Венесуэлд шатахууны хомсдол нүүрлэв

Админ
2020/06/25

Венесуэлд нөхцөл байдал хүндэрлээ. Хувийн цэргийн компани Мадурогийн Засгийн газрыг унагахаар дайрч, газрын тосны баялаг нөөцтэй ч шатахууны хомсдолд орсон нь угаас хүндхэн байсан эдийн засгийг нь бүр дордууллаа. Энэ зуур Ерөнхийлөгч Николас Мадуро Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке эх орон руу нь халдахаар зэхэж байгаа тухай “баттай” мэдээллийг дэлгэв. Төрийн эрх барьсан өдрөөсөө эхлэн өөрийг нь унагаахаар төлөвлөж байгаа гадаад болон дотоод “дайсны” талаар удаа дараа мэдэгддэг Мадуро энэ удаад ч эх орноо, ард түмнээ гаднын “түрэмгийлэгч”-дээс хамгаалахаа амлав. 

Хөлсний хутган үймүүлэгчид буюу “Гедеон” ажиллагаа 

“Бид Венесуэлд хүрч, Каракасын нисэх онгоцны буудлыг эзлэх ёстой байсан. Ерөнхийлөгч Мадурог тийш нь хүргэн, онгоцонд суулгах даалгавар авсан” гэж ярьсан Люк Денман Венесуэлд төрийн эргэлт хийх захиалга авсан хөлсний цэрэг байлаа. АНУ-ын Флорида мужид төв нь байрлах, хувийн цэргийн “Silvercorp” компанийн энэхүү захиалга бүтэлгүйтсэн даруй Венесуэлийн эрх баригчид Колумб болон Нэгдсэн улсын хөлсний хутган үймүүлэгчид Варгас мужаар хил нэвтэрснийг ч зарлав. Мадурогийн дэглэмийг унагах даалгавартай багт 20 хүн байсан бөгөөд тэд тус бүр 50-100 мянган ам.долларын хөлс авахаар тохиролцон “Гедеон” ажиллагаанд оролцсон гэх.

Гэвч хөлсний цэргүүд нутгийн загасчдад хөөгдөж, баригдсанаар төрийн эргэлт хийх захиалга бүтэлгүйтсэн аж. Ерөнхийлөгчийн алба энэ талаар мэдэгдэл хийхдээ АНУ болон Колумбыг буруутгаж, хөлсний цэргүүд дунд Дональд Трампын хувийн хамгаалалтын албанд ажиллаж асан хоёр хүн байсан гэж онцолсон. Мөн  эргэлт хийх оролдлогод Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ч оролцсон гэж  Гадаад хэргийн яам үзэв. Мадурогийн дэглэмийг унагаахаар оролдсон Вашингтоны эсрэг НҮБ-ын Аюулгүй зөвлөлд гомдол мэдүүлж, Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхэд “Гедеон” ажиллагаанд оролцогчдыг өгөхөө Венесуэлийн эрх баригчид мэдэгдээд буй.

АНУ-ын Ерөнхийлөгч энэ хэрэгт америкчууд хамаагүйг онцолж, хэрэв Мадурог унагахыг хүссэн бол нууцаар ийм ажиллагаа зохион байгуулалгүйгээр шууд цэрэг оруулах байсан гэж хариуллаа. “Silvercorp” компанийн тэргүүн Жордан Гудро Мадурог унагах ажиллагааг санаачилснаа хүлээн зөвшөөрсөн ч АНУ-тай, эсвэл Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй холбоотой, эсэхээ тайлбарлаагүй. 

Шатахуун хомсдож, вирус тархаж байна

Коронавирусийн халдвар тархсан даруй Венесуэл онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур эхэлсэн хөл хориог энэ сарын 15-наас хэсэгчлэн суллаж байна. Хэдийгээр Латин Америкийн орнууд дундаа коронавирус бага тархсан гэгдэж буй ч одоогоор 2800 хүн халдвар авч, 23 хүн нас барав. Цар тахал газар авахаас өмнө хөл хорио тогтоож, халдвар тархах замыг хааснаа эрх баригчид мэдэгдэж буй ч үнэн хэрэгтээ халдварын тоо болон бусад мэдээллийг нуун дарагдуулсан байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа. Коронавирус гарахаас ч өмнө тус улсын эрүүл мэндийн үйлчилгээ хүнд нөхцөлд байсан бөгөөд эмнэлгийн багаж төхөөрөмж, халдварт өвчний оношлуур дутагдсаар ирсэн. Саяхан түргэн тусламжийн автомашин шатахуунгүйн улмаас тулгар биетэй эх амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүдэд ч бичжээ. 

Үүний зэрэгцээ газрын тосны баялаг нөөцтэй тус улсад шахатууны хомсдол нүүрлэв. Ийм цаг үед иргэд гэр гэртээ байж, зорчих хөдөлгөөн бага байх нь эрх баригчдад ашигтай. АНУ руу газрын тосоо гаргадаг байсан Венесуэл одоо шатахуунаа импортоор авч байгаа бөгөөд 2019 онд тавьсан хоригийн улмаас газрын тосны компанийн үйл ажиллагаа доголдож эхэлснээс энэ бүхэн үүдсэн. Ийм хүнд нөхцөлд Иран тусламж үзүүлж, Каракаст 1.5 сая баррель шатахуун, химийн бодис бүхий таван танкер илгээв. Гэлээ ч энэ тусламж Венесуэлийн хувьд “гал унтраах” төдий л зүйл болохоос хомсдол алга болчихгүйг ажиглагчид онцолж байгаа юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ