Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: МУГЖ Ц.Төмөрбаатарын тухай ТАВАН АСУУЛТ?

Монгол кино урлагт бахдам амжилт гаргаж, өөрийн гэсэн өнгө төрхийг шингээж чадсан МУГЖ Цэгмидийн Төмөрбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагуудаас таван асуултын хариултыг түүвэрлэн хүргэж байна. 

-Анх урлагт хөл тавихад юу бодогдож байв?

-Аавыгаа бурхан болсноос хойш 12 жилийн дараа анхны бүтээл "Хүний амь" кинонд тоглосон. Тэр үед би "Нэг юм тоглосон боллоо доо" гэж бодсон. Харин ээж маань урлагийн хүн биш болохоор ингэж л тоглох ёстой байж гэж бодоод өнгөрсөн гэсэн. Киноны дараа уран бүтээлчдэд шагнал гардуулахад би ээждээ бүх мөнгөө өгсөн. Тэгэхэд "Миний хүү одоо л тусад орох нь дээ. Аав нь урлагт 10 жил зүтгэсний дараа "Одоо л би жүжигчин болох нь дээ. Чи сайн жүжигчин болъё гэж бодож байвал аливаа дүрд тоглосон шиг тогло, Үгүй бол зүгээр нэг дүрд ороод гардаг хүн шиг тоглох хэрэггүй" гэсэн. Тэр үг надад ихийг ухааруулсан шүү.

-Хүмүүс таныг Цагааны Цэгмидийн хүү Төмөрбаатар жүжигчин гэдгээр мэддэг. Харин багшилж байгааг хүн болгон мэддэггүй. Танд багш, жүжигчин байх хоёрын аль нь хүнд байдаг вэ?
-Өнөөдөр эргээд бодоход багш байх нь надад хүнд санагддаг. Учир нь хүүхэд болгонтой харилцана гэдэг амаргүй ажил. Тэгээд ч нэг биш нэлээд хэдэн хүүхэдтэй ажиллана. Хүн болгон адилгүй гэдэгтэй адил хүүхэд ч ялгаагүй өөр өөр зан араншинтай. Хүү хэд тус бүртэй тулж харилцана гэдэг хүсэхээр ажил биш. Харин жүжигчин байх нь өөрт ногдсон үүргээ сайн биелүүлээд явах ганц асуудал л байдаг.

-Аавтайгаа уран бүтээлийн талаар ярилцдаг байв уу?

-Намайг долоон настай байхад аав бурхан болсон учир уран бүтээлийн талаар ярилцаж чадаагүй ээ. Бид хоёр түрдэг дугуйны талаар ярьж байсан зүйл харин санаанаас гардаггүй юм. Тэр үед хүүхдүүд төмөр утас тахийлгаж байгаад дугуй түрж тоглодог байлаа. Би тэгж тоглох гэсэн чинь түрдэг төмөр байдаггүй. Аав "Ховилтой модоор түр" гэв. Би тэр хүүхдүүд шиг төмрөөр түрэх гэж дургүйцэхэд "Хүн хийе гэсэн зүйлээ өөр өнцгөөс ч гэсэн чадъя гэвэл болдог юм" гэж билээ. Үүгээрээ намайг ухаажуулж байж. Хааяа ээждээ зодуулахаараа аавдаа уйлаад очно. Тэгэхээр "Миний хүү битгий уйл. Эр хүн эодуулах тусам хатууждаг юм" гэж аргаддаг байсан.

-Таныг жүжигчний замд хөтөлсөн багш тань хэн бэ?
-Олон хүн бий л дээ. Ааваар минь хичээл заалгаагүй ч багш мэт хүндэлдэг байсан хүмүүс намайг аав шиг минь сайн жүжигчин болоосой гэж зааж, зөвлөдөг байсан. Тухайлбал, Гавьяат жүжигчин Жарантав ах байна. Юун түрүүнд багш нараа дурдах нь зүйтэй болов уу. Ардын жүжигчин, найруулагч Жигжидсүрэн, СТА Маамхүү, театрт очиход гар дээрээ тосч авсан Цэндсүрэн гээд олон багш бий.

-Сонирхоод үзвэл та улс төрийн баялаг түүхтэй нэгэн юм билээ. 1990-ээд оноос л улс төрд орох оролдлого хийж эхэлсэн гэж үнэн үү?

-Би анх 1996 оны орон нутгийн сонгуульд БЗД-ийн 4-р хорооноос нэр дэвшсэн юм. Дараа нь 2000 онд мөн тэр хорооноос дахин нэр дэвшсэн. Харин 2004 онд Баянгол дүүргээс ИТХ-д нэр дэвшсэн. 2008 онд дахин нэр дэвшиж сонгогдоод ИТХ-д дөрвөн жил ажилласан. МАН дийлэнх байсан учир юм хийж чадаагүй.  2012 онд дэвшээгүй, надад квот олдоогүй. Тэгээд 2016 онд МАХН-аас квот авч УИХ-д нэр дэвшсэн. Энэ тал дээр сануулж ярих юм бий шүү.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид