Улаанбаатар 1c

Ж.Баярсайхан: Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг л удаа таарч барилдсан

“Дасгалжуулагчийн цаг” булангийн энэ удаагийн зочноор МСБХ-ны сургалт хариуцсан менежер,  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, залуучуудын дэлхийн аварга Жамсрандоржийн Баярсайханыг урьж ярилцлаа. 

-Өнгөрсөн жил  манай  самбочид  ДАШТ-ээс хоёр алтан медаль хүртэж, багийн дүнгээр II байрт шалгарсан амжилт дүүрэн жил байлаа?
-Манай самбочид хамгийн сүүлд 2014 онд ДАШТ-ээс  гурван алтан медаль хүртсэн амжилт гаргасан. Тухайн үед Гавьяат тамирчин Д.Сумъяа, М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг гурав дэлхийн аварга болж, алтан медаль хүртэж байлаа. 2005 оны ДАШТ-ээс  бас л гурван алтан медаль хүртэж  байсан түүх бий. Б.Ариун-Эрдэнэ 90 кг-д, Х.Цагаанбаатар 68 кг-д, Б. Баттөгс 60 кг-д түрүүлж, дэлхийн аварга болж байв. Энэ бүхэн Монголын самбо, жүдо бөхийн спортын төлөө зүтгэж яваа багш нарын хөдөлмөр зүтгэлийн үр дүн л дээ.

Монголын самбо бөхийн холбооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, эрс өөрчлөгдөн хөгжлийн шинэ шатанд хүрсэн.  Ер нь самбочдын амжилт боломжийн түвшинд яваа.  2017 оны сүүлчээр  МСБХ-ны нарийн бичгийн даргаар, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсад самбо бөхөөр хамгийн олон, 14 удаа түрүүлсэн, ОУХМ  Б.Ариун-Эрдэнэ томилогдсон. МСБХ-ны ерөнхийлөгчөөр Д.Гэрэл ажиллаж байгаа. МСБХ-ны удирдах зөвлөлд “Эко констракшн”  С.Нямдаваа, “Империал гоулд”-ын  Т.Мөнхбаяр гээд олон залуу бий. Энэ хүмүүс МСБХ-ны үйл ажиллагааг  идэвхжүүлж, шинэ сэтгэлгээ, шинэ удирдлага менежментээр удирдан, чиглүүлж байна. 

-Самбо бөх хэзээнээс олимпын төрөлд багтах бол. Ер нь нааштай гарсан шийдвэр байгаа юу?
-2019 оны арванхоёрдугаар сарын 30-д Японы  Улсын Токио хотод хуралдсан. Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар бөхийн самбо барилдааны төрлийг ОУОХ-ноос хүлээн зөвшөөрч, олимпын төрөлд оруулахад татгалзах зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн. Ер нь олимпын наадмын төрөл болоход нэг алхам ойртсон гэж болно.  Энэ бүхэн ердөө цаг хугацааны л асуудал.  Самбо бөх олимпын төрөл болчихвол  манайханд амжилтын хүлээлт үүсгэсэн спорт болно.  Ард түмэн самбочдаас  зөвхөн олимпын алтан медалийг л хүлээх байх. Тийм болохоор одооноос бид үйл ажиллагаагаа өндөр түвшинд тавьж, олимпод бэлтгэх зорилт, чиглэлтэйгээр бэлтгэл, сургуулилалтаа  эрчимжүүлэх байгаа. Ийм л өөдрөг хүсэл тэмүүлэлтэйгээр манай холбоо ажиллаж байна.

-Багш, дасгалжуулагчдын ажлын үр дүнг  шавь нарынх нь гаргасан амжилтаар  дүгнэдэг. Та Гавьяат  тамирчин, самбо, жүдо, кураш бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг, Гавьяат тамирчин,  жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын шавиараа бахархдаг биз?
-Би М.Уранцэцэг, Д.Амартүвшин хоёрт самбо бөхийн “А” үсгийг заасан багш нь бол мөн. Тэр утгаараа би бахархалгүй яахав. Гэхдээ шилдэг тамирчдыг төрүүлж гаргахад  олон багш, дасгалжуулагчдын хүч, хөдөлмөр, өөрсдийнх нь жингийн өрсөлдөгч тамирчид, бэлтгэл хангагчдын  хичээл зүтгэл  их байдаг.  Энэ олон хүний хөдөлмөр, зүтгэлээр шилдэг тамирчид төрөн гардаг юм.

Нэг шилдэг тамирчны амжилтын цаана бүхэл бүтэн баг, тамирчид, багш нарын цогц хөдөлмөр байдаг гэдгийг мартаж болохгүй.   МЖБХ  “Хамтын хүч, амжилт”  гэдэг. Манай МСБХ  “Амжилт ялалтын төлөө урагшаа”  гэсэн уриатай. Тэгэхээр амжилт гэдэг баг хамт олны хичээл, зүтгэл, хувь тамирчны ур чадвар, ухамсар, хичээнгүй хөдөлмөрийн үр дүн байдаг.

-М.Уранцэцэг  хэдэн настай байхдаа таны шавь болсон бэ. Эсвэл самбо бөхийн УШБ-т байсан гэдгээрээ таны шавь уу?
- Би “Их шавь” дээд сургуульд багшилж байх үедээ  Спортын төв ордонд ирэх болгондоо заавал  самбо бөхийн заал руу орж үздэг байлаа. Орох бүрт  өдрөөс өдөрт улам бүр самбын заал өнгө зүсээ алдаад шал нь цөмөрч, цонх нь хагараад бараг л балгас болох нь ээ. Сэтгэл  үймрээд, өр өмрөөд л яваад байдаг байв. Тэгээд 2001 онд самбо бөхийн  хэдэн дүү нартайгаа ярьж байгаад  заалаа засахаар болов.

Тухайн үед улс орны эдийн засаг хүнд үе байсан болохоор  өөрсдөө хөрөнгө гаргаж заслаа. Түүний дараа ер нь анхан шатны хүүхдүүдийг бэлтгэж самбо бөхийнхөө ирээдүй үеийг бэлтгэж, хүнд хэцүү үед галыг нь унтраачихгүй авч явах  нь зөв юм байна гээд  секц нээж ажиллуулсан. Тэр үед л  манай Урнаа, Амараа хоёр  секцэнд бүртгүүлсэн  хүүхдүүд байгаа юм. Харин би самбо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч болоод секцний хүүхдүүдтэй удаан ажиллаж чадаагүй. Одоо үүнийгээ эргээд бодоход харамсдаг. Н.Жанцанноров гуай “Би нэг том алдаа хийсэн юм. Дарга хийсээр байгаад цөөхөн хөгжим бичсэн” шүү гэдэг. Түүнтэй ижил надад анхан шатны хүүхдүүдтэй олон жил ажиллах боломж гараагүй. Олдсон боломжийг нь би өөрөө ашиглаж чадалгүй орхисон.  

1992 оноос хойноос  багш, дасгалжуулагчаар ажиллахдаа өсвөр үеийн хүүхдүүдтэй бараг ажиллаагүй байдаг. Оюутнууд, шигшээ багийн тамирчидтай л олон жил ажилласан байна. Ер нь Монголд тулааны төрлийн спортоор ажиллах үнэхээр урамтай юм билээ. Үйлдвэрлэлээр  жишиж ярих юм бол бүтээгдэхүүний нөөц боломж, түүхий эдийн баялаг их байна. Гол нь багш хүн өөрийгөө дайчлан шавхаж, хөдөлмөрлөх л хэрэгтэй. Бөхийн ундарга, залгамж халаа болох авьяаслаг  хүүхэд бий. Тэдний суурийг нь зөв тавьж, зөв жолоодон явуулах хэрэгтэй.

-Та Монгол Улсын гавьяат дасгалжуулагчийн цол, тэмдгээ гардан авсан үеэ санаж байгаа байх. Тэр  үед  Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Мөнхбаяр  хоёр таныг мөрөн дээрээ суулган өргөж явсан. Тэр үед танд юу бодогдож байв аа?
-Их л баярласан. Баярлаж, хөөрөөд элдэв юм бодоогүй.  Би Гавьяат дасгалжуулагч болчихоод, гавьяатын тэмдгээ сарын дараа гардаж авч байлаа. Гэнэтийн сонин тохиолдол болсон. Гадаад руу тэмцээнд явах гээд  билетээ авчихсан  байсан юм. Тэгсэн битүүний  урд өдөр Монгол Улсын Ерөнхийлөгийн  зарлиг гарсан.  “Та гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдах боллоо” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн. Тэр үед нь авч  чадалгүй,  гадаад руу тэмцээнд явчихлаа.  Сарын дараа ирээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Х.Баттулгын гараас Гавьяатын цол, тэмдгээ гардан авсан.

Нэг шигшээ багт хөдөлмөрлөж зүтгэж явсан тамирчин маань Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон. Тэр  хүний гараас шагнал авах их сайхан санагдсан. Тэр болгон амьдралд тохиолдоод байхгүй ховор  тохиолдол, нандин дурсамжтай, сайхан агшин  байсан шүү. Ерөнхийлөгчөөс Гавьяатын үнэмлэхээ авч, гавьяатын тэмдгээ энгэртээ зүүлгэх үед, залуу насны дурсамжтай сайхан мөч өөрийн эрхгүй бодогдсон.

-Ерөнхийлөгч Х.Баттулга та хоёр чинь нэг үеийн самбочид уу?
-Би Спортын төв ордны Д.Баатаржав багшийн секцэнд 1979 онд, долдугаар ангийн сурагч байхдаа орж байсан. Одоо Төрийн тусгай хамгаалалтын газрын хурандаа Б.Ганболд, Н.Мөнхөө, Ш.Алтаннаран гээд ах нар  надад анх самбо, жүдо бөхийн уналтын техник зааж өгч байлаа. 1983 онд улсын аваргад түрүүлээд Улсын шигшээ багийн тамирчин болсон. Тэгээд  Х.Баттулга Ерөнхийлөгч, Б.Бат-Эрдэнэ аварга бид гурав шигшээ багт барилдаж, бэлтгэл хийдэг болсон. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Монголын 1980-аад оны шилдэг самбочидтай нэг багт хамтдаа бэлтгэл, сургуулилалт хийж явсан минь том хувь тавилан. Надад дэлхийн хэмжээнд гаргасан том амжилт гэхээр юм бол байхгүй. Тэдний дэргэд  амжилтаар харьцангуй бага.

Гэхдээ алтны дэргэд дэх гууль шарлана гэгчээр тэр мундаг бөхчүүдээс  их зүйлийг сурч авсан. Дэлхийн хошой аварга Ж.Ганболд, дэлхийн гурван удаагийн аварга Г.Жамсран, Монгол Улсын аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын анхны мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга О.Балжинням,  жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт Дашгомбын Баттулга гээд нэрлэж барахгүй олон шилдэг бөх бий. Эдгээр бөхчүүдтэй нэг шигшээ багт байсныгаа их аз завшаан гэж боддог. Би самбо бөхөөсөө нэг их холдож хөндийрөлгүй 41 жилийн нүүрийг үзжээ. Холдож, хөндийрье гэж бодовч дуртай, сонирхолтой спорт болохоор чаддаггүй юм. Самбо бөхийг олимпын бус төрөл гэж ад шоо үзэж, заалгүй, багш, дасгалжуулагчгүй, тамирчингүй шахам болгосон хүнд үе бий. 

Үе, үеийн самбочид  БТСГ-ын дарга Ц.Шаравжамц гэдэг хүнд баярлаж явах ёстой. Сагсан бөмбөгийн спортын хүн байж самбо бөхийг сэтгэлээрээ дэмжин, тусалж, заал, танхимтай болгож өгсөн. Үүний үр дүн гарч нэг жилд хоёр дэлхийн аварга тамирчин төрөн гарлаа.  Айлаар бол орох оронтой болж, бэлтгэлийн заалтай болсон самбочдын сэтгэл зүй өөдрөг байна. Төрийн зүгээс жаахан анхаарал хандуулаад өгвөл Монголын самбочдын амжилт улам  бүр өсөж, нэмэгдэнэ. 1970, 1980-аад оны үед үзүүлж байсан оргил амжилтад хүрч чадна.

-Та аль нутгийн хүн бэ?
-Би унаган хотын хүүхэд. Арван жилийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай сургуулиас  олон  алдартай хүн төрөн гарсан байдаг. МУГТ, паралимпын аварга Д.Баатаржав, МУГТ П.Сэрдамба, Э.Цэндбаатар,  УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэг гуай хүртэл  байна. Тоочоод байвал зөндөө алдартай хүн бий.  Намайг нэгдүгээр ангид  орох үед манай 57 дугаар дунд сургууль хичээлийн байргүй байсан. Зуун айлын есдүгээр дэлгүүрийн хажууд галладаг байшинд байж байгаад шинэ байр баригдахад дэнж рүү нүүж очиж байлаа. Шинэ сургуульд очоод төөрч будилж байсан минь одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Гэрт, гэр хороололд өссөн хүүхэд гэнэт тийм том байшинд орох үед цочирдож, толгой эргэсэн.  Ангиа олохгүй их л  мунгинадаг байж билээ.

-Таныг залуучуудын дэлхийн аварга болоход тантай цуг хэн дэлхийн аварга болж байлаа?
-1985  оны тавдугаар сард Испани Улсын Бильбао хотод залуучуудын ДАШТ болсон.  Тэр тэмцээнд Б.Бат-Эрдэнэ аварга бид хоёр түрүүлж, залуучуудын дэлхийн аварга болж байв. Миний амьдрал, залуу насны сайхан дурсамжуудын нэг тэр  байгаа юм. Б.Бат-Эрдэнэ аварга бид хоёр “Хүч” спорт хорооны тамирчид байсан үе.

-Та хэдэн кг-д барилддаг байв аа. Ерөнхийлөгчтэй  таарч барилдаж байв уу?
-Би 48, 52 кг-д барилддаг байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч 52, 57 кг-д барилддаг байв.  Ерөнхийлөгч 52 кг-д дэлхийн аварга болсон хүн шүү дээ.  Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг л удаа таарч барилдсан. Гэхдээ хожигдсон. Монгол  телевизийн нэрэмжит тэмцээн байсан санагдана. Түүнээс хойш ахиж таарч барилдаагүй. “Хүн болох багаасаа. Хүлэг болох унаганаасаа” гэдэг. Х.Баттулга, Ерөнхийлөгч,  Б.Бат-Эрдэнэ аварга хоёр багын хөдөлмөрч, байгалиас заяасан авьяастай хүмүүс. Өөрсдөө ч их хөдөлмөрч хүмүүс болохоор авьяасаа хөдөлмөрөөр хөгжүүлж чадсан. 1983 онд бид жаахан хүүхдүүд байж дээ. Би 18-тай арван жилийн сурагч. Тулга 20-той, Б.Бат-Эрдэнэ аварга 19 настай хүүхэд байв.

-Таны жингийн гол өрсөлдөгч  Н.Бүргэдаа ах байсан уу?
-“Цагаан” Н.Мөнхөө гээд миний жингийн ах, багш болох хүн байлаа. Гавьяат тамирчин, дэлхийн аварга  Д.Тэгшээ ах, Гавьяат эмч П.Бат-очир ах, Адъяа ах, Н.Бүргэдаа ах гээд олон сайн самбочид байсан. Эдгээр бөхийн гараар орж бөхийн дөртэй болсон. Би Тулга Ерөнхийлөгч, Н.Мөнхөө ах хоёрыг хожиж үзээгүй. Бусадтай нь өгөө аваатай барилддаг байлаа. Тив, дэлхийд алдартай эдгээр бөхийн гараар орж самбын спортод дур сонирхолтой болж, амьдралаа холбож яваа.

-Та насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хэдэн медаль хүртэж байв аа?
-1985, 1986 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр хүрэл медаль, 1987 оны дэлхийн цомын тэмцээнээс нэг мөнгөн медаль хүртэж байсан. Би Н.Бүргэдаа ахтай УАШТ-д зургаан удаа таарч барилдсан. Бид хоёрын барилдаан таардаггүй байсан. Гэхдээ би аргалаад хождог байсан юм. 1989 онд би Н.Бүргэдээ ахад торгуулиар хожигдсон. Түүний дараа бэлтгэлийн барилдаан дээр хөлөө гэмтээгээд түүнээс хойш барилдаагүй. Тэгээд  ч зах зээлийн хүнд үе эхэлж, спорт зогсонг байдалд орсон.

-Та 1995 оноос “Их шавь” дээд сургуульд багшилж эхэлсэн  үү?
-Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох багш Дашгомбын Баттулга, Зундуйн Дэлгэрдалай ах бид гуравт санал болгосон юм. З.Дэлгэрдалай ах их мундаг самбочин байлаа. Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин, дэлхийн аварга, дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга бөх байв. З.Дэлгэрдалай ах, Д.Баттулга хоёр чухам ямар хариу өгсөнийг мэдэхгүй. Харин би Насаа багшийн саналыг хүлээн авч багш болсон юм.

Тэр үед  багш болсон минь надад их том амьдралын сургууль болсон.  Насаа багш,  Гавьяат Ч.Машбат багшаас их зүйлийг сурч авах үндэс болсон юм. Монголын самбо, жүдо бөхийн ноён оргил болсон энэ хоёр шилдэг дасгалжуулагчийн удирдлага дор, мөр зэрэгцэн ажиллана гэдэг том аз завшаан байлаа. Машка багш “Чи намайг энэ сургуульд байгаа дээр  мэдэхгүй, чадахгүй зүйлээ сайн асууж бай” гэдэг байлаа. Хүн залуу байхад хэнэггүй л байдаг юм байна даа. Одоо бодоход  их зүйлийг сурч авахгүй яав даа гэж  харамсах үе байдаг л юм. Гэхдээ байнга хоёр  багшийнхаа дэргэд байсан болохоор бага боловч зүйлийг тусгаж авсан.

-Та хүндээр өвдөж, хоёр ч удаа хэвтэрт орчихоод, яаж  босов.  Тэр хүнд өвчнийг даваад буцаад спортдоо  ирсэн гэдэг гайхалтай. Одоо таны зорилго юу вэ?
-Самбо бөх удахгүй олимпын төрөл болно. Ирээдүйн олимп, дэлхийн аварга тамирчдын бэлтгэж, гаргах үйлсийн төлөө өөрийн чадах зүйлээр хувь нэмэр оруулахыг хүсэж, мөрөөдөн,  хөдөлмөрлөж байна. Гэхдээ надад чадах зүйл маруухан. Холбооныхоо удирдлага, багш, дасгалжуулагч нарын тусламж, эрдэмтэн Ч.Зоригтбаатар багшийн заавар, зөвлөгөөг авч ажиллаж байна. Би  хоёр удаа ойрхон хүнд өвдөж хэвтэрт орсон. Бурхны аврал,  гэр бүл, хамаатан садан,  Алтан гартай эмч нар, сайн найз нөхөд, шавь нарынхаа хүч, зүтгэлээр эргээд спортдоо ирж чадсан.  

Манай Б.Ариун-Эрдэнэ хх  хөдөлмөрч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Самбо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадсан чадварлаг нарийн бичгийн дарга болжээ.  Намайг бие муу, өвчтэй байхад Азийн наадамд авч явна гэж зүтгэсээр, аваад явсан. Би ”Замын ая даахгүй ядарч хүмүүст дараа болох байх” гэж бодоод жаахан айж л байлаа. Тэгсэн дуртай юмандаа явахаар хүн өөрийн эрхгүй сэргээд ирдэг юм байна. Би хэвтэрт ороод “За одоо ингээд дуусаж байгаа юм байна.

Самбо бөхөө одоо орхих цаг болж дээ. Холдож хөндийрье”  гэж бодож байв. Тэгсэн Азийн наадамд явж ирээд бие хөнгөрөөд, сэтгэл уужраад эрч хүч орох шиг болсон. Надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд эрүүл, мэнддээ анхаарч, өөртөө таарсан байнгын хөдөлгөөнийг хийдэг болсон. Бие ч дээрдэж, өөрчлөлт ч мэдрэгдэж байгаа. Б.Ариун-Эрдэнэ шавьдаа их баярлаж явдаг. Одоо  би самбо бөхийн спортын сургалт, заах арга зүйд өөрийн мэдэх, чадах зүйлээр хувь нэмрээ оруулахыг хичээж байна.  Өнгөрсөн жил Спортын дунд сургуульд самбо бөхийн анги нээсэн. Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургалттай 13 дунд сургууль байдаг юм байна. Эдгээр 13 дунд сургуульд самбо бөхийн анги нээх төлөвлөгөөтэй байгаа.

-Монголын хамгийн олон дэлхийн аваргатай спортын төрөл самбо бөх байдаг.  Самбо бөхөөс хэдэн дэлхийн аварга төрөн гарсан бэ?
-1973 онд Ш.Чанарав гуай анхны дэлхийн аварга болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл самбо бөхчүүдээс 41 дэлхийн аварга төрөн гарсан байгаа. Спорт самбо бөхийн 39 дэлхийн аварга, байлдааны самбо бөхийн хоёр дэлхийн аварга бий. Ер нь манай Ш.Чанарав багш Монголын бөхийн төрлүүдийн анхны дэлхийн аварга тамирчин байгаа юм.  1970 онд байт харвааны Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл гуай Монголын тамирчдаас анх удаа  дэлхийн аварга гэдэг цолыг хүртсэн хүн. Түүний дараа Ш.Чанарав багш 1973 онд, 1974 онд чөлөөт бөхөөр З.Ойдов гуай, самбо бөхөөр Х.Баянмөнх аварга дэлхийн аварга болж байжээ.

Ер нь самбо, жүдо бөх нэг зоосны хоёр тал. Сүүлийн үед жүдо бөхийн дүрэмд өөрчлөлт ороод, самбо бөхөөс эрс ялгарч, өөр болж  байгаа. Энэ хоёр бөхийн барилдааны үндэс язгуур, үүсэл гарал ер нь ойролцоо.  Төв Ази болон Дундад Азийн ард түмний барилдаан дээр суурилан үүссэн бөхийн төрлүүд.  Тийм ч учраас монгол хүнд ойр бөхийн төрөл байгаа юм. Монголын анхны жүдо бөхийн олимп, дэлхийн медальтан самбочдаас төрөн гарсан. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Л.Зандан .
    Монхор Баяраа гэж.бид нэрлээд сурчихсан ..энэ хун унэхээр Монголын Самбын толоо хоергуй сэтгэлээр зутгэж яваа ..Самбодоо унэнч явсан цоохон хуний нэг ...суулийн уед Самбо .Олимпод орох сургаар дэмжлэг узуулдэг хумуус бий болж байна ...Онгордог он жилуудэд Самбогынхоо толоо унэнч байсан цоохон хэдэн хумуусдээ баярлаж явдагаа хэлье ...тэр хэдэн хумуус хэн нь хэн билээ гэдгээ сайн мэдэх учир ..нэр цохоод яахав ...Монголын Самбын гал голомтыг ороо бусгаа хунд уед унтраалгуй авч явсан журмын нохдодоо баярлаж явдагаа илэрхийлээд Баяраадаа амжилт хусье ...Самбынхаа толоо мор зэрэгцэн зутгэх болноо
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
Нийтлэлчид