Улаанбаатар 1c

Э.Цэндбаатар: Дэлхийн аваргаас медаль хүртээд амьдрал өөрчлөгдсөнгүй

Сонирхогчдын боксын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, “Бөртэ чоно-2019”-ийн “Шилдгийн шилдэг тамирчин”, ОУХМ Э.Цэндбаатартай ярилцлаа. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн болзол хангах тулааныг Узбеикстаны боксчин М.Миразизбектэй хийж, шүүгчдийн булхай, луйвраар хожигдол хүлээж хүрэл медаль хүртсэн.

Олон улсын олимпын хорооноос AIBA-г авлигад автсан учир олимпын наадамд оролцох боксын тамирчдад эрх олгох чадамжгүй гэж үзэн, 2019 оны ДАШТ-ээс Токиогийн олимпод эрх олгохгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. AIBA-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Узбекистаны иргэн Гафур Рахимовт сануулга өгсөн. “AIBA-гийн ерөнхийлөгчөөр  үргэлжлүүлэн ажиллавал боксын спортыг олимпын хөтөлбөрөөс хасах болно” гэдгийг Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн юм. Узбекууд FILA буюу ДБНХ-ны шүүгчдийг мөн л хахуульдаж “Рио-2016” олимпод Г.Мандахнарангийн медалийг луйвардаж байсан билээ. Харин тэр луйврыг нь МЧБХ дэмжиж, хоёр дасгалжуулагчаа шийтгэсэн.  Хахуульд идэгдсэн FILA-гийн  чөлөөт бөх мөн л олимпын хөтөлбөрөөс хасагдах хэмжээнд хүрч байсныг мартаж болохгүй.

- 16 настай  байхдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан байх  аа?
-Би 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 настайдаа анх удаа орсон.  Тус тэмцээнд амжилттай тулалдан түрүүлж, алтан медаль хүртсэн.  Би 49 кг-ын жинд тулалдаж, ОУХМ Г.Ган-Эрдэнэ ахыг хожиж, улсын аварга болж байлаа.

- “Жижиг Үүеэ” хэмээх ОУХМ Г.Ган-Эрдэнэд хожигдож, хүрэл медаль хүртсэн тань хэдэн оны улсын аварга билээ?
-2012 оны Монголын бүх ард түмний спартакиад байгаа юм. Би спартакиадад амжилттай оролцож, хүрэл медалийн болзол хангаад Г.Ган-Эрдэнэ ахтай мөнгөн медалийн төлөө тулаан хийсэн. Тэр тулаанд Г.Ган-Эрдэнэ ах намайг хожиж, алтан медалийн төлөө тулалдах эрх авч байсан юм. Түүний дараа жил 2013 оны УАШТ дээр би өмнөх жилийнхээ хожигдсон  алдааг давталгүй, хариуцлагатай тулалдаж Г.Ган-Эрдэнэ ахыг буулган авсан. Түүнээс хойш одоог хүртэл УАШТ-ий 54, 56, 57, 60 кг-ын жинд түрүүлж, нэг  ч ялагдал хүлээгээгүй явж байгаа.

-Боксын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?
-Анх 2008 онд арван настай байхдаа боксын спортоор сонирхож хичээллэсэн. Спортын төв ордны боксын секцэнд бүртгүүлж, ОУХМ Б.Энхтайван багшийн шавь болж, Баянгол дүүргийн тамирчин болсон.

-Яагаад  боксын спортыг сонирхож, хичээллэх болов. Найз нөхөд, ангийнхаа хүүхдүүдийг дагаад, секцэнд явж эхэлсэн үү?
-Багаасаа тулааны урлагийг сонирхдог байсан. Миний сонирхлыг арай илүү татсан нь боксын спорт. Бокс гарын хүчтэй цохилт хийж тулалддаг. Сурч хичээллэхэд арай, амар хялбар, надад ойр спорт гэж бодоод сонгосон. Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан л даа. Гудамжиндаа дэггүйтдэг хүү байв. Нагац эгчийн хүүхэд Болор-Эрдэнэ ах маань намайг дэггүйтэж байхаар боксын спортоор хичээллэ гээд секцэнд бүртгүүлж, оруулж өгсөн. Ахдаа маш их баярлаж явдаг.

-Бага нас чинь хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас Архангайн Чулуут суманд өнгөрсөн. Манай аав, ээж Архангайн Чулуутын хүмүүс. Намайг найман нас хүрдэг жил хотод шилжиж ирсэн. Би  Дэнжийн мянгын 57 дугаар дунд сургуульд орж байлаа.

-Өсвөр үеийн хүүхэд байхдаа насанд хүрэгчдийн тэмцээнд орж тулалдаж байж. Том хүмүүстэй тулалдаж, бэртэл, гэмтэл авахаас айдаггүй байв уу?
-Бокс тулааны эрсдэл өндөртэй спортын төрөл. Эрсдлээс болгоомжилж, айдсаа даван туулж чадахгүй бол тулааны спортоор хичээллэх хэрэг байхгүй. Зодолдож сурах гэж л боксоор хичээллэсэн болохоор насанд хүрэгчдийн тэмцээнд тулаан хийхээс айж, эмээхгүйгээр орж байлаа. Ер нь тулаан хийхэд  том хүн, хүүхэд байх нь нэг их асуудал биш. Гол нь тулалдаж ялах ёстой гэсэн сэтгэхүйг тархиндаа суулгасан байх нь чухал. Түүнээс өрсөлдөгч тамирчнаа надаас том, тив, дэлхийн аварга, мундаг тамирчин үүнийг би барахгүй гэсэн бодолтой, өөрийнхөө хүчинд итгэхгүй, сэтгэл зүйгээр өөрийгөө унагачихаад тулалдвал амархан ялагдана.

-”Рио-2016” оны олимпод их сайн тулалдсан. Олимпын хүрэл медалийн оосроос атгаад алдсан. Ямар алдаанаас болж медалиас мултрав?
-Халаасандаа байсан олимпын медалийг алдсан нь харамсалтай л санагддаг. Тэр үед тэмцээний болон тулааны туршлагагүй байсан маань миний том алдаа байлаа. “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд ч орж үзээгүй 19 настай жаахан хүүхэд олимпын наадамд орж  байж дээ. Одоо тэр үеийг бодвол харьцангуй туршлагатай, зорилго тодорхой, юу хийхээ мэддэг болсон.

-Риогийн олимпын эрхийг ямар тэмцээнээс хүртэж байв?
-Азербайжаны “Бага дэлхийн аварга”-аас мөнгөн медаль авч, Риогийн олимпын эрхээ хүртэж байсан.  Тэгээд Риогийн олимпод нэг, хоёрдугаар тойргийн тулаанд ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангах тулаанд АНУ-ын боксчин Ш.Стивенсонд ялагдсан.  Анх удаа тэр тамирчинтай тулаан хийж үзсэн. Надаас туршлагаар хол илүү боксчин байсан л даа. Тэр тулаанаас их зүйлийг ухаарч, ойлгосон.

-Индонезийн “Жакарта-2018” Азийн наадамд үнэхээр урамтай сайн тулаан хийж, аварга болсон.  Аварга болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Азийн наадмаар би өөрийгөө таниж  мэдэрсэн. Миний зорилго Азийн наадмын аварга  болох байсан юм. Сэтгэхүйгээ хүртэл аварга болох хэмжээнд бэлдсэн. Илүү, дутуу  зүйл бодолгүй, чөлөөтэй тулалдсан. Тэр нь ч миний сэтгэл зүйд сайнаар нөлөөлсөн байх. Ямар нэгэн сэтгэлийн дарамтгүйгээр тулаанаа хийж, хүсэл, мөрөөдөлдөө хүрч чадсан. Азийн наадам яг л олимп шиг уур амьсгалтайгаар болдог юм билээ. Азийн наадамд тулаан хийсэн шиг  өөдрөг  сэтгэл зүй, Риогийн олимпод надад огт байгаагүй.

-Азийн наадмын аваргын төлөөх тулааныг Узбекистаны боксчинтой хийсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр тулалдсан  Миразизбек мөн үү?
-Дэлхийн аварга болсон Миразизбек  Жакартагийн Азийн наадамд миний доод жин 57 кг-д тулалдсан.  Би  Жакартагийн Азийн наадамд  60 кг-ын жинд  Узбекийн Абдурасулов Шункорыг ялж,  аварга болсон юм. Бэлтгэл ч сайн таарсан. Рингэнд гараад  тамирчдын харцыг хараад бараг уншиж байлаа.  Хожигдох тамирчдын нүдийг харахад, харц нь тогтохгүй гүйгээд, өөртөө итгэлгүй байгаа нь надад мэдрэгдэж байв.

Энэ боксчин надаас эмээж байгаа юм байна. “Намайг хожиж чадахгүй” гээд сэтгэлээ зоригжуулан тулалдаж, хожил авч байлаа. Харин би дэлхийн аваргаас медаль хүртэнэ, гэхдээ зөвхөн аварга болж, алтан медаль хүртэх зорилго тавьж тулалдсан. Тэр зорилгодоо хүрч чадаагүй. Гэхдээ яахав, хүрэл медалийг голоогүй. Миний зорилго хүрэл медаль байгаагүй юм. Дэлхийн аварга болно гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө зоригжуулан, зорилго тавин тулалдсан. Намайг луйвраар ялсан Узбекийн боксчин Кубын тамирчинг бас л луйвардаж, дэлхийн аварга болсон. Кубын тал гомдол гаргасанг  AIBA-гийн шүүгчдийн зөвлөл түүнийг нь авч хэлэлцээгүй. Харин Олон улсын олимпын хороо үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Олон спорт сонирхогч дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр чамайг Узбекийн боксчинг ялахыг харсан. Гэтэл шүүгчдийн шийдвэр эсрэг заасан. Тэр тулааны ялагдлыг өөрөө хүлээн зөвшөөрдөг юм аа даа?
-Би одоо хүртэл Узбекийн боксчинг хожсон гэдэгтээ итгэлтэй байгаа. Манай талаас гомдол гаргасан боловч түүнийг авч хэлэлцээгүй. Дэвжээний таван шүүгч тавуулаа Узбекистаны боксчинд ялалт дарсан байна лээ. Хэрэв хоёр шүүгч нь надад ялалт өгсөн  бол бидний гомдлыг авч хэлэлцэх боломжтой байсан. Угаасаа тулаан хийхээс өмнө шийдчихсэн, ярилцаж, тохиролцсон тулаан байсан юм билээ.  

Би AIBA буюу Олон улсын боксын холбоонд их гомдсон. Илт ялалт байгуулчихаад байхад яагаад надад ялалтыг өгөөгүй юм бэ гэж боддог. Сонирхогчдын бокс мөнгөний спорт болж болохгүй. Мөнгөөр, луйвраар ялалтыг шийддэг гаж тогтолцоогоо шийдэхгүй бол магадгүй олимпын төрлөөс хасагдаж, үзэгчгүй, тамирчингүй спорт болох байх.

-Ер нь узбекууд чөлөөт бөх, боксын төрөлд шүүгчдийг хахуульдаад сурчихжээ. Узбекийн иргэн Олон улсын боксын холбоо AIBA-гийн ерөнхийлөгч байх аа?
-Олон улсын боксын  холбооны ерөнхийлөгчөөр  ажилладаг. Ер нь узбекууд луйвар хийгээд сурчихсан. Хор найруулж, шүүгчдийг хахуульддаг гэдгээрээ зартай улс. Ёстой ичихгүй. Узбекууд мөнгөтэй. Мөнгөөр зодож,  луйвар хийж, ялалт авч, медаль хүртэж байвал болоо гэж боддог байх. Спортын шударга өрсөлдөөнийг огтхон ч тоодоггүй, хачин сэтгэхүйтэй юм билээ.  Тэмцээн нэгээр дуусах биш. Тэр Узбекийн боксчинтой олон таарах байх аа. Түүнийг би дэлхийн аварга дээр хожсон шүү гэдгээ харуулсан тулаан хийх болно.

Олон улсын боксын холбоо, AIBA  60 кг-ын жинг хасаж, байхгүй болгосонд би үнэхээр их харамсдаг. Миний тулалдах үндсэн жин 60 кг гэж боддог. Энэ жин байхгүй болсон болохоор доошоо 57 кг руу жин хасаж, тулалдах шаардлагатай болчихоод байгаа юм. Жин хасаж 57 кг руу орохоор их ядарч сульдаж, тамирддаг.  Хурд, хүч суларчихаар хүссэн хэмжээндээ хурд, хүчтэй цохилтыг гаргаж чадахгүй болчихсон.

-Энэ жил болох байсан Токиогийн олимп бүтэн жилээр хойшилчихлоо. Тэгэхээр урд нь эрх авсан тамирчид дахин олимпын эрх авч орох уу?
-Токиогийн олимпын эрх авсан тамирчдын эрх хүчин төгөлдөр хэвээрээ байна. Миний хувьд олимпын эрх авч чадаагүй байгаа. Одоо олимпын эрх олгох ганцхан тэмцээн бий. Тэр тэмцээнээс олимпын эрх авахын төлөө зүтгэнэ. Хорио цээр тавигдсаны дараа олимпын эрх олгох тэмцээн болно.

-Гавьяат тамирчин Д.Отгондалай олимпын эрхээ авч чадсан уу?
-Оки ах 60 кг-д тулалддаг байсан. Одоо 60 кг-ын жин  хасагдаж, байхгүй болсон учраас жин өгсөж, 63 кг-д тулалдах байх. Гэхдээ 63 кг-д ОУХМ Б.Чинзориг ах олимпын  эрх авчихсан байгаа. Оки ах дүү нартаа олимпод орох боломж олгосон.

-Ялалт авсны дараа сэтгэл хөдлөлөө огцом гаргаж харагддаг. Рингэнд гараад тулаан хийхдээ сэтгэл хөдлөлөө хэр барьдаг вэ?
-Ер нь сэтгэл хөдөлж, нервтээд байдаггүй. Тайван, хяналттай тулаан хийдэг. Гэхдээ гэнэт эмоци гардаг. Би ч эмоцио дарж, бариад байхыг боддоггүй. Аль болохоор гадагшаа тухайн цаг үед нь гаргахыг хичээдэг. Зарим үед өөрөө ч мэдэлгүй сэтгэл хөдлөлөө гаргачихсан байдаг. Хүн бүхэн өөрсдийн өнцгөөс янз бүрээр хардаг байх. Хүнд янз бүрийн сэтгэл хөдлөл  байдаг шүү дээ. Сэтгэл хөдлөлөө хэзээ, ямар үед, хэрхэн гаргадаг  нь харин  өөр өөр байх.

-МҮОХ-ны “Бөртэ чоно” шагналыг хүртсэн. Тэр шагналыг хүртэхэд сэтгэл тань нэлээн хөдөлсөн биз?
-“Бөртэ чоно” шагналыг хүртэнэ гэж ёстой бодоогүй. Санамсаргүй байхад гэнэт шагнал хүртсэн болохоор  үнэхээр их баярласан.  Тэр том нэр хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэл хөдөлсөн.  Тэр шагналын нэр хүндийг өндөрт өргөж явна. Шагнал олгосон хүмүүсийн итгэл, найдварыг  алдахгүй, амжилт гаргасаар байх болно.

-Өнгөрсөн жил мэргэжлийн боксын тэмцээнд тулалдсан байх аа?
-Дэлхийн мэргэжлийн боксын  WBC холбооны Ази тивийн залуучуудын тэмцээнд орж түрүүлж, аваргын бүсийг хүртсэн.

-Өөрийн тань  хамгийн том зорилго Токиогийн олимп байх. Олимпын дараа яах вэ. Сонирхогчдын боксоо үргэлжлүүлээд явах уу, мэргэжлийн бокс руу орох уу?
-Ер нь шийдчихсэн. Токиогийн олимпын дараа мэргэжлийн бокс руу шилжинэ.  Мэргэжлийн бокс миний үндсэн зорилго болчихоод байгаа. Дэлхийн аваргаас медаль хүртээд, амьдрал өөрчлөгдсөнгүй. Бахь байдгаараа. Би өөрчлөлт гарах байх гэж бодсон. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. Өрхийн тэргүүний хувьд амьдралаа авч явах ёстой. Мэргэжлийн боксыг сонговол амьдралд, ирээдүйд маань өөрчлөлт гарах байх гэж найдаж байна.  Би Азийн наадмын аварга болчихоод “За одоо дэлхийн аваргаас медаль хүртчихвэл  төр засаг харж үзэж, ахуй амьдрал дээшилж, орон гэртэй болох байх” гэж бодсон. Гэтэл байдаггүй. Тийм болохоор олимпын дараа мэргэжлийн бокс руу шилжихээс өөр зам байхгүй.

-Манай мэргэжлийн рингэнд гарсан боксчид гол төлөв АНУ, Англи, Япон, Солонгос руу явдаг. Өөрөө аль улсын мэргэжлийн боксын холбоо руу явах вэ?
-Оросын мэргэжлийн боксын холбоо руу очно. Би судалж үзсэн. АНУ-ын мэргэжлийн боксын холбоо сүүлийн жилүүдэд жаахан суларчихсан байгаа юм билээ. Харин Оросын мэргэжлийн боксын холбоо их хүчтэй болсон байна.

-Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, олимпын тавдугаар байр, дэлхийн аваргын хүрэл медаль хүртчихээд ОУХМ цолтой хэвээрээ яваад байна уу?
 -Тийм ээ. Уг нь Монгол Улсын гавьяат тамирчны болзлыг бүрэн хангачихсан байгаа. Гавьяат болоогүй явна. Өгөх, өгөхгүйг нь сайн мэдэхгүй л байна.

-Өөрийн чинь тулалдаж буй 57 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн хэр байна вэ. Универсиад наадмын аварга  Х.Энх-Амар танай жинд тулалддаг бил үү?
-57 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн их сайн. Дүү нар мундаг, хурдтай гарч ирж байна. Техник, ур чадвартай залуу тамирчин олон бий.  Х.Энх-Амар ах их сайн боксчин. Дэлхийн шилдгүүдийг ялж, оюутны универсиад наадмын аварга болж байсан. Ирэх оны улсын аварга шалгаруулах тэмцээн дээр бид хоорондоо таарч тулалдана. Хэн ялсан нь Токиогийн олимпын наадамд явна.

-Залуу тамирчид, хашир туршлагатай ахмад боксчдын ялгаа нь юунд байдаг вэ?
-Залуу тамирчид их хурдтай, зодоонч, цуцалт багатай байдаг. Харин хашир туршлагатай боксчид, цагийн хуваарилалт сайтай. Анаж, оновчтой, хүчтэй цохилт хийдэг. Хий савсан, сул цохилт бага. Цохилтыг гаргаж, хөл дээрээ ажиллаж, оноо түүх арга барилаар биеэ ядраахгүйгээр аргалж тулалдаад сурчихсан байдаг.

-Гавьяат тамирчин Д.Отгондалайтай хэр олон удаа тулаан хийж байв ?
-Оки ахтай 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа таарч, тулалдан хожсон. Ахин таарч тулалдаагүй.

-Хорио цээрийн үед бэлтгэлээ хэрхэн хийж байна даа?
-Тамирчид хувь хувьдаа хөнгөн бэлтгэл хийж байгаа болов уу. Миний хувьд бэлтгэлийн цикл бүрэн уначихсан, жин нэмэгдсэн байдалтай байгаа. Маргаашнаас нэгдсэн бэлтгэлд гарна. Бэлтгэлдээ буцаад орно. Жин дээр асуудал байхгүй. Бэлтгэлийн явцад хасаад 57 кг дээр барьчихаж болно.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид