Улаанбаатар 1c

NPOST-Онцлох хүн: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Ч.Насантогтохын тухай ТАВАН АСУУЛТ?

“Үерхэл чамайгаа нандигнана”, "Зүүд", “Амин үр”, "Зөвхөн чи" гэх мэт олон сайхан уран бүтээлээрээ 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан МУГЖ Чулуунбаатарын Насантогтохын тухай таван асуултыг түүвэрлэн хүргэж байна.

- Таныг харахад залуугийн үеэсээ нэг их өөрчлөгдөөгүй үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байх юм. Уран бүтээлч хүн гэдэг гадаад төрхдөө хэр зэрэг анхаарах ёстой гэж боддог бэ?

Олны өмнө гардаг хүмүүс мэдээж тодорхой хэмжээгээр өөртөө анхаарал хандуулах ёстой байх. Миний хувьд тийм зав байдаггүй. Долоо хоногтоо 2-3 удаа гоо сайханд орох, зориулалтын аппратад ороод, фитнесээр хичээллэх гэх мэтээр өөртөө цаг зав хэзээ ч гаргаж үзээгүй. Гаргах юмсан гэж боддог боловч надад тийм цаг зав байдаггүй. Яагаад гэхээр тэнхимын эрхлэгч хүн, дээр нь маш олон ажлууд амжуулж, хэдэн тийшээ явж байгаа хүн болохоор гоо сайхандаа цаг зав гаргаад байж чаддаггүй. Сүүлийн үеийн залуучууд өөртөө маш их анхаарал хандуулдаг болж, биеэ эмх цэгцтэй сайхан авч явдаг болсон байна. Цаг зав гарахгүй, өглөөний 08:00 цагаас эхлээд оройн 20:00 цаг хүртэл ер нь тогтмол ажилладаг. 1985 онд төгсөж ирээд л өнөөдрийг хүртэл яг тасралтгүй улсад хөдөлмөрлөж байна.

- Мэдээж таныг уран бүтээлдээ илүү анхаарлаа хандуул гэж ятгаж, санал болгож хэлэх хүн олон байсан байх? Та яаж хүлээж авч байсан бэ?

Олон хүн санал болгодог байсан. Ээж аавын хүмүүжил, социализмын үеийн “гандан буурахгүй” зан, эсвэл ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээрээ үүрээд, хандаад тэр зүйлийнхээ төлөө төрчихсөн юм шиг үнэнчээр зүтгээд сурчихсан хандлага нөлөөлдөг байх. Тэгээд нэг л мэдэхэд өдий хүрсэн. Гэхдээ би огт харамсдаггүй. Яагаад гэхээр би нүүр бардам байдаг. Ажил амьдрал маань тэгшхэн. Тэгээд ч Монгол Улсын иргэн бол Монгол Улсдаа ямар нэгэн хувь нэмэр заавал оруулах ёстой гэсэн зарчмыг л тодроо заавал бодож явах ёстой гэж боддог.

Энэ талаар та нарыг ч би адилхан үнэлж байна. Вэбсайт, сонин, сэтгүүл гээд гайхалтай олон зүйлийг амжуулж, олон сайхан уншигчидтай болсон, Ар, Өвөр Монголын залуучууд хаана, хэн юу хийж байгааг маш түргэн хугацаанд мэдээлж байна гэдэг чухал асуудал, зөв алхам. Энэ ажлыг тэгж системтэйгээр зохион байгуулж, зөв голдиролд оруулж, уншигч түмэнд таниулж явна гэдэг мэдээж маш их ачаалалтай ажил байх. Ийм нийгэмд ийм ажлыг өөрсдийнхөө чин сэтгэлээр нэгдээд хийнэ гэдэг та бүхнийг миний хувьд маш их үнэлж, баярлаж, маш их талархалтай хүлээж авч байна. Мөн олон сайхан уран бүтээлчидтэй уулзаж, Ар, Өвөр Монголын мэдээллийн солилцоо, энэ сошиал ертөнцөөр мэдээлэх гол үүргийг гүйцэтгэж байдаг учраас та бүхний үйлс үргэлж нар шиг цацарч, гэрэл шиг гэгээрч явна гэдэгт итгэл төгс байна

- Та өөрөө урлаг, соёлын боловсролд маш олон жил зүтгэсэн хүн. Олон ч шавь хүмүүжүүлсэн байх. Урлагийн салбарт ганзага сайтай яваа Өвөр Монгол шавь нараасаа ярьвал?

Бээжинд амьдардаг, Монголоор төдийлөн сайн ярьж чадахгүй ч сайн дуулдаг Улаантуяа гэж охин байгаа. Надаас хувиараа хичээл аваад хоёр жил хэртэй явсан. Одоо маш сайн, өндөр амжилт гаргаад явж байгаа. Мөн Бээжин хотод ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа Солонго гээд охин бий. Төмсөнхуар, Хүсэл гээд л яриад байвал бас нэлээдгүй олон магиструуд байгаа. Энэ дундаас тодорхой хэмжээнд ер нь өөрсдийнхөө уран бүтээлээр танигдсан нь бол Нарс, Улаантуяа нар юм. Жавхлан гэдэг шавь маань Хөлөнбуйрт өөрийн гэсэн хамтлагтай болж, хажуугаар нь багшилж байгаа. Ер нь олон шавьтай. Монголд ч гэсэн маш олон шавь, олонд танигдсан уран бүтээлчид бий.

Та дуучдаас хамгийн анх Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн. Араасаа маш олон гавьяат төрүүлсэн булган сүүлтэй хүн юм билээ?

-Би эстраддаа хоёр дахь, дуучдаасаа анхны гавьяат нь л даа. Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа болон “Соёл эрдэнэ” хамтлагийн маань уран бүтээлчид дэмжиж, Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээж 1990-ээд оны сүүлчээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор шагнуулж байлаа.

Миний өмнөх буюу “Соёл эрдэнэ” хамтлагаас төрсөн анхны гавьяат бол ууган гишүүдийн нэг, хөгжмийн зохиолч, гайхалтай мундаг гитарчин Д.Галсанбат ах маань 1990-ээд оны эхээр хүртэж байсан түүхтэй. Саяхан манай хамтлагаас отгон гавьяат төрсөн. 40-өөд жил бөмбөрчин хийсэн Б.Цолмон маань ямар мундаг уран бүтээлч билээ. Ер нь манай “Соёл эрдэнэ” хамгийн олон гавьяатыг төрүүлж, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг.

Сургуулийн ажлаасаа гадна “Боловсрол суваг” телевизээр гарсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь та?  

 -Энэ шоуны бэлтгэл ажил, төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулалт, маркетинг, менежмент гээд дэлгэцийн ард хийсэн ажил зөндөө. Мөн шоуны утга учрыг ард түмэнд ил тод, үнэн зөв, нээлттэй байдлаар үзүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үзэгч нэг кноп дараад л хүссэн нэвтрүүлгээ үзэх амархан. Харин социализмын үеийн суперстаруудыг өнөөгийн нийгэмд орчин цагийн урлагаар дамжуулан шинэ залуу уран бүтээлчид “дахин амилуулж”, энэ шоугаар дамжуулан өөрсдийнхөө чадал чансааг амьдарч буй нийгмээрээ тодорхойлуулна гэдэг нэлээд эрсдэл өндөртэй.

Гэхдээ манай оролцогчид үүнийг маш сайн чадаж, зам мөрөө улам батжууллаа. Түүнчлэн манай орчин цагийн соёл урлаг гадаадын урлаг соёлтой мөр зэрэгцэх хэмжээнд очиход энэ шоу нэвтрүүлэг маш их түлхэц өгсөн. Үүнд оролцогчид, шүүгчид, арын албаныхан гээд энэ нэвтрүүлгийг бүтээхэд гар бие, сэтгэл оюунаа чилээсэн хүн бүхэн маш их үүрэг гүйцэтгэж байгаа.

Гадаадын 36 оронд болж буй шоуг Монголд ч гэсэн яагаад хийж болдоггүй юм бэ гээд л шууд хийчхээгүй. Зөвшөөрөл авах, хөрөнгө санхүү босгох гээд бүх зүйлийг тэгээс эхэлж байж л энэ сайхан нэвтрүүлэг бүтэж боссон. Шоу нэвтрүүлэг хийх нөхцөл бүрдсэнээр бүх зүйл бас “ок” болчихгүй. Ямар баг бүрдүүлэх вэ, ямар маркетинг хийх вэ, яаж зохион байгуулбал үзэгч түмэнд гоёор хүрэх вэ, энэ ажлыг хийхийн тулд энэ багт хэн хэн байх вэ гэдэгт “Боловсрол суваг” телевизийнхэн маш их ач холбогдол өгч ажилласан.

Мөн энэ шоуг дэмжиж ажилласан баг бүрэлдэхүүн бүхэнд баярлаж талархаж байна. Тиймээс хамгийн түрүүнд энэ шоуг дэмжиж, Монгол Улсад цоо шинэ шоуг оруулж ирэхэд дэмжиж ажилласан байгууллагуудад хамгийн ихээр талархаж буйгаа “Монголын мэдээ” сониноор дамжуулан дайя.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид