Улаанбаатар 1c

Хамгийн их осол гардаг “хар цэг”-үүдийг нэрлэж байна

Аялалд явсан залуу хос хоёр бяцхан үртэйгээ гэртээ эргэж ирсэнгүй. Аав, ээжээсээ “Найзуудтайгаа ганцхан хоног зугаалганд яваад ирье” гээд зөвшөөрөл аваад явсан ахлах ангийн сурагч охин ч эргэж ирсэнгүй. “Аав минь нутгаа санаад байх шиг байна. Төрсөн нутагт нь хамт оччихоод ирье” гээд амралтын өдрөөрөө аавыгаа хажуудаа суулгаад хөдөөг зорьсон залуу ч мөн ирээгүй. Тэд бүгд өөр өөр цаг хугацаанд амиа алдсан ч яг нэг газарт зам тээврийн осолд оржээ.

Энэ тохиолдлыг олон улсад хар цэг гэж тодорхойлдог. Тодруулбал, авто замын осол, аваар нэг газарт олон удаа гардаг, давтагддаг зам, эргэлт, хэсгийг хар цэг гэж нэрлэдэг. Бүр нарийвчилбал, аливаа авто замын 300 орчим метр зай дотор зам тээврийн осол, аваар давтан гараад байвал тухайн газрыг хууль хяналтынхан хар цэг хэмээн дансандаа бүртгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд осол, аваар олон давтамжтай гардаг 50 орчим хар цэг байгааг тогтоожээ.

Тогтоожээ ч гэж хэдхэн хоногийн зөрүүтэй хэдэн арван осол нэг л газраа гараад байхаар тухайн газрыг хараар тэмдэглэхээс өөр яалтай. Ийм газар нь ихэвчлэн огцом эргэлттэй, хэт налуу, эвдрэл ихтэй, гүйцэж түрүүлэх боломжгүй нарийхан, байгалийн тогтоцоороо үер их буудаг, салхи, шуурга байнга дайрдаг зэргээр тус бүртээ эрсдэл агуулдаг бөгөөд тэдгээр нь осол гарах нөхцөлийг бүрдүүлэх нь түгээмэл. Ард иргэд, жолооч нарт сэрэмжлүүлэг болгох үүднээс аль аймгийн, ямар сумын, хаана энэхүү хар цэгүүд буюу зам тээврийн осол олноороо гарч, өнгөрсөн хугацаанд олон зуун хүний эрдэнэт амийг авч одсон газруудын байршлыг дэлгэрэнгүй хүргэе. 

Хар цэгийн тоогоороо Төв аймгийн Сэргэлэн, Борнуур, Баянхангай, Баянчандмань сум улсдаа тэргүүлдэг байна. Ялангуяа Борнуур сумын Урьхан, 92-ын даваа, Улаан цав, Баянчандмань сумын Хөх хошуу, Шарын ам, 60-ын даваа зэрэг газарт хамгийн олон осол болж, осол гарах бүрт шахуу зорчигч, жолооч нар нь амь насаа алддаг нь хууль хяналтынхны хар дансанд бүртгэлтэй. Харин Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Баянхонгор аймгийн сумд энэхүү жагсаалтыг удаалдаг байна. Түүнчлэн зорчигчдын хөлд байнга дараатай байдаг гэж болох Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дагуу есөн хар цэг бий. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын авто замын 2-5 километрт байдаг бөгөөд жил тутам хамгийн багадаа 10 орчим том хэмжээний гэж болох осол гардаг гэнэ.

Жишээлбэл, 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр 13:00 цагийн орчимд 26 настай эмэгтэй О өөрийн хоёр найз болох Н, Т нарыг нэг нас зургаан сартай охин, таван настай хүүгийнх нь хамт Эрдэнэт хот хүргэж өгөхөөр приус 20 маркийн авто машинтай Улаанбаатар хотоос гарчээ. Улмаар 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумаас хоёр километр зайд осолдсон. Хонгор сумын авто зам нь эвдэрсэн, олон тооны нүхтэй бөгөөд уг ослын шалтгаан нь нүхнээс болсон. Тодруулбал, зам дээрх нүхийг  тойрох явцдаа жолооч замын хажуу руу орж, дөрвөн удаа өнхөрчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй ч нэг нас зургаан сартай охин нь урд цонхоор гадагш шидэгдэж, сар гаруй хугацаанд эрчимт эмчилгээ хийлгэжээ. Харин жолоо барьж явсан О шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч, осолдсон машинаа сар гаруй хугацаанд журмын хашаанд байлгаж байгаад 600 мянган төгрөгөөр зарж, нэг нас зургаан сартай охины эмчилгээний зардалд зарцуулжээ. Тэдний осолдсон Хонгор сумаас хоёр километр дэх “хар цэг”-т өнгөрсөн 2019 онд найман удаа осол гарч, дөрвөн хүн амиа алджээ. 

Түүнчлэн 2019 оны долдугаар сарын 12-ны өдөр хүн бүр л гэр бүлээрээ наадамлаж, баярлаж явах зуурт нэгэн гэр бүлд аймшигт үхэл, хагацал тохиолдож байлаа. Тэр өдөр Хэнтий аймагт  аялж явсан гэр бүл Чандаганы талын зам дээр автомашинтайгаа осолдсон ноцтой хэрэг гарсан. Ослын улмаас таван настай, 10 настай хоёр хүү болон 21 настай эмэгтэй газар дээрээ нас барж, 28 настай эмэгтэй, 30 настай эрэгтэй маш хүнд гэмтэж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн. Автомашин нь базсан цаас шиг болж, хоёр хүүг нь, төрсөн эмэгтэй дүүг  хорвоогоос авч одсоныг дуулах хатуу хувь заяа 28, 30 настай залуухан хосыг хүлээж байсныг тэд мэдээгүй. 

Бусад хар цэгт өнгөрсөн онд гарсан ослын талаарх баримтаас дурдвал,

  • Төв аймгийн Сэргэлэн сумын авто замд зам тээврийн осол 35 гарч, 12 хүн амиа алдсан. 
  • Төв аймгийн Баянхангай сумын авто замд найман хүн амиа алджээ.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын авто замд зам тээврийн осол 26 гарч, 12 хүн амиа алдсан байна. 
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын авто замд  зам тээврийн осол  15 гарч, хоёр хүн амиа алджээ.
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын авто замд  зам тээврийн осол 11 гарч, хоёр хүн амиа алдсан.
  • Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын авто замд зам тээврийн осол есөн удаа гарч долоон хүн амиа алдсан. 
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын авто замд зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдсан. 
  • Дорноговь аймгийн Даланжаргалан сумын авто замд зургаан хүн амиа алдсан. 
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын авто замд 30 осол гарч долоон хүн амиа алдсан. 
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын авто замд 32 осол гарч, зургаан хүн амиа алдсан.

Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг хамгийн олон хар цэгтэй. Тухайлбал, 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт зам тээврийн осол 4269 удаа гарч, 46 хүн амиа алдсан баримт байна. Тэр дундаа Авто сургуулийн уулзвар дээр 527, Баянхошууны уулзварт 428 удаа осол гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд Баянхошууны уулзварт тус бүрдээ 6-7 машин мөргөлдсөн осол хоёр удаа гарсан. Харин Баянзүрх дүүрэгт өнгөрсөн онд осол 4508 удаа гарч, 31 хүн амиа алдсан байна. Тэр дундаа Цайз захын уулзварт 344 осол, Дүнжингарав захын уулзварт 337 осол гарчээ. 

Манай улсад жил тутам зам тээврийн 30 орчим мянган осол бүртгэгдэж, 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. Тэдний 30 гаруй хувь нь дээрх хар цэгүүдэд амиа алдсан байгааг тоон үзүүлэлтээс харж болно. Түүнчлэн амиа алдсан 500 хүнээс гадна 5000 гаруй хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирч, зарим нь үүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд шилжиж байгаа нь дайн самуунтай Иран, Ирак, Афганистанд амиа алдаж байгаа хүмүүсийн тооноос зарим үед илүү гарч байгааг Тээврийн цагдаагийн албаныхан онцолж байгаа юм. 

Урин дулааны улиралд зам тээврийн осол нэмэгддэг

Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын  60 орчим хувь нь хөдөө орон нутгийн замд, ялангуяа урин дулааны үед гардаг байна. Зуны гурван сар бол монголчуудын хувьд бүхэлдээ амралт, зугаалгын улирал. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо аялж, зугаалахаар яваад буцаж гэртээ ирдэггүй гашуун түүхүүдээс хэдийг л бол хэдийг дурдаж болно. Энэ зуны хувьд УИХ-ын сонгууль, “Ковид-19” цар тахлын хөл хорио зэргээс болж, иргэд өмнөх жилүүдийг бодоход аялал, зугаалгад харьцангуй орой гарч байна. Гэхдээ сонгууль дууссан энэ өдрөөс эхлээд орон нутаг руу ард иргэд цувж эхэлнэ. Улмаар наймдугаар сарын дунд үеэс орон нутгаас Улаанбаатар хот руу мөн “нүүнэ”. Хамгийн гол нь зорчигч, жолооч таны замд дээрх “хар цэг”-үүд отож байгааг санаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурд хэтрүүлэхгүйгээр зорчихыг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд анхааруулж байсан. 

Өнгөрсөн онд Тээврийн цагдаагийн газраас “Яараад яахав”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аян хэрэгжүүлж, тэр хүрээндээ 50 хар цэгийн 14-т нь осол, аваараас сэргийлэх самбар байрлуулж, заримд нь пост байгуулжээ. Гэвч хар цэгүүд дээр гарах ослын тоо өмнөх жилүүдийнхээс төдийлөн буураагүйгээс гадна амиа алдагсдын тоо ч цөөрөөгүй гэнэ. 2020 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн  осол 22594 гарч, 130 хүний амь нас хохироод байна. Тэдний 50 нь бага насны хүүхэд байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Осол аваар буурахгүй байгаад авто замын хар цэгүүдээс гадна жолооч нарт өөрсдөд нь буруу их бий тухай ч албаныхан учирлаж байлаа. Хурд нэмэгдэх тусам зогсох зай холдоно гэсэн үг. Гэтэл жолооч нар орон нутагт ихэвчлэн 120 км\цагаас дээш хурдтай явдаг. Улмаар энэ хурдаараа замын эвдрэл гэмтэлтэй хэсэг болон хар цэг рүү орчихвол зогсож чадахгүйгээр эсрэг урсгалын машин мөргөдөг, эсвэл замын далан уруу өнхрөх зэргээр осолд ордог байна. Үүнийг сануулж, анхааруулаад осол гэмтлээс сэргийлэх, хурдаа хасахыг сануулсан самбар байрлуулаад байхад л жолооч нар өөрсдийгөө болон бусдыг эрсдэл, аюулд оруулсаар байна. Тиймээс урин дулааны саруудад аялал, амралт зугаалгаар хөдөө явахаар төлөвлөж байгаа бол явах замаа сайтар судлаж, хурдаа тохируулж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ зам тээврийн осол, эрсдэлээс сэргийлэхийг хүсье.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ПОСТ дээрээ Бандгар балиар баян гаруудын банкинд октан багатай бензин хийж, стандарт бус хурц лед гэрлийг хурааж аваад ЖПС суулгаад явуулж бай. орох Пост дээрээ ЖПС*ээ хурааж аваад л хурд хэтрүүлсэн бол арга хэмжээгээ аваад явуулж бай. амралтын өдрөөр илүү их ноцтой осол гарах юм аа.
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • Замчин
    Мэдлэг чадваргүй хүмүүс замын зураг зурсан газрууд байгаа тэд нараар засуул
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Замчин
    Мэдлэг чадваргүй хүмүүс замын зураг зурсан газрууд байгаа тэд нараар засуул
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Замчин
    Мэдлэг чадваргүй хүмүүс замын зураг зурсан газрууд байгаа тэд нараар засуул
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Замчин
    Мэдлэг чадваргүй хүмүүс замын зураг зурсан газрууд байгаа тэд нараар засуул
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Zochin
    Ene bol tsever erh medelten geh nohduudiin buruu. Zam shig zam barih setgel dutsan bayjsan heden malnuudiin uildlees bolj olon ger bvl uh hagatsal uzej bgaa. Ter bvhend hen buruug n vvrdeg ve geheer unuu l muu jolooch nar. Bas jolooch nar n ch hurdaa tohiruulj yvdagguin gai. Ymand neg l yarsan uls. Yund yarsan ve geheer uhel rvv l ymuudaa. Hmmmmmmm
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
Нийтлэлчид