Улаанбаатар 1c

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж чаддаг уу

Чингэлтэй дүүргийн ХIХ хороо Шадивлангийн I гудамжинд “Тэнүүн огоо” компанийн 22 дугаар чиглэлийн нийтийн тээврийн автобус айлын хашаа мөргөсөн осол зургадугаар сарын 8-нд гарсан. Азаар хүний амь эрсдээгүй ч жолооч нь ноцтой гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор биеийн байдал нь хүнд, ухаангүй байгаа. Ослын шалтгааныг бүрэн тогтоож дуусаагүй байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлснээртухайн өдөр автобусны тоормос нь эвдэрч, засварчин дээрээ очсон. Өөрөөр хэлбэл тухайн автобус  эвдрэлтэй байсан ч үйлчилгээнд гаргасан гэсэн үг юм.

Тиймээс бид нийтийн тээврийн автобусны бүрэн бүтэн байдлыг ямар давтамжтай шалгадаг, шалгалтыг ямар журмаар явуулдаг, үүн дээр хяналт тавих ёстой байгууллага хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны компаниудад хяналт тавьж, өглөө бүр техникийн бүрэн бүтэн байдлыг нь хянаж, жолоочоор нь гарын үсэг зуруулж гаргадаг гэх тайлбарыг өгч байна. Гэвч энэ хариулт нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд нийтийн тээврийн автобусны бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас  хэд хэдэн осол гарч байсныг эргэн сануулъя.

2015 оны есдүгээр сарын 5-нд Гэсэр сүмийн уулзвар дээр автобусны тоормос эвдэрч, замын хажууруу орсон. 2016 оны гуравдугаар сарын 29-нд “Тэнүүн огоо” компанийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ зам дээр шатсан. 2019 оны нэгдүгээр сарын 18-нд Улаанхуарангийн эцэст мөн л автобус шатсан.

Уг ослууд нь автобусны тоормос эвдэрсэн, цахилгааны гэмтэлтэй байснаас болж гарсан байгаа юм. Нийслэлд үйлчилж буй нийтийн тээврийн автобуснуудын 60 гаруй хувь нь актлагдсан буюу хуучин автобуснууд байдаг гэх бөгөөд жолооч нар өглөө баазаасаа гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа шалгасан ч нэгэнт хуучин автобус учраас гэнэтийн эвдрэл ихтэй байдаг.

Нийслэлийн 700-900 мянган иргэн өдөр тутам автобусаар үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг автобусанд өдөрт давтагдсан тоогоор 1000-1500 хүн үйлчлүүлдэг гэсэн үг. Гэтэл хуучирсан,эсвэл техникийн шаардлага хангахгүй автобуснууд үйлчилж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид