Улаанбаатар 1c

Өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхийн төлөөх 30 жил

“Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн багш нартай уулзаж, ажил үйлс, сургалтын хөтөлбөрийн онцлог, давуу талын талаар ярилцлаа.

Г.Жаргалсайхан: Ажил олгогч, төгсөгчдөөс авсан судалгаанд тулгуурлан хөтөлбөртөө шинэчлэл хийсэн

(Тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор)

-Хувийн сургуулиудын тоо цөөрч, цар хүрээ хумигдаж байхад “Отгонтэнгэр” улам өргөжжээ. Энэ амжилтын нууц нь юунд байдаг бол?
-Суралцагчид юу хүсэж байна, ажил олгогчид хэнийг хайж байна вэ гэдгийг тодорхойлж, энэ хоёрыг уулзуулахын тулд манай сургууль зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааг нэлээд сайн хийдэг. Төгсөгчид ажлын байранд гарахад ямар мэдлэг чадвар дутуу байгааг судалж, оюутнууддаа шаардлагатай хичээлийг нь нэмэх чиглэл баримталж байгаа. Мөн ажил олгогчид хэнийг хүсэж байна вэ гэдэг судалгаанд тулгуурлан хөтөлбөрүүддээ нэмэлт шинэчлэл хийдэг. Ингэж судалгаатай ажилладаг маань оршин тогтнолоо хадгалахад нөлөөлдөг болов уу.

-Тэнхимийнхээ талаар мэдээлэл өгөөч?
-1994 онд сэтгүүл зүйн хөтөлбөрөөр элсэлт авч, 2004 онд Сэтгүүл зүйн бие даасан тэнхим байгуулагдсан байдаг. Үүнээс хойш зөвхөн сэтгүүл зүйн хөтөлбөр хэрэгжүүлж байгаад 2017-2018 оны хичээлийн жилд Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхим болж өргөжсөн. Манай тэнхим сэтгүүл зүй, олон улсын харилцаа, нийгмийн ажилтан, багш, монгол хэл уран зохиолын боловсрол, улс төр судлалын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Мөн улс төр судлал, сэтгүүл зүйн магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

-Залуус мэргэжил сонголт, сургуулиа сонгох асуудалд их нухацтай ханддаг болсон. Сургууль, багш гээд олон талаас нь харж, судалдаг. Танай тэнхимд ямар багш нар ажиллаж байна вэ?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэдэг хэнээс ч, юунаас ч илүү эзэндээ үнэнч байж, насан туршид тэжээж тэтгэж, алдаршуулж, хамт явдаг зүйл. Тийм болохоор өөрийнхөө зүрх цохилон тэмүүлж дурлаж байгаа, үнэнээсээ хүссэн мэргэжлээ сонгож суралцах шаардлагатай. Нэгэнт сонгон суралцаж байгаа мэргэжилд нь улам дурлуулах, чадваржуулахад багш нар онцгой үүрэгтэй. Манай тэнхимийн олон улсын харилцаа хөтөлбөрт Монгол Улсын тэргүүн шадар сайд Г.Төмөрчулуун гэж олон газар дипломат алба хашсан, шинжлэх ухааны доктор багш ажиллаж байна.

Сэтгүүл зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэн багш манай сэтгүүл зүй хөтөлбөрт зөвлөх багшаар ажилладаг. Гавьяат багш, доктор Б.Галиндив манай тэнхимд төдийгүй “Отгонтэнгэр” их  сургуулийн бүх бүрэлдэхүүн сургуульд хичээл ордог. Мөн манай сургууль өсөх ирээдүйтэй, сайн боловсролтой залуу багш нарыг сонгон авч, ахмад багш нарынхаа мэдлэг, туршлага, заах арга барилаас сургаж дадлагажуулан, залгамж халаагаа бэлтгэж байгаа. Манай сургуулийн сэтгүүл зүйн хөтөлбөрт үе үеийн шилдэг багш нар ажиллаж ирсэн. Тэр ч хэрээрээ манай төгсөгчид хэвлэл мэдээллийн салбарт амжилттай яваа. Манай тэнхим дандаа магистраас дээш зэрэг, цолтой багш нартай.

Сургуулийнхаа бусад тэнхимүүд дотроос хамгийн олон доктортой нь манайх. Сэтгүүл зүйн сургалт явуулж буй хувийн их, дээд сургуулиудаас манайх дөнгүүр нь байх гэж бодож байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, манайх сэтгүүл зүйн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлчихсэн. Энэ хичээлийн жилд дахин магадлан итгэмжлүүлэх гээд тайлангаа бичсэн боловч энэ онцгой дэглэмийн нөхцөл байдлаас болоод намар болтол хойшилчихлоо.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мэргэжлээ сонгох хариуцлагатай үе ирж байна. “Отгонтэнгэр” их сургууль, тэр тусмаа танай тэнхим бусад адил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургуулиудаас юугаараа давуу вэ. Элсэгчдэд энэ мэдээлэл хэрэгтэй байх?
-Төгсөгчдөөс судалгаа авахад ажлын байранд очоод хамгийн их дутагдаж байгаа чадвар гадаад хэлний мэдлэг гэсэн. Ажил олгогчдоос авсан судалгаанд ч ийм үр дүн гарсан учраас бид төгсөгчдөдөө хамгийн доод тал нь IELTS-ийн 5.5 оноо амлая гэсэн зорилт тавиад Английн ЕАР хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Бид нэгдүгээрт, элссэн оюутан бүрийг IELTS-ийн 5.5-аас дээш оноотой төгсгөнө. Хоёрдугаарт, нийгэм судлалын мэдлэгүүдийг түлхүү өгнө. Бүх талын мэдлэгтэй, зах зээлд тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Ялангуяа сэтгүүл зүйн хөтөлбөрт энэ бүр ч илүү хамаатай.

Улс төр, эдийн засаг, экологи гээд юу ч бичсэн гологдохгүй сэтгүүлч бэлтгэх нь бидний зорилго. Нийгмийн ажилтны тухайд, зах зээлд гараад бие даасан олон нийтийн байгууллага байгуулаад явах боломжтой. Тэр үүднээс нь эдийн засаг, бизнесийн удирдлагын хичээлүүд сонгон хичээллэх, нөгөө талд нь, сургууль, төрийн байгууллагуудад нийгмийн ажилтнаар ажиллах сонирхолтой бол эрх зүйн хичээлүүдийг сонгон мэргэших боломж олгодог.
Олон улсын харилцааны хөтөлбөрт гадаад хэлний мэдлэг давуу байна. Дээр нь манайх БНСУ-ын Хан Со их сургуультай хамтарч 3+1 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энд гурван жил, БНСУ-д нэг жил сурч, хоёр сургуулийн дипломтой төгсөх боломжтой. Мөн Тайваний Мин Чуаны их сургуульд нэг улирал суралцаад ирэх боломж бүх хөтөлбөрт бий.

Б.Галиндэв: 10 мянга гаруй хүнд философи гэдэг үгийг хүргэсэн. Тэдний нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх

(Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор)

-“Отгонтэнгэр” их сургуульд олон жил багшилсан, сургуулийнхаа онцлог, давуу талыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг нь та байх?
-“Отгонтэнгэр” сургууль ирэх онд 30 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Би энэ сургуульд 26 дахь жилдээ багшилж байна. Манай сургууль сэтгүүл зүй, олон улсын харилцаа, эрх зүй, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, багш, сэтгэл зүйч, сургуулийн өмнөх боловсрол гэх мэтийн олон мэргэжлээр элсэлт авдаг. Багшлах боловсон хүчний хувьд дээрх мэргэжлүүдээрээ гаршиж, дадлагажсан. Зарим нь 26 дахь төгсөлтөө хийлээ. 10 гаруй төгсөлт хийсэн багш цөөнгүй бий. Манай сургууль багшлах боловсон хүчиндээ их анхаардаг. Ахмад, дунд, залуу гурван үеийн багш нар бий.

Залуу багш нарыг эрдмийн зэрэг цолтой болгоход их анхаарч байгаа. 30 жилийнхээ ойг угтаад багшийн хөгжлийн хөтөлбөр баталсан. Багш нарын дийлэнх нь эрдмийн зэрэгтэй болсон. Хоёр жилийн өмнө олон улсын докторын зэрэг хамгаалах хөтөлбөрөө батлуулсан. Европын холбооноос ирж, “Отгонтэнгэр” сургууль боловсрол судлалын чиглэлээр олон улсын стандартад нийцсэн эрдмийн зэрэгтэн бэлтгэх чадвартай гэдгийг баталгаажуулсан. Монголын улсын болон хувийн бусад сургуульд ийм батламж авсан сургууль байхгүй. Дараа нь, олон улсын боловсролын чанарын баталгаажилтын гэрчилгээ авсан.

-Гавьяат болтлоо багшлах үйлсэд зүтгэсэн хүнтэй уулзсаных, хэчнээн хүнд хичээл заасан, тэр дундаас амжилттай яваа ямар хүн байдаг талаар сонирхмоор санагдлаа?
-Би Цэргийн их сургуульд 12 жил багшилсан. “Отгонтэнгэр”-т 26 дахь жилдээ ажиллаж байна. Багцаагаар 10 мянга гаруй хүнд философи гэдэг үгийг хүргэсэн. Цэргийн их сургууль төгссөн олон залуу УИХ-ын гишүүн болсон. Тэндхийн улс төрийн анги төгссөн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Би шавийгаа ч үнэлж байна, хийж хэрэгжүүлж буй ажил, нийгэмд өрнүүлж буй үйл явцыг нь ч үнэлж байна. Толгойлсон Засгийн газар нь боломжийн хэмжээнд ажилласан гэж дүгнэж суугаа. “Отгонтэнгэр” их сургуульд ирж ажиллаад хичээл заасан залуучууд хууль зүйн болон гадаад хэлний салбарт амжилттай сайхан ажиллаж байгаа. Хуулийн анги төгссөн олон залуу шүүхийн анхан, дунд шатанд ажилладаг. Зарим нь Дээд шүүх рүү ч очиж байна. Шавь нар сайн явах нь багшийн ажлын үнэлгээ, баяр бахдал юм даа.

Г.Төмөрчулуун: Төгсөгчид олон улсын харилцааны мэдэгдэхүүнтэй байх нь хамгийн чухал

(Олон улсын харилцааны багш, шинжлэх ухааны доктор, профессор, ГХЯ-ны хүндэт диплoматч) 

-Таны заадаг хичээл бусад ижил төстэй сургуулиудынхаас ямар давуу талтай гэж та үздэг вэ?
-Би Гадаад харилцааны яаманд 40 жил ажилласан, дипломат албаны хүн. Москва, Куба, Бельгид ЭСЯ-нд ажилласан. Улс төрийн шинжлэх ухааны доктор, түүхийн ухааны доктор (Ph.D). Гадаад яаманд ажиллаж байх үеэсээ багшилж, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг үүсгэн байгуулалцаж, тэнхимийн анхны эрхлэгчээр нь ажилласан. “Отгонтэнгэр” их сургуульд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энд орчин үеийн олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, бүс нутгийн улс төр судлал, олон улсын харилцааны онол гэсэн хичээл ордог.

Олон улсын харилцаа бол Монгол Улсын хувьд амин чухал асуудал. Энэ сургуулийг төгсөж гарч байгаа хүүхдүүд олон улсын харилцааны мэдэгдэхүүнтэй байх нь хамгийн чухал. Наад зах нь хоёр хөрш хаашаа явж байна, хөгжлийн хэтийн төлөв хандлага нь ямар байна вэ, тэр нь Монголд эргээд яаж нөлөөлөх вэ гэдгийг судлахгүйгээр бид хөгжлийн тухай ярих аргагүй. Оюутнууддаа энэ зэргийг мэдлэг олгоход “Отгонтэнгэр” сургууль анхаардаг. Орчин үе мэргэжилтнүүдээс тал бүрийн мэдлэг, боловсрол, хөрвөж ажиллах чадвар шаардаж байна шүү дээ. Үүнд нийцүүлэх нэг оролдлого нь энэ юм. 

Ерөнхий сайдад хичээл зааж байсан багш энэ сургуульд байна. Гадаад харилцааны яаманд дипломат ажил олон жил хийсэн, эрдмийн зэрэг цолтой хүн багшилж байна. Энэ бол сургуулийн нэг том давуу тал гэж би хэлнэ. Насаараа тухайн мэргэжлээрээ ажилласан хүн багшилна гэдэг өөр байдаг юм шүү. Туршлагыг юугаар ч сольж болдоггүй. Залуу нас байхад туршлага байдаггүй, туршлагатай болохоор залуу нас байхгүй болчихсон байдаг.

Ч.Соёлмаа: Гадаад хэлгүйгээр өсөж хөгжиж, өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн болж чадахгүй

(Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор)

-Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, мэргэжил сонгох гэж буй хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ямар ч мэргэжлийг сайн эзэмшье гэвэл хилийн дээс алхаж, гадаадад сурах хэрэгтэй. Боловсрол, мэдлэг, шинжлэх ухаанд цус сэлбэлт хэрэгтэй. Тэгэхийн тулд гадаад хэл хамгийн чухал. Гэтэл одоо гадаад хэлний мэргэжил эзэмшихээр сурах нь цөөрөөд байгаа. Танхимд суухгүй бие дааж сурна гэдэг бодол давамгайлсан. Тэр нь төдийлөн үр дүнтэй биш харагддаг. Миний бодлоор Монголдоо гадаад хэлний мэргэжлээр сурч, сууриа сайн тавьчихаад Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох нарийн мэргэжлээр гадаадад сураад ирэх хэрэгтэй.

Тухайлбал, хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжлийг монголчууд гадаадад л сурч эзэмшинэ. Тэгж байж хиймэл оюун ухааны эринд зах зээлээ алдахгүй мэргэжилтэй болно. Гэтэл хэлгүй хүнд хэчнээн хүсэл сонирхол нь байгаад түүндээ хүрч чадахгүй. Тэгэхээр залууст гадаад хэлээ сайн сур л гэж зөвлөмөөр санагддаг. Дотооддоо сурах байсан ч гадаад хэлгүйгээр өсөж хөгжиж, өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн болж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Б.Нандинцэцэг: Оюутнуудаа төсөл хөтөлбөр дээр ажиллах чадварт илүү сургах чиглэл барьж байгаа

(Нийгмийн ажлын багш, магистр)

-Өөрийгөө товч танилцуулна уу?
-МУИС-ийг нийгмийн ажилтны мэргэжлээр төгсөөд, төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрт ажилласан. 2013-2015 онд АНУ-ын Вашингтоны их сургуульд Фуллбрайтын тэтгэлгээр мастер хамгаалж ирээд сурсан зүйлээ залууст хуваалцах хүслээр багшилж байна.

-Нийгмийн ажилтан гэж дунд сургуульд юу хийдэг нь тодорхойгүй ажил гэсэн ойлголт түгээмэл байдаг нь энэ мэргэжлийн ач холбогдолыг ойлгоогүйтэй холбоотой болов уу. Ер нь ямар үүрэг, онцлогтой мэргэжил вэ?
-Хамгийн энгийнээр тусламж хэрэгтэй хүн бүрт тусалдаг ажил. Цаагуураа бол шударга ёс, тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Тиймээс хүрэхгүй, хүртэхгүй салбар гэж үгүй. Баг, хорооноос эхлээд бодлого боловсруулах хүртэл бүх түвшинд хэрэгтэй. 

-“Отгонтэнгэр” их сургуулийн хувьд нийгмийн ажилтны хөтөлбөр ямар давуу талтай вэ?
-Олон сургууль нийгмийн ажилтан бэлтгэдэг. “Отгонтэнгэр” их сургуулийн хувьд төсөл хөтөлбөр дээр ажиллах чадварт илүү сургах чиглэл барьж байгаа. Мөн сошиал энтрепренершип буюу бизнесийн салбарыг нийгмийн салбартай уялдуулсан, нийгэмд ээлтэй бизнес хийх тухай шинэ ойлголтыг сургалтын хөтөлбөртөө оруулсан цөөхөн сургуулийн нэг нь манайх. Нийгмийн ажил зөвхөн салбар дотроо биш салбар дундын шинжлэх ухаан болон хөгжиж байгаа учраас оюутнуудад илүү шинэ боломж нээгдэнэ гэж харж байгаа.

Г.Золзаяа: Хувийн сургуулиуд шинэлэг зүйлд сэргэг хандаж, олон улсын чиг хандлагыг дагаж байгаа

(Олон улсын харилцааны багш, магистр)

-Танай хөтөлбөр “Отгонтэнгэр” их сургуулийг сонгосон элсэгчдэд ямар давуу тал амлах вэ?
-Манай сургуулийн олон улсын харилцааны хөтөлбөрийн тухайд оюутан солилцооны хөтөлбөртэй. Хоёрдугаар дамжаандаа Мин Чуаны их сургуульд явах боломжтой. Тэндээ сургалтын төлбөр төлөх шаардлагагүй. Мөн дөрөвдүгээр дамжаандаа БНСУ-ын Хансо их сургуульд сурах боломжтой. Энэ жилээс цахим дипломат үйл ажиллагааны талаарх хичээл сургалтын хөтөлбөрт маань нэмэгдэж байгаа.

Дэлхий нийтэд цахим хувьсгал эрчээ авч байгаа учраас үүнийг хийх шаардлагатай гэж үзсэн. Дижитал хувьсгал болох нь тодорхой. Тэгэхээр зөвхөн хэрэглээний программ мэддэг төдий бус, цахим орчинд ажиллах чадвартай, хэлний боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, онолын мэдлэгээс гадна зөөлөн ур чадварыг хөгжүүлэхийг зорьж ажиллаж байна.

Хувийн сургууль тийм, улсын сургууль ийм гэсэн тогтсон ойлголт байдаг. Миний бодлоор одоо хувийн сургуулиуд шинэлэг зүйлд сэргэг хандаж, олон улсад ийм өөрчлөлт гарч байна, чиг хандлага ийшээ байна, тиймээс сургалтаа ингэж өөрчилье гэж цаг үетэйгээ нийцэж ажиллаж байх шиг санагддаг.

М.Дэлгэрцэцэг: Манай сургуулийн төгсөгчдөд ажлын байрны захиалга их ирдэг

(Сэтгүүл зүйн багш, магистр)

-Өөрийгөө товч танилцуулна уу?
-Сэтгүүл зүйн мэргэжлээр төгсөөд 18 жил болж байна. Энэ хугацаанд мэргэжлээрээ телевиз, радиод ажилласан. Багшлах ажилд шилжиж, ирээдүйн сэтгүүлчдийг бэлтгэх үйлсэд 10 гаруй жил зүтгэж байна.

-“Отгонтэнгэр” сургуулийн сэтгүүл зүйн тэнхим 26 жилийн түүхтэй, сэтгүүлч бэлтгэдэг сургуулиуд дотроо нэр хүндтэй, туршлагатай. Төгссөн мэргэжилтнүүд нь салбар салбартаа амжилттай ажиллаж байгаа. Сайн мэргэжилтэн бэлтгэхэд нөлөөлөх хүчин зүйл гэвэл юуг хэлэх вэ?
-“Отгонтэнгэр” их сургууль оюутнуудынхаа сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, материаллаг баазаар хангахад маш их анхаардаг. Энд ажилд ороод теле студи, мульти студи, радио студи, фото студийг нь хараад өөрийн эрхгүй “Намайг сурч байхад ийм орчин байсан болоосой” гэдэг бодол орж ирсэн. Сэтгүүлч мэргэжлээр сурдаг оюутнууд ажил дээр гараад юу хийх вэ, тэр бүх зүйлээ суралцаж байхдаа хийж, дадлагажих боломжийг нь бүрэн бүрдүүлсэн.

Энэ бол маш том давуу тал. Материаллаг бааз, техник, тоног төхөөрөмж нь байгаа учраас сэтгүүл зүйн ангийн оюутнууд хичээлийн завсарлага бүрээр радио ажиллуулдаг. “Отгонтэнгэр”-ийн гурван бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд мэдээ мэдээлэл, зар, дуу хөгжим явуулна. Хөтлөгчийн дугуйлан хичээллүүлдэг. Тэгэхээр төгсөөд радиод ажиллавал ямар ч байсан сандралгүй, юуг яаж хийхээ мэддэг болчихсон байна. Теле студи маань баргийн телевизээс дутахгүй, заримаас нь илүү тоног төхөөрөмжтэй. Мэдээний ширээ, гэрэл, техник, ток шоуны булан гээд бүрэн тохижуулсан.

Мульти студид эвлүүлгээ хийгээд сурчихна. Сэтгүүлчээр сурч байгаа оюутнууд өөрсдөө л хичээх, эсэх тухай л ярина уу гэхээс сурах орчин нөхцөлийн тухай ярилтгүй сайн. Бусад сургуулийн оюутнууд манайд ирэхээрээ дуу алдаад л явдаг юм. Ийм нөхцөлд сурч байгаа болохоор манай оюутнууд анхны бүтээлүүдээ хийгээд төгсдөг. Улсын шалгалтаа бүтээлээр өгдөг. Төгсөгчид амжилттай ажилладаг нь ийм учиртай.

-Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болдог вэ?  
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон, сэтгүүлч бэлтгэдэг сургууль цөөхөн болсон учраас төгсөгчдөд ажлын байр хангалттай байгаа. Манай сургуулийн төгсөгчдөд ажлын байрны захиалга их ирдэг. Энэ бол оюутнуудын хувьд их том боломж. Оюутан өөрөө л хичээж сураад, мэргэжлээрээ ажиллахыг хүсэх юм бол ажил олдох болов уу гэж санаа зовох зүйл байхгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сайхан сургууль
    Энэ сургуулийг төгссөндөө үнэхээр их бахархаж, баярлаж явдаг даа. Чанартай боловсролыг олгохын төлөө багш, удирдлагууд нь хичээн ажилладаг санагддаг. Орчин нь цэвэрхэн. Отгонтэггэр сургуульдаа баярлалаа.
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
Нийтлэлчид