Улаанбаатар 1c

Ханцуйдаа "хутга"-тай, сэтгэлдээ "хутгуур"-тай түшээдийн армид итгэмээргүй байна

Нэр дэвшигчид хор найруулж бус бодлого ярьж өрсөлдөөсэй

Юу тарина. Түүнийгээ хураана гэж үг бий. Ирэх дөрвөн жилийн улс төр дэх “ургац” тааруу байх нь ээ. Нийтийн эрх ашиг, аж үйлдвэржилт, өр төлөөсгүй, өсөлттэй эдийн засгийн орчин, уул уурхай, баялгийн тэгш хуваарилалт, ажлын байр, цалин орлогын хүртээмж, хүүхэд хамгаалал, авлигагүй Монгол, багцалсан таван сум хугалах мэт эв эе. Сонгогчийн цээжинд “уяатай” мөрөөдлийн жагсаалт биелэх мөн ч хол байна даа.

Ингэж адгахын учир нь, сонгуулийн сурталчилгааны явц, нэр дэвшигчдийн увайгүйтэл, багаар нь дэмжихийг уриалсан нөхдийн дотоод зөрчил, биесээ үгүйсгэсэн хар сурталчилгаа, далд захиалгаас ирээдүйн дөрвөн жилийн улс төрийн өнгийг тааварлахад л ийм байна. 

Манай улстөрд горилогчдод хэзээ хэзээнээс сэтгэлд нь үүсч, тогтсон явуургүй заль мэх байна. Нэр цэвэр, гар цэвэр, үйлдэл, зам мөр цэвэр байхын тухайд өнөөдөр өрсөлдөж байгаа хэнд нь ч зангараг, үзэл бодол, чиг шугам алга.

Нэгийг нөгөөгөөр нь яаж харлуулах вэ, хамтдаа гэж хэлчихээд арга хударгаар нь хэрхэн нэр, нөлөөг нь баастах вэ, хаана, яаж илүүрхэх вэ, ямар “но”-г нь олж, хэнээр, хаанаас задруулах вэ, өнгөрсөн, баларсан ямар намтар, түүхийг нь сөхөж байгаад балбах вэ гэх адын хүслээр замнаад байх юм. Ийм башир арга, балмад хүсэл нь юутай хортой вэ. Улс төрд ийм увайгүй аргаар тодорч, томордог гэх ойлголтыг хэнээс, хэзээ авчихав даа, нялх Сэнгүмүүд минь ээ.

Ганзага нийлж, гараа хамтдаа өргөж олон нийтийн өмнө эв нэгдэл ярьж, хамтаар нь дэмжвэл төрийн ажил урагшилна гэх сурталчилгааг хийж, үзэл санааг ярьж яваа нэр дэвшигчид өдгөө хойч үеэ, багт нь орж ажиллаж байгаа, өөрийнх нь төлөө цалинтай, цалингүйн хооронд гүйж яваа залууст муу үзлээ халдварлуулж байгаагаа мэддэг болов уу. Муу санаа биеэ отно гэдэг. Нийгэм рүү чиглэсэн өргөн бүрэлдэхүүнтэй кампанит ажил хийж байгаа л бол нэр дэвшигч та амирлангуй байна уу. Тэгэхгүй бол өөрөө өөрийгөө өргөмжлөх гэж багийнхнаа харуулах арга мухардсан тактикийн чинь золиосонд нийгэм бохирлогдож байна. 

Угтаа бол иргэд ухаанаа удирдуулах хэмжээнд доройтоогүй. Сонгогчид хүчтэй хэвээр байгаа. Иргэд нэр дэвшигчдээс арай өөрийг эрэлхийлж, хайж байна. Сурталчилгааныхаа индэр дээрээс хоёрыг хагаралдуулах хов базсаар бууж байна уу, холыг харсан ухаан ярьж, улс орны бодлогод дэм болох хөгжлийн шийдэл, гарц ярьж байна уу гэдгээр чинь төрийн хүнд тохирох, үл нийцэхийг тань шийднэ. Энэ хэмжээний сонгогчийн боловсрол төлөвшчихсөн. 

...Ойрын өдрүүдэд улс төрийн тогоонд, сонгууль тойрсон тойргуудад хэн нь хэнийгээ намнах хавх тавьчихсан нь улам тодорно. Үүний үр дүн сонгуулийн маргаашнаас л харагдах бөгөөд хэний хүү ялав, хэн нь юу задлав, ямар хор найруулав, хор хэний халааснаас гарав гэх мэт тайлал нь ил болно...

Гэтэл тойргийнхоо сонгогчдыг цуглуулчихаад хоёр цаг тасралтгүй хов ярьж, хүн бусдыг муулж, биеэ магтагсад дэндүү олон байна. Ийм л хөөрхийлөлтэй жишээ өрнөөд байгаа  учраас ирэх дөрвөн жилийн парламентад “ургац”-ын хур буухгүй, нийгмийн байдал ороо бусгай, эдийн засгийн  орчин гандуу, зутруухан байх нь дээ хэмээн гаслахад хүрч байгаа юм. Ийм нэр дэвшигч дотор харснаа хаздаг, ойртсоноо шороотой нь хутгадаг “зуудаг ноход” цөөнгүй байна. Тэд наашаа харж инээх мөртлөө цаашаа хараад хорлон сүйтгэгч, хоёр нүүртэн болцгоож байна. Ийм л төрхгүй нөхдийн гарт төр, улсын хувь заяаг даатгана гэхээр нэг л итгэл үнэмшилгүй юм аа. Ийм л харласан дотортой эрх баригчдын “арми”-иас хутгуур ч гарна, хутга ч гардгийг бид мэднэ. Ийм л нөхөд ичихгүй, хувирахгүй, айж эмээхээ мэдэхгүй худал ярьж, түгжилддэг. Албан тушаалын шатаар өгсөх тусмаа замд таарсан хэнийг ч хайр, найргүй “хутгалахад” бэлэн явдаг нь өнгөрсөн парламентчдын түүх харуулсан. 

Тэгвэл, энэ цагийн нэр дэвшигчдэд ийм нэг зөвлөгөө өгмөөр болох юм. Юу гэвээс “Одоо аль нэг нам, хэн нэгэн улстөрчийг муулж, миалаад хэрэггүй ээ. Хорин жилийн хугацаанд энэ бүх зүй тогтол бий болчихсон гэдгийг хаа хаанаа мэдэж буй. Суурь тогтолцоогоороо илжирсэн улс төрийн ийм хөрсөн дээр өр биш баялаг бий болгоно гэж хэзээ бие биенээ хуурахаа болих юм бэ. Иргэдийн итгэлээр тоглосон улстөрчид өнөөдөр танигдахгүй болтлоо хувирч болдог юм уу. Тойрог, сонгогчдоо тэд хорь хоног л тойлоод, дөрвөн жил хаячихдаг үнсний шалз шиг үздэг болсон нь үнэн билээ.

Энэ увайгүй хандлага улс төрд шинэ юм биш. Ширэн нүүрлэсэн танил зугталт, нэр дэвшигчдийн мэргэшсэн технологи. Ийм л зарчмаар тэд төрийн түшээ болчихоод эрх мэдлийн индэр дээрээс “Ард түмэн бол цагаан цаас”, “Талхны мөнгө өгчихөд л иргэдийн санал эргэнэ дээ” гэх мэтийн зэвүүцэм ишлэлүүдээ хэлж, амандаа багтааж, аагиндаа сагсуурдаг. Улстөрч, нэр дэвшигчдийн харилцаа, хандлага ийм л хөгийн учраас ирэх парламентийн өнгө сааралтаад байгаа юм аа. Өөр нэг шалтгаан нь сайн үйл саарахад, муу үзэл гаардаг хамаарал газар авч байна.  Эцэстээ иргэд, олон нийт дээр, дооргүй улс төржсөн тэмцэгчдээс хэн нь хэн бэ гэдгийг ялгах үнэний мэлмийгүй болж эхэллээ. 

Тодруулбал, Монголоо аврах, худал хуурмагтай тэмцэлдэх, аялдан дагагчийг тодруулах хөдөлгөөнүүд шил шилээ даран гарч ирсээр байгаа ч тэдний эцсийн эрх ашиг хаана дуусч, яриад байсан үнэт зүйл нь хаана замхрахыг мэдэхгүй болтлоо сонгогчид төөрлөө. Шударга, үнэний дуу хоолой хэмээн өөрсдийгөө тунхаглагчид нь яг л аяга, шаазан хагарах мэт хэрүүл тэмцэл өдөөж, өөхшүүлэхээс хэтэрдэггүй үзэгдэл болж хувирсан нь энэ цагаа төдийгүй, ирэх өдрүүдэд итгэх итгэлийг үнс, нурам болгож байна. Улс төр рүү орж л байвал хэнийг ч урвуулах шидэт “эм” өнөөгийн олигархиудад байгаа нь улстөрчдийн хөлсний “алчуур”-ыг олшруулаад байгаа юм. Үүнээс л болж иргэд талцаж, төрийн залгамжийн тухай ярих ч хэрэггүй нөхцөл бүрэлдэж байгаа билээ.  

Ойрын өдрүүдэд улс төрийн тогоонд, сонгууль тойрсон тойргуудад хэн нь хэнийгээ намнах хавх тавьчихсан нь улам тодорно. Үүний үр дүн сонгуулийн маргаашнаас л харагдах бөгөөд хэний хүү ялав, хэн нь юу задлав, ямар хор найруулав, хор хэний халааснаас гарав гэх мэт тайлал нь ил болно. Эцсийн мөчид дахиад л сульдсан төр, суулт, тэмцэлд уриалсан өвдөг шороодогсдын өс үргэлжилнэ. Үүний хөлд эгэл жирийн ард түмэн үрэгдэнэ. Тоймловол, ийм л танил, жимээр бид сүүлийн хорин жил алхсан. 

ОДОО БОЛЪЁ, УВАЙГҮЙТЛИЙГ БҮҮ ДЭВРҮҮЛЭЭРЭЙ , ШОШГОТОЙ ЖАГСАГЧИД АА

Ёс зүй, эрх мэдлийн хуваарилалт, эдийн засгийн бодлогын зөв буруу өнөөдөр эрх мэдэлтнүүдийн албан тушаалын улайрлын алинд нь ч дүйхгүй, өчүүхэн сэдэв болсон.  Төр, төсөв хоёрыг нам нэртэй бүлэглэлүүд булаацалдаж байна. Бид үүнийг харсаар байж, мэдсээр байж дараагийн сонголтоо хийхээр, хэрэлдэж байна. 

Монголоо бодъё гэж том хашгиралдахаа больцгооё. Маргаашийг тосох үр хүүхдэдээ юу үлдээх гэж байгаагаа сэхээрье. Бид чинь сэхээтнүүдэд хөтлүүлэх ёстой болохоос хамтрагчаа харлуулдаг, өшөө авахаа урьтал болгодог, хов баздаг, хоосон хийрхэгчдэд алга ташдаг ард түмэн биш сэн. Бид хэзээ ийм болчихов оо. Яагаад мөнгөөр гишгэх замаа засдаг, хүний нэр хүндээр туг тахигчдыг таньдаггүй болтлоо нүдээ сохлуулчихав аа. 

Гар нь ганзаганд хүрэхэд адуунд мордохоо больсон, дээврээ даахтай болохтой зэрэгцээд цүнх барихаа урьтал болгосон, айраг архи эргүүлэх асман банди нарыг байранд нь тавих цаг хэдийн болжээ. 

Улстөрчдийн популист амлалт, түүндээ тулгуурлан хэрэгжүүлдэг ухвар мөчид бодлого, шийдвэр энэ улсын иргэдийг “буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэгч болгож байна. Буруу аргаар эрхэлж, популизмаар угжуулж явсаар бүгдээрээ харанхуй нүх рүү унах юм бол хамгийн том дампуурал нь, эх оронгүй, элгэн садангүй болох явдал.  Ийм л ирээдүйг бүтээхгүйн төлөө хоосон амлагчдыг, увайгүй башир аргатнуудаас эртхэн салах нь амь, заяа хоёрт өлзийтэй. Эцэст нь, халаасандаа “хутга”-тай, сэтгэлдээ “хутгуур”-тай түшээдийн армид итгэмээргүй байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид