Улаанбаатар 1c

Хором бүрт аюул отох, хүүхдэд ээлгүй хот

Аюултай газруудаа хашаалж, хүүхэд гэмтэхээс хамгаалаач

Өсвөр насны арван хүү жараахай харах, голд сэлэх хүсэлдээ хөтлөгдөн Дэнжийн мянгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж, тогтоол усанд дөрөв нь халуун амиа алдсан харамсалтай хэрэг долоохон хоногийн өмнө гарсан. Гэтэл одоо эл хэрэг хүүхдийн баяр, сонгууль, хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тойрсон хов живэнд дарагдан, мартагдаж эхэлж байна. Ганцхан энэ ч гэлтгүй үүн шиг хүүхдэд аюултай газар нийслэлд олон бий. Бид энэ талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

Хүүхдүүд аюултай орчинд амьдарч байгаагаа цахилгаанд цохиулж, тоглоомондоо даруулж, тогтоол усанд живж, тоглоомын талбай дээрээ гэмтэж хангалттай нотоллоо. Харин томчууд хий дэмий халаглаж, хоёр өдөр шаналахаас өөр хийсэн зүйл алга. Нийслэлийн хаана нь ч хүүхэд амиа алдах, гэмтэж, бэртэх, тахир дутуу болох нөхцөл байдал бий. 

Багачуудыг урсгасан Баянзүрх

Амиа алдсан хөвгүүд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн ойролцоох автобусны буудал дээр тавдугаар сарын 27-ны 14:00 цагийн үед бууж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү алхсан байгаа юм. Хүрээлэнг хэсэг сонирхож байгаад 14:40 цагийн үед тогтоол усны эрэгт очжээ.Тэд тогтоол усны зүүн хойд талаас очсон гэдгийг тэнд ажиллаж байсан замын ажилчид харсан. Харамсалтай нь, тэнд байсан хүмүүс дундаас хүүхдүүдийг “Буц, аюултай” гээд хэлчих хүн даанч байсангүй. Биднийг хэргийн газарт очиход тогтоол усны зүүн талын эрэг дээр хэд хэдэн гутлын мөр байв. Хүүхдүүд хувцсаа тайлсан бололтой хэсэг газарт хайрга тэгширч, хавтгай болжээ. Тэд гутлаа тайлаад нуурын эргийн урд талаар тойроод, ус руу орсон бололтой мөр биднийг хөтөлж, голын урд талд хүргэв. Нуурын урд талын эргээс хүүхдүүд хөөсөнцрөө хөвүүлж, зүүн талын эрэгт хүрдэг байж.

Тэд ийн тоглоод, 30 минут орчим болж байхад салхи гэнэт гарч, хөөсөнцөр хөмөрч, 11 настай хүү яах ийхийн зуургүй ус руу унасан гэнэ. Хөвгүүд усанд унасан хүүг арайхийн аварчээ. Тэд нуурын урд талын жалганаас дахиад олон хөөсөнцөр авчирч, ганц ганцаараа дээр нь сууж, завь болгон хөвүүлжээ. Ийн тоглож байтал дахин салхи дэгдэн, ах, дүү хоёрын дүү нь усанд унажээ. Түүнтэй ойрхон  байсан хүү түүнийг аврах гээд өөрөө усанд эндсэн. Үүний дараагаар хамгийн эхэнд усанд унасан хүүгийн төрсөн ах Б ус руу орж, дүүдээ хүрч амжилгүй амиа алджээ. Энэ бүгдийг харсан 15 настай Бүрнээ хүү тэдний амийг аврах гэж байгаад хөл алдаж,  аврал эрсээр живчихсэн. Тэд усанд унасан даруйдаа байдаг чадлаараа аврал эрж, бие биенээ дууджээ.

Гэвч аврал эрэх үед ам нь усаар дүүрч, тогтоол усны гүн рүү улам бүр татагдаж орхисон. Харин үлдсэн найзууд нь сандралдаж, ойролцоох хүмүүст хэл дуулгаснаар аврагч нар ирсэн гэдэг. Хөвгүүд жараахай харахаар очсон газартаа ганц цаг ч тоглож амжилгүй усанд осолдсон нь энэ. Ослын талаар “Ханталст” компанийн харуул Д.Гантөмөрөөс тодруулахад “Хэрэг гардаг өдөр 15:30 цагийн үед хашааны хаалган дээр түргэний машин ирээд зогссон. Гүйгээд очиход “Ах аа, хурдлаарай. Усанд хүүхдүүд живж байна” гээд л орсон. Би сандраад араас нь гүйж явтал аврах албаныхан хаалган дээр ирсэн. Албаныхан ирсэн хойно л  хүүхдүүд усанд живсэн талаар мэдсэн. Би баруун хаалган дээр сангийн ажил хийж байсан учраас эргүүл хийж амжаагүй. Хүүхдүүд баруун хаалгаар орж ирээгүй” гэдэг хариулт өгсөн юм. Хүүхэд хаана ч тоглох эрхтэй. Харин ийм боломж, нөхцөлийг томчууд, нийслэлийн удирдлагууд бүрдүүлсэн байх учиртай. Өвөлжин гэртээ хоригдож, үеийн найзуудтайгаа уулзах сан гэх хүсэл хөвгүүдийг гэрээс нь гаргаж.

Улмаар гэр хорооллын мухар гудамжныхаа үзүүрт байрлах эвдэрхий тоглоомын талбайгаа голж, голын ус үзэхээр яваад ийн эргэж ирсэнгүй. Тэд тэнд аюултай байх юм чинээ бодож ч үзээгүй биз. Энэ бол Баянзүрх дүүргийн ганцхан хороонд болсон үйл явдал. Үүнээс ч олон хүүхэд гэмтэж, амиа алдах олон газар тус дүүрэгт байдаг. Тухайлбал, тус дүүргийн VIII, IX хороо буюу Шар хадны ойролцоо хог хаягдлаар дүүрсэн гуу жалга олон байдаг юм байна. Урин дулаан цагт хүүхдүүд жалганд тогтсон борооны усанд тоглож өдрийг өнгөрөөдөг аж. Өнөөх бохир усанд тоглосноор хүүхдүүдийн  биеэр элдэв зүйл туурах, төмөр, шил зэрэгт хөл, гараа бэртээх гээд хүүхдүүдийг цаг, минут бүрт аюул отож байдаг. Ганцхан хорооны нутаг дэвсгэрт байрлах гуу, жалганд хүүхдүүд тоглож эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул тун ойрхон байна. Нийслэлийн удирдлагууд энэ мэт аюултай газруудаа хашаалж, хүүхэд орохыг хориглох хэрэгтэй. Улаанбаатар хүүхдэд ээлгүй хот гэдгийг олон ч хүүхэд амиа золиослон байж харууллаа.

Төмөр тоглоомын талбай Чингэлтэй дүүргийн трэнд

Алга дарам газраа үхэн хатан булаацалдаж, батганы хошуу багтах ч зайгүй болтлоо шавсаар бид хүүхдүүдээ тоглох газаргүй болгож орхиж. Чингэлтэй дүүргийн XVII хороонд төмөр хийцтэй гурван ч тоглоомын талбай байдаг юм байна. Тус тоглоомын талбайн нэгийнх нь гулсуур унаж, хоёр ч хүүхдийг даржээ. Хүүхдүүд азаар амьд ч, есхөн настай охин уушгиа тайруулж, эгэм, хавирга нь хугарсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Охин нэг километр орчим газар алхаж, арайхийн тоглоомын талбай олсон ч өнөөх нь түүний амь насыг авч одох шахав. Яг үүн шиг хэрэг дахиж гарахгүй гэсэн баталгаа алга.

Учир нь, хүүхдүүд бэртсэн газраас холгүй орших газарт хүнд төмрөөр хийсэн тоглоомын талбай байдаг. Зузаан төмрөөр угсарсан нарийхан, урт шаттай гулсуур, ирмэгтэй төмрийг хуйлж гагнасан савлуур. Өндөр дээрээс гулссан хүүхдийг тосох газар нь хагархай цементийн булан байх аж. Өнөөх талбайнууддаа хэдэн жил болоод л ойролцоогоор таван сая төгрөгийн засвар, үйлчилгээ хийдэг гэнэ. Засвар гэдэг нь будах төдий ажил. Тоос бужигнасан налуу газарт хүүхдүүд тоглоход хүндрэлтэй тул машины дугуй тавьж газраа тэгшилжээ. Төсөв мөнгөө танаад, хямдыг нь бодож гэр хороололд тоглоомын талбай нэртэй хэдэн төмөр авчраад зоочихдог. Орчин цагт төмөр тоглоом тавьчихаад багачуудаа “Энд тоглоорой” гэж хэлдэг улс манайхаас өөр байхгүй байх. Ганцхан Чингэлтэй дүүрэг ч гэлтгүй Улаанбаатар хотын гэр хорооллоор дүүрэн төмрөөр хийсэн тоглоомын талбай нэртэй хүүхдэд аюултай газрууд бий. Энэ бүгдийгээ цэгцлэхгүй бол хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох аюул ойрхон байна.

Байрны голд хашигдсан Хан-Уулынхан

Өдийгөөс хоёр жилийн өмнө  гадаа тоглож байсан арван настай хүү эмийн сангийн гаднах хаалганы цахилгаантай утсанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргээс улбаалж, Улаанбаатар хот даяар хүүхдэд аюултай байж болох ил харагдах цахилгааны утсыг далд хийх ажил өрнүүлсэн билээ. Гэтэл одоо хүртэл энэ ажил бүрэн хэрэгжсэнгүй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XIX хорооллын ойролцоох орон сууцны тоглоомын талбайд цахилгааны утас ил байв. Хүүхдүүдийн хамгийн их тоглодог гулсуурын хажуугаар цахилгааны утас унжуулан татаж, эмийн сангийн цонх руу оруулжээ.

Тус цахилгааны утас нь гулсууртай ойролцоо өндөртэй учраас хүүхдүүд өлхөн хүрдэг юм байна. Цахилгааны утас барилгын хана дагаж, айлын цонх руу орсон ч хүүхдүүд татаж, нааш, цааш хөдөлгөдөг гэнэ. Хан-Уул дүүрэг харьцангуй гэр хороолол багатай. Тиймээс хүүхдүүд нохой, шувуунд бариулах аюул бага хэдий ч зам тээврийн осолд өртөх магадлал өндөр. Мөн энэ мэт цахилгааны утсанд цохиулж мэдэх аюултай газрууд оршсоор байна.

Сонгинохайрхан дүүрэгт тоглоомын талбай  байтугай явган хүний зам алга

Сонгинохайрхан дүүрэгт тоглоомын талбай ховор байдаг гэнэ. Хүүхдүүд гэрээсээ хэдэн арван гудамж дамжин алхаж, арайхийн тоглоомын талбайтай учирдаг. Ийн явахдаа тэд явган хүний зам байхгүй учраас тоглох тоглоомоо чирээд машин замаар алхдаг аж. Биднийг Сонгинохайрхан дүүргийн XVI хороонд очиход 3-4 насны хоёр хүү тоглоомоо дамжилдан машин замаар алхаж байв. Хөвгүүд замын хажуу тал руу гарах гээд ч газар байхгүй, айлын хашаа тулчихсан байлаа. Хашааныхаа хаалгаар гараад дөнгөж ганц алхаад л машин зам тулчихдаг тус дүүрэгт хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь элбэг.

Хүүхдүүд явган хүний замгүйгээс болоод дэлгүүр, автобусны буудал, усанд явахдаа хүртэл авто замаар явах болдог. Энэ нь тэдний зам тээврийн осолд өртөх нөхцөл  болдог аж. Явган хүний зам тавих газаргүй дүүрэгт стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай барих талаар ярилтгүй. Энэ бол  Сонгинохайрхан дүүргийн захын гэр хороололд ажиглагдсан зүйл. Үүнээс хэцүү, адармаатай, хүүхдэд аюултай газар тус дүүргийн хаа сайгүй бий. Гудамж , тайлбай бүр нь хүүхдүүд гүйж яваад уначих том том чулуу, энд, тэндгүй ухсан нүх, барилгын хог хаягдал ихтэй тус газарт хүүхдүүд бэртэхгүй гэсэн баталгаа алга.

Тухайлбал, I хорооллын арын замаар дээш өгсөхөд том том цементэн шонгууд овоолоод гудамжинд хаячихаж. Өнөөх нь ил гарсан урт төмөртэй. Хүүхдүүд тэр дээрээс үсрэх, эсвэл нуугдаж тоглодог байна. Тус шон нь хүүхдүүдийн нүд, ам, хамар гэмтээх аюултай. Хүүхдүүд тоглох газаргүй болохоороо л аргагүйдэж, тийм газар бараадаж байна.  

Баянголын гэр хороолол багачуудыг айлгасаар

Хүүхдэд аюултай газрын талаарх сурвалжилга бэлтгэж явахад Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахилгааны утас ил гарсан газар хэд хэд байв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хороонд байрлах тоглоомын талбайд хүүхдүүд цахилгааны утсаар савлуур хийчихсэн тоглож байлаа. Тус тоглоомын талбайн дэргэд байрлах гэрэлтүүлгээс хэд хэдэн цахилгааны хар өнгийн утас салаалжээ. Хүүхдүүд түүнийг нь холбож, залгаад савлуур хийчихсэн байна. Хэрэв бороо орж, өнөөх утас нь үзүүрээсээ масс гарвал хүүхдүүдийн амь нас эрсдэх нь. Ийм тоглоомын талбай ганц, хоёроор ч тогтохгүй. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай, хашаагүй орших өндөр хүчдэлийн хэд, хэдэн шон байдаг юм байна. Хүүхдүүд түүн дээр авирч, үсэрч тоглох нь энүүхэнд.  

бүтэн тоглоомын талбайгүй сүхбаатар

Сүхбаатар дүүргийн ихэнх нутаг дэвсгэр хотын төвд ордог. Тиймдээ ч хуванцар тоглоомын талбай ихтэй. Нэг байрны булан тойроод л  тоглоомын талбай байдаг гэхэд хилсдэхгүй. Бид тус дүүргийн XI хороолол орчмоор явж, сурвалжилга бэлтгэхэд стандартэд нийцсэн тоглоомын талбай бараг алга. Эхний тоглоомын талбайд хүүхэд унаж бэртэхээс сэргийлсэн дэвсгэр байхгүй, цементээр хучжээ. Харин дараагийнх нь хагас дутуу дэвсгэр тавьсан хэдий ч тоглоомуудынх нь дээвэр салхинд хийсээд уначихжээ. Энд, тэндгүй хуванцар тоглоомын эвдэрхий хог хаягдал байсан нь үүнийг илтгэнэ.

Сүүлийн очсон тоглоомын талбайн гулсуурын дөрвөн хана нурж унах шахжээ. Хүүхдүүд чангахан түшихэд тус хананууд нурж, хүүхдүүдийг дарахаар байна. Гэр хорооллын хүүхдүүдийн хүсэж мөрөөддөг хуванцар тоглоомын талбай тус дүүрэгт хэдэн арваараа байгаа хэдий ч шаардлага хангах нь тун ховор аж.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн газар нутгаар хальтхан ороод гарахад л энэ мэт хүүхдэд аюултай газрууд нүдэнд харагдаж байна. Нүднээс далд хэчнээн ийм байгаа бол гэж бодохоор бүр ч айдастай. Хүүхдэд ээлтэй хот болгохын тулд энэ мэт газруудыг цэгцэлж, хашаалж, хүүхэд бэртэж гэмтэхээс хамгаалаач.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид