Улаанбаатар 1c

Parasite /Шимэгч/

Тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөтэй төрд горилогчдыг тэтгэврийн хөгшчүүл, талхаа таллаж авахаас наагуур дараагийн цалин хүртэл хэдхэн хоног гэж гүрийж яваа энгийн иргэд, татвар, зээлийн хүүнд дарлуулж яваа аж ахуйн нэгжүүдээсээ хандив гуйхыг хараад ичих ч шиг, бухимдах ч шиг. Ядаж байхад хууль нь ч тийм юм. Иргэн таван сая, хуулийн этгээд 20 сая хүртэлх төгрөгийг дэмжиж буй нэр дэвшигчийнхээ сонгуулийн зардалд нь хандив болгон өргөх боломжтой гэнэ. Хандивлах нэг нь хандивлах л биз, бас үгүй ч биз.

Орон даяар өрнөж эхэлсэн нэр дэвшигчийн хандив гээчийн тухай нэлээд бодлоо. Ерөнхий санаа нь сонгогчид дэмжиж буй нэр дэвшигчээ ялуулахын тулд мөнгөн дэмжлэг үзүүлж буй хэлбэр. Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа дундажаар нэг тэрбум төгрөг зарцуулдаг юм гэнэ билээ. Тэгэхээр гудамжинд зургаа өлгөж, телевизээр ухаалаг яриагаа цацах мөнгөнд нь тус нэмэр болох буюу “Далайд дусал нэмэр” болно гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр халаасандаа байгаа тэрбум төгрөгөө ах дүү, амраг садан, найз нөхөд, охин компаниуддаа хувааж өгөөд буцаагаад данс руугаа шилжүүлүүлчихээд ард түмний хандив гээд зогсож байх боломж ч харагдаж байна. Хандивлагч нь мөнгөнийхээ эх сурвалжийг дурдана л гэсэн байна лээ. Гэхдээ тэрийг зохицуулчих сүүхээгүй хүн УИХ-ын гишүүнд өрсөлдөнө ч гэж юу байх вэ.  

Нэр дэвшигчид хандив гуйхыг хараад яагаад ичих, бухимдах мэдрэмж төрөөд байгааг ч бас нэлээд бодлоо. Намын нэрийн өмнөөс баруун, зүүний магнайд дэвээ шаваа хийж зогсоо ноёдын бөхчүүд чинь намдаа 100, 200 бүр 500 сая, тэрбум төгрөг хандивласан гэдэг биз дээ. “Наадамчин” олон бүгд л мэдэж байгаа. Намдаа жирийн иргэд зүүдэндээ л харж чадах ийм их хэмжээний мөнгө хандивлачихсан байж одоо эргээд иргэдээс сонгуулийн сурталчилгаа явуулахад минь мөнгө хандивлаач гэж зогсохыг нь хараад л ичээд байгаа юм байна. Ядарсан иргэдээсээ царайчилж, нүүрийг нь улалзуулж байхаар хүн бүрээс хагас тэрбумыг халаасласан нам нь сурталчилгааг нь хийгээд өгчихөж болдоггүй юм уу. Нам ер нь тэр их мөнгөөр яадаг байна аа.

Яахав бор зүрхээрээ зүтгэж яваа, улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй ч хэтэвч нимгэн нэр дэвшигчийг бол хандив өгч дэмжих нь зүй л байх. Гэхдээ л нэр дэвшигчдийн олонх нь хэд хэдэн компанитай, хоёр гүүрний цаана амьдардаг, дийлэнхээс “тасарсан” амьдралтай хүмүүс байгааг хэн хүнгүй л харж байна. Талх, махны үнэ мэдэхгүйгээсээ болж, телевизийн камерын өмнө улалзаж суугаа нөхдийг бид нэг биш удаа харж байсан. Бас халаас хоосон нөхөд төрд ороод яаж таргалдагийг, унадаг машин, амьдардаг байр нь хэрхэн томордогийг бид бүгд л мэднэ. Бас нэр дэвшигчдийн пиарууд ойрын өдрүүдэд цахим орчноор дүүрч байна. Тэдний гэр хороолол дундах зураг, бичлэгүүдийг нийтээрээ л эв хавгүй, мэдрэмжгүй, эгэл амьдралтай нийцэхгүй байна гэж шүүмжилцгээж байна. Өөрөөр хэлбэл, бид нийтээрээ л тэднийг “баян” гэж хүлээн зөвшөөрөөд байна гэсэн үг шүү дээ.  Аягүй л бол хандив гуйж гуйчихаад сурталчилгаа эхэлмэгц тойрогтоо очихдоо бугуйндаа 200 саяын үнэтэй цаг зүүчихсэн гар бариад л, 400 саяын “эртний” хөөргөөрөө буурлуудтай тамхилах вий.

Гэтэл сонгогчид өнөөдөр яаж аж төрж байна вэ, өөрт нь хандивлаж байгаа таван мянган төгрөгөөр нэг айл хоёр хоног амь зуудаг гэдгийг тэд мэдэх болов уу. Ямартай ч эхэнд бичсэнчлэн хандивлах нэг нь хандивлах л биз, бас үгүй ч биз. Гол нь хандив гуйж байгаа хүмүүс нь хандивлагчид гэдэгт л учир байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид