Улаанбаатар 1c

Монгол төрийн “эрүүгийн нөхцөл байдал” хүндэрчээ

Гэмт хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхээ сонгуулийн төв байгууллагаас аван өрсөлдөж буй. Өнөөдрийн байдлаар тэдний зургаа нь алхах газар хязгаартай, амьсгалах агаар хориотой торны цаана сууж байна. Хэдий баригдаж, хоригдсон ч нэгэнт нэр дэвшигчээр бүртгэгдэж, үнэмлэхээ авсан тэдний сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр байгаа. Сонгуулийн өдрөөс наана суллагдахгүй байлаа ч тэд энэ сарын 24-нд иргэдийн саналыг авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, шоронгоос УИХ-д сонгогдох бүрэн боломжтой. Ийм хачин жигтэй сонгууль дэлхийн бусад оронд болдог, эсэхийг мэдэхгүй юм. Монгол Улсад лав урд өмнө ийм “эрүүжсэн” сонгууль болж байгаагүй.

“Эрүүжсэн” сонгуулиар дахиад “эрүүжсэн” парламент бүрдэх нь

Хуулийн байгууллагынхан нэр дэвшигчдийг хорих салхиа Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяраар хагалсан. Түүнийг нэрээ дэвшүүлэх материалаа бүрдүүлэн СЕХ-нд хүргүүлээд, нэр дэвшигчийн үнэмлэхээ хараахан аваагүй байхад нь буюу тавдугаар сарын 28-нд баривчлан хорьсон. Н.Номтойбаярыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэн, үнэмлэх олгосон тул аав нь сурталчилгааг нь хийж яваа.

Түүний дараа өнгөрсөн пүрэв гарагт Сэлэнгэ аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, дэнчин төлөөгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих арга хэмжээг авсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд буй юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаад хоригдсон гурав дахь хүн нь XXVIII тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшиж буй Х.Бат-Ялалт. Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт буруутган яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ лхагва гарагт Х.Бат-Ялалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, дэнчин өгөөгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргаж, баривчлан хорьсон.

Харин өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй С.Баярцогт, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд нарыг мөн л дэнчингээ төлөөгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 22-ыг хүртэл хорих шийдвэр гаргаж, шүүх танхимаас хорих анги руу ачив. Тэднийг “Оюутолгой”-н гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй юм.

Энэ олон бариа тавиа нь сонгуулийн бохир өрсөлдөөний нэг хэсэг, бас тодорхой хууль зөрчсөн үйлдэл. Тэр талаас нь харвал, баригдсан хүмүүсийг өмөөрмөөр авч баригдсан хүмүүс нь бас өөрсдөө шаазгай суух овоогоо босгочихсон нөхөд билээ. Товчхондоо, Монголын төрийг түшиж буй хүмүүсийн “эрүүгийн нөхцөл байдал” тун хүндэрсэн нь сонгуулиар ийн тодорч байгаа хэрэг.

Өнгөрсөн дөрвөн жилд 20 шахам гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдсөн

УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх бол монгол төрийн халдашгүй байдал хэмээн ойлгуулж, дархлахаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд оролдож, хичээж ирсэн нь өнгөрсөн дөрвөн жилд юу ч үгүй нурж унасан гэж болно. 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болсон 76 хүний 20 шахамынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 2016-2020 оны парламентад хөндөгдөж, гишүүдээ ялтан болгож үдэх үү, ямар ч хэрэг хийсэн хамгаалж үлдэх үү гэдгийг шийдэхэд УИХ хамаг цагаа зориулсан.

УИХ хууль батлах учиртай алтан цагаа хүчин, хулгай, хүн амины хэргийн талаар хэлэлцэж өнгөрөөв. Үр дүнд нь 76 гишүүний гурав нь буюу Д.Гантулга, Н.Номтойбаяр, Б.Батзориг нар хугацаанаасаа өмнө бүрэн эрхгүй болж, Д.Гантулга, Н.Номтойбаяр тэргүүтнүүд өдгөө торны цаана сууж байна. Мөн хэзээ мөдгүй ял авахад бэлэн, яллагдагчаар татагдсан гишүүн Б.Батзоригоос эхлээд нэг бус. Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд мэтийн арваад хүн хуулийн байгууллагад дуудагдсан ч одоохондоо бүрэн эрх хэмээх хана цайзны ард нуугдаж суугаа. Энэ үзүүлэлтээр нь 2016-2020 оны парламентыг “хамгийн эрүүжсэн парламент” гэхэд болохгүй зүйл үгүй.

УИХ-ын гишүүд өмнө нь янз янзын хэрэгт мэр сэр нэр холбогдож байсан л даа. Гэхдээ арай ч хүчингийн хэргээр ял шийтгүүлж, ичимдэг эрхтнээ олон нийтэд харуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангатлаа ёс зүйн доройтолд орчихоогүй байв. Харин энэ удаагийн парламентын өнгөн дээр ийм хэрэг хэд хэдээрээ гарлаа. 
Татвар төлөгчдийн бүсийг чангалж, хэтэвчийг нь сэгсрэн байж цуглуулсан төсвийн хөрөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-д хуваарилсан мөнгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэрбум тэрбумаар нь хуваагаад авчихсаныг сэтгүүлчид ил болгосон.

Төрийн дээр сандайлсан луйварчдын хоорондын дажин тогоондоо багтахаа больж, нэг нь нөгөөгийнхөө бөгсийг ухах гэж задалсан мэдээллээс Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Г.Солтан, О.Батнасан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Б.Жавхлан тэргүүтэй 50-иад гишүүн сангийн мөнгийг хувааж авсан нь тодорхой болсон. Тэдэн дунд жилийн гурван хувийн хүүтэй уг мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан иргэдэд 30- 40 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүлсэн гишүүн ч цөөнгүй.

Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бүлэглэж, үгсэн хуйвалдаж байгаад төрөө тоносон төрийн түшээдийн олонхын нэр өдгөө мартагдан бүдгэрч, цөөн хэд нь хууль шүүхийн байгууллагаар явж буй. ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан зээл авсан хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын нэр бүхий 13 гишүүний хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар АТГ мэдээлсэн. Энэ асуудал яаж дуусах, шүүхэд шилжсэн 13-аас бусад нь хэрхэх гээд тодорхойгүй зүйлс ЖДҮХС-г цөлмөсөн хэргийн эргэн тойронд байсаар байгаа.

Тусгай хамгаалалттай Төрийн ордонд хүн амины учир битүүлэг хэрэг гарсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү эрүүл саруул, инээж ороод буцаж гараагүй тэр өдөр түүнтэй уулзсан гишүүдийг сэжиглэн шалгаж буй талаар мэдээлэл цацагдсан.  УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкандаа Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, АШУҮИС-ийн дөрвөн тэрбум, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөгийг бөөгнүүлж байгаад “залгисан”. Банкаа дампуурахын өмнөхөн 99.97 хувийг нь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж байснаа дампуурсных нь дараа “Надад “Капитал” банкны нэг ч хувьцаа байхгүй” хэмээн мэлзсэн Б.Ундармааг ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан мөнгөө "Капитал” банкаараа дамжуулан “угаасан” байх магадлалтай гэж үзэн хуулийн байгууллага шалгаж байгаа.

Ингээд тоочоод байвал, 2016-2020 оны мөчлөгт ажилласан УИХ-ын 76 гишүүнд хэрэгт холбогдоогүй хүн цөөхөн үлдэхээр байгаа тул “эрүүжсэн” парламент гэж буй юм. Энэ УИХ-ын халааг авах дараагийн парламентад сонгогдохоор нэр дэвшиж буй хүмүүсийг тойрсон асуудал, бариа тавиаг анзаарахад “эрүүгийн нөхцөл байдал” дээрдэнэ гэж итгэж хүлээхэд бэрх харагдана. Ер нь Монгол төрийн “эрүүгийн нөхцөл байдал” тун хүндэрчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид