
Тогтох хоёул дургүй
Алаг хөөрхөн бөмбөгөө 
Агаарт хөөртөл өшиглөлөө
Хөөрсөн бөмбөг газардаж
Хөлтэй юм шиг дэгдлээ
Хойноос нь би хурдалж 
Морьтой хүн шиг жирийлээ
Элдэн байж бөмбөгөө авлаа
Эвтэйхэн гэгч нь тэвэрлээ
Өнхөрсөн бөмбөг хийлж
Өөдөө нисэж харагдлаа
Өөрөө би баярлаж, хамт нисэж байх шиг бодогдлоо” хэмээн нүдээ аньж, инээмсэглэн уншиж байхдаа өөрөө яг л хүүхэд шиг догдолж байхыг нь харах өхөөрдөм байв. Хүүхэд шиг ийм гэгээн тунгалаг сэтгэлээр шүлэг бичиж, түүндээ баярлаж, баясан суух тэдний зүрх сэтгэл, зохиол бүтээлийнх нь ертөнцөд мянга мянган бяцхан үрс шулганан тоглож, онгодыг нь бадраадаг байх. Ийн бодтол “Хүүхдийн зохиолчийн шүлэг, дууны гол дүрд хүүхэд л “тоглож” байх ёстой” гэв.  

ҮЛГЭР ЯРЬДАГ ААВ, ЭЭЖ ЦӨӨХӨН БАЙНА

“Монголд хүүхдийн зохиолчийг дэмжих, зохиол бүтээлийг нь уран зохиолын шалгуураар тэнцүүлэх, ном, бүтээлийг нь хэвлүүлэх ажил өрнөж байна уу. Таны хувьд хүүхдийн уран зохиолын хөгжлийг юу гэж дүгнэж хэлэх вэ” гэвэл Ш.Энхбаяр зохиолч жаахан бодлогоширч байснаа “Хүүхдэд зориулж их олон хүн бичиж байна. Хэд хэдэн эмэгтэйчүүд ч байна. Улсаас ч мөн хоёр жилд нэг удаа хүүхдэд зориулсан бүтээлийн уралдаан зарлаж, тэргүүн байрын номыг үнэгүй хэвлэх байдлаар дэмжиж байна. Энэ бол сайн хэрэг. Нэг үеийг бодвол хүүхдийн уран зохиолын борлуулалт нэмэгдсэн. Хүүхдэд оюуны таашаал өгдөг, сонгодог хэл, найруулгатай номыг эцэг эхчүүд тэр бүр сонгохгүй байна.

Том том зурагтай, содон сонин өнгөтэй номууд сонгохыг илүүд үзээд байх шиг санагддаг. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт зэрэгцэж суугаад, ном уншихгүй байна. Тэр бүү хэл оройд үлгэр ярьж өгөхөө больжээ. Шүлэг цээжлүүлэхгүй байна. Томчууд өөрсдөө ном уншихгүй, ном худалдаж авахгүй, гэртээ номын сангүй байж “Манай энэ ёстой сонин. Ном уншдаггүй” гээд хүүхэд рүүгээ асуудлыг түлхээд байдаг. Гэтэл аав ээж нь үлгэрлэх ёстой. Бидний үеийнхэн сонссон үлгэр бүртээ итгэж, мөрөөдөж, дахин дахин сонсох гэж, үйл явдлыг нь бодит мэт төсөөлдөг байлаа. Өнөөдрийн хүүхдүүд үлгэрт итгэхээ байжээ. Тэгэхээр хүүхэд ухаалаг болох тусам хүүхдийн зохиол бичих ажил хүнд болж байна уу даа гэж бодогддог. Зохиол хүүхдийнхээ урд явах биш, хүүхдээ дагаад байна уу даа гэсэн бодол орж ирдэг. Мөн залуу ээжүүдэд хандаж уриалмаар санагддаг. Хүүхдийг хэвлийд нь байхаас эхлээд уншигч болгомоор байна.

Жирэмсэн ээжүүд ном уншмаар байна. Хүүхдээ үлгэр ярьж өгдөг болмоор байна. Энэ юуны тулд вэ. Хүүхдийг хүн болгож өсгөхөд эхийн хэвлийд бойжиж эхлэхээс нь эхлээд ном уншиж өгөх нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн залуу аав ээжүүд ихэнх нь нэг, хоёр хүүхэдтэй, тэднийгээ хэт өөрийн болгож хувьчлаад байгаа сул тал ажиглагддаг. Өөрийнхөө л хүүхдийг бусдын хүүхдээс илүүд үзээд “Чи л сайн болох ёстой, чи хаана яваа вэ, тэр газраа манлайл. Миний хүүхэд л ангийн дарга болно” гэх мэтээр хүүхдийг өөрөөр нь байлгахгүй “эвдчихдэг”.

Гэтэл хүн байх ёстой, хүнтэй сайхан харилцах ёстой, бусдын сайн, сайхны төлөө амьдрах ёстой, тусч, ажилсаг болох ёстойг хүмүүжүүлбэл, бидний ирээдүй гэрэлтэнэ. Хувь хувийг нь бодуулахаасаа өмнө хамт олны хүмүүжил, ёс зүйг эрхэмлэдэг болгож өсгөх хэрэгтэй. Хүүхэд бол бидний ирээдүй. Энэ улс орныг нэг хүн хүлээж авахгүй, нэг хүн хөгжүүлэхгүй. Бидний үр хүүхэд бүгдээрээ хүлээж авна, бүгд нийлж хөгжүүлнэ. Тэгэхээр амин хувиа хичээдэг биш, нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, нийтийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг иргэнийг өнөөгийн аав, ээжүүд өсгөж хүмүүжүүлэх ёстой байна” хэмээн эрхэм ахайтан Ш.Энхбаяр үзэл бодлоо хуваалцаж, уран бүтээлийн халуун яриа өрнүүллээ.  

Монголын хүүхдийн уран зохиолын сан хөмрөгт Шаравын Энхбаяр зохиолчийн “Оосортой од”, “Лууванд дуртай жаал”, “Туузтай ишиг”, “Тэнэмэл бяцхан хамардай”, “Мэддэгт мэргэн цоохор”, “Орон дээр онцгой цэцэг”, “Бор хурга модон сүүлтэй”, “Өрхөн дээр өмбөө цөмбөө”, “Хоохондой мэргэн”, Баруундай зүүндэй”, “Хайрлахуй ханьсахуй” зэрэг шүлэг, үлгэр, өгүүллэг, оньсогын 20 гаруй ном зүй ёсоор багтаж, бусад улсын хүүхдийн уран зохиолын төрөлд биднийг төлөөлнө. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Шаравын Энхбаяр ахайтан  
“Зүрх сэтгэлд минь 
Зүггүй жаахан охин 
Зохиол бичээч гээд
Зүгээр суулгадаггүй юм аа”...хэмээсээр өөрийг нь зорьж очсон биднийг үдвэй. Монголын хүүхдийн зохиолын хатан бүүвэй ээж таны уран бүтээлийн ертөнц дахь шулга бяцхан хүүхдүүд элсээр байшин барьж, цасаар хүн хийж, сансарт нисэхээр мөрөөдөж, саран дээр оччихоод ирлээ хэмээн зүүдлэн байгаа болов уу. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид