Улаанбаатар 1c

О.Мөнхсайхан: Ирсэн дуудлага бүрийг бүртгэх, мэдээлэл орхигдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүллээ

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн О.Мөнхсайхантай тус аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар ярилцлаа.

-Хөвсгөл аймагт гэмт хэргийн гаралт хэр байдаг вэ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ямар байна вэ?
-Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар нь энэ оны эхний дөрвөн сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1245 гомдол, мэдээлэл хүлээн авч, шалгасан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 130 гомдол, мэдээллээр буюу 9.5 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс 341 буюу 27.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 904 буюу 72.7 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 7.8, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 10 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан. Мөн бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 107 буюу 41.6 хувь нь хулгайлах, 59 буюу 22.9 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 16 буюу 6.2 хувь нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд эдгээр нь нийт хэргийн 70.8 хувийг эзэлж байна. 

Бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 67.9 хувиар буурсан

-Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхийг хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, залилах гэмт хэрэг эзэлж байгаагийн шалтгаан юу вэ? 
-Манай Хөвсгөл аймаг 134371 хүн амтай. Аялал жуулчлалын онцгой бүс нутаг учраас хүн ам, тээврийн хэрэгсэл, малын тоо нь бусад аймагтай харьцуулахад өндөр. Түүнчлэн зуны улиралд Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, түүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт ихсэж, ээдрээ төвөгтэй байдлаар үйлдэгдэх хандлага ажиглагддаг. Манай аймгийн хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг, хүрээлэн буй орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг үүн дотроос мал хулгайлах, залилах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.

Дээрх гэмт хэргүүдийн гаралтыг бууруулахад чиглэсэн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, үр дүнтэй зохион байгуулснаар хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 67.9 хувь, өмчлөх эрхийн эсрэг 9.3 хувиар буурсан эерэг үр дүн гарсан. 

-Гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-2020 он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Сар шинэ-2020”, ”Илрүүлэлт-Оргодол”, “Ятгах тусам нягтал”, “Хайр өвтгөдөггүй”, “Архигүй орчин” “Байгалиа хамгаалъя” аян зохион байгуулсан. Харин орон нутгийн хэмжээнд “Хүүхэд итгэлийн харц”, “Хүүхэд хяналт-1”, “Хяналт шалгалт”, “Хяналт”, “Тусгай дуут гэрлэн дохио”, “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, гадна гэрэлтүүлэг”, “Бэлэн бус торгууль төлөлт”, “Тор”, “Хүчирхийлэлгүй Хөвсгөл” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан, үр дүн тооцон ажиллалаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа явуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, байгууллагатай хамтран ажиллах, сурталчилгааны материал тараах зэрэг ажил тогтмол хийж байгаа.

Түүнчлэн хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхэд хамгаалагч” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгөөд байна. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөр олон нийтийн байцаагчийн орон тоо, санхүүжилтийг шийдвэрлүүлж, олон нийтийн дөрвөн цагдаа ажиллуулж эхэлсэн. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нартай хамтран өдөр бүр олон нийтийн эргүүл ажиллуулж байгаа. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага 100, зурагт хуудас 1735, санамж, сэрэмжлүүлэг 8194, нийт 10029 ширхэг тараах материал иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагад байршуулсан.

Олон нийтийн цахим сүлжээгээр 78 мэдээлэл хүргэснээр 36389 хүн хандаж, 34540 хүн үзэж, 1045 удаа хуваалцлаа. Түүнчлэн Хөвсгөл аймгийн орон нутгийн “Мөрөн”, “Хөвсгөл”, “Далай ээж”, “Ард түмний телевиз” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд нэвтрүүлэг болон мэдээгээр долоо хоног тутам хүргэж байгаа. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Далай ээж” телевизтэй хамтран “Хууль таны амьдралд” цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. 

-Танайхыг цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага нэг бүрийг бүртгэх, мэдээллийг орхигдуулахгүй байхаар зорьж ажиллаж байгаа гэж сонссон. Бусад Цагдаагийн газар, хэлтэс үлгэр жишээ авахуйц энэ мэт ажлуудаа танилцуулахгүй юу?
-Албадан эрүүлжүүлэх, саатуулах байрыг шинэчлэн засварлаж, баривчлагдсан болон эрүүлжүүлэгдсэн иргэдийн зан үйлд нөлөөлөх сургалтыг манай Цагдаагийн газрын сэтгэл зүйч “Төгс цогцол гэр бүл”, “Сүүн тахилт”, “Үр жимстэй гэр бүл” төрийн бус байгууллагатай хамтран өдөр бүр зохион байгуулж хэвшсэн. Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн онцлог, хүн ам, өмнө оны гэмт хэргийн гаралттай уялдуулан тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажлаа хийж байна.

Аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдыг нэгдсэн мэдээллээр хангах, яаралтай эрэн сурвалжлах ажлыг цаг алдалгүй, шуурхай дамжуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор үүрэн телефоны “Жи-мобайл” компанитай хамтран “Масс мессеж” үйлчилгээг нэвтрүүлэхээр холбогдох тооцоо, судалгаа гарган, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Цагдаагийн газрын 7038102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага нэг бүрийг бүртгэх, дуудлага мэдээлэл орхигдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Voice recorder” төхөөрөмжийг суулгалаа.

Ингэснээр ирсэн дуудлага нэг бүрийг тулган баталгаажуулж, хураагдсан бичлэгүүдийг CD дээр хуулбарлан, архивлах ажлыг зохион байгуулан, үйл ажиллагаа нь жигдэрсэн. Мөн 7038102 утсанд иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу авсан арга хэмжээний талаарх мэдээллийг дуудлага өгсөн хүний гар утсанд тухай бүрт нь танилцуулдаг байх ажлыг санаачлан зохион байгуулж, 94560102 дугаарын утаснаас мессеж илгээдэг байхаар техникийн шинэчлэл хийж, энэ үйл ажиллагааг нэвтрүүлээд байна. 

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 166.7 хувиар өссөн

-Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргүүл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажилд татан оролцуулж, мэргэжлийн удирдлагаар ханган, хамтран ажиллаж байна. Тухайлбал,  аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс,  Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг зохион байгуулсан.

Мөн үүрэн телефоны операторуудаар дамжуулан иргэдэд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мессежийг хүргэхээс гадна тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Сүүн тахилт”, “Үр жимстэй гэр бүл”, “Төгс цогцол гэр бүл” төрийн бус байгууллага архины хамаарал бүхий иргэдэд архидан согтуурахаас татгалзах гурван удаагийн сургалт зохион байгууллаа.  

-Танай аймагт Экологийн цагдаагийн алба байгуулагдсанаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн үү?
-Монгол Улсын Засгийн газраас цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүргийг өргөжүүлэхэд анхаарч, Экологийн цагдаагийн алба байгуулагдсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар манай аймагт нэг ахлах мөрдөгч, экологийн асуудал хариуцсан найман байцаагч томилогдон, ажил үүргээ гүйцэтгэж байна. Эдгээр алба хаагчид томилогдсоноосоо хойш улсын хэмжээнд “Ногоон дуу хоолой”, “Таны дуу хоолой-байгалийг хамгаалж чадна” уриан дор “Байгалиа хамгаалъя” олон нийтийн соён гэгээрүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сарын 15-аас нэг сарын хугацаатай зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хэргээр буюу 166.7 хувиар өссөн.

Тодруулбал, хууль бусаар 228.5 шоо метр мод бэлтгэсэн 34 гэмт хэргийг илрүүлж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр 24.44 сая төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлүүлэхээр ажиллаж байна. Мөн Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д заасныг үндэслэн хууль бусаар загас, бор гөрөөс, согоо, зэрлэг гахай, шилүүс, бадган хүдэр агнасан таван гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг тогтоон прокурорын байгууллагад шилжүүлж ажиллалаа. Статистик мэдээнээс үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа ч энэ нь “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ, хяналт шалгалтууд чанартай, үр дүнтэй  болсныг харуулж байна.

Мөн аймгийн хэмжээнд экологийн асуудал хариуцсан есөн байцаагч мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажилласнаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан есөн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, газар дээр нь шалган шийдвэрлэж, таслан зогсоох, учирч болох хор хохирлыг бууруулах зэрэг эерэг үзүүлэлт гарсан. 

Малын хулгайн гэмт хэргийг богино хугацаанд шалгаж, хохирлыг барагдуулан ажиллаж байна

-Малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна. Малчидтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна? 
-Аймгийн Цагдаагийн газарт энэ оны эхний улирлын байдлаар малын хулгайн гэмт хэрэг 54 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 26-аар буюу 92.9 хувиар өсөж, хэргийн илрүүлэлт нь 47 хэрэг буюу 327.3 хувиар өссөн. Малын хулгайн гэмт хэргийг аль болох богино хугацаанд шалгах, шалгах явцад хохирлыг барагдуулах бүхий л арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Урьд онд бүртгэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, малын хулгайн гэмт хэргүүдтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн газрын удирдлагаас цогц арга хэмжээг зохион байгуулснаар нөхөн илрүүлэлтийн түвшинд үр дүн гарсан.

Үүнтэй холбоотойгоор иргэдээс цагдаагийн байгууллагад итгэх, үйл ажиллагаанд хандах хандлага сайжирч, бидэнтэй хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч байна. 2020 оны нэгдүгээр сард УИХ-аар Эрүүгийн хуулийн 17.12 буюу Мал хулгайлах зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, тодорхой төрлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нэмсэн. Энэ өөрчлөлтийг иргэд, сум, багийн Засаг дарга, малчдад сурталчлан таниулах, нөлөөллийн ажлыг  олон нийтийн цахим сүлжээ, радио, телевиз ашиглан зохион байгуулж байна.

Малчдын бүлгийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч, аймгийн малчдын бүлгийн зөвлөгөөн зохион байгуулах саналыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлж, энэ оны гуравдугаар улиралд хийхээр шийдвэрлүүлэн ажиллаж байгаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид