Улаанбаатар 1c

Эмзэг бүс: Цар тахлаас хамгийн их хохирох улс орнууд

Дэлхийн олон оронд тархсан цар тахалтай Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд, иргэд хамтдаа тэмцэж байна. Гэхдээ коронавирусийн халдварын улмаас хамгийн их хохирох, эмзэг улсууд бол Йемен, Гаити, Афганистан, Венесуэл зэрэг орнууд бөгөөд олон улсын байгууллага үүнд анхаарлаа хандуулах ёстойг “Прожект Синдикат” онцолжээ. 

Коронавирусийн халдвар улс орнуудын эдийн засаг, бизнес, иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, Засгийн газрын үйл ажиллагаа, онцгой нөхцөлд шийдвэр гаргах чадвар зэрэг олон нөхцөл байдлаас үүдэн зарим нь цар тахалд урьдчилан бэлдэж, хохирол багатайгаар даван гарч буй. Гэхдээ цар тахалтай тэмцэх нөхцөл боломж үгүй, хурдацтай тархвал гамшгийн хэмжээнд хүрэх, эмзэг улс орнууд ч бий.  Йемен, Судан, Гаити, Сьерр-Леоне, Мьянмар, Афганистан, Венесуэл зэрэг орнуудад цар тахал эхлэхээс ч өмнө олон асуудал байсан.

Ядуурал, иргэний дайн, улс төрийн хагарал, зөрчил, авлига, терроризм газар авсан эдгээр орнуудыг цар тахал бүр нэрмэж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна. Дээр дурдсан орнуудын дийлэнхэд нь ийм онцгой нөхцөл байдалд оновчтой шийдвэр гаргах Засгийн газар, засаглалын институц алга. Мөн хөл хорио болон бусад дэглэмийг сахих, аюулгүй байдлыг хамгаалах хууль сахиулах хүчин үгүй. Бүр халдвар авсан хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх бүтэц, байгууллагагүй нь ч бий. Европт  эрчимт эмчилгээний үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн 4000 ор нэг сая хүнд ногдож байхад Африкийн олон оронд нэг сая хүний тавд нь л эрчимт эмчилгээ хийж чадна. Малид л гэхэд орон даяар ганцхан ийм тасаг бий. 

Үүний зэрэгцээ иргэний дайн, бүсийн чанартай мөргөлдөөн, авлига, улс төрийн тогтворгүй байдлын улмаас Засгийн газарт иргэдийн итгэх итгэл маш сул. “Эмзэг” орнуудад хүмүүс ажил эрхэлж, цалин авч, гэр бүлээ тэжээж, боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах хэвийн тогтолцоо бараг алга. Газарзүйн онцлог, дэд бүтэц зэрэг хүчин зүйл, энгийн иргэд нь гадаадаас тусгаарлагдсан зэрэг нөхцөл шалтгааны улмаас дээрх орнууд коронавирусийн халдвар тархах нь бага байв. Гэвч сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Судан, Өмнөд Судан, Сомали болон  Йеменд халдварын тохиолдол, нас баралтын тоо огцом өсөж буй. 

Цар тахлын ард гарлаа гэхэд хөл хорионы улмаас эдийн засаг, бизнес нь улам хүнд нөхцөлд орж болзошгүй. БНХАУ тэргүүтэй хүчирхэг эдийн засагтай орнуудын зах зээл агшиж, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш унаж байхад хүнсний бүтээгдэхүүнээ импортоор авдаг орнуудын хувьд бол өлсгөлөн нүүрлэхэд ойрхон.  Ядуу буурай, цар тахлын улмаас хамгийн хохирол амсах орнуудын асуудал зөвхөн тэдний асуудал биш. Бүс нутгийн аюулгүй байдал, цагаачлал, дүрвэгсэд, терроризм зэрэг бусад орнуудад ч үзүүлэх нөлөө нь төсөөлснөөс хавьгүй их. 2030 он гэхэд дэлхийн ядуу, зүдүү хүмүүсийн бараг тал хувь нь эдгээр улс орнуудад амьдрах болно гэсэн таамаглал биелвэл нөхцөл байдал улам дордож ч мэднэ. 

Өндөр хөгжилтэй орнуудын удирдагч, сайд нар, дипломатч, бизнес эрхлэгчид, эрдэмтэд болон олон улсын байгууллага үүнд анхаарлаа хандуулж, эгзэгтэй энэ нөхцөлд хэрхэн ажиллах, цар тахлаас сэргийлэх ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөх хэрэгтэй байна. Одоогоор тэдгээр орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудал бол нийгмийн халамжийг хурдан, хүртээмжтэй болгох.  Мөн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо хангах нөхцөл бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Сьерр-Леоне өмнө нь будаа тариалдаг байсан ч сүүлийн 10 жилийн хугацаанд импортоор авч буй. 

Үүний зэрэгцээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилга, эм бэлэн болоход тэгш хүртээмжийг чухалчлах шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнууд хамгийн түрүүнд эм, тарилгыг худалдан авч, иргэдээ хамгааллаа гээд асуудал шийдэгдэхгүй. Даяаршсан өнөөдрийн нөхцөлд нэг оронд тархсан вирус, халдварт өвчин, тив дэлхийд тархан бүгдэд хамаатай асуудал болж байгааг бид харж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид