Улаанбаатар 1c

Тэнүүн-Огоо компанийн автобус осолдож, жолооч нь эмнэлэгт ухаангүй байна

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс осол гарсан байж болзошгүй

Чингэлтэй дүүргийн XIX хороо буюу Шадивлангийн I гудамжинд нийтийн тээврийн автобус айлын хашаа мөргөн осолдож, жолооч нь хүнд гэмтсэн хэрэг гарчээ. 22 дугаар чиглэлийн автобус нь Тэнүүн-Огоо компанийн нийтийн тээвэр юм байна. Ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээллээр хэргийг сурвалжиллаа. Шадивлангийн эцсийн буудлаас төв зам руу уруудах хэсэгт уг осол болжээ.

Биднийг хэргийн газарт очиход төв замын баруун хэсэгт байрлах блокон хашааг хажуугаас нь том оврын машин дайрч, урд талынх нь хашааны хаалгыг мөргөж, грашинд тулаад зогссон мөр тод үлджээ. Блокон хашааны урд хэсэг болон, зүүн, урд талд байрлах хүнсний дэлгүүртэй хашааны хойд хэсгийг мөн  мөргөжээ. Автобус мөргөсөн хашаанд хүн амьдардаггүй юм байна. Уг осол нь зургадугаар сарын 8-ны 23:00 цагийн орчимд болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа.

ЦАГ ОРОЙ БОЛЖ, ХӨЛ ХӨДӨЛГӨӨН БАГАССАН УЧРААС ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЭГҮЙ

Энэ талаар тус хорооны иргэн Б.Түмэн-Өлзий “Манайх энд ахынхаа дэлгүүрийг ажиллуулаад жил орчим болж байна. Осол гарсан өдөр азаар  манайхан бүгд гэртээ байгаагүй юм. Дэлгүүр хаах цаг өнгөрчихсөн учраас ойролцоо байдаг дүүгийнхээ гэр рүү явцгаасан. Бага охин минь тэр өдөр юу болсон юм бүү мэд гэнэт айл руу яваад өгсөн. Ингээд ажлаа дуусгаад хүүхдээ авахаар явсан хойгуур энэ осол болсон байна лээ. Намайг дүүгийндээ очоод удаагүй байхад “Осол гарлаа” гэж хүн утсаар хэлсэн. Тэр үед цаг орой болж, хөл хөдөлгөөн багассан учраас азаар хүний амь нас эрсдээгүй.

Гэхдээ жолоочийнх нь бие нэлээн тааруу байсан. Ойр орчмын хүмүүс арай гэж түүнийг автобуснаас нь гаргасан гэсэн. Бие нь их зовиуртай байгаа бололтой сонин дуугараад байсан. Цагдаа, онцгойгийнхон нэлээд удаж байж ирсэн. Осол болсноос бараг цагийн дараа ирсэн байх. Эцсийн буудлаас эргэж, төв замтай нийлэхдээ маш эрчтэй ирсэн гэж харсан хүмүүс нь хэлж байна лээ. Зам дагуу дэлгүүрийн хажууд тавьсан машиныг хальт шүргээд уруу газар руу маш хурдтай өнхрөөд ороод ирсэн гэсэн.

Жолооны хүрд  нь удирдлагагүй болсон уу, тоормос нь гацсан уу бүү мэд их л эрчтэй орж ирсэн нь тодорхой. Блокон хашаанд байсан ТҮЦ-ийг дайраад манай грашинд тулаад зогссон байгаа юм. Би уг нь грашийнхаа урд хэсэгт машины тавьдаг. Хэрвээ тэр өдөр тавьсан бол миний машин араас орж ирэхээр байсан. Ослын дараа хэмжилт хийнэ гээд цагдаагийн байгууллагаас төлөөлөгч ирээд явсан. Яг мөргөсөн хашааных нь хүмүүс хааяа ирдэг юм. Тэр өдөр 23:00 цаг хүртэл гэртээ байж байгаад явсан юм билээ” гэлээ.

Автобус юунаас болж осолдсон талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн өдөр автобусны тоормос нь ажиллахаа больж, засварчин дээрээ очсон гэнэ. Автобусны бааз нь осол болсон газраас нэг километр хүрэхгүй газар байдаг юм байна. Бааз дээр нь очвол бүх автобус нь үйлчилгээндээ гарсан бололтой том хашааны хаалгыг цэлийтэл дэлгэж, грашнуудын үүдийг хаасан байлаа. Баазын хашааны баруун хойд хэсэгт шалгах механик нь суудаг бөгөөд тэд өглөө болгон зогсоолоос хөдлөх автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж, үйлчилгээнд явуулдаг гэнэ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн, шалгах механик гэх эмэгтэй “Тухайн өдөр осолд орсон автобус ном журмынхаа дагуу шалгуулаад гарсан.

Надаас өөр шалгах механик байсан учраас би нарийн хэлж мэдэхгүй юм байна. Гэхдээ зүгээр байсан болоод л өдөр шугамандаа явж байсан байж таараа. Манай төв баазад ерөнхий инженер гэж бий. Тэр хүн бүгдийг нь хариуцдаг. Төв бааз нь Гурвалжингийн гүүрэнд байдаг” гэлээ. Ингээд бидэнд өглөө бүр шалгалтын хуудас гэж бөглөдөг талаараа танилцуулж, автобусны эд анги ангийг эгнүүлэн бичсэн цаас үзүүлэв. Энд автобусны эд ангитай холбоотой бүх үйл ажиллагааг бичжээ. "Тухайн өдөр автобусны жолоочийн тоормос нь ажиллахгүй бааз дээрээ засуулахаар ирсэн юм биш үү" гэх асуултад “Манайх засварыг нь хариуцдаггүй. Төв баазад засвараа хийлгэдэг. Энд зөвхөн автобусаа байршуулаад өглөө жолооч нар ирж авдаг юм. Ер нь бүгд хуваарийн дагуу буух ёстой.

Тухайн автобус хамгийн орой буюу 22:40 минутад ээлжээсээ буух хуваарьтай байсан. Зуслангийн замын түгжрэлээс болоод 23:00 цаг хүргэж байж эцсийн буудал дээр очдог юм. Автобус уруудаж ордог зам нэлээд уруу, уулнаас бууж ирдэг зам шүү дээ. Ослын дүгнэлт гараагүй учраас бид хамаагүй мэдээлэл өгч болохгүй. Өдөр автобусаа засуулсан эсэхийг нь жолооч нь хэлэх байх. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дуут дохио, хурд хэмжигч, жолооны хүрдний ажиллагаа, тоормосны шингэн эд анги дамжуулах ангийн зэргийг бүгдийг нь шалгадаг. Техник нь шаардлага хангасан болоод л өглөө үйлчилгээнд нь гаргасан байлгүй дээ. Тухайн автобус өмнө хэвийн үйлчилгээнд явж байсан. Тодорхой мэдээллийг төв баазаас авах хэрэгтэй” гэв.

“АЖИЛД ОРОХОД ТООРМОС НЬ МУУ БАРЬДАГ АВТОБУС ТААРСАН ГЭСЭН”

Осолд орсон жолооч дөрвөн хүүхэдтэй эмэгтэй жолооч юм байна. Тус компанид ажиллаад 10-аад жил болж байгаа. Жолооч Б нь төрөөд ээлжийнхээ амралтыг авч, жил гаруйн  дараа ажилдаа орсон байна. Харамсалтай нь, ажилдаа ороод долоо ч хонолгүй осолд орсон нь энэ. Энэ талаар түүний дүү  Ц.Амарсайханаас тодрууллаа.

-Осол болсон талаар та хэзээ мэдээлэл авсан бэ?
-Өнгөрсөн даваа гарагт энэ осол болсон. Шадивлангийн эцсээс уруудах замд буюу “Ойн жим” амралтын газрын ойролцоо осолдсон байна лээ. Осол гарснаас 20 гаруй минутын дараа манай хүргэн ах энэ талаар мэдсэн байсан. Тэдний гэр нь ойрхон байдаг юм. Компанийнх нь хүмүүс цагдаа, хууль хяналтын байгууллагад хэргийг шалгуулж байгаа гэж бидэнд хэлсэн.

-Өвчтний биеийн байдал ямар байна вэ?
-Биеийн байдал нь маш хүнд, норкозонд байгаа. Осолд орсныхоо дараа хоёр хагалгаанд орсон. Нэг нь эрүүний хагалгаа байсан. Эрүүний яс нь хугарч, хэд нь амьсгалыг нь боох эрсдэл өндөр байна гээд яаралтай хагалгаанд оруулсан. Дараа нь гарын шууны  мэс засалд орсон. Одоо ухаангүй, амьсгалын аппараттай байна. Томографын зураг авахуулах гэхээр болохгүй. Бие нь битүү хавдартай.

Биеийн ихэнх хэсэг нь гипстэй байгаа учраас томографынх нь төхөөрөмж рүү орох боломжгүй гэсэн. Баруун гар нь хоёр, зүүн гар нь нэг, хөл нь бас хугарсан. Хэд хэдэн хагалгаанд орох шаардлагатай гэж байгаа ч биеийн байдлыг нь ажиглаж байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Хэзээ сэргэхийг нь бид мэдэхгүй. Сэргэлээ гэхэд эрүүл, саруул эдгэхийг нь хэлж мэдэхгүй шүү дээ. Уушги нь бяцралттай, цус нь шимэгдэхгүй байгаа учраас амьсгалын аппаратнаас салгаж болохгүй гэсэн.

-Эгч нь ажилдаа ороод удаагүй байхдаа осолдсон юм байна шүү дээ?
-Тийм. 2011 онд тус компанид ажиллаж эхэлсэн. Анх автобусны кондуктор хийж байсан юм. Ингээд дөрвөн жилийн өмнө жолооч болсон. Сая бол төрөөд нэг жил зургаан сарын дараа ажилдаа орсон юм. Ажиллаж эхлээд гурав, дөрөв л хоносон байх. Ажилдаа ороход тоормос нь муу барьдаг автобус таарсан гэдгийг ажилчид нь хэлсэн. Жолооч нар нь автобусаа ээлжилж барьдаг юм билээ. Тэгээд л тэр тоормос муутай автобус дээр хуваарилагдсан гэсэн. Уг нь тоормосоо янзлуулсан гэж байгаа ч олигтой янзлаагүй нь тодорхой байгаа биз.

-Ам бүл  хэдүүлээ юм бэ?
-Эгч минь дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь ой зургаан сартай,  гурав, найман настай хүү, 13 настай нэг охинтой. Компанийн зүгээс шаардлагатай эм, тариа, дэвсдэг живх зэргийг нь авч өгч байна. Гэхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаж өгөөгүйгээс нэг айлын амьдрал хэцүүдчихлээ шүү дээ. Гэтэл компанийн удирдлагууд нь “Манайхтай холбоотой янз бүрийн мэдээ гарсан байна. Та нар хэвлэлийнхэнд битгий итгээрэй. Эхний ээлжинд хүнээ эрүүл саруул болгох арга хэмжээ авна” гэж байна лээ.

-Осол болсноос хойш долоо хоног өнгөрсөн байна. Ослын шалтгаан тогтоогдоогүй байна уу?
-Бидэнд ямар ч мэдэгдсэн юм одоогоор алга. Бид ч яахаа мэдэхгүй байна. Ослын дараах өдөр нь замын цагдаагаас нөхөртэй нь холбогдож, автобусанд үзлэг шинжилгээ хийхийг зөвшөөрч, дараагийн байгууллагад шилжүүлэх бичигт гарын үсэг зуруулсан гэсэн. Компанийнх нь зүгээс “Бид хуулийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын дүгнэлтийг хүлээнэ. Хуулийн дагуу ажиллана” гэсэн тайлбар өгсөн.

-Ар гэрийн байдал нь ямар байгаа вэ. Хүүхдүүдийг нь харж, асрах хүн бий юү?
-Хүүхдүүдийг нь би харж байна. Бага хүүхдээ хөхнөөс нь гаргах гээд түр хөдөө явуулчихаад буцаагаад аваад ирсэн байсан юм. Том охин нь осолд орсныг нь мэдэж байгаа. Гэхдээ бие нь ийм муу байгаа гэдгийг нь мэдэхгүй. Бага хүүхдүүд нь “Ээж яагаад гэртээ ирэхгүй байгаа юм" гэж байнга асууж байна. Бид ажлынхантайгаа зугаалгаар явсан гэсэн гэлээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Чингэлтэй дүүргийн XIX хороон нутагт энэ сарын 8-ны 23:50 цагт Тэнүүн-Огоо компанийн автобусны жолооч тус хорооны 1.28 тоот хашааг мөргөсөн осол гарсан. Ослын улмаас 38 настай Б нь гэмтсэн. Тухайн өдөр ТЦА-нд 235 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 168, хүн гэмтсэн 17 дуудлага бүртгэгдсэн байна. Автобус осолдсон талаар хэрэг  бүртгэл нээж, шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ ӨГСӨН  НЬ ҮНЭН ЮМ БОЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАХ  ХЭРЭГ БАЙНА УУ

Тэнүүн-Огоо компанийн төв баазтай дээрх хэргийн талаар тодруулахаар холбогдсон боловч, “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Осол юунаас болж гарсныг тогтоогүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм. Тус компанийн ашиглалт хариуцсан инженер н.Бат-Оргил “Тухайн автобус чиглэлийнхээ дагуу үйлчилгээндээ хэвийн явж байсан. Бид ослын талаарх мэдээлэл өгөх боломжгүй. Осол гарахаас өмнө шугамандаа хоёр эргэлт  явсан байгаа юм. Илүү мэдээлэл өгөх боломжгүй гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

"Ниргэсэн хойно нь хашхирав" гэгчээр техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаж өгөхгүй үйлчилгээнд гаргачихаад ийм тайлбар хэлж буй компанийн удирдлагаас хариуцлага нэхье. Үнэхээр техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, засвар үйлчилгээг нь хангаж өгсөн бол мэдээлэл өгөхөөс татгалзаж, бултах хэрэг байна уу. Жолоочийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр байхад “Хуулийн байгууллагад шалгуулж, асуудлаа шийдвэрлүүлнэ” гэж байгаа Тэнүүн-Огоо компанийнхан хариуцлагаасаа зугтах гэж байна уу. Нийтийн тээврийн чанар үйлчилгээг сайжруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйлчилгээнд явуулдаг болмоор байна. Өвлийн хүйтэнд автобус нь замын дунд зогсоод зорчигчдоороо түрүүлдэг дүр зураг ч хаа сайгүй. Тэр бүү хэл үйлчилгээнд явж байсан автобус шатаж байсан тохиолдол ч бий.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид