Улаанбаатар 1c

С.Оюунтуяа: Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байхаар сонгогч төөрөгдөлд ороод байна

Хэдхэн хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгууль зохион байгуулахад иргэдийг мэдээллээр хангах маш чухал юм. Иймд сонгогчид санал өгөхдөө юуг анхаарах талаар Сонгогчдын боловсрол төв ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай байгууллага сонгогчдын боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ер нь сонгогчийн боловсрол гэж юуг хэлэх вэ?
-Сонгогчийн боловсролын асуудал, тэдэнд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг хариуцдаг албан ёсны төрийн байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо. Харин манай байгууллага сонгогчдод боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг төрийн бус байгууллага. Сонгогчдын боловсрол өргөн утгаараа төрийн байгууллагын төлөөлөө сонгох, сонгосон төлөөлөлтэйгөө харилцаа холбоотой байх, төрийн байгууллагын бодлого шийдвэрт санал өгөх, оролцох, хяналт тавих, хариуцлага  тооцох зэрэг үйл явцын асуудал. Харин явцуу утгаараа сонгуулийн оролцооны асуудал. Манай улсад сонгуулиа албан ёсоор зарласнаас санал хураалтын дүн гарах хүртэлх хугацааны асуудал орно гэсэн үг. Үүнд сонгогчдын ирц, саналаа зөв тэмдэглэх, сонгуулийн системийн тухай ойлголтууд багтана.

-УИХ-ын найм дах удаагийн сонгуулиа бид өгөх гэж байна. Энэ хугацаанд манай сонгогчдын боловсрол хэр төлөвшсөн бол?
-Сонгогчдын улс төрийн талаарх ойлголт сайжирч байгаа. Бид сонгогчдын боловсролыг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Сүүлийн хоёр удаагийн сонгуулийг ажиглахад сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд илүү олуулаа ажилладаг болжээ. Сонгогчид боловсролтой байвал төрийн эрх барих дээд байгууллага төдий чинээ хариуцлагатай, сайн институц байна гэсэн үг. Тэгэхээр сонгогчийн боловсролыг улам сайжруулах шаардлагатай. Манайд сонгогчдод боловсрол олгох хөтөлбөр байдаггүй. Үүнийг ерөнхий боловсрол, их дээд сургуулийн сургалтын системд оруулах хэрэгтэй.

Учир нь сонгогчийн боловсролын асуудал зөвхөн 18 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэний тухай ойлголт биш. Жил ирэх тусам сонгуулийн насанд хүрч, саналаа өгөх иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн сонгуульд залуус нийт сонгогчдын тоонд эзлэх хувь нэмэгдэж байна. Тухайлбал, 2020 онд нийт сонгогчдын 57 хувь нь 40 хүртэлх насны залуу сонгогч. Иймд сонгууль гэж юу вэ, хэрхэн саналаа өгөх, сонгууль ямар ач холбогдолтой гэдгийг бид ойлгуулах ажлыг байнга хийх хэрэгтэй. Залуу сонгогчдыг бэлтгэдэг төрийн байгууллагын албан ёсны хөтөлбөртэй болмоор байна. Нөгөө талдаа манайх байнга Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг. Энэ нь сонгогчдод төвөгтэй байдлыг бий болгодог.

-Тэгэхээр сонгуулийн тогтолцоогоо байнга өөрчлөх нь сонгогчдын боловсролд нөлөөлж байна гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Энд тогтвортой байдлын асуудал маш чухал. Бид одоо УИХ-ын сонгуулиа хийх гэж байна. Үүний дараа Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулна. Энэ нь хоорондоо ялгаатай институц боловч, саналаа өгч буй иргэд, үйл явц нь адилхан. Гэтэл байнга Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байхаар сонгогч төөрөгдөлд ороод байна. Аль ч үеийн эрх баригчид Сонгуулийн тухай хуулиа өөрчлөхдөө сонгогчдод хүртээмжтэй, ээлтэй байхаар хийдэггүй.

Тэд засгийн эрхийг дахин авах ашиг сонирхлын үүднээс хандаад байна. Тогтвортой биш байдал нь сонгогч, сонгууль зохион байгуулж байгаа байгууллагууд, нэр дэвшигчдэд сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөх тоглоомын дүрэм тогтвортой биш учраас залуу нэр дэвшигчид улс төрийн салбарт өөрийгөө бэлдэж чадахгүй байна.

-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөхдөө иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Иргэдийн улс төрийн оролцоо сонгуульд саналаа өгөхөөр хязгаарлагдахгүй. Сонголтдоо эзэн байж, түүнийхээ араас хариуцлага нэхэх, хэрэгжилтийг нь шаардах ажлыг орхигдуулаад байна. Энэ ч гэсэн сонгогчийн боловсролд хамаарна. УИХ-ын сонгуульд санал өгөхдөө иргэд хамгийн түрүүнд мандатын тоог харах хэрэгтэй. Энэ жил бид томсгосон тойрог олон мандат гэх хувилбараар сонгуулиа зохион байгуулж байгаа. Коронавирусийн халдвартай холбоотой журам гэж гарсан.

Цар тахлын үед нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа хэрхэн явуулах, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн байдал, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар журамд заалт орсон. Мөн сонгуулийн өдөр, санал авах байранд ямар дэг журам хэрэгжих талаар анхаарах хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр өөрчлөгдсөн. Цахимд суурилсан сурталчилгаа нэмэгдсэн байна. Иймд иргэд үнэн, зөв, эх сурвалжийн мэдээллийг авч, мэдээллээ шүүж, нягталж, тунгааж, харьцуулах нь чухал. Мэдээллээ тунгаана гэдэг сонгогчийн боловсролын нэг хэсэг.

-Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр та бүхэн ямар ажил хийж байгааг тань сонирхоё?
-Коронавирусийн халдвартай холбоотой шинэ сорилт бэрхшээл гарч ирсэн. Энэ нь сонгогчид саналаа өгөх, мэдээлэл авах зэрэгт нөлөө үзүүлж байна. Мөн бид Сонгуулийн ерөнхий хороотой хамтран мэдээлэл хүргэх лавлах утсыг ажиллуулж байгаа. Тодруулбал, 1800-2800 гэсэн дугаарт иргэд холбогдоод  энгийн утасны тарифаар мэдээлэл авах боломжтой. Бид Сонгуулийн тухай хууль, тогтоомжийн талаар, иргэн сонгуулийн эрхээ хэрхэн эдлэх, сонгуульд яаж оролцох зэрэг мэдээлэл өгч байгаа. Ер нь сонгогчид мэдээлэл муутайгаасаа болж улс төрийн нөлөөнд автах нь их.

Улс төрийн намууд сонгогчдод нэг талыг баримталсан, өөрт давуу байдлыг бий болгох нөхцөл ажиглагддаг. Тухайлбал, энэ жил олон мандат томсгосон тойрог гэх хувилбараар сонгууль явуулж, мандатын тоогоор саналаа өгөхөөр байгаа. Тэгэхээр сонгогчид нэг намын хоёр юмуу гурван хүнийг сонгож байж санал хүчинтэй гэх буруу мэдээлэл өгч байна. Мандатын тоогоор нэр дэвшигчийг сонгохоос биш нэг намын хүнийг сонгох албагүй.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид