Улаанбаатар 1c

NPOST-Онцлох хүн: Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувдын тухай ТАВАН АСУУЛТ?

Намсрайн Сувд нь БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин. Тэрбээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.

МУАЖ,Н.Сувдын тухай таван асуултыг түүвэрлэн хүргэж байна.

“Мандухай сэцэн хатан” кинонд та 40 настайдаа тоглож байсан. Анхны дүрээ хэдэн онд бүтээж байсан бэ?

- Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийг драмын театрт 1973 онд тавьсан юм. Ларисагийн дүрийг бүтээсэн. Үнэхээр гайхалтай, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөддөг жүжиг л дээ. Паратовын дүрийг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Гантөмөр бүтээсэн. Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай бас тоглосон. Ардын жүжигчин Д.Цэрэндулам, соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү, гавьяат жүжигчин З.Жарантав, Латиф, Ж.Норолхоо, Я.Оюунцэцэг, Д.Гомбожав, Шагдаржав гээд манай театрын аваргууд хамт тоглосон доо. Оюутан үедээ би телевизийн киноны янз бүрийн бүтээлд дадлагын ажлаар оролцдог байлаа. Төгсөөд баримтат кино зохион байгуулах ажилд оролцсон. Монголд ирээд тоглосон уран сайхны хамгийн анхны кино маань “Эхлэл”. Манай холбооны 50 жилийн ойд зориулсан кино байгаа юм. Тухайн үед Уран сайхны зөвлөл чанар муутай кино болсон гэж шүүмжилж байсан ч өнөөдөр үзэгчид энэ киног сайхан болж гэдэг. Энэ кинон дээр жүжигчин Б.Баатархүү, ардын жүжигчин С.Гэндэн гуай нартайгаа хамтарч ажилласандаа баяртай байдаг. Мөн кино урлагийн сургууль төгсөж ирсэн найруулагч Г.Жигжидсүрэн оператор Баатар, Л.Батцэрэн гэх мэт дан залуу уран бүтээлчид хамтарч ажиллаж байсан юм.

-Танай гэр бүлийн гурван гишүүн Төрийн соёрхолт болсон. Бас л давтагдашгүй түүх дээ... ?

-Манай аав И.В.Сталины “Ленинизмийн асуудлууд” номыг монгол хэлнээ хэвлүүлж Төрийн шагнал хүртсэн. Ээж маань бие даасан тоглолтоороо Төрийн шагнал авсан. Би “Мандухай сэцэн” киноны дүрээрээ Төрийн шагнал хүртсэн. Дээрээс нь аав маань хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Ээж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин болтлоо явлаа. Миний дүү Н.Ганхуяг СГЗ цол авсан. Ийм сайхан гэр бүлд төрж өссөндөө баярладаг. Энэ бол дааж явах ёстой үүрэг хариуцлага гэж боддог. Миний уран бүтээлийг хамгийн их шүүмжилдэг хүн бол ээж, дүү нар маань. Ээж маань мэргэжил нэг учраас маш их түшиг тулгуур болдог.

-Урлагийн хүмүүс тэр тусмаа эмэгтэй хүмүүс гоо сайхандаа их анхаардаг. Та гоо сайхандаа яаж анхаардаг вэ?

- Эмэгтэй хүн аль болох л сайхан харагдахыг хичээдэг. Тэрний л адил хүсэлтэй. Урлагийнхан олны нүдэнд ил байгаа болохоор сайхан харагдах нь үүрэг гэж ойлгодог. Би гоо сайханд тэр болгон ордоггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө гоо сайханд ордог.

-Таныг жүжигчний гараагаа эхэлж байх цагийн уран бүтээлчдийг алтан үеийнхэн гэж тодотгодог. Монголын урлагийн түүхэнд тод мөртэй тэдний тухай ярих хүмүүсийн нэг нь та.

- Тэр үеийн уран бүтээлчид хоорондоо хамтарч их ажилладаг байсан. Миний хувьд мэндэлсэн цагаасаа л уран бүтээлч гэр бүлийн орчинд төрж, өсөж, одоо өтөлж байна. Анх намайг урлагт ороход Ц.Цэнд-Аюуш гуай, Р.Дамдинбазар гуай, У.Осор гуай, Товчин эгч, Бадамгарав гуай, Б.Дамчаа гуай гээд ахмад үеийн мундаг хүмүүс маань тосож авч байлаа. Энэ хүмүүсийн түшиж тулсан тэр их хайр халамжид өдий зэрэгт хүрсэн дээ. 1970-1973 оны хооронд Кино үйлдвэрт, 1973 оноос хойш өнөөдрийг хүртэл Драмын театртаа ажиллаж байна. УДЭТ-т ажиллаж эхлэхэд Э.Оюун гуай, Д.Цэрэндулам, Т.Хандсүрэн, А.Долгор, Д.Долгорсүрэн гуай, Цэвээнжав гээд л хар багаас мэдэх алдартай хүмүүс төрсөн хүүхдээсээ ялгалгүйгээр сайхан хайр, сэтгэлээр өлгийдөн авч загнаж, зандарч, зөвлөж, намайг урлагийн хүн болгосон. Хуучин ахмад уран бүтээлчид өөр өөрийн тусдаа ширээтэй. Тэр нь их том. Одоо бол шинэчлэгдээд л байгаа. Сүүлд 1980-аад оны үед шинэчилж тэр ширээнүүдийг өөрчилсөн. Бидний үеийнхэн өөр өөрсдийнхөө эзэмшиж байсан ширээ, гэрэл, толио залуу хойч үедээ өгдөг уламжлалтай. Одоо хүртэл энэ уламжлал үргэлжлээд л явж байна. Анх намайг театрт ажилд ороход Долгор, Хандсүрэн гуай хоёр “Сувд аа, чи бид хоёрын ширээн дээр суугаад юмаа хуваагаад хийчих” гэж хэлж байж билээ. Дараа нь Ч.Цэнджав гуай ширээ, толь, гэрлээ надад өгч байсан. Би театрт, урлагт муу ажиллах эрхгүй хүн. Ахмад үеийн мундагуудын сэтгэл шингэсэн оюун бодол надаар дамжиж хойч үедээ үлдэх ёстой гэж боддог доо.

-Таныг хүмүүс сайхан эмэгтэйн үлгэр жишээ гэлцдэг. Ер нь сайхан эмэгтэй байхын нууц юунд байдаг бол?

-Тэгж боддог бүх хүнд баярлаж байна. Тэр хүмүүсийн итгэл найдвар, хүндэтгэлд би урамшиж явдаг. Гэхдээ сэтгэлд нь нийцдэггүй, таалагддаггүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хүчээр би өөрийнхөө болох, болохгүй зүйлээ олж хардаг. Ер нь хүнд тохиолддог бүхий л эерэг, сөрөг зүйлс надад байгаа. Жаргалгүй зовлон гэж байдаггүй, зовлонгүй жаргал гэж байдаггүйн үлгэрээр амьдрал эрээн бараантай л байдаг. Үүнийг бусдын л адил туулж байна. Бид амьдралаас сайнаас нь ч муугаас нь ч сурах юм бий. Тиймээ ч би амьдралд суралцсаар л яваа хүний нэг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид