Улаанбаатар 1c

Аварга ногоочин Я.Даваасүрэн: Домогт долоон га бол миний амьдрал, бахархал

Зүлэг дэвссэн үү гэмээр ногоон тал униартаж, өнгө өнгийн цэцэгс хараа булаан алаглаж, цэцэгсийн бал шүүрдэн дэрвэлзэх эрвээхэйд нисэн буулдах ахуйд сэргэлэн эрэмгий Сөгнөгөр тэртээ холоос мяралзан мяралзсаар эргээ даган бөхийсөн нов ногоон модод, ийм л янзаар хэчнээн оныг үдсэн энэ суурингийн дундуур урсан өнгөрөх, урсан өнгөрөх бүрийг нь хүмүүст дуулгах мэт шулганан жиргэх шувуудын дуутай гэгээн тунгалаг зуны өдрүүд Төв аймгийн Бүтсүмбэр сумын Сөгнөгөрийн хөндийд үргэлжилж байна.

Монгол түмний хүнсний ногооны тодорхой хувийг нүүр бардам хангадаг энэ жижигхэн суурингийн хөгшид, хүүхэдгүй  ногоон талбайдаа амсхийх ч зав чөлөөгүй ажилладаг гэлтэй. Монгол Улсын түүхэнд “Домогт долоон га” нэрээр алдаршин үлдсэн 1924 оноос хойш Монголчуудыг эрүүл, хамгийн амттай төмс, лууван, байцай тэргүүтэй хүнсний ногоогоор хангаж буй энэ үржил шимт, арвин баялаг хөрст газрын эздийг хэрхэн аж төрж буйг сурвалжлахаар зорьж очоод байгаа нь энэ.

Бидний сурвалжилгын гол баатар, “Үндэсний шуудан” сонины “Хоймор” булангийн энэ удаагийн зочин бол Монгол Улсын хүнсний ногооны анхны Хөдөлмөрийн баатар Ж.Пүрвээгийн нагац дүү, Улсын аварга ногоочин Ядамсүрэн, Улсын аварга тоо бүртгэлчин Ж.Отгон нарын бага охин, аймгийн аварга ногоочин Даваасүрэн. Өдгөө 58 настай тэрбээр амьдралынхаа бараг 50 жилийг хүнсний ногоо тарих, арчлах, хураахад зориулсан нэгэн. Бид сууринд нь дөхөж яваагаа утсаар хэлтэл “Сөгнөгөр орж ирэхийн чинь алдад манай гурван хөдөлмөрийн баатрын сайхан хөшөө бий. Тэнд уулзъя” гэлээ.

Бид Хөдөлмөрийн баатар Жорхоодойн Пүрвээ, Ядамын Должинжав, Дуламын Долгор нарын дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөний дэргэд хоёр талаас уулзлаа. Тэрбээр “Манай нагац ах Ж.Пүрвээ гэж Хөдөлмөрийн баатар маань анх энд цэргийн аж ахуй байхад нь Хөвсгөл аймгаас ирж суурьшсан юм билээ. Ингээд 1924 онд Сангийн аж ахуй болоход нь даргаар нь үлдсэн түүхтэй. Түүнээс хойш манай Ногооны нэгдүгээр бригад хүнсний ногооны ургацаараа таван удаагийн улсын аварга, Хөдөлмөрийн баатар гурав, улсын аварга 26, аймгийн аварга арав төрөөд байна. Хүнсний ногоотой холбоотой бүх түүхэн амжилт манай багтай холбоотой. Одоо тэдний үр хүүхэд, ач зээ нар нь хийж байсан ажлыг нь өвлөн уламжилж, ногоогоо тариад аж төрж байна” гэсээр биднийг угтсан юм. 

Хүнсний ногооны аж ахуйн эх өлгий гэмээр энэ суурингийн унаган иргэн Я.Даваасүрэн гуай “Эгч нь бага залуудаа “Үеийнхэн хот, суурин газар очиж амьдраад гоё, хөөрхөн болохоос гадна хөдөлмөрийг хялбарчилсан олон юм хэрэглээд тухтай, тохилог, завтай, биедээ амар амьдарч болж байхад би яахаараа та хоёрын амьдралыг давтаж, зэрлэг зулгааж, шороо самардаж, хамаг залуу насаа барах ёстой юм. Сургууль, соёлд сурч, гэгээрэх минь” гээд явж байлаа. Хоёр ч газар хуваарилагдаж, суралцах явцдаа гэрээ их санана. Сонин нь гэрээ биш, ногоон талбайгаа л зүүдлээд байдаг юм билээ. Ногоон талбайд найзуудтайгаа зэрлэг зулгааж байна.

Тарьсан ногоо минь суга суга ургаж” гээд л. Хичээлийнхээ амралтаар гэртээ ирнэ. Тэр давааг даваад наашаа уруудаад л нулимс асгачихна. Үгүй ээ, мөн сайхан харагдана шүү дээ, ногоон талбай, энэ гол, энэ жижигхэн суурин. Алтанбулагийн ТМС-ийн багшийн ангиа орхиод нэг л өдөр “Охин нь нутагтаа, гэртээ амьдрахаар шийдлээ” гээд ирсэн дээ. Тэгж ирснээс хойш 41 жил тасралтгүй ногоо тарилаа. Муудсан, буруудсан юм алга. Хэрвээ би анх гэрээсээ тэгж том дуугарч яваагүй бол нутгаа, ногоон талбайгаа тэгж их санаа ч үү, үгүй ч үү. Хүний хувь тавилан гэж сонин байгаа биз” хэмээн амьдралаа хүнсний ногоотой холбосон түүхээ ярив. 

“Тэгж их өөр зүйл, шинийг хүсдэг байсан охин тийм ч амархан ногоон талбайн эзэн болчихоогүй нь мэдээж. 41 жилийн хугацаанд шантарч, хувцсаа баглаад явъя гэж бодогдож байсан үе бий л биз дээ” гэсэн асуултад маань “Үгүй чишш. Ёстой дахиж тэгж дэмий юм хийгээгүй. Эгч нь яг тоолбол сургуульд сурсан хэдэн жил, хэл, хөлд ороогүй үеэ хасаад бараг 50 жилийн амьдралаа энэ Домогт долоон га талбайд өнгөрүүлж байгаа хүн. Бүр нялх байхын л аав, ээж хоёр зэрлэгээ зулгаах гэж ирэхдээ биднийг аваад явна. Хажуунаас нь ганц нэгийг зулгаасаар сүүлдээ бидний ажил болсон хэрэг. Тэгээд л хүүхэд юм болохоор залхаж, ажлаас зугтаж байгаа ухаан нь тэр. Гэхдээ би энэ газар, энэ хөрснөөс хаа холдох вэ.

Хүн дуртай ажлаа хийхээр ядрах, залхах, шантрах, харах мэддэггүй юм шүү дээ. Миний амь зуулга, хүүхдүүдийн минь хоол, эрхэлж буй хөдөлмөр минь болохоор энэ ажилдаа дуртай. 60 дөхсөн надаас хэрвээ хэн нэгэн “Таны хамгийн сайн хийж чадах ажил юу вэ” гэж асуувал “Хүнсний ногоо тарих” гэж хариулна гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр ингээд сэтгүүлчтэй ярилцаад сууж байдаг, сонин юм шүү” гэв. Тэгснээ үргэлжлүүлэн “Миний ажилдаа дуртай байдгийн хамгийн гол шалтгаан нь яг одоо чиний харж байгаачлан тарьсан төмс, хүнсний ногоо минь ингээд ургаж байхыг харах юм шүү дээ.

Ширхэг ч зэрлэггүй талбайд нахиалан ургаж байгаа дэлбээ бүрийг нь би үр хүүхэд шигээ л санаж, хайрладаг. Ингэж ярихаар хүмүүс “Юун уран сайхны хэтрүүлэгтэй ярьдаг юм” гэж магад. Үнэхээр л хүүхдүүд шиг минь харагддаг. Ногоочны хувьд намрын улирал шиг инээд алдсан, цаг үргэлж дуу аялсан цаг хугацаа ховор шүү. Ухаа ягаан луувангуудаа багсайтал нь хураачихаад хараад зогсож байхын сайхныг ногоочин л мэднэ дээ. Ургац арвин жил өмнөх жилүүдээсээ илүү хурдан шаламгай, урамтай ажиллаж, маш богино хугацаанд хураасан байдаг гээд л бод” хэмээгээд баяр бахдал дүүрэн нүдээрээ талбай дахь дөнгөж цухуйсан төмс, луувангийн навчсыг тойруулан харна. 

“Ногоочны хувьд хамгийн хүнд нь аль улирал вэ” гэсэнд “Минийхээр бол хавар юм уу даа. Морь уядаг хүмүүс морио уях гээд байж яддаг шиг хавар болохоор би тогтож яддаг. Бүр үрсэлгээ хийж байгаагаа зүүдэлнэ. Буруу хийчихлээ гэж зүүдэлнэ. За тэгээд цаг нь ирэхээр үрээ хөрсөндөө суулгаж аваад санаа амарна шүү дээ. Би биеийн хөдөлмөрийг хүнд, хөнгөн, ачаалалтай гэх ер нь дургүй. Хүн ямар ч ажлыг зорьсон бол, дуртай бол хийдэг л байхгүй юу. Харин оюун санаа, бодол хүнийг маш их ядраадаг, туйлдуулдаг. Гэхдээ ногоочин бид чинь тэнд нэг зэрлэг, энд нэг зэрлэг гэж хөөж явсаар илүү дутуу юм бодох сөхөөгүй өдөр хоногийг өнгөрүүлчихдэг сайн талтай. Эндээ ирээд нэг суугаад авсан байхад оёдолчингоор бол сайхан дээл шаглаж байгаа юм шиг л салахгүй суусаар цаг нарыг мартаж орхино шүү дээ.

Гэхдээ бид чинь үүрийн 5-6 цагаас, шаардлагатай үед дөрвөн цагаас өглөө 10 хүртэл ажиллахыг чухалчилдаг. Тэрнээс хойш бол хэцүү шүү дээ, талбайд ажиллах. Ногоо тарихад цаг баримтлах нь маш чухал. Хүнсний ногоог хүссэн нь тарьчихдаг ч эд биш л дээ” гэв. Тэгснээ “Яг энэ талбайд аав, ээж хоёр минь биднийг дагуулаад л одоо миний хийж байгаа ажлыг хэчнээн жил хийсэн юм бэ дээ. Зөвхөн манай гэр бүл ч биш, ах дүү нар минь, сайхан найзууд минь гээд миний залуу насны гэрэл гэгээтэй дурсамж, инээд хөөр, гэгээн сайхан бүхэн чи бид хоёрын зогсож байгаа энэ шороотой талбайд өнгөрсөн байна гээд боддоо.

Бид ихэвчлэн хөл нүцгэн гүйлдэнэ. Яасан ч зөөлөн байсан юм, энэ газар шороо. Аав, ээж минь энэ л талбайд Улсын аварга болтлоо ажиллаж, миний нагац, авга талын ах дүүс дундаас мөн л цөөнгүй нь улсын, аймгийн, сумын аварга ногоочин болсон доо. Ийм л буянтай нутагт төрсөндөө би үргэлж баярлаж, сүсэглэж амьдардаг” хэмээгээд санаа алдан Сөгнөгөр голын зүгт хараа бэлчээв. 

-Аав тань улсын аварга болсон үеийг дурсаач. Гол усаар нэг баяр хөөр, найр наадам болж байв уу?
-Миний аав их даруу төлөв, маш их мэриймтгий хүн байсан. Аав минь нэг га талбайгаас хураасан сонгинын хэмжээгээр улсдаа тэргүүлж, улсын аварга хэмээх цол хүртсэн хүн. Аавыг тийм том цол хүртэж байгааг дуулаад, манай нутгийнхан өөрсдөө авсан юм шиг л баярлаж, энэ хөндий тэр аяараа баяр наадам болсон доо. Бас ээжийг минь Монгол Улсдаа цөөхөн тоо бүртгэлийн улсын аварга болоход ч гол, усныхан маань биднээс илүүтэй баярлаж, хөөрч байсан гэдэг.

Миний ээж их залуудаа, дөнгөж 38 настайдаа бурхны зүгт одсон. Түүнээс хойш аав минь биднийг хүн болгосон доо. Олон аварга, олон амжилтын эзэд болохоор манай багийнхан амь нэгтэй, нэгнийхээ баяр, жаргал, зовлон бэрхшээлийг өөрийнх юм шиг туулж чаддаг хүчирхэг хүмүүс шүү. Одоо хэр нь нэгнийгээ өвдлөө гэж дуулбал,  бараг суурингаараа тэр айлд гэртээ байгаа эм, тарианаас бариад очдог гээд бод. 

-Та ямар болзол хангаж, аймгийн аварга ногоочин хэмээх хүндтэй цол хүртэв?
-Манайх энэ талбайд 1.5 га газарт төмс, лууван, байцай, манжин тэргүүтнийг тарьж байна. Бас хашаандаа хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Өнгөрсөн өвөл төр, засгаас намайг аймгийн аварга ногоочин цол тэмдгээр шагнасан. Га талбайгаас 40 тонн төмс, 23 тонн лууван хураасан нь аймагтаа тэргүүлсэн гэсэн. Манай нөхөр 2016 онд аймгийн аварга ногоочин болж байлаа. Бид хоёулаа аймгийн аварга. Төр засаг тоохгүй байж болно шүү дээ.

Тэгэхэд ариун цагаан хөдөлмөрийг минь үнэлсэнд би туйлаас баярладаг. Хэдийгээр би одоо нутагтаа туршлагатай ногоочин гэгдэж байгаа ч аав, ээж ах эгч нарыгаа яаж гүйцэх вэ дээ. Яаж ч хичээгээд тэдний ухаан, хөдөлмөр, амжилтыг бид давтаж чадахгүй. Намайг багад арван килограммын жинтэй байцай, нэг килограмм лууван, нэг га-гаас 40 тонн сонгино, лууван, 110 тонн байцай гэх мэт түүхэн амжилтыг тэд маань бүтээж явлаа шүү дээ. 

Ийн ярилцангаа бид түүний багадаа “Сөгнөгөрийн арал” хэмээн нэрлэж, эргээр нь тоглож, усанд нь умбаж өнждөг байсан тохойн эрэгт очлоо. Тэрбээр “Би энэ тохойн хажуугаар өдрийн хэд явдаг. Тэгсэн хэрнээ өнөөдрийнх шиг догдолж ирээгүй удсан байна. Энд миний бага нас, найзуудын үерхэл нөхөрлөл өрнөсөн. Зун нь усанд нь шумбаж, өвөл нь мөсөн дээр нь гулгаж, тоглодог байлаа” гэв. Хүүхэд ахуй насныхаа тухай дурсан сэтгэл нь хөдөлсөн түүнээс “Ханьтайгаа хэрхэн танилцаж, дотносож байв. Та нарын үеийн хайр дурлал, үерхэл сонин содон түүх, үйл явдлаар дүүрэн байдаг” гэсэнд нүдээ эргэлдүүлэн хэсэг жуумалзсанаа “Яг үнэндээ бид хоёр чинь хамар хашаанд амьдардаг мөртлөө биенийгээ үздэггүй байлаа шүү дээ.

1981 оны үед юм уу даа, намрын ажилд явж байхад манай хүн надад нэг юман дээр тусласан санагддаг юм. Тэгээд би түрүүлээд сайн болчихсон байх аа” гээд үсээ засангаа инээд алдан “Тэгээд л суучихсан хэрэг. 40-өөд жил амьдарчээ, бид гурван хүүхэдтэй. “Хоорондоо муу хүмүүс гэрлэдэг” гэж яриад байдаг нь үнэн. Гэхдээ бид юунаас болоод, яагаад ч таарамжгүй байдаг байсан юм бүү мэд. Манай хүнийг Лхамсүрэнгийн Мягмаржав гэдэг. Нөхөр маань намайг бодвол үг дуу цөөнтэй, юмны голыг, цагийг олж хэлэхийг яана. Хэдийгээр надад мэддэг, чаддаг юм олон ч нөхрийнхөө ухааныг яаж гүйцэх вэ дээ. Түүнийхээ нөмөр нөөлөг, түшгээр өдий зэрэгтэй амьдарч явна даа” гэв. Үргэлжлүүлэн “Зарим хүний хувьд бид хүнд хөдөлмөр эрхэлдэг шиг байгаа юм.

Гэвч үнэн хэрэгтээ бид хийхгүй юм бол, чаддаг, мэддэгүүд нь хүнсний ногоогоо тарихгүй юм бол бидний үр хүүхдээс гадна Монголчууд юугаа идэх юм бэ. Эрүүл, эх орныхоо хөрсөнд ургасан, амттай төмс, лууван, байцай, сонгино, сармис тэргүүтнийг иддэг тулдаа бидний бие эрүүл, хүчирхэг байдаг байж мэднэ. Гэхдээ өвгөн бид хоёр, манай багийнхан “Бид л чаддаг” гээд юухныг ч муйхраар хийдэггүй. Хүний өвчнийг эмч оношилж, эмчилдэг шиг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид ирээд газраас дээж авч, “Танай талбайд ийм эрдэс, тийм бордоо дутагдаж байна. Энэ жил ингэж сэлгэлт хийгээрэй” гэдэг ч юм уу зөвлөгөө өгөхөөр нь ямар их баярлаж, нэг бүрчлэн биелүүлдэг гэж санана. Бид өөрсдөө мэдэхгүй учраас номыг нь үзсэн, мэддэг, чаддаг шинжлэх ухаанчдынхаа үгийг дагах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэ мэт хүнсний ногооны талбайг арчлах, сэргээх ажил улсын хэмжээнд нэлээд хийгдэж байгаад баяртай байдаг” гэв.

Түүнээс тарьсан хүнсний ногооноосоо жилд хэр их ашиг олдог тухай лавлахад “Гайгүй хэдэн төгрөг олно шүү. Ургац хураах үеэр Эрдэнээ, Мөөгий хоёр ирээд бидний ногоог бөөндөж аваад явдаг юм. Бид ч тэдэнд өгөх дуртай” гэхээр нь “Ченжүүд газар дээрээс зах зээлийн үнээс хамаагүй хямдаар бөөндөж аваад хотод  хэд дахин өндөр үнээр зарж, өөрсдөө ашиг олдог гэсэн яриа бий. Энэ талаар та юу хэлэх вэ” гэтэл “Мэдэхгүй ээ, тэгээд тал талдаа ашигтай, болцгоож байвал юу хэлэх вэ. Миний хувьд Эрдэнээ, Мөөгий хоёртоо итгэдэг. Тэр хоёр маань ч “Одоо авах гэхээр ханш нь жаахан унасан байна. Хэдхэн хоног харзначихаад, үнэ өсөхөөр яваад очъё” гэж л байдаг. Ирээд төмсийг тэдээр, лууванг тэдээр авлаа, нийлээд төдөн төгрөг гээд өгдөг. Аль зах зээл эхлэх үеэс, унаа тэрэггүй бидний ногоог ирж авдаг байсан даа, тэр хоёр. Ах, дүүсээс ялгаагүй болтлоо олон жил гар, сэтгэл нийлж яваа биесээ хардаад юу хийх вэ. Ямар ч л байсан алдагдалд оруулахгүй нь л тодорхой” гэв. 

Мяралзан мяралзан урсах Сөгнөгөрийн гол шигээ тунгалаг, цэвэр сэтгэлт түүний яриаг сонсох тусам шимтүүлэх нь сайхан. “Та энэ их ажлын хажуугаар гэр орон, үр хүүхдийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг байв” гэсэнд “Тэр юухан байх вэ дээ. Бидний багад улсын ажил хийхийн хажуугаар хувийнхаа ногоог тарина, зэрлэгээ зулгаана, гэртээ хариад хоол ундаа өөрөө бэлдэнэ, хүүхдүүдийнхээ нүүр гарыг угаана, хоолыг нь идүүлнэ, хувцсыг нь гараараа угаана, заримдаа усаа авна, түлээгээ хагалж, оруулна, галаа түлнэ, нөхрөө халамжилна гэх мэт ажлыг ээжүүд маань нугалдаг, амжуулаад, гялалзаад л ирсэн юм шүү дээ.

Тийм байхад би юу гэж унжийж суух вэ. Ямар ч л байсан болгосон. Одоо бол бүх юм амар болж. Угаалгын машинд хувцсаа хийчихээд, хүүхдээ хөлд оруулагчид нь суулгаад, утсаараа оролдонгоо дэлгүүрээс бэлэн талх, хэрчсэн гурил гээд хоолонд хийх бүхнээ худалдаад авчихаж байна. Нэг талаар сайхан нийгэм шүү” хэмээгээд “Тэр хэсэг адуу харагдаж байгаа газарт би төрсөн юм гэнэ билээ” гээд гараа саравчлан Домогт долоон га газрын тэрүүхэн дэх өнөөх зүг рүүгээ инээвхийлэв. 

Тэрбээр “Миний бахархал бол миний ажилч, хичээнгүй, хөдөлмөрч нь дэндсэн ах дүү, төрөл төрөгсөд минь. Бас домогт долоон га талбай бол миний амьдрал, бахархал. Энэ долоон га талбайг үр хойч, нутаг, усныхандаа хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой газар хэмээн олж, морин анжисаар хагалж, анхны үрийг нь суулгаж өгсөн Хөдөлмөрийн баатар Ж.Пүрвээ нагац ахаас минь эхлээд улсын аварга аав ээж хоёр минь, бас төрөл садан Улсын аварга Өлзий эгч, түүний нөхөр Ж.Баатар гэж Улсын таван удаагийн аварга тариаланч гээд дурдвал олон бахархалт, хөдөлмөрч хүн бий” гэв.

Тэгснээ миний төрсөн нутаг чинь зөвхөн хүнсний ногоо, газар тариалангаар бус оюун санаа, урлагийн гайхамшигт суутнуудын өлгий нутаг гэдгийг олон хүн мэднэ дээ. Ертөнцийн энүүхэн жаахан буйрнаас улсдаа төдийгүй дэлхийд гайхагдсан хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг, соёлын гавьяат хэчнээн олон төрсөн гэж санана. Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, Зууны манлай дуучин Х.Уртнасан гуай чинь ердөө манай энэ Мандал хайрхны өвөрт төрж, өссөн юм шүү дээ” хэмээлээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид