Улаанбаатар 1c

Өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрөөх дараагийн дөрвөн жил өнөөдрөөс эхэллээ

УИХ-ын ээлжит сонгууль болж, монголчууд төрийн эрх барих эрхээ өргөн дэлгэр эдлэв. Энэ удаагийн сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвслийн 400 орчим нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн 200 гаруй хүн өрсөлдлөө. 76 мандатын төлөө 600 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн нь олон намын тогтолцоонд шилжиж, ардчилсан чөлөөт сонгууль явуулах болсноос хойших хамгийн олон хүн оролцсон үзүүлэлт болоод буй юм. Ийм олон хүний өрсөлдөөн дундаас 76 гишүүнээ шигшиж авсан найм дахь удаагийн парламентыг ямар ажил хүлээж буйг сануулъя.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг “амилуулах уу”, “алах уу” гэдгийг энэ парламент шийднэ

Өнгөрсөн дөрвөн жилд ажилласан парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг өөрчлөлт нь өнгөрсөн сарын 25-наас хүчин төгөлдөр болсон. Тиймээс уг өөрчлөлтөд нийцүүлж хууль эрх зүйн орчноо өөрчлөх их ажил энэ парламентыг хүлээж буй. Эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийхээс шалтгаалж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт “амилах”, эсвэл “амьгүй” болох, цаашид ямар замаар явах нь шийдэгдэх учраас ихээхэн үүрэг хариуцлага энэ парламентад ирж буй юм. Тиймээс шинээр бүрдэж буй парламентын хууль тогтоох үндсэн чиг үүрэгт хамаарах томоохон ажлуудыг жагсаая.

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн зарим эрхийг хязгаарласан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын тухай хуулийг өөрчлөх учиртай. Уг өөрчлөлтийг зөв хийж гэмээн УИХ-ын гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, хууль тогтоогч хэмээх үндсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг болно. Шүүхийг хараат бус, шүүгчдийг шударга болгоход чиглэсэн өөрчлөлтийг амилуулахын тулд Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг хууль тогтоох байгууллага хийх учиртай. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрхэн шинэчлэхээс аймаг сумын эрх, үүрэг яаж нэмэгдэх, Монгол Улсад хот, хөдөө тэгш хөгжих боломж бий болох, эсэх нь шалтгаална.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж батлах нь энэ парламентын өмнө байгаа томоохон сорилт, чадал сорих даалгавар байх болно. Хэд хэдэн парламент дамжуулж яриад хийж чадаагүй Улс төрийн намын тухай хуулийг ганц нэг намын явцуу эрх ашгийн үүднээс бус, улс оронд нүүрлээд буй шударга бус, бохир буртаг бүхнээс салах том эрх ашгаа бодож, Үндсэн хуульд нийцүүлэн баталж дөнгөвөл шинээр бүрдэж буй парламентын түүхэн гавьяа болох юм. Товчхондоо, 20 жил ярьж, 4-5 парламент дамжуулж байж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үр дүнтэй байх, эсэхийг энэ парламент шийднэ.

Хугацаа нь дууссан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө дүгнэнэ

Ээлжит сонгуулийн үр дүнд бүрдэж буй парламент, тэндээс байгуулагдах Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажлуудын эхнийх нь ОУВС-тай хэл амаа ололцох болов уу. Өмнөх Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацаа сарын өмнө дууссан. Гэвч сонгуулийн халуунд дэмийрсэн монголчууд үүнийг анзааралгүй өнгөрөв бололтой. Ямар ч байсан хөтөлбөрийн үр дүн, Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн өөрчлөлт, Засгийн газрын хүлээсэн үүрэг, түүний биелэлтийн талаар ярьсан хүн одоогоор алга.

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө дүгнээгүй, тэр бүү хэл 2018 онд хийх ёстой байсан зургаа дахь шатны үнэлгээг ч өнөө хүртэл эцэслээгүй байгааг анзаарч буй хүн ч сонгуульдагсадын дунд алга шиг. Харин одоо шинээр бүрдэж буй парламент, эндээс байгуулагдах Засгийн газар хүссэн хүсээгүй ОУВС-тай нүүр тулна. Тэд өмнөх парламентын үед сонгуульд зориулж гаргасан, ОУВС-гийн өгсөн зөвлөмж чиглэлээс зөрсөн шийдвэрүүдээ яаж шүү тайлбарлаж ойлголцох юм. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн 2018-2019 онд манай улсад ажилласан боловч тус сангийн Захирлуудын зөвлөл нь Монголын асуудлыг хэлэлцэлгүй өнөөдрийг хүрч буй нь биднийг хангалтгүй ажилласан гэж үзэж буйтай холбоотой.

Тухайлбал, ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб “Монгол Улс ОУВС-гийн тавьсан хоёр шаардлагын алийг нь ч биелүүлээгүй учир дараагийн шатны санхүүжилт хойшилсон” хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр “2016 онд хүнд байдалд ороод байсан эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа. Өсөлт найман хувь хүрээд зогсохгүй төсвийн орлого нэмэгдсэн. Зарлагадаа хяналт тавьснаар төсвийн алдагдал буурч байна. Мөн гадаад валютын нөөц дээшилж эхэллээ. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, айл өрхүүдийн худалдан авалт сайжирсан. Нөхцөл байдал дээрдсэн гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн чухал нь эдийн засгийн эрсдлүүд хэвээр байгаа. Экспортын гол бүтээгдэхүүний үнэ унах эрсдлээс гадна төсвийн бодлогыг тэлэх вий гэсэн болгоомжлол байна. Төсвийн зарлага их гаргаж, өр нэмэгдсэнээр валютын ханшийн дарамт үүсэж болзошгүй” гэсэн.

Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр дөрвөн жил бүсээ чангалж байж бий болгосон жаахан өсөлт, нөөцөө сонгуулийн жилд юу ч үгүй сэгсэрчихнэ гэдгийг ОУВС-гийнхан гадарлаж байсан. Үйл явдал яг л тэдний “зөгнөснөөр” үргэлжилж, сонгуулийн жил сонгогчдодоо таалагдах гэсэн улстөрчид попорсоор төсвөө хоёр их наядын алдагдалтай баталсан. Зэс, нүүрс зэрэг гол түүхий эдийн үнэ, хэмжээг хэтэрхий өөдрөгөөр тооцоолсон. Зэсийн ханш унаж, нүүрсний экспорт зогссон энэ саруудад төсвийн алдагдал хэд болж нэмэгдсэнийг бурхан л мэдэж буй байх.

ОУВС-гаас манай мэтийн орнуудын Засгийн газар, Төвбанканд “Гадаад өрийн дарамт ихтэй улс орнууд гадаад зах зээлд гарч буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж бодлогоо уялдуулах, нөөц хуримтлуулах, эдийн засгийн огцом өөрчлөлтөд бэлэн байх, үүний тулд татаас, халамжийг оновчтой болгох, орлогын суурийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэж зөвлөсөөр байгаа. Гэвч хэзээнээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрч мэддэггүй цээж өвчтэй улстөрчид УИХ-ын сонгуульд зориулсан шоугаа хийж, өөд уруугүй баахан мөнгө тараасан. Энэ нь 2016 оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад жаахан гэрэл туссан эерэг үзүүлэлтүүдээ юу ч үгүй болгож орхисон.

Үүнийг ОУВС-гийнхан таатай хүлээж авахгүй нь мэдээж. Энэ оны эхээр  Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргахад Жеофф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчлөө. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ шийдвэр нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна. Нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор авсан арга хэмжээ нь инфляцыг өдөөн, валютын ханшийг сулруулах шалтгаан болсон төдийгүй үүндээ Засгийн газар зөв хяналт тавьж чадах, эсэх нь санаа зовоосон асуудал боллоо. Энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээн мэдэгдсэн юм. Харин манай Засгийн газар, УИХ үүнээс хойш ч ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчсөн олон шийдвэр гаргасан.

Одоо хөтөлбөрийн хугацаа дууссан, өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа хэрхэн дүгнүүлэх вэ гэдэг хүндхэн асуудал УИХ, Засгийн газрын өмнө тулгарч байгаа. Хөтөлбөр сайн хэрэгжсэн гэдэг үг ОУВС-гийнхны амнаас лав унахгүй болов уу. Засгийн газар, Төвбанк хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хөтөлбөр өнгөрсөн жилээс хойш бараг зогсож, санхүүжилт нь гацсан. Хөтөлбөрийн анх тохирсон хэмжээг гүйцээж, хугацаандаа бүх санхүүжилтээ олгож чадахгүй нөхцөл байдал үүссэн.

ОУВС-тай шинэ хөтөлбөр тохирох уу

Манай улсын хувьд ойрын болон дунд хугацаанд хүлээгдэж буй өндөр дүнтэй гадаад өр төлбөр, түүний дахин санхүүжилтийн асуудал тулгарсан, төсвийн орлого тасарч, улсын данс улайсан тул доноруудаас гарцаагүй дэмжлэг хүснэ. Харин тэр нь ОУВС байх уу, өөр гарц хайх уу гэдэг нь шинэ Засгийн газрын хийх ажил. Өмнөх Засгийн газар бол ОУВС-тай шинэ хөтөлбөр тохирох шийдэлд хүрээд байсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гаас гишүүн орнууддаа КОВИД-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Rapid Finance Instrument” буюу “Шуурхай санхүүжилт” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр санал солилцсон талаараа мэдэгдээд буй. Шинээр байгуулагдах Засгийн газар үүнийг үргэлжлүүлэх, эсэх нь одоогоор тодорхойгүй ч бараг л түүнээс өөр гарцгүй болов уу.

Эдийн засагчид “Эдийн засгийн  хэт тэлэх бодлогыг дотоод, гадаад өрөөр санхүүжүүлж ирсэн бодлогын алдааг бид давтаж болохгүй. Энэ бодлого нь манай эдийн засгийг “Өртэй, эмзэг байдал өндөртэй” хэмээн тодорхойлогдоход хүргээд байна. Цаашдын эдийн засгийн хүндрэлийг өрөө нэмж бус, нөөц боломжоо дайчлан даван туулах учиртай” гэдэг ч ирэх Засгийн газар 2020-2024 онд төлөгдөх Засгийн газрын болон зарим нэг аж ахуйн нэгжийн өрийг дахин өрөөр санхүүжүүлэхээс өөр гарцгүй болоод буй юм. Тэгэхээр өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрөөх дараагийн дөрвөн жил өнөөдрөөс эхэллээ гээд хэлчихэд хатуудахгүй биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид