Улаанбаатар 1c

Их хотуудын ирээдүй

Цар тахлын улмаас хотоохон хотуудын эдийн засаг хэр хэмжээний хохирол амсав? Их Британийн нийслэл Лондон хотын албан байгууллага, бизнес, үйлдвэр, үйлчилгээний газруудын 15 хувь нь одоогоор л ажиллаж байна. Коронавирусийн халдвар, хөл хорионы улмаас тус хотын төсвийн орлого багасаж, үйлчилгээний чанар муудан, гэмт хэрэг гарах нь ихэссэн гэх мэдээлэл бий. Хөлд хорио  тавигдаж, хэвийн амьдралдаа эргэн ороход том хотууд ямар байх вэ гэдгийг “The Economist” онцолжээ. 

Саяхныг хүртэл дэлхийн том хотуудын хөгжил цаг, мөчтэй уралдан урагшилсаар байв. Нью-Йорк, Лондон, Парис илүү баян, хөгжсөн, бизнес, эдийн засгийн төв болон дэвжиж буй. Шинэ зууны эхээр санхүүгийн хямрал, террорист халдлага, улс төрийн популизм зэрэг хүчин зүйл том хотуудын хөгжилд нөлөөлж байсан ч жил ирэх тусам хаяагаа тэлж, хөгжиж, технологийн дэвшлүүдийг бүх л салбартаа  нэвтрүүлсээр байсан. Харин цар тахлын дараа их хотын амьдрал өөрчлөгдөх үү? Тийм бол хэрхэн өөрчлөгдөх вэ? 
АНУ-ын хүн амын гурван хувь нь оршин суудаг Нью-Йорк хотод цар тахлын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна. Одоогоор Нэгдсэн Улсын хэмжээнд бүртгэгдсэн нас баралтын 19 хувь нь тус хотод ногдож буй юм. Францад коронавирусийн улмаас нас барсан дөрвөн хүн тутмын нэг нь Парис болон тус хот орчмын оршин суугчид байна. Харин Лондонд албан байгууллага, бизнес, үйлчилгээний газрын 15 хувь нь л хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй. Хөл хорио, тусгаарлалтын дэглэм тогтоосны дараа хүмүүс томоохон хотод бус зайдуу тосгон суурин, хөл хөдөлгөөн багатай хотод суурьших нь ч нэмэгдлээ.

Орчин цагийн том хотууд бол зөвхөн эдийн засгийн хөгжлөөрөө ч тэргүүлж буй юм биш. Томоохон хотуудад урлаг соёл, спортын алдартнууд, лидерүүд төвлөрдөг. Цар тахлын улмаас энэ бүх төвлөрөл саарлаа. Уран бүтээлчид, бизнесмэнүүд ч, технологийн салбарынхан ч гэрээсээ, зайнаас ажиллаж, зарим нь хөл хорио тавигдсаны дараа ч ийм горимд ажиллана гэж мэдэгдэж байна. Хэрэв ингэвэл том хотуудын кофе шоп, ууш, зоогийн газрууд болон бусад үйлчилгээний төвүүд ажилчдынхаа тоог цөөлж таарна. Ерөөс хүн, автомашин, үйлчилгээний төвлөрөл бүхэлдээ саарвал санхүүгийн хувьд хотууд хүнд нөхцөл байдалтай нүүр тулах нь. Тухайлбал, Нью-Йорк хотын төсөв ойрын хоёр жилд найман тэрбум ам.доллараар багасаж магадгүйг хотын захиргаа мэдэгдэж буй. Төсвийн орлого багасна гэдэг ажилгүйдэл, ядуурал, үүнийг дагасан гэмт хэрэг нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг. 

Гэхдээ улс орон, ард түмний амьдралд  чухал үүрэг гүйцэтгэгч мегаполис хотууд шинэ нөхцөл байдалд дасан зохицох боломж бас бий. Тухайлбал, оршин суугчдын нягтаршил багасвал нийтийн тээвэр, автомашины замын оронд дугуйн зам тавих, оффисийн олон тооны барилгыг хүмүүсийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болгож болно. Түгжрэл буурч, агаар цэвэршиж, стресс багасах зэрэг төвлөрлийг дагасан олон асуудал аяндаа шийдэгдэх нөхцөл ч бүрдэнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид