Улаанбаатар 1c

Агшин зуурын улстөрчид дунд аюул дагуулах нь цөөхөн байгаасай

30-аад жил хараад нүүрнийх нь үрчлээс зураас бүхнийг олон нийт андахгүй мэдэхээр болсон атал шингэрсэн халимагаа сэнсдүүлж овойлгоод, нүүрээ гөлийж толийтол фотошопдуулан, танихгүй залуу болоод гарч ирсэн ахмад парламентач олны доог тохуу болж байна. Түүнийг шоолж инээх яах вэ, цаадах чинь юу хийж байгаагаа мэдэж байгаа. Түүнийг шоолохын оронд яагаад ийм инээдэмтэй алхам хийснийг нь ойлгохыг хичээ.

Олон сонгогдсон хуучин улстөрчдийг сонгохгүй, шинэ, залуу хүн дэмжинэ гэх хандлага нийгэмд өндөр байгааг удаа дараагийн судалгааны дүн харуулж, улс төрийн намууд ч хэн гэдгийг нь мэдэхгүй залуус олныг дэвшүүллээ. Энэ сонгуулиар “шинэ, залуу” гэдэг үг олон сонсогдож, ийм пиар хүчтэй явна. Үр дүнд нь агшин зуурын улстөрч, агшин зуурын намууд урд өмнөхөөсөө олноор төрд орж ирэх магадлалтай. Үүнийг ойлгож, мэдээд байгаа учраас намаасаа нэр дэвших мандат авсан хуучин улстөрчид залуу харагдах гэж үйлээ үзэж, үсчин, гоо сайхан хэсэн, хүүхэд нохойн доог болоод яваа юм.

Агшин зуурын улстөрчид орж ирэх нөхцөл бүрджээ

Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлийн хагаст дэлхий дахинд ардчиллын салхи сэвэлзэж, коммунист улсууд ардчилсан тогтолцоо руу шилжсэн. Тухайн үед өөр өөрийн онцлогт нийцүүлэн ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 шахам улсыг өдгөө эргэн харвал, адил нөхцөл үүссэн байгаа талаар судлаачид бичиж, ном товхимол ч гаргаад хэдэн жилийн нүүр үзэж байна. Эдгээрээс улс төр судлаач, доктор Михал Климагийн Чехэд үүссэн нөхцөл байдлаар жишээ авч бичсэн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” ном монгол хэлэнд орчуулагдсан. Уг ном Монголын талаар бичсэн юм шиг уншигчдад ойр тусаж, судлаачид санал нийлж буйгаа дуу дуугаа авалцан илэрхийлж байв. Уг номд өгүүлснээр бол энэ удаагийн сонгуулиар урьд өмнөхөөс ч олон агшин зуурын улс төрч, агшин зуурын намууд төрд орж ирэх нөхцөл бүрдсэн. Учрыг тайлбарлая.

...Чехийн дундаж давхаргынхан жагсаалтын хамгийн доор бичигдсэн хүмүүст саналаа өгч эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Энэ жил манайд ямар акц өрнөхийг одоогоор таашгүй. Ямар ч байсан дундаж давхаргын эсэргүүцлийн үр дүнд санаанд оромгүй хүмүүс гарч ирэх магадлал өндөр, хөрс суурь бэлэн байгаа... 

1990-ээд оны эхээрх ардчиллын салхинд “илбүүлсэн” коммунист улсуудад бараг бүгдэд нь бизнесийнхэн улс төрийн намуудыг хувьчлах, колоничлох буюу кроникапитализм (клиентелизм) хэмээх үзэгдэл бий болсон. Доорх тодорхойлолтыг уншвал манайд ч ялгаагүй гэдэг нь ойлгогдоно. Кроникапитализм буюу клиентизм гэдэг нь угтаа нэг ойлголт бөгөөд кроникапитализм гэдэг нь бизнес эрхлэгчид чөлөөт зах зээлийн зарчмаар өрсөлдөх бус, улс төрийн намтай холилдон, улмаар төртэй нийлж бизнес хийх, зах зээлд монополь байдлаа төрөөр дамжуулан тогтоох явдлыг хэлдэг бол клиентелизм гэдэг нь найз нөхөд, хамаатан садангийн харилцаа, холбоог тодорхой зорилгод ашиглахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд дээгүүр зиндааны нэг этгээд доогуур зиндааны нөгөөдөө нэр нөлөө, боломж бололцоогоо ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж, нөгөөх нь хариуд нь ивээн тэтгэгчдээ өөрийн биеэр үйлчлэх зэргээр ерөнхий дэмжлэг туслалцаа үзүүлдэг үзэгдэл гэсэн улс төрийн шинжлэх ухааны тодорхойлолт бий.

Михал Клима номдоо клиентелизмийн үе шатыг холбоо сүлбээ тогтоох буюу далд үе, цэцэглэлтийн үе, задрал ба ялзралын үе, клиентелист намын тогтолцооны уналтын үе хэмээн ангилсан. Харин манай улс төр судлаачид Монгол Улсад клиентелизм буюу либерал бус ардчилал цэцэглэлтээсээ задрал руугаа явж байгаа хэмээн тодорхойлж буй. 2016 оны сонгуулийн үеэрх 60 тэрбумын хэрэг, хугацаа нь дуусаж буй парламентын ЖДҮХС-гийн хэрэг, УИХ-д олонх болсон нам 32, 33-аараа хуваагдан бүлэглэлд хуваагдаж, тэдгээр бүлэглэл Засгийн газрыг огцруулах, толгойлогчдыг нь унагах зэргээр улс төр, бизнесийн бүлэглэлийн тэмцэл улайм цайм ил гарсан нь задралын үйл явц бодит утгаараа өрнөж буйн илрэл гэх. АН ч дотооддоо хуваагдаж, өөр хоорондоо тэмцэлдэн нэг тогоонд багтахаа байсан нь эцсийн дүндээ намыг хувьчилж авсан бүлэглэлүүдийн задралын үр дүн гэж үзэх судлаач нэг бус бий.

Дундаж давхаргынхны эсэргүүцэл сонгуулийн дүнгээр илэрнэ

Климагийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” номын үйл явдан эхнээсээ Монголынхтой яв цав таарч байгаа талаар дээр дурдсан. Тэгвэл Монгол улсыг цаашид юу хүлээж буй талаар уг номыг түшиглэн таамаглах гэж оролдъё. Чех улсын жишээгээр бол клиентелизмийн задралын үед томоохон албан тушаалын, авлигын хэргээр эрх мэдэлтэй нүүдийг  баривчлах, цаашлаад Засгийн газар, улс төрийн намын уналт бий болох үйл явц үргэлжилдэг аж.

Өнгөрсөн дөрвөн жилд хоёр том намд өрнөсөн үйл явдлуудаар задралын үеэ давсан гэж үзвэл, одоо манайд улс төрийн намуудын уналтыг ашиглаж, тэдний орон зайг эзлэх гэсэн шинэ нам, түр зуурын улс төрчид, шинэ элит  олноор төрнө. Клиентелизмийн задралын үед улс төрийн томоохон лидер байхгүй болж, хоосон орон зай үүсдэг учраас хэний ч танихгүй залуус улс төрд өөрчлөлт шинэчлэл авчрагчийн дүрээр гарч ирэх, хэдхэн сарын дотор нийгэмд танигдаж, парламентад суудал авах нь энүүхэнд болох үйл явц өрнөдгийг Клима номдоо Чехийн жишээнд тулгуурлан бичсэн. Үүн дунд түр зуур гялалзаад алга болох олон байх бөгөөд улс төр судлалд агшин зуурын нам, агшин зуурын улс төрч гэдэг нэр томьёо аль хэдийн үүссэн. Сонгуулийн энэ өдрүүдэд ном дахь дүр зураг манайд яг дүрээрээ тодорч байгааг дурдах нь зөв болов уу.

Одоо дундаж давхаргынхны эсэргүүцэл сонгуулийн дүнгээр илрэх ёстой. Дундаж давхаргын эсэргүүцэл яаж илэрдэг вэ гэхээр  санал өгөхөөс татгалзах, сонгуульд оролцохгүй байх, бодлоготой, тулхтай, ноён нуруутай, төрд олон жил зүтгэсэн туршлагатай, хамгийн дээр сонголт гэж харагдах хүнд саналаа өгөхгүй байх зэргээр илэрч мэднэ. Өнгөрсөн сонгуулиар Монголд цагаан сонголт гэх ухуулга хүчтэй явсан нь дундаж давхаргын эсэргүүцлийн хамгийн тод илрэл. Улстөрчид үүнээс айж энэ удаа цагаан сонголт хийж болохгүйгээр хуульчилсан нь ч Монголд ийм юм болохыг мэдэж, тооцож буйтай холбоотой. Чехийн дундаж давхаргынхан жагсаалтын хамгийн доор бичигдсэн хүмүүст саналаа өгч эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.

Энэ жил манайд ямар акц өрнөхийг одоогоор таашгүй. Ямар ч байсан дундаж давхаргын эсэргүүцлийн үр дүнд санаанд оромгүй хүмүүс гарч ирэх магадлал өндөр, хөрс суурь бэлэн байгаа. “Энэ удаагийн сонгуулиар аль нэг нам үнэмлэхүй ялалт байгуулна гэж хүлээлтгүй. Нэг нам 30 хувиас дээш санал ч авахгүй. Харин агшин зуурын нам, агшин зуурын улстөрчид улс төрд орж ирнэ” гэх прогноз судлаачдын дунд байна. Тэгэхээр энэ үйл явцыг жамаараа явж буй өөрчлөлт хэмээн хүлээн авч, айхтар “хөдөлгөөнтэй” аюул дагуулах агшин зуурын улстөрч цөөхөн байгаасай гэж залбирах, саналаа өгөхдөө үүнийг бодох нь бидний хийх ажил болов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид