Улаанбаатар 1c

ОНЦЛОХ ХҮН: Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Тунгалагийн Санчирын тухай ТАВАН АСУУЛТ?

ОУХМ Т.Санчир “SBL Хасын хүлгүүд” багтаа эргэн ирэвМонголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Тунгалагийн Санчир нь Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм. Түүний тухай асуултыг түүвэрлэн хүргэж байна.

 - Сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Арван жилдээ бүх л хүүхдүүд сагс тоглодог би ч гэсэн ялгаагүй сонирхлын түвшинд тоглодог байсан. Би чинь 2011 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. 2006 онд сургуулийнхаа шигшээ багт анх орж Гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж оюутны лиг болон дээд лигүүдийн тэмцээнд оролцож байсан. Ингээд л цаашдаа сагсан бөмбөг тоглох улам их хүсэл тэмүүлэлтэй болсон.

-Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийг төгссөн юм билээ. Тэгэхдээ спортын мастер М.Мэндсайхан багшийн удирдлага дор сагсан бөмбөгийн дугуйлан руу шилжсэн гэдэг ...

-Тийм. Багш тухайн үед 40 дүгээр сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байсан юм. Намайг энэ спортод ороход хамгийн их нөлөөлсөн хүний нэг гэж боддог. Тухайн үед би Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулиас Мэндээ багшийг хайж, 40 дүгээр сургууль руу очсон юм. Багшид “Би сагс тоглодог болмоор байна. Та намайг сургуулийнхаа дугуйланд багтааж, заагаад өгөөч” гэхэд багш “Чи тоглож чаддаг юм уу. Надтай халз тоглоод хожиж чадах уу” гэхээр нь “Чадна” гээд хэллээ. Тэгсэн чинь багш “За за, маргаашаас ирээрэй” гээд тоглолгүйгээр явчихсан. Ингээд би 18-аас 40 рүү шилжин ирж, олон ч тэмцээнд оролцож байлаа.

-Олон нийтийн сүлжээгээр NBA-гаас санал ирсэн гэсэн мэдээлэл цацагдсан байсан?

-Энэ худлаа цуурхал. Хүмүүс зүгээр шуурч байгаа юм.

-Таныг өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд ээж тань ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байх. Ээжийнхээ талаар яриач?

-Манай ээж Тунгалаг гэж хүн байдаг. МҮОНТ-д сэтгүүлч мэргэжлээр 21 жил ажиллаж байна. Ээж маань сагсан бөмбөгийн спортод маш их дуртай намайг дэмждэг, ойлгодог. Өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд ээжийн минь үүрэг маш их байсан.

-Та хамгийн анхныхаа шагналын мөнгөөр юу авч байв?

-2006 онд “Ёлууд” гэсэн багт тоглоод лигийн анхны цалингаа авч байсан. Тухайн үед 180 мянган төгрөг авч байлаа. Сагс тоглоод хамгийн анх авсан мөнгө гэсэн үг л дээ. Манай ээж тэр үед сувилалд хэвтэж байсан болохоор ээждээ л юм аваад очсон доо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид