Улаанбаатар 1c

Т.Хонгорзул: Зодолдохоос барилдах нь арай дээр гэж бодоод жюү жицүгээр хичээллэсэн

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Захиргаа удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэслэгч Т.Хонгорзултай ярилцлаа.  Тэрбээр гардан тулааны гуравдугаар дантай, жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалтай тамирчин юм.

-Улаанбаатарын унаган хүүхэд үү. Бага нас чинь хаана өнгөрөв?
-Намайг Түвшинбатын Хонгорзул гэдэг. Аав, ээж, дүү нарынхаа хамт амьдардаг. Айлын том охин. Би Улаанбаатар хотын хөдөө гэгддэг Партизаны сангийн аж ахуйн 335 дугаар зөрлөгийн нутагт өссөн. Манай аав, ээж төмөр замд ажилладаг. Би Баянгол дүүргийн, төмөр замын 73 дугаар дунд сургуульд сурч, дотуур байранд амьдарч байлаа. Баасан гаригийн орой галт тэргэнд суугаад Партизан дахь гэр рүүгээ явна. Бүтэн сайн өдөр буцаад гал тэргээр хотод ирдэг байлаа. 

-Самбо, жүдо бөхийн суурьтай юу. Хэзээнээс жюү жицүгээр хичээллэж эхлэв?
-Надад самбо, жүдо бөхийн суурь байхгүй.  Бөхийн спортоор хичээллэж байгаагүй. Харин Хууль сахиулах их сургуульд орсны дараа 1-2 дугаар курст бие хамгаалах урлаг, тулааны спортын суурь хичээл орсон. Хоёрдугаар курст ороход ХСИС-ийн гардан  тулааны багш, цагдаагийн ахмад Ё.Отгонбаяр надад “Чи цаашдаа гардан тулааны урлагаар хичээллэх боломжтой, тулааны үндсэн өгөгдөлтэй юм байна. Энэ чадвараа хөгжүүлээд явах хэрэгтэй” гэсэн. Багшийн саналыг дагаж гардан тулааны спортоор сонирхон хичээллэж эхэлсэн.

-Тэгээд л жюү жицүгээр хичээллэж эхэлсэн юм уу?
-Ё.Отгонбаяр багш намайг “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээнд оруулна гэж зодооны техник зааж, бэлтгэл хийлгэсэн юм. Би тулааны спортын талаар бүрэн сайн ойлголтгүй мөртлөө болох байх гээд орчихсон. Зодолддог спорт юм чинь болно гээд ямар ч айдасгүй байсан. Тэнд 10 гаруй хоног бэлтгэл хийсний дараа бэлтгэлийн явц хэр хангагдсаныг үзэж, биднээс “Сонсогчийн алдар” тэмцээнд тулалдах охидыг шилж сонгосон. Тэр сонголтод нь тэнцэж 2017 оны “Сонсогчийн алдар” тэмцээнд орсон.  Тэр миний анх оролцсон тулааны тэмцээн байв. Бэлтгэл удаан хийгээгүй,  тулааны тэмцээний талаар ямар ч ойлголтгүй байсан учраас биеэ барьсан, айдастай ороод амжилт үзүүлж чадаагүй.

-Дунд сургуульд байхдаа ямар спорт сонирхдог байв?
-Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа хэмжээнд сагс, волейбол тоглодог байсан. 

-Жюү жицүгийн  УАШТ-д хэзээ анх оролцов?
-Хууль сахиулах их сургуулийн гардан тулааны секцэнд явж байгаад 2017 оны жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон. Анх удаа оролцсон улсын аваргын тэмцээнд амжилттай барилдаж, хүрэл медаль хүртсэн.

-Тэгэхээр самбо, жүдо бөхийн ямар ч суурьгүй байхдаа жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон юм уу?
-Бөхийн спортын суурь мэдлэггүй байхдаа жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаад медаль авчихсан. Тэмцээнд орохын өмнө манай сургуулийн гардан тулааны багш, жюү жицү бөхийн ерөнхий ойлголтын талаар хэлж, танилцуулсан л даа. “Жюү жицү бөхчүүд гол төлөв ийм  мэхийг хийдэг юм. Ингэж, хамгаалах ёстой. Чи чадна, өөрийн хүчиндээ итгэ. Өөрийгөө сориод үз” гэж тойм төдий л зааж, хэлж өгсөн. Би  зодолдохоос илүүтэйгээр барилдах нь арай дээр гэж бодоод жюү жиүгээр хичээллэсэн.

-Хэдэн килограммын жинд, ямар бүсний ангилалд  барилддаг вэ?
- Жюү жицүгийн эмэгтэйчүүдийн жинг 65-аас дээш, доош гэж хуваадаг. Би  2017 оны УАШТ-д цагаан бүсний ангилалд, 65 кг-аас дээш  жинд барилдсан. Түүний дараа 2018 онд дахин жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж, өмнөх жилийнхээ амжилтыг ахиулж, мөнгөн медаль хүртсэн. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний дараа манай улсад жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болсон. Тус Азийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаж, мөнгөн медаль хүртсэн.

-Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэний дараагаас жюү жицүгийн мэргэжлийн клубт хичээллэж эхэлсэн үү?
-Үгүй ээ. Одоо хүртэл ХСИС-ийн  Ё.Отгонбаяр багшийнхаа гардан тулааны секцэнд бэлтгэлээ базааж байгаа. Азийн аваргаас мөнгөн медаль хүртээд ХСИС-аас гардан тулааны шар бүс, гуравдугаар данаар шагнуулсан.

-Жюү жицүгийн холбооноос бүсний ангиллыг тань ахиулсан уу?
-Жюү жицүгийн ангилал ахиагүй. Бүсний ангилал өгөхдөө  их хатуу тогтсон дэг, журамтай юм билээ. Хичээллэсэн хугацаа, тогтмол өндөр амжилт үзүүлсэн байдлыг харгалзан үзэж ангилал дээшлүүлдэг гэсэн.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн тань жинд хэдэн бөх өрсөлдөв?
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй орны тамирчин өрсөлдсөн. Миний жинд таван бөх барилдсан. Би Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Арабын Эмиратын тамирчны боох мэхэнд орж ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртсэн. Арабын Эмиратын бөхчүүд ахуй хангамж сайтай. Улсаас нь анхаарал тавьж, хөрөнгө, мөнгө гаргаж, нөхцөл боломжийг нь хангаж өгдөг болохоор бусад орны тамирчдаас ур чадварын хувьд илүү юм билээ.

Гэхдээ манай тамирчид тэднээс ур чадвараар дутахааргүй. Манай улсад сүүлийн жилүүдэд  жюү жицүгийн клуб олон нээгдэж байна.  Мэргэжлийн өндөр ур чадвартай олон багш, дасгалжуулагч бий. Тамирчдын амжилт жилээс жилд ахиж байгаа.

-Ё.Отгонбаяр багш тань гардан тулааны спортын бэлтгэл хийлгэхийн хажуугаар жюү жицү бөх заадаг юм уу?
-Ё.Отгонбаяр багш гардан тулаан, жюү жицү заадаг. Би 2019 онд  дөрөвдүгээр курст ороод бэлтгэлээс жаахан хөндийрсөн. Хичээл ихтэй, төгсөх курс гээд бэлтгэл хийх цаг багассан.

-Гардан тулааны спортын холбоо гэж байдаг. Тус холбооны тамирчид ямар тулааны спортоор дагнан хичээллэдэг юм бэ?
-Монголын гардан тулааны спортын холбоо,  Монголын жюү жицүгийн холбооноос тустаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг холбоо байгаа юм. Байлдааны самбо, таэквондо, каратэ, кик бокс гээд бүх тулааны урлагийн тамирчдыг нэгтгэдэг юм шиг байна лээ. Би нарийн төрөл, ангиллыг нь сайн мэдэхгүй байна.

-Жюү жицү бөхөөр амжилттай барилдаж,  улсын аварга, Ази тивийн аваргаас медаль хүртжээ. Самбо, жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж үзэв үү?
-Самбо, жүдогийн охидын  ур чадвар өндөр юм билээ. Би самбо, жүдо бөхийн суурьгүй болохоор тэдний хэмжээнд хүрч чадахгүй. Жүдогоор барилдах сонирхол төрөхгүй л байгаа.

-Адилхан л бөхийн төрөл шүү дээ. Чөлөөт бөхийг бодвол жюү жицүгийн  босоо, хэвтээ барилдаан, өчиж, боох мэх самбо, жүдо бөхтэй адил ойрхон төрөл биш үү?
-Бодож үзээгүй биш, бодож үзсэн. Самбо,жүдогийн 2-3 тэмцээнийг очиж үзэж, харсан. Яг зориглоод барилдана гэхээр сэтгэлд  багтаж өгөхгүй юм билээ. Би дөнгөж жюү жицү сурч эхэлж байгаа. Жүдогийн охид олон жил хичээллэсэн мэх, техник сайтай. Тэдний хэмжээнд ойртож очиход миний барилдааны арга барил  дутна. Би босоо барилдааны мэх сайн мэдэхгүй. Багш надад хэвтээ барилдааны суурь тавьж өгсөн болохоор хэвтээгээс барилдах нь илүү амар байдаг. Тэр нь ч надад амар хялбар. Хэвтээ барилдааны онцлог гэвэл мэхнээс гадна техник ур чадвар их шаарддаг. Хэвтээ барилдааны үндсэн, хамгаалалт, мэх сайн сурчихсан байхад болчихно.

-Жюү жицү хэвтээгээс ноололдож, ноцолдоод байгаа юм шиг ойлгомжгүй, уйтгартай барилдааны төрөл биш үү?
-Ойлгохгүй хүнд тэгж харагдах байх. Жюү жицү мэддэг, ойлгодог хүмүүст бол сонирхолтой, урлагтай барилдаан. Тамирчнаас өндөр ур чадвар, техник шаарддаг бөхийн төрөл. Босоогоос өндөр оноо авах  үүрэх, тонгорох, хөмрөх, өмсөх зэрэг мэх хийж болдог. Жюү жицүгийн босоогоос хийдэг мэх бүр өөр өөр оноотой. Мэх удааширвал оноо өгдөггүй.

-Өөрийн тань гардан тулааны хөл, гарын техникийн аль нь илүү сайн бэ?
-Би гардан тулааны спортоор хожуу хичээллэж эхэлсэн болохоор хөлийн техник гүйцэтгэл тийм сайн биш. Харин гарын техник, цохилт боломжийн хэмжээнд хүрсэн гэж боддог. Тулааны тэмцээнд гарын цохилтоор илүү оноо авдаг. 

-Өөрөө хэвтээ барилдаантай, гарын цохилт сайн хийдэг гэхээр байлдааны самбо, холимог тулаанд илүү зохицон, амжилт гаргах боломжтой юм биш үү?
-Нэг удаа сонирхоод холимог тулааны сорил тэмцээнд орж үзсэн. Гэхдээ холимог тулааны үндсэн тэмцээнд нь орж байгаагүй. Ур чадвар өндөртэй, мундаг тамирчид орсон болохоор зориглож ороогүй л дээ. Одоо тулааны спортоор хичээллэхгүй. Харин жюү жицүгээр тогтмол хичээллээд явна.

-Тулааны урлаг болон жюү жицүгийн хэдэн медальтай вэ?
-Жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээний нэг хүрэл, нэг мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, кёкүшинка каратэгийн улсын аваргын хүрэл медальтай.

-Танай гэр бүлд өөр спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Эрэгтэй дүү маань надтай цуг жюү жицүгээр хичээллэж байгаа. Намайг дагаад энэ спор руу орсон. Бид цуг жюү жицүгийн уулсын аварга шалгаруулах тэмцээнд ордог. Дүү маань улсын аваргаас  нэг алт, нэг мөнгөн медальтай.

-Дүү тань одоо хэддүгээр ангийн хүүхэд вэ?
-Зургадугаар ангийн сурагч. Эрэгтэй хүүхэд тодорхой хэмжээгээр өөрийн биеэ хамгаалж сурахад илүүдэхгүй. Тийм учраас жюү жицүгийн   “Monde Bjj” клубт хичээллэж байгаа.  Өөрөө ч жюү жицүд дуртай, давхар чөлөөт бөхөөр хичээллэдэг.
-Яагаад цэрэг, цагдаагийн хүчний байгууллагын мэргэжил сонгов?
-Дунд сургуульд байхдаа л цагдаа болно гэж мөрөөддөг байсан. Хууль сахиулах их  сургуульд оюутан, сонсогч болж ороод цагдаагийн олон төрлийн мэргэжил байдгийг мэдсэн. Тэгээд шинжээчийн ангийг сонгож суралцсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN
    Хүндэт ноён / хатагтай, Энэ нь Adityapradhan эмнэлгийн талаар олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 сая доллараар зардаг Сонирхсон хандивлагчид манай имэйлээр яаралтай холбоо барина уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа тул юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой. Манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул бид танд бөөрнийхөө сайн хэмжээг санал болгоно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Вэб: https://www.drpradhanurologist.com
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
Нийтлэлчид