Улаанбаатар 1c

Морио хурдлуулах хүсэлтэй уяачид аминдэм ихээр худалдан авдаг болжээ

Уртын дууны шуранхай хадаж, уул талд гийнгоо цуурайтдаг Монгол наадам айсуй. Хурдан шандаст хүлгүүд уяан дээрээ дүүхэлзэж, төрийн наадамд сойгдон буй энэ цаг дор адууны хувьд нэмэлт тэжээл чухал болоод удаж буй. Уяач болгон сойж буй морио хурдан давхиулахын тулд  витамин, тариа, бэлдмэл өгөх нь хэвийн үзэгдэл болжээ. Бид үүнтэй холбоотойгоор “Нарантуул” захын замын урд байрлах малын эмийн сангуудаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

“Нарантуул” захын урд талд малын эмийн сан гэсэн хаягтай 15 газар байдаг юм байна. Наадам болох гэж байгаа тул хөдөөнөөс ирсэн олон уяач харагдана. Эмийн сан бүрийн хаалгыг татаж, аль сайн гэсэн бүтээгдэхүүний үнийг судалж яваа хүн ч байна. Авах зүйлээ хэзээний мэддэг болсон уяач ч байв.

“Хурд” тэжээлийг нэг адуу 16 хоног иддэг

“Аавын хүү наадах шилтэй тариагаа юм мөргүүлээд хагалав. Битгий савлуулаад бай” хэмээн мөрөн дээрх шуудайтай зүйлээ даахгүй шахам яваа нэгэн залуутай таарав. Тэрбээр, арав орчим жил мал маллахынхаа хажуугаар морь уяж байгаа гэнэ. Харин өчигдөр Төв аймгаас уяж буй мориндоо нэмэлт тэжээл авахаар ирсэн байхад нь бид таарсан юм. Энэ тухайгаа  тэрбээр “Намайг Ц.Энхжаргал гэдэг. Коронавирусийн халдвараас үүдэж, наадам болох эсэх нь тодорхойгүй байсан болохоор дөрвөн сард барьсан морьдоо буцаагаад тавьчихсан байлаа. Харин "Наадам болно" гэхээр нь өнгөрсөн долоо хоногоос дахин барьж, уяж эхэллээ. Өвс, ургамал олигтой ургахаа больсон учир сүүлийн жилүүдэд уяж байгаа мориндоо нэмэлт тэжээл, витамин өгдөг болсон.

Өгөхгүй байя гэхээр бусад уяаны мориноос өнгө зүсээрээ ч, хурд, хүчээрээ ч дутууддаг. Зуны цагт уг нь ногоон өвсөөр хооллож болдог байсан юм. Гэтэл өнөөх нь тачирхан ургаж, ямар ч шим тэжээлгүй болсон. Тийм учраас зайлшгүй нэмэлт тэжээл өгдөг болсон. Өнөөдөр (өчигдөр) хөдөөнөөс орж ирээд ганц шуудай “Хурд” тэжээл, тариа, морины хөлд түрхдэг тос авлаа. Ганц гайгүй давхидаг морины маань хөл доголоод болдоггүй. Уг нь Онон манлайгийн оруулж ирдэг шархны шар тосыг түрхээд л байгаа, нэмэр байдаггүй. Өнөөдөр харин дотроос нь уулгах эм, өөр нэг тос авлаа. Мөн “Хурд” тэжээл монголд үйлдвэрлэдэг болохоор үнэ нь арай хямд буюу нэг шуудай нь 38 мянган төгрөг гэдэг. Нэг адуу 16 хоног иддэг” хэмээв.

Сүүлийн үеийн морины уяа өндөр давтамжтай болсон

Уяачдын гол тулгамддаг асуудал нь арайхийн уяж сойж, одоо л давхих нь гэсэн хүлэг нь хөлгүй болчихдог гэнэ. Тийм ч учраас эмийн сангуудийн эм зүйчийн хамгийн их сонсдог асуулт нь  “Морины хөлөнд түрхдэг сайн тос байна уу. Хурдан хугацаанд  яаж эмчлэх вэ” байдаг аж. Мөн мориндоо вакцин хийлгэхгүй бол ханиад хүрэх асуудал хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг гэнэ. Энэ талаар Сүхбаатар аймгийн уяач Ш.Галшарав “Манайх энэ жил цаг үеийн байдлаас болоод хорь орчим морь барилаа. Уяж байгаа адуу болгондоо шаардлагатай бүх бүтээгдэхүүнийг л авдаг.

Бид малын эмчийн заавар зөвлөмжөөр авсан зүйлээ адуундаа өгдөг болохоор ихдэж, багадах аюул бага. Адуутайгаа жилийн дөрвөн улиралд харьцаж байгаа учраас нэмэлт тэжээл, витамин, эрдэс хэрэглэснээр гарч байгаа өөрчлөлтүүдийг хардаг. Сүүлийн үеийн морины уяа өмнөх бодвол өндөр ачаалалтай байдаг болсон. Тэгэхээр, байгалиас авсан хүч тамир нь олон уралдах давтамжийг гүйцэхгүй. Дээр үед хөлөндөө жаахан согог эмгэгтэй, сагагны хажуудаа цус хурсан тохиолдолд намар оройн сэрүүнд усанд сойх эмчилгээ хийдэг байсан. Манайх ч бас сэрүүн орохоор шаардлагатай адуугаа усанд сойдог. Гэхдээ хүмүүс шиг замбараагүй усанд шумбуулж болохгүй.

Энэ арга нь цусны эргэлтийг сайжруулах, нөгөө талаасаа шандас, шөрмөсний гэмтэлд нөлөөтэй гэж үзээд ганц, хоёр адуугаа усанд сойдог. Тэрнээс бүх адуугаа толгой дараалан усанд уяснаар хөл сайжирч, хурд нэмэгдэнэ гэж байхгүй. Манайх адуундаа томуугийн вакцин хавар л хийдэг. Уг нь вакцин хийхгүй байж болно. Цэвэр агаарт байсан адуу хотын захад ирээд л найтааж, ханиад хүрдэг. Тийм болохоор урьдчилан сэргийлэх зорилгоор ханиадны вакцин заавал хийдэг” гэлээ.

Д.Баасанжаргал: Хөлгүй болсон адууг хоёр жил өнжөөхөд шандас, шөрмөс нь хэвэндээ ордог

Зарим уяачдын хувьд ганцхан хүчтэй тариа тариад, сойж буй хүлгээ сум, аймаг, улсын наадам түрүүлүүлэх хүсэлтэй байдаг аж. Энэ талаар малын их эмч Д.Баасанжаргалаас тодрууллаа.

-Уяж байгаа адуундаа нэмэлт тэжээл, олон төрлийн витамин хэрэглэдэггүй уяач ховор болсон. Энэ нь, хэр оновчтой вэ?
-Манайх шиг эрс, тэрс уур амьсгалтай орны адуунд нэмэлт тэжээл, витамин, эрдэс бодис зайлшгүй шаардлагатай. Жилийн дөрвөн улирлын турш өвс, ногоо шим чанартай байдаггүй. Тухайлбал, өвлийн хагдарсан шар өвснөөс шим тэжээл авч чадахгүй. Үүний оронд манайхан овъёос хэрэглэдэг. Овъёосонд зөвхөн уургийн агууламж л тодорхой хэмжээгээр бий. Бусад хэрэгтэй эрдэс бодис байдаггүй учраас зориулалтын тэжээлийн судалгаа, шинжилгээний үр дүнд гаргасан. Бэлчээрт гарахгүйгээр сойж байгаа адуу нь өдөрт авах шаардлагатай нүүрс ус, уураг, ккл, өөх тос гээд бүгдийг багтаасан тэжээлийг зөв хэрэглэх ёстой.

Адуу зундаа ногоон өвсөөрөө уралдаж болно. Харин өвөл, намар, хавар зайлшгүй нэмэлт тэжээл хэрэглэх ёстой. Ялангуяа, уралдааны морины хувьд хэдий чинээ ажил ихтэй байна тэр хэрээр амин дэмтэй бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй. Мөн олон төрлийн өвс тэжээлийн орц найрлагыг нь тооцож, хольж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Харин нэг дор бөөнөөр нь өгөх биш өдөрт гурав, дөрвөн удаа бага багаар хооллох нь зүйтэй.

-Өмнө нь ийм олон төрлийн витамин хэрэглэдэггүй байсан шүү дээ. Одоо цагт ингэж их хэрэглэж байгаа нь юутай холбоотой юм бэ?
-Урьдний уяачид  адууныхаа бүх эрдэс, витаминыг хөлсөөр нь гаргадаг байсан. Уралдааны морины хамгийн сүүлийн хөлсийг үзэхэд сувдан, амтгүй хөлс гарах ёстой гэж үздэг. Бүх, эрдэс бодисыг нь шавхаж дуусгачихаад, тухайн мориныхоо хурд, хүчээр жилд ганц, хоёрхон уралдуулдаг байсан юм. Бие нь нарийсаад, хөл нь тодорхой газар биеэ аваад, уралдах чадвартай болсныг харуулж байгаа явдал. Одоогийн уяачид олон төрлийн нэмэлт витамин, тэжээл хэрэглээд байгаа нь олон уралдуулах зорилготой. Хөлсөөр гарсан бүх эрдэс бодисыг нь нөхөөд байх юм бол олон уралдах боломж бүрдэнэ гэж ойлгож болно. Мөн зориулалтын бодис, витамин хэрэглэсэн адуу холын зайд уралдах боломжтой.

-Уяачдын хамгийн их авдаг бүтээгдэхүүн юу вэ?
-Витамин, тэжээл  голцуу худалдаж авдаг. Эдгээрийг хэрэглэсэн адуу нүдэн дээр нь өнгө зүс ороод байхаар уяач нь тамир, тэнхээ орж байна гэж боддог. Гэтэл витамин бол өөр өөрийн үүрэгтэй. Хүч тамирт ямар ч нөлөөгүй. Тухайлбал, С витамин дархлаа сайжруулдаг бол В-ийн төрлийн витамин тархины цусан хангамж сайжруулна. Эрдэс бодис чухал ач холбогдолтойг манайхан тэр бүр ойлгодоггүй, витамин руу л дайраад байдаг. Эрдэс бодис хэрэглэх нь илүү үр дүнтэй.

-Энэ олон тэжээлийг зохицуулж өгөхгүй бол адууны ходоод гэмтэх аюултай юу?
-Адууны ходоодны дотор талын нэг хэсэг нь салстан бүрхүүлтэй бол нөгөө хэсэг нь бүрхүүлгүй. Саран хэлбэртэй гэсэн үг. Богино ходоодтой, идсэн хоолоо маш хурдан боловсруулдаг амьтан. Бусад мал гүзээтэй байдаг шүү дээ. Тийм болохоор амаар орсон хоол ходоодонд очоод салстаас доош ирээд дахин идэш хоолоо иддэг. Тэгэхээр  ходоодыг хатуу овъёосоор дүүргэснээс ходоодны үрэвсэл, шарх үүсч, архагших аюултай. Мөн уяач нэг дор маш олон төрлийн нэмэлт тэжээл өгч, шарх үүсгэдэг.

Түүнчлэн адуу эрдэс дутагдсанаас болж шороо, хялгас, модны холтос зэрэг боловсрохгүй гаднын биет идсэнээр түгжрэл үүсдэг. Ер нь хүний буруу арчилгаа, тэжээлийн үндсэн зарчмыг алдагдуулснаас болж гэдэс болон хөлөнд оёогтой болох нь элбэг. Мөн манайхны нэг дутагдалтай тал нь мэргэжлийн хүний зөвлөгөөг хүлээж авахдаа бага мөртлөө, хэн нэгний ам дамжсан ярианд амархан итгэдэг. Үнэн худал нь мэдэгдэхгүй, ам дамжсан яриа “Тэр манлай мориндоо тийм юм өгөөд сайн давхисан” гэж ярьдаг. Өөр шинж чанартай, давхилтай, хоёр өөр морин дээр  яг адил эм, бэлдмэл турших гээд байдаг нь буруу юм. Адуу бүр өөр, өөрийн онцлогтой. Тухайлбал, эхний адуу үзүүр дээрээ суудаг бол, нөгөөх нь үзүүртээ таралдаг байх жишээтэй.

-Ид уралдаж, хурдалж байсан адуу хөлийн эмгэгтэй болчихдог тохиолдол цөөнгүй. Хөлгүй болсон адууг ер нь яах ёстой юм бэ. Дахиад уралдах боломж байдаг уу. Юунаас болж хөлийн эмгэг үүсдэг юм бэ?
-Дахиж уралдуулах боломжтой. Хурдны адууны хувьд туурайн эмгэг хамгийн элбэг тохиолддог. Ийм төрлийн эмгэг үүсэхэд, олон шалтгаан бий. Нэгдүгээрт, арчилгаа маллагаа муугаас болж байна. Хоёрдугаарт, жилдээ олон уралддаг. Гуравдугаарт, эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүнийг хэтэрхий замбараагүй хэрэглэж байгаатай холбоотой. Мөч, шандас шөрмөс гэдэг чинь гадна талаараа уутан бүрхүүлтэй, түүн дотор нь шингэн хуримтлагдсан байдаг юм. Энэ нь үеийг чийгшүүлж гулгамтгай байдлыг бий болгодог. Үрэлт бага хэмжээгээр явагдаад эхэлбэл, шингэн бага хэмжээгээр шимэгдэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, шингэн багасдаг. Тэгэхээр адууг олон уралдуулаад ирэхээр өнөөх шингэн нь  бага, багаар шимэгдсээр яваандаа бэртэж, гэмтэхэд нөлөөлдөг. Мөн уралдаад ирсэн адууныхаа хөлийг амрааж, сайн гишгүүлэхгүй байна. Хэсэг алхуулаад, хөлс хатсан бол аваачаад уячихдаг. Тэгвэл, бага хэмжээнд бэртэж, гэмтсэн байлаа гэхэд тэнд байнгын үрэвслийн процесс явагдаад эхэлдэг. Яваандаа энэ нь томорсоор, хөлгүй болоход нөлөөлдөг. Морь уралдаад ирэхэд хөлөнд нь кампертай, гаатай тос түрхдэг шүү дээ. Энэ бол эсийн концентрацыг өөрчлөх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хуримтлагдсан шингэнийг гадагшлуулж, сорвижилт үүсэхээс хамгаалдаг тос байгаа. Хөлний бэртэл гэмтлийн үед амраахаас өөр сайн эмчилгээ байхгүй.

Гэмтлийн шинж тэмдэг илэрсэн бол даруй арга хэмжээ авах ёстой. Жишээлбэл, хөл нь хавдлаа гэхэд өвдөлт намдаах тариа хийгээд, гадна талаас нь концентрац өндөртэй, кампертай шингэн, гаатай тосыг түрхэж, шингэнийг гадагш нь татаж авснаар үрэвсэл багасна. 12-24 цагийн дотор доголын эмчилгээг эхлүүлээд, амраах хэрэгтэй. 1.6-2 жил өнжөөхөд шандас, шөрмөс буцаад хэвэндээ орох магадлалтай гэж үздэг. Ер нь, адуугаа олон уралдуулъя гэж бодож байгаа бол өнжөөж, амраах л хэрэгтэй. Шандас шөрмөс нь цусны судал байхгүй учраас эдгэрэх процесс удаан байдаг юм. Тэгэхэд манайхан дөнгөж гайгүй болж эхлэхэд нь, ахиад барьж аваад уячихдаг. Үүнээс болоод морины туурайн бэртэл хүндрээд, хөлгүй болох аюултай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид