Улаанбаатар 1c

МАН-ын лидерүүдийг онилоод эхэлсэн, дүрэмгүй “мэргэн бууч” хэн бэ

Энэ удаагийн сонгуулийг эхлэл, өрнөл, төгсгөлтэй нь зохиож, найруулсан гол автор нь хэн бэ. Тэр хүн лав “Төрийн шагналтан бус сахилтан” байж мэднэ. Учир нь энэ удаагийн сонгуулийн нээлтээс эхлээд, нэр дэвшигчдийн сурталчилгааны өдрүүдийг тун ч нарийн үйл явдалтай, баялаг өрнөлтэй болгож найруулжээ. Ингэхдээ “мэргэн бууч” гэх хэний ч төсөөлж байгаагүй гол дүртэй байхаар бодож, төлөвлөсөн нь яг долоо хоногийн өмнөөс мэдэгдэж эхэлээ.

Сонгууль гэх улс төрийн жүжигт тухайн хохирогч болох МАН-ын залуу лидерүүд өөрсдийгөө нэр дэвшигч хэмээн итгэн үнэмших ёстой аж. Ингээд нэгэнт хууль, журмын дагуу СЕХ нь батламж өгөөд, “Таныг энэ өдрөөс эхлэн нэр дэвшигч гэх болно” хэмээн мандат өгч, тойрог заасан нь молиго байжээ. Ийм молиго үмхүүлээд, МАН-ын хоёр ч лидерийг өчиггүй баривчилчихлаа. Хамгийн инээдэмтэй нь, энэхүү жүжгийн зохиолч, найруулагч нь хэн бэ гэдгийг үзэгчид хайгаад олохгүй байгаа нь юм. Сонгууль бол төрийн ажил. Төрийн ажлыг молиго үмхээд, баривчлагдчихсан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нар ёсчлон биелүүлж байв. Тэд зардал мөнгөө төсөвлөөд, дэмжигчдээсээ хандив, гарын үсэг цуглуулж, нэр дэвшигч ямар зарчмаар, хэрхэн ард иргэдтэйгээ уулзах ёстой вэ, тэр зам мөрөөр сонгогчдынхоо дунд явж байв. 

Сэлэнгэчүүдийн сонгох эрхийг шоронд хийж, гавлаж байгаа хэрэг мөнөөс мөн. 

Гэтэл ямар ч тоглоомгүй дүрэмгүй, нүүрэндээ багтай, гартаа зэвсэгтэй, далдын хар малгай өмссөн, “мэргэн бууч” хаанаас ч юм гарч ирээд гэнэт л хоёрын хоёр нэр дэвшигчийг торны цаана суулгачихлаа. 

Ингэхдээ тэд хэнээс ч айсангүй, бас эмээсэнгүй. Санал өгөх, нэр дэвшигчээ эрж, хайсан сонгогчдыг доромжилж, хууль ёс, баривчилгаа, албан тушаалын гэмт хэрэг гэх тэр гэх тодорхой зүйлчлэлгүй, гэмийг тохож, хорих 461 дүгээр ангид албадан саатуулчихлаа. Энэ нөгөө улс төрийн гэх хэлмэгдүүлэлт мөн үү. Энэ үйл явдал “захиалгат” гэх нэршилд багтах уу. Энэ явдал “Ард түмнийг дарангуйлах” хэлбэрт хамаарах уу. Энэ мэт асуух, тайллыг нь олох, нэр дэвшигчийн яг ямар буруутайг мэдэх эрх чөлөө олон нийтэд байна уу гэдгийг дээрх баривчилгаа, улс төрийн жүжгийг зохиосон, гол найруулагчаас асуумаар байна.

Гэнэ сэрэггүй, сонгуулийн штабаа нээгээд, жирийн иргэдэд цалинг нь өгөөд, сурталчилгаагаа эхлүүлж, уулзалт, ярилцлага, тойргийнхондоо хувийн биш хувьсгалын үйл хэрэг ирэх дөрвөн жилд хэрхэн өрнөхийг ярьж, ойлгуулж явсан МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг өнгөрөгч амралтын өдрөөр бариад, хорьчихлоо. Энэ бол нүүр, дүр төрх, урт гар нь үзэгддэггүй, төрийн сахилтны үйл хэрэг мөн юм аа. Ийм сахилтанд элдэв хууль тогтоомж, олон нийтийн эрх ашиг, хувь хүний ёс зүй, төрийн хүний ноён нуруу гэх мэт шинжийн аль ч байдаггүй. Зөвхөн хулгайч нохой шиг олны анхаарал сулрахыг хүлээх, отох, агнах, эзэрхийлэн түрэмгийлэх л авир цухалздаг.

Хууль дүрэм, дэг ёс, төрийн хатуу хяналт, удирдлага дор болох ёстой сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчдийн итгэл үнэмшлийн эсрэг нуувчин дахь “мэргэн бууч” тэгвэл хэн бэ. Тэд яагаад МАН-ын залуу лидерүүдийг онилоод эхлэв. Улс төрийн хөшигны ард нуугдчихсан хорыг хэн найруулав. Сонгуулийн өдрүүдэд өөр хэн гэгч нэр дэвшигч өнөөх хорноос хүртэх бол. Иргэд, сонгогчдын итгэл үнэмшлийг үгүй хийх “далдын хар малгай”-тай ажиллагааг хэн зохион байгуулаад байна вэ. Угтаа бол нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон үйл ажиллагаанд иргэд, олон нийт СЕХ-г буруутгах эрхтэй. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан, албан ёсоор нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх мөн тодорхой хэргээр баривчлах, саатуулах, цагдан хорих үйл ажиллагааг хийх тохиолдолд, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлийг авахаар зааж өгсөн.  

Гэтэл шүүх, хуулийн байгууллагынхан  СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр шийдвэр гаргаж, албадан хорилоо. Нэр дэвшигчийнхээ бүрэн эрхийг баталгаажуулж чаддаггүй СЕХ-г яах вэ. Хэрэв нэр дэвшигчийг сонгуулийн сурталчилгаагаа хууль ёсоор эхлүүлчихсэн энэ өдрүүдэд хэн дуртай нь баривчлаад, хэрэгт тохоод, оймсыг нь гозолзуулчихаж болдог юм бол нэр дэвшигчээр бүртгэх хэрэг байсан уу. Хууль, журмынхаа хүрээнд “хар тамга” даруулаагүй байсан учраас ийнхүү төр, түмний томилолт авах ажлаа эхлүүлсэн байж таармаар. 

Төрийн эрх мэдэл Монголын ард түмний  гарт байх уу, хонгилын шүүгчдийн гарт байх уу

УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг албадан саатуулна гэдэг нь тухайн нэр дэвшигчийн, МАН-ын асуудал биш. Энэ бол Монголд цаашдаа хууль журам хэрэгжих юм уу, хууль журмыг сахиулах ёстой шүүх нь хуулиа дагах юм уу, төрийн эрх мэдэл Монголын ард түмний мэдэлд байх юм уу, эсвэл нөлөөнд автагдсан, хонгилын хэдэн шүүгч нарын гарт байх юм уу гэдэг асуудал болчихоод байна. Үүнийг иргэд, сонгогчид өнгөрөгч 14 хоногийн үйл ажиллагаа, хууль шүүхийн ажил хэрэг, нэр дэвшигчдийн онилсон баривчилгаанаас харж болохоор байна. Хэзээ Монголын шүүхийн ажил, үйл хэрэг ийм хурдан өрнөдөг, ажлын үр дүн нь 24 цагт шийдэгддэг болоо вэ. Хэрэв ийм хурдаас шүүх, шүүгчид, тагнуул, цагдаагийнхан ажилладаг болчихвол Монголд “Далдын хар малгайт”-ууд байхгүй байхсан. Даанч аливаа хүчнийхний хүч, зориг хэн нэгэн эрх мэдэлтэн, хэн нэгэн төрийн захиалгаар өрнөдөг болсон нь харамсалтай. Нэг ийм заалт бий сэн. 
“УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлнэ. Түүнийг нь хуулиар хязгаарлана.УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг албадан саатуулахыг, цагдан хорихыг, шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулахыг, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь  үзлэг нэгжлэг хийхийг хориглоно” гэж заасан хууль бий. УИХ-аас зөвшөөрөл авч байж эдгээр үйл ажиллагааг хийдэг. Энэ бол зөвхөн Монголд биш парламенттай бүх улс орон бүрт байдаг практик. Яагаад гэвэл, нэгдүгээрт, УИХ-ын гишүүн бол ард түмний элч. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, баривчлах, саатуулах замаар төрийн эргэлтүүдийг хийдэг. Гуравдугаарт, ийм замаар ард түмний элчийн амыг боох  оролдлого хийдэг. Шүүхий энэ үйлдэл бол хариуцлагагүй, нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байгаа хэрэг хэмээн хууль гадарладаг хэнд ч харагдахаар муухай үйл явдал боллоо. 

Ард түмний төлөөлөгч буюу УИХ-ын гишүүдийн  бүрэн эрх шүүгчдийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг  СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихгүй байх заалтыг хуульд анх оруулсан. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын иргэний үндсэн эрх. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зорилго бол зөвхөн сонгууль явуулах тухай биш Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах явдал юм. Гэтэл Ж.Эрдэнэбат тэргүүтнийг баривчилсан үйл явдал нь өнөөгийн Монголын шүүх засаглал, шүүгчид хэрхэн улс төрийн эрх ашигт автагч болохыг харуулсан том жишээ боллоо. Шүүгч нар энэ үйлдлээрээ парламентын ардчилалд заналхийлж байна. Дарангуйлалд өртөхгүй байх нь ардчиллын гол баталгаа. УИХ-ын гишүүн буюу ард түмний төлөөлөгчийн бүрэн эрх хэн нэгэн этгээдийн, тэр тусмаа шүүгчийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй баймаар. Иргэд мэдээллийг хүртээмжтэй авдаг, улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцоотой болсон энэ цагт Ж.Эрдэнэбатыг баривчилсан нь Монголын төрд итгэх итгэлийг унагасан хар үйл явдал боллоо. Цаашид үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг шүүх шийддэг гаж зуршил,  хууль зөрчсөн хандлага тогтоно. Монгол Улсад хууль шүүхийн мафи бий болсон гэдгийг би долоон жилийн өмнө хэлж байсан. Хуулиас давж гишгэдэг шүүгч бол шүүгч биш. Авлига хаана байна вэ гэдэг нь энэ үйлдлээс илт харагдаж байна.

Хулгайчдыг өмгөөлж байсан шүүгчид Ж.Эрдэнэбатыг ард түмний сонгох эрхтэй нь хамт хорилоо

Монгол Улсын төр нэгэн том авлига, санхүүгийн зөрчлийг шалгасан нь Хөгжлийн банкны гэх хэрэг байсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат байсан нь өнөөдөр баривчлагдах шалтгаан болчихов уу гэх хардлага төрөөд болдоггүй ээ. Учир нь, тухайн үед УИХ-ын гишүүн, сайд нартай холбогдох 1.3 их наяд төгрөгийн зөрчил дутагдлыг тэр болон түүний удирдлага дор ажилладаг баг илрүүлсэн. Энэ зөрчил дутагдлыг тухайн үед хууль хяналтын байгууллагууд руу  шилжүүлсэн ч дөрвөн жилийн турш хулгайчдыг хаацайлж, өмгөөлж, ял завшуулж байсан шүүх, улс төрийн шүүгчид одоо өшөө авч байгаа мэт харагдаад болдоггүй ээ. Ж.Эрдэнэбатыг иймэрхүү улс төрийн өш хонзонгоор хорьж байгаа нь ард түмний төдийгүй Сэлэнгэчүүдийн сонгох эрхийг шоронд хийж, гавлаж байгаа хэрэг мөнөөс мөн. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид