Улаанбаатар 1c

Бэлхийн гудамжийг гэрэлтүүлсэн цэцэрлэгч

Өнөө цагт тохилог сууцанд аж төрөхийг хүссэн залуус байгаа бүхнээ барьцаанд тавьж, өр зээлэнд дарлуулан махийтал зүтгэдэг. Гэвч арай чүү  орсон байр нь тоглоомын талбай, машины зогсоолгүй, барилгын материалын чанар, насжилт муу гэх мэт асуудалтай байгаа нь нууц биш. Тэгвэл хашаандаа сайхан амьдарч, бичил цэцэрлэгт хүрээлэн болтол тордож, тохижуулсан “Нийслэлийн жишиг өрх”-өөс энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.

Өнгөрсөн шөнөжин шаагисан борооны дараах шинэхэн мөртлөө хэзээний дотно үнэр их хотын гудамж, талбайн өнцөг булан бүр, оршихуйн гүнээс анхилах нь хачин тансаг. Дурсамж дурдатгал дундуур туучих залуус, дурлал хайрандаа шатах хосууд сэвшээ салхи, зөөлөн чийгтэй манант өглөөний өнгө будгийг тэнцүүлэн алхална. Хөгжим гэвэл нүдээ аниад сонсмоор, шүлэг гэвэл шимтэн шимтэн уншмаар ийм нэгэн өдөр Дарь-Эх чиглэлийн автобусны  арын суудалд тухлан, цонхны цаана бөнжигнөх хатаж амжаагүй борооны дуслуудтай ханьсан, гэгэлзэн яваа нь энэ. Хаврын дунд сарын нойтон цастай хачин гэгэлгэн өдөр мөн л энэ зүгийг зорьж явсан сан. 

Дарь эхийн 33 дугаар буудалд бууж, зүүн зүгт харвал, байшин нь үл харагдам өндөр модод бүхий шинэхэн зостсон хашаа хараа булаана. Бороонд норж, өнгө нь тодорсон хүрэн банзан хашаан дээгүүр саглагар моддын мөчир үл ялиг давж, орой нь салхины аясаар сугсалзах нь үзэсгэлэнтэй. Гэр хорооллын тоос бужигнасан эл хульхан гудамж дунд ийм нэгэн ногоон төгөл өнгө зүсээ гайхуулан байх нь  биширмээр. Энэ бол Сүхбаатар дүүргийн ХVI хорооны Бэлхийн хоёрдугаар гудамжны 18 тоот, Ч.Эрдэнэчулууных. Бусдаас  онцгойрох юмгүй намхавтар банзан хашаа, жирийн л нэг төмөр хаалга.

Харин  хашааны хаалгаар ормогц, дуу алдмаар үзэсгэлэнт байгаль угтана. Хашааны голд хөгшин хайлаас сүглийж, хажууханд нь мөнх наст гацуур тунамал ногоон өнгөө гайхуулан өндийж, наахна нь ялдамхан ягаан цэцгээр гоёсон голт борын урт, урт мөчрүүд салхины аясаар намилзаж, түүний дор үхрийн нүдний бут сагсайн ургажээ. Моддын мөчир, цэцэгсийн дэлбээ, навчист тогтсон борооны ус нарны туяанд гялтганах нь шувуудын жиргээнтэй хосолж, орчныг үлгэрийн мэт болгоно. Ерөөс хэдхэн алхмын цаана байгаа хэрнээ байшингийн булан моддын сиймхийгээр үе үе харагдах аж.

Гэрийн эзэн Ч.Эрдэнэчулуун цэцэрлэгийнхээ гүнд тонголзон байснаа “Ёстой сайхан бороо орлоо. Борооны чийгтэй дээр  амжуулах ажил их. Ах нь хиаг өвсийг их ургавал хадчихдаг юм. Буцаад л хөрсөндөө бордоо болоод шингэчихнэ” хэмээсээр биднийг угтлаа. Магад түүнд завтай үед байдаггүй гэлтэй. Хавар ирэхэд, цас хаялсан жиндүүхэн өдөр мөн л цэцэрлэгийнхээ тохижилтыг хийгээд тун ч завгүй байсан юм. Тэр үед модод ногоорч, цэцэг навчис дэлгэрээгүй байсан тул хашаа харьцангуй зайтай байжээ. Одоо харин хажуугаар нь явахдаа мөчрийг нь гэмтээхгүйн тулд бие цэгнэж, алхаагаа удаашруулмаар шигүү болсон байв.  

Ч.Эрдэнэчулуун гуайнх 16 жилийн өмнө аав, ээжийнхээ хуучин хашааг тордож, мод бут тарьж эхэлсэн нь өдгөө ийнхүү өнгө үзэмж нь тунарсан бичил цэцэрлэг болтлоо тэлжээ.  Энэхүү  цэцэрлэгт жигд, улаан сухай тэргүүтэй говийн ургамал, тэхийн шээг, нохойн хошуу, боролзгоны шар цэцэгс,  эмийн ургамал бүхий 40 гаруй нэр, төрлийн 500 орчим мод, бут зүс булаалдан ургаж, өдрөөс өдөрт өсөж, улам ч сүрлэг болсоор байна. Мөн дуу хуураас л сонстдог үзэсгэлэнт намуу, зөрөг цэцэгс хаяа хаяагаа дэрлэн алаглан байх нь хараа булаам. Түүнчлэн газрын лийр, гурван төрлийн алимны мод, сакура зэрэг ховор зүйлийн ургамлыг амжилттай нутагшуулсан нь тэдний хөдөлмөр, хичээл зүтгэлийн талаар яриулах шаардлагагүйг ойлгуулах мэт.

Тус хашаа автозамаас холгүйхэн ч нам гүм юм. Гагцхүү шувуудын жиргээ, моддын сэрчигнээн сонстох нь амгалан бөгөөд намуухан. Магад гэр хорооллын бүх айл хашаандаа мод таривал дуу чимээнд түүртэхгүй амьдарч болох юм шиг. Биднийг цэцэрлэгээр тойрон явах зуур нэгэн настан бясалгал хийн суусан нь Ч.Эрдэнэчулуун гуайн ээж байв. Өдгөө нас сүүдэр 80 хэвийж яваа ч хүүгийнхээ тохижуулсан цэцэрлэгт тухлан саатах, байгалийн чимээ чагнан сэтгэлээ ариусгах дуртай гэнэ. Угаас энэ цэцэрлэгт зочилсон хэнбугай ч гоё сайхныг нь бишрэн алмайрч, тэнгэр өөд цойлсон моддыг ширтэн бодлогоширмоор эсвэл “Modern talking”-ын дуун дээр бүжиглэмээр.

Хүн гэдэг байгалийн амьтан учраас унаган байгалиа бараадахаар гэгэлзэж, огших нь гэм биш зан гэлтэй. Ч.Эрдэнэчулуун гуайн цэцэрлэг бусдынхаас онцгой. Хөлийн дор гишгэгдэх хөрс нь ой, шугуйг санагдуулам. Тэрбээр энэ тухай “Би хашаагаа байгалийн унаган төрхөөр нь цэцэрлэгжүүлэхийг хүссэн. Хотын төвийн ургамал шиг тайрч, хэлбэржүүлэхээс илүүтэй тухайн ургамал яаж ургана, түүгээр нь л ургуулдаг. Харин ургаж төлжих таатай орчин бүрдүүлэх, арчилж тордох зэргээр бага зэрэг дэмжлэг үзүүлдэг. Олон улсад үүнийг “Ойн цэцэрлэг” хэмээн нэрийддэг юм билээ. Ямар ч чимэг гоёлгүйгээр байгаль өөрөө хамгийн үзэсгэлэнтэй шүү дээ” хэмээн тайлбарласан юм.

Тэдний сэтгэлээ шингээн өдий зэрэгт хүргэсэн цэцэрлэг анхнаасаа ийм төрхтэй байж, түүнийг нь хашаалсан мэт үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй. Ч.Эрдэнэчулуун гэх айлын энэ бичил “Баян бүрд”-д төрөл бүрийн шувуу үүрээ засан саатаж, үр төлөө бойжуулан, хавар намартаа ирж буцдаг болсон гэнэ. Гэрийн эзэн “Өнөөдрийг хүртэл олон ургамал, мод ургуулах гэж оролдлоо. Хашаа маань миний хувьд туршилтын лаборатори юм даа. Мод бут судалсаар экологич шахуу болсон. Одоо харин гэрэл зурагчин, шувуу судлаач болох дөхөж байна. Хэдэн жилийн өмнөөс манай хашаанд үзэгдэж харагдаагүй содон шувууд ирэх болсон. Сүүлд сонирхогчийн гэрэл зургийн аппарат авсан юм Түүгээрээ манайд зочилсон шувуудын зургийг дарж, төрөл зүйлийг судлах сонирхолтой байдаг” хэмээн  ярих зуураа нэр, зүсийг дуулаагүй хэд хэдэн шувууныхаа тухай өгүүлээд амжлаа.

Цементээс цэцэрлэгжилт рүү

Ч.Эрдэнэчулуун гуай олон улсын харилцааны мэргэжилтэй бөгөөд 2000-2005 онд Швед Улсад дипломатчаар ажиллаж, амьдарчээ. Эх орондоо эргэн ирэхдээ тус орны байгальд ээлтэй,  эко амьдралын хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлэх бодол тээн ирсэн нь биеллээ олсон нь энэ. Харин гэргий А.Ариунаа мод боловсруулах үйлдвэрт инженер байсан бөгөөд өдгөө ханийнхаа санаачилгыг дэмжин, ургамал, модыг хүүхэд мэт арчлан явна.  Тэд гэр хорооллыг моджуулж, амьдрах орчноо сайжруулснаар газар хэчнээн үнэтэй, ашиг шимтэй зүйл болохыг залууст ойлгуулах зорилготой аж.  Ч.Эрдэнэчулуун “Манайхан өөрсдийн баялагтаа даанч хайхрамжгүй хандах юм. Залуус гэр хорооллыг дорд үзэж, байранд орох гэж  залуу нас, мөнгөө үрж байна.

Өөрийн гэсэн газартай байна гэдэг том давуу тал. Хашаа хороогоо хүссэнээрээ тохижуулж, хамгийн тансаг амьдрах боломж хүн бүхэнд бий. Гагцхүү сэтгэл, зүтгэл, цаг зарцуулах хэрэгтэй байгаа юм” гэж байлаа. Үнэхээр ч тэд үйл хөдлөл, сэтгэл зүтгэл бүхнээ байгальд зориулдаг гэлтэй. Зөвхөн хашаан дахь хэдэн модоо хараад сэтгэл ханаж боломгүй, байгалийн сайхныг илүү мэдрэхийн тулд ууланд алхах, аялах дуртай гэнэ. Ерөөс 60 орчим насны хүмүүс гэхэд сэтгэлгээ, биеэ авч яваа байдал нь үеийнхнээсээ залуу байгаа нь эко амьдралынх нь ач тус гэлтэй.

Тэдний аж амьдралын зах зух, ногоон байгууламжтай танилцах хэдэн хоромд Улаанбаатар хот тэр чигтээ цементээс  цэцэрлэгжилт рүү шилжвэл хэчнээн сайхан бэ гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Учир нь энэ хашааны 90 орчим хувийг зүлэг ногоо, мод бут эзлэх бөгөөд хашааны хаалганаас байшин, байшингаас төгөл дундах жижиг саравч хүртэл тавьсан замаас илүү цемент үгүй. Тэрхүү зам нь ердөө нэг хүн алхах боломжтой маш нарийн. Энэ нь хөрсөө хайрласан цэцэрлэгчийн шийдэл байлаа. Ерөөс энэ орон зайд хамгийн их эрх дархтай нь мод бут цаашлаад байгаль дэлхий. 

Нэг л жишээ дурдахад хавар тэднийг зорин ирэх үед хашааны хойд хэсэгт байрлах тоосгон байшинг нурааж байсан юм. Харин өдгөө хөрсийг нь баяжуулж, мод бут суулгажээ. Ч.Эрдэнэчулуун хажуу айлаа нүүх үед цэцэрлэгээ томруулах зорилгоор худалдаж авсан гэнэ. Тэрбээр “Хүн амьдрахгүй хуучин байшин ханхайж байхаар газрыг нь чөлөөлж моджуулбал ирээдүйд хэрэгтэй. Тоосгыг нь залуу гэр бүлд өгчихсөн” хэмээн хуучиллаа. Ерөөс тэдний юм бүхэн энгийн. Модод найгаж, цэцэгс алагласан “шугуйнхаа” буланд  тавилга цөөнтэй, жижгэвтэр байшинд сууна.

Мөн хүнсний хаягдлаараа хөрсөө бордож, саарал ус, хогоо стандартын дагуу ангилж хэвшжээ. Тэд “Угтаа мод тарих нь иргэн хүний үүрэг, хариуцлага юм шүү дээ. Туршлага судлах, хашаагаа хороогоо тохижуулах гэсэн хэнд ч зааж зөвлөхөд бэлэн. Хүмүүс хашаандаа их модтой болохоор биднийг баян гэж боддог. Гэвч дунд болон дундаас доош амьжиргааны түвшинтэй өрх энэ жишгээр амьдрах боломжтой. Модны суулгац, үрсэлгээ тийм ч үнэтэй биш” хэмээн тайлбарлав. Мөн хашааны баруун талын тоосгон хананд зөрөг цэцэг ургуулсан нь улаан суурин дээр хатгасан навчин хээ мэт тун ч үзэсгэлэнтэй.  Зөрөг цэцэг өөдөө тэмүүлж ургадаг тул цэцэг сүлжин босгосон мэт нилэнхүй ногоон харагдах юм билээ. 

Ойн цэцэрлэгт хэдэн хором саатахуйд их хотын завгүй амьдралд түүртсэн бидний ядаргаа аль хэдийн замхран оджээ. Энэхэн зуур бид байгаль дэлхийгээс хэчнээн хол амьдарч буйгаа анзаарав. Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн бичил шугуйд зочилсон хэн бүхэнд энэ мэдрэмж төрөх нь гарцаагүй. Гэвч энэ бол алс холын Швед, Норвеги эсвэл Хөвсгөл, Завхан биш. Бидний утаатай хэмээн ундууцаж,  тоостой хэмээн эгдүүцдэг Улаанбаатар хотын гэр хорооллын нэгээхэн хашаа. Тэгэхээр бидэнд хашаадаа цэцэрлэгтэй, бяцхан үрс нь шувуудтай зэрэгцэн шулганаж, эрвээхийтэй хөөцөлдөн хөлд ордог сайхан ирээдүйг бүтээх боломж бүрэн байгааг харуулахыг зорилоо. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Н.Жиймаа
    Та хоёртоо аз жаргал эрүүл энх амжилт бүтээл амар амгаланг хүсэн ерөөе!
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Гайхалтай ,сэтгэл байвал юуг ч хийж болдогын бодит жишээ мундаг ходолморч 2тоо аз жаргал эруул энхийг хусье
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Сайхан нийтлэл бичжээ. Бодит байдлыг уран тансаг нүдэнд харагдахаар бичсэн сэтгүүлч нийтлэлч нь гайхалтай юм
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
Нийтлэлчид