Улаанбаатар 1c

П.Наранбаяр: Монгол хүний зөв сонголтод итгэж байна

УИХ-ын ээлжит сонгуульд 22 дугаар тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч П.Наранбаяртай ярилцлаа. 

-УИХ-ын сонгуульд та анх удаа нэр дэвшиж байна. Сонгуульд яагаад өрсөлдөх болов?
-Боловсролын чиглэлд жинтэй дуугарч, шинэчлэл хийх хүн хэрэгтэй болжээ. Төрөөс боловсролыг тогтвортой дэмжиж хөгжүүлсэн бодлого харагдахгүй байна. Ерөнхий боловсролын сурах бичгийг жил бүр өөрчилсөн нь үүний нэг жишээ. Сурах бичгийн агуулгыг цаг үетэй уялдуулан өөрчлөх ёстой ч ингэж ойр ойрхон болохгүй. Мөн багш нарын боловсролыг дээшлүүлж, тэднийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Чадварлаг хүүхдүүдийг багшаар бэлдэх төрийн даацтай дэмжлэг шаардлагатай. Багшийн үнэлэмж буурч, олны итгэлийг алдав. 1990-ээд оноос хойш чадвартай багш бэлтгэх төрийн бодлого суларлаа.

Ийм учир залуусын хамгийн чадварлаг хэсэг нь багш болохыг зорьдог нийгмийг бий болгоё. Үүний дээр төрийн албыг тогтвортой болгох хэрэгтэй байна. Төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх цаг болжээ. Ёс зүйгүй, зарчимгүй улс төр бий болж, авлига, хээл хахууль газар авчихлаа. Авлигын индексээр манайх маш өндөрт бичигдэх болов. Баян хоосны ялгаа гүнзгийрлээ. Өөрчлөх цаг нь болжээ. Би төрийн болон төрийн бус байгууллага, сургуульд ажиллаж, өнөөдрийг хүртэл улс төрд өөрийгөө хангалттай бэлдсэн гэж үзсэний үндсэн дээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшлээ.

-Та энэ удаагийн сонгуульд “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа. Танай эвсэл ямар шалгуураар нэр дэвшигчдээ тодруулсан бэ? 
-Өөр өөрийгөө бэлдчихсэн, зөв үзэл хандлагатай, бусдын төлөө өөрийгөө зориулж, хувийн эрх ашгаа хойш тавих бүх хүнд нээлттэй байсан. Нэр хүнд, алдар гавьяа, эд хөрөнгийг хүсэж байгаа бол улс төрд орох хэрэггүй. Нэр, мөр цэвэр хүн улс төрд олноор орж ирвэл, ёс зүйтэй, зарчимтай улс төр Монголд бий болно. “Хөдөлмөрөөр олоогүй хөрөнгө, ёс зүйгүй, зарчимгүй улс төр бол нүгэл” гэж Махатма Ганди хэлсэн байдаг. Ард түмнээ тэтгэх төр байхаас биш, бүхнийг нь булаадаг төр гэж байх ёсгүй. Бид ийм байдлыг 30 жил харлаа. Одоо бага алдаж, их онох цаг болсон.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Энэ хугацаанд сонгогчдодоо хүрч ажиллаж чадав уу? 
-Манай тойрог 123 мянга 460 орчим сонгогчтой. Үүнээс 15 мянга орчим сонгогчтой биечлэн уулзлаа. Томсгосон тойргоор сонгууль зохион байгуулах нь маш их мөнгө шаарддаг юм байна. Хүн бүрт мөрийн хөтөлбөрөө хүргэхийн тулд хэвлэмэл материал олноор нь гаргах шаардлагатай. 50 мянган өрх байлаа гэхэд тэр хэмжээгээр хэвлэх ёстой. Гэтэл тийм хэмжээгээр хэвлэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр цаашид самбарыг нь төсвөөс санхүүжүүлээд, байршуулах газрыг нь зааж өгөх хэрэгтэй санагдлаа. Ингэвэл нэгдүгээрт, зардал мөнгөө хэмнэнэ.

Хоёрдугаарт, нэр дэвшигчид тэгш боломж олгох юм. Ер нь цаашид сонгуулийн системийг өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ хувь тэнцүүлсэн пропорциональ системээр явуулбал зүгээр. Мажоритар тогтолцоо нь иргэдийн саналыг гээгдүүлэх сул талтай. Дээр нь хоёр намд боломж олгож, шинэ улс төрийн хүчин гаргахад хязгаарлагдмал байдаг. Мөн улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгомоор байна.

-Иргэд, сонгогчтой уулзаж байхад тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ. Монголчуудын амьдрал ер нь ямархуу байна вэ?
-Иргэдэд хамгийн чухал тулгамдаж байгаа асуудал нь тогтвортой ажлын байр бий болгох. Ажлын байр бий болгосны дараа ажлын байран дахь шударга харилцааг хүсэж байна. Хоёрдугаарт, иргэд улстөрчдөөс ёс зүйтэй, зарчимтай байхыг шаардаж байгаа. Гуравдугаарт, гэр хороололд инженерийн дэд бүтцийг шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Харин байшин хороололд хот төлөвлөлтийн асуудал хөндөгдөж байна.

Хууль бус газар олголт хэрээс хэтэрч, газрын маргаантай асуудал их байгаа нь ажиглагдлаа. Хөдөлмөрийн зах зээлийг эрэлттэй болгож ажлын байр олноор нь бий болгохын тулд мөнгө санхүүгийн бодлогоор тэтгэх. Өнөөдөр төр ажлын байр бий болголоо гэхэд улирлын шинжтэй эсвэл, тендерийн ажлын байр бий болгоод байна. Эндээс ашиг олж байгаа нь улстөрчид өөрсдөө. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгаа хэрнээ унахаар шууд нөлөөлдөг. Тэгэхээр энд ямар нэг шударга бус зүйл байгаа гэсэн үг.

-Таны нэр дэвшиж буй 22 дугаар тойрог нь хүн амын олонх төвлөрсөн томоохон дүүргийн нэг. Танай тойргийн тухайд хийж хэрэгжүүлэх ямар ажил байгаа юм бол?
-Баянзүрх дүүрэгт төлөвлөлтгүй барьсан хотхон олон байна. Үүний орц, гарцыг шийдэх. Дээр нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал хамгийн тулгамдаж байгаа асуудал. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулаад асуудлыг нь шийдээгүй иргэдийг хохироосон асуудал байна. Тухайлбал, XIV хорооны 100 гаруй айлыг дахин төлөвлөлтөд оруулаад долоон жил барилгын ажил нь царцсан байгаа юм.

“Моннис” компани 2013 онд тендер авсан юм билээ. Мөн гэр хороололд худаг нь хүрэлцээгүй, инженерийн дэд бүтэц нь шийдэгдээгүй, хөрсний бохирдол ихтэй байгаа. Үүнээс болж бага насны хүүхдүүд өвдөх нь их. Эмнэлгийн хүрэлцээг шийдвэрлэж эрүүл мэндийн үзлэг шинжилгээг харьяалалгүй өгдөг болох хэрэгтэй байна. Гэр хорооллын айлууд орон сууцанд амьдрахаас газар дээрээ амьдрахыг илүүд үзэж байгаа нь харагдлаа. Тиймээс инженерийн дэд бүтцийг нь шийдвэрлэх ёстой. 

-Төрийн алба улс төрөөс хэт хамааралтай байна. Энэ нь төрийн тогтвортой байдалд нөлөөлж байна гэдгийг та ярианы эхэнд хөндсөн. Тэгэхээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна гэсэн үг үү? 
-Улс төрийн намын хүлээснээс төрийн захиргааны албыг салгахын тулд Төрийн албан хаагчийн тухай хуулийг тус тусад нь салгах хэрэгтэй. Багшийн тухай, эрүүл мэндийн ажилтны гэх мэт тусдаа хууль батлах нь зүйтэй. Ингэж байж хууль амьтай болно. Төрийн захиргааны албанд зүтгэж байгаа хүмүүс жинхэнэ бодлого боловсруулагчид.

Төрийн алба улс төрөөс хэт хамааралтай болж, Засаг солигдох болгонд захиргааны алба хаагчдаа хоморголон халдаг жишиг тогтчихлоо. Үүнийг зөв гольдиролд нь оруулах цаг болсон. Төрийн алба хаагчдыг асуудлыг “ангуучлах” систем гэж байдаг. Тодруулбал, сонгуульд ажиллаж, өөрийнх нь төлөө гавьяа байгуулсан хүмүүсийг төрийн албанд томилдог. Ингэснээр төрийн алба тогтворгүй, замбараагүй болгож байна. 

-Шүүхээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хэд хэдэн хүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорилоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Таньд ер нь өргөдөл, гомдол ирэв үү? 
-УИХ-д нэр дэвшиж буй зургаан хүнийг нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш хэдэн жилийн өмнөх асуудлыг сөхөж, барьж хорилоо. Энэ нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Хүний эрхийн олон улсын пактийг зөрчсөн үйлдэл гэж харж байна. Үнэхээр гэм буруутай нь үнэн бол сонгуулиас өмнө шийдэж, үнэмлэхийг нь олгохгүй байх байсан. Ямар ч хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй бол гэм буруутай юм шиг ярьж болохгүй. Оргон зайлахгүй нь тодорхой үед хорих шаардлагагүй. Хүний эрхийг хангах ёстой.

Мөн чөлөөтэй сонгох, сонгогдох гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүдүүлгээр зөрчиж байгаа энэ үйлдлийг би буруутгаж байна. Ард түмний эрх ашгийг зөрчсөн, буруутай үйлдэл хийсэн нь шүүхээр нотлогдвол гэм буруугаа хүлээж, шийтгэлээ эдлэх ёстой. Миний тухайд нэр дэвшээд явж байхад хэд хэдэн гомдол хуулийн байгууллагад очсон байсан. Санаатай гүтгэх үйлдэл дийлэнх байсан. Тухайлбал, манай ухуулагчдыг ухуулах байраа бэлдэж, цэвэрлэснийг төрийн үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх жишээтэй. Мөн миний цахим хаягуудыг хакердах гэж оролдсон. Ийм зүйл гарч байгаад харамсаж байна.

Гэхдээ үнэн шударга ялна гэдэгт би итгэдэг. Ард түмэн мэдээлэл сайтай, хариуцлагатай байхыг шаарддаг болж. Энэ бол улс төрийг өөрчилж буй шинэ өнгө төрх. Монгол хүний зөв сонголтод би итгэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид