Улаанбаатар 1c

Н.Банди: Хустай, тахь хоёрыг дэлхий мэднэ

Надад тахинаас илүүтэй, хүмүүсийн харилцаа, хүн болох ухааны талаар ярих л сайхан байдаг даа

Бид амьдрал туршдаа олон төрлийн ааш зан, гавьяа зүтгэл, амжилт ололттой хүнтэй таардаг. Тэр бүх учралт хүмүүнээс алив нэг зүйлд энэ насныхаа хөдөлмөр зүтгэл, халуун залуу насныхаа он цагийг зориулсан, үр шимийг нь хүртсэн хүн л хамгийн сайхан. Тэгвэл “Тахийн Банди” хэмээн хийсэн ажлаараа овоглогдох болтлоо хөдөлмөрлөсөн Намхайн Банди гэж эрхмийг сониныхоо “Хоймор”-т урьж ярилцлаа. Түүний юу хийснийг Хустайн нурууны энгэрт очиж үзсэн хүн л нүдээр үзэж, сэтгэлээр баясна.

Хараа бэлчээм хөвд уулын энгэрт сүрэг тахь бэлчиж, буга согоо идээшлэн, тарвага дошныхоо аман дээр хошхирох үзэмжит байгалийг бүтээлцэхэд Н.Банди гавьяатын гавьяа их. Буга согоо, дорго, бор гөрөөс, аргаль, цагаан зээр, тарвага, хар өрөвтас, тоодог, хун, тас, ёл, бүргэд, тогоруу мэтийн жигүүртэн шувуу Хустайн нуруунд тааваар идээшлэн өсөж, үржиж байна. Хустай, тахь хоёрыг дэлхий мэдэх хэмжээнд анхаарч, хөдөөгийн буйдад амьтны диваажинг бий болгоно гэдэг чамгүй хөдөлмөр. Нөр их сэтгэл шингэсэн ажил. Хүн төрөлхтөн зэрлэг амьтдыг гаршуулж, гэршүүлж байснаас устахын даваан дээр хүний эрхшээлд орсон амьтныг буцаагаад байгальд нь “бэлэглэж” байсан туршлага нэн ховор.

Энэ утгаараа тахь сэргээн нутагшуулна гэдэг шинжлэх ухаанд ч шинэ туршилт. Чиг зүгийг барьсан чин сэтгэл, гар нийлсэн сайхан хүмүүсийн ач буян яах аргагүй мөн. Ийм л байгаль хамгаалагчдын төлөөлөл нь Намхайн Банди гавьяат яах аргагүй мөн. 

-Зэрлэг амьтан тэр дундаа туурайтан амьтныг сэргээн нутагшуулах нь нарийн төвөгтэй, хөрөнгө шаардсан ажил. Тахь гэх зэрлэг адууг Завханы Хомын тал, Говь-Алтайн Тахийн тал,  Хустайн нуруу гэх мэт газар сэргээн, нутагшуулаад бараг 30 жил болжээ. Монголын эрс тэрс уур амьсгалд зохицож, тоо толгой нь өсөж байгаа энэ амьтны тоо өдгөө хэд болов?
-Хустай, тахь хоёрыг дэлхий мэднэ. Анх 84 тахь ирээд одоо 400 толгойд хүрч байна гэдэг бол төллөлт сайн байна гэсэн үг. Гэхдээ байгалийн шалгарал, сүрэг доторх хоргодол байдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, мөндөл гэхэд л анх эхээс хэд төрж, хэд нь амьдардгийг тооцох аргагүй. Хустай дээр хавар ажиглахад, нэг нүхнээс 11 мөндөл гарч ороод, эрхэлж тоглоод л байсан. Намар болоход дөрөв нь л үлдсэн. Түүн шиг тахийн унага л нэлээд сүйддэг. Шалтгаан нь зэрлэг амьтдын араншингаас үүдэлтэй. Унага гэхэд л нэлээд нь чононы хоол болдог бол нөгөө хэсэг нь сүргийг булааж авсан шинэ азарганы хөлд үрэгддэг. Сүргийг өөрийн болгосон азарга яадаг гэхээр, өмнөх азарганы төлийг өвдөглөж, хазаж, зулгаасаар алдаг. Энэ бол зэрлэг амьтны араншин.

Хустайд өмнө нь цагаан зээр байгаагүй. Одоо лав 500 орчим толгой цагаан зээр бэлчиж байна. Аргаль хонь байгаагүй. 50 орчим хонь байна. 1960-аад онд 50-60 буга тоологдож байсан юм билээ. Гэтэл өнөөдөр байгаль хамгаалагчид нүдээр тоолоход 1300 толгой бүртгэгдэж байна. Тиймээс бид бэлчээрийн даацаас шалтгаалаад Өмнөговь, Говь-Алтай аймаг руу цөөн тооны бугын элий өгч байна. Богдхан ууланд арав орчим бугын элий тавилаа. Энэ бүхнээс харахаар Хустайн нуруу шиг амьтан үржүүлгийн төв монголд алга. Мөн ийм тусгай хамгаалалттай газар байхгүй. Дотор нь айл байхгүй. Хориод айл байсныг нүүлгэсэн. Нутгийн иргэд байгалиа хамгаалахад оролцдог, бэлчээ, ус сайтай. Амьтан нутагшихад таатай газар тун ховор. 

-Цэнхэр яргуй ид нүдлэж байна гэж очсон хүмүүс хэлнэ билээ. Ховор зүйлийн ургамлуудаасаа сонирхуулаач?
-Гайхуулах зүйл зөндөө бий дээ. Согоосуман башир, уруулт гэзгэнэ, цагаан уул, холтсон цэцэг, хөвөн оройт, эмт сөд гээд ховор ургамлаар ч баян даа.

-Та чинь Хөдөө аж ахуйн сургууль дүүргэсэн хүн юм билээ. Мал аж ахуйн чиглэлийн мэргэжлийн хүн. Оюутны ширээнээс багш болсон гэдэг?
-Хөдөө аж ахуйн дээд сургуульд амьтны физиологи гэж хичээл ордог байв. Манай багш М.Гүржав гэж хүн байсан. Энэ хүн хоёрдугаар курсын оюутан намайг физиологийн дугуйландаа авч, сэдэв өгсөн. “Хурганы амьдрах чадварыг дээшлүүлэх боломж” гэсэн сэдвээр судалгаа хийлгэсэн. Ингээд таван жил суралцаж төгсөхдөө “Нялх хурганы амьдрах чадварт эхийн нэмэгдэл тэжээл нөлөөлөх нь” сэдвээр диплом хамгаалж төгссөн. Үүний дараа “Сургуульдаа багшаар үлдээч” гэсэн саналыг сургуулийн захиргаанаас надад тавьсан.

Гэтэл энэ үеэр өвөг эцэг маань нас бараад, би эмэг эхээ ганцаар үлдээж чадахгүй байсан учраас “Өмнөговь руугаа буцна. Багш болохгүй” гэсээр нутагтаа очсон. Гэтэл нутагтаа очоод байтал миний төсөөлснөөс өөр амьдрал угтаж байгаа юм. Тэр үед “Багшаар үлдчихдэг ч байж дээ” гэсэн бодол төрөөд, багшдаа захидал бичлээ. Ингээд сургуулийнхаа орлогч захирал Индратай ирж уулзсан. Энэ хүн бидэнд сүү судлалын хичээл заадаг байлаа. Эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуайн охин шүү дээ. Улс төрийн товчооны гишүүн Н.Жагваралын гэргий, их жавхаалаг, шийдэмгий эмэгтэй. Ингээд гурван жилийн дараа сургуульдаа багшлахаар эргэж ирсэн.  

Ухаантай хүн өөрөө ярихаасаа бусдыг сонсохыг илүүд үздэг ч байж мэднэ. Үнэхээр ч ухаарлыг их ярьснаар биш их тунгааснаар олдог байх. Өвөр энгэр нь ээвэр,  дулаан, өмөг түшигтэй, хүн чанар сайтай, уулс мэт буурьтай ийм хүмүүсээр л амьдрал дэгжин, гэрэлтдэг болов уу гэж боддог доо. 

-Тухайн үед та аймагтаа гурван жил ажилгүй явсан юм уу. Улаанбаатарт ирэх, сургуулиа санах ямар шалтгаан байв?
-Би аймгийнхаа захиргаанд аймгийн Ерөнхий зоотехникчийн албатай байлаа. Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга гэсэн үг. Мал аж ахуйгаа хариуцна л даа. Сургуульдаа багшладаг л байж гэсэн бодол төрөөд тайван суулгадаггүй. Явах гэхээр аймгийн захиргаанаас явуулдаггүй. Гэтэл ашгүй сонин дээр “Аспирантурт элсүүлнэ” гэсэн зар гарчихаж. Тэгэхээр нь Намын хороондоо энд сурмаар байна гэтэл, ичнээгээр суралцуулна. Өдрөөр сургахгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр нь “Ичнээгээр суръя” гэж хэлээд шалгалт өгөх зөвшөөрөл өвөртлөөд хотод орж ирсэн дээ. Ингээд 130-аад хүнээс шалгарч, бөөн баяр болж Хөдөө аж ахуйн сургуульдаа аспирантурт суралцсан. Ингээд өдрөөр суралцмаар байгаагаа Индра багшдаа хэлсэн.

Ингээд Шинжлэх ухааны академи руу “Ичнээгээр суралцах боломжгүй. Лабораторийн нөхцөлд суралцах боломжтой” гэсэн бичиг хийж өгөөд Шинжлэх ухааны академи руу явуулсан. Би ч нутагтаа очоод өнөөх бичиг ирэхийг хүлээгээд л байлаа. Гэтэл аравдугаар сарын эхээр аймгийн намын хороонд ШУА-иас “Н.Бандийг чөлөөлж, академийн мэдэлд арваннэгдүгээр сарын 5-ны дотор ирүүл” гэсэн бичиг ирсэн. Ингээд Балдан багшийнхаа шавь болж сургууль төгсөхдөө бичиж байсан дипломын ажлаа үргэлжлүүлсэн. Үргэлжлүүлэхдээ “Хонины гүзээнд тэжээл боловсрох онцлог”-ийг судлавал зүгээр юм байна гэж үзээд судалгааны ажлаа хийж, амжилттай хамгаалсан даа. 

-Та гучин жил тахь ярьж байгаа учраас энэ сэдвээс нэлээд гажсан асуултад хариулт авъя. Та бол Хөдөө аж ахуйн их сургуульд олон жил багшилсан, мэргэжлийн, мэргэшсэн эрдэмтэн. Монгол Улсын хөгжлийн төлөвт үргэлж эхний дараалалд багтдаг ч дэвшил, шинэчлэлгүй гэж хэлж болохоор газар тариалан, мал аж ахуйн салбарт бодлогын менежмент хийх ёстой юу. Монголчууд уул уурхайгаас олж буй ашгаасаа ч өндөр ашиг энэ салбараас хүртэж болмоор санагддаг. Гэвч нэг л унтаа байгаа нь бодлого, дэмжлэг байхгүйг илтгэх шиг. Та энэ тухай юу хэлэх вэ?
-Газар тариалан бол зөв чиглэл рүүгээ хандсан. Уг нь нэг их сайхан хөгжиж ирсэн. Ингэхдээ газраа боловсруулдаг технологи нь буруу байсан. Юу нь буруу байв гэхээр, газрынхаа хөрсийг эргүүлээд байжээ. Үүнээс болж хамаг сайхан үржил, шимт элемент нь салхинд хийсчихдэг байж. Мэдээж манайхан ногоо тарих, тариалалт хийх талбайнхаа гадуур хөрс хамгаалалт хийдэггүй байсан нь том алдаа болсон. Гэтэл 1960 онд оросууд тариалангийнхаа талбайн гадуур мод тарьж, хөрсөө салхинаас хамгаалдаг байсан. Гэтэл бид тэгж хөрсөө хамгаалаагүй. Одоо ч хамгаалдаггүй.

Орчин цагт яаж  байна гэхээр, хөрсөө эргүүлэхгүй, хавж хагалж байна. Энэ нь зөв систем ч хөрс хамгаалалтыг мод тарьж хийх нь цөлжилт зэрэг олон бэрхшээлийг үгүй хийх сайн талтай. Одоо бидэнд юу саад болж байна гэхээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт. Энэ хуурайшилт байгалийн бэрхшээлийг үүсгэж байна. Сайхан зөөлөн бороо орохоо байсан. Бороо ороод л хөрс урсаж, үер болоод байна. Зуны улирал нэг сараар хойшилсон. Дөрөвдүгээр сарын эхэн гэхэд л дулаараад, бороо зүсэрч ордог байлаа. Одоо зургадугаар сарын сүүлээр бороо орж байна. Энэ мэт цаг агаарын өөрчлөлт газар тариаланд ихээхэн хүндрэл үүсгэж байна. Усалгаагүй талбайгаас ургац найдвартай авна гэдэг боломжгүй. Тэгэхээр усалгаатай тариалалтыг хөгжүүлэх шаардлагатай болж байна. 

-Усалгаатай тариалалт гэхээр манайхан гүний усаа гаргаж, талбайгаа услаад байдаг шүү дээ. Энэ нь гүний усаа шавхах эрсдэлтэй биш үү?
-Тийм. Худаг гаргаад гүний усаа шавхаад байвал нөхөн сэргээгдэхгүйгээс гадна усгүй ч болох эрсдэлтэй. Тэгэхээр энэ их үерийн усыг цөөрөм байгуулах замаар нөөцөлж, газраа усалдаг өөрчлөлт хиймээр байна. “Түмэн шувуут” гэж компанийн захирал Л.Эрхэмбаяр гэж залуу бий. Миний шавь. Зоотехникч мэргэжилтэй. Малын тэжээлийн үйлдвэр байгуулсан. Мөн их чухал ажил хийж байна. Увсад хуучин Баруунтурууны сангийн аж ахуй гэж байх үед Оросын тусламжтайгаар услалтын маш том систем барьсан байдаг. Социализмын үед устсан услалтын системийг мань хүн худалдаж аваад бүгдийг нь сэргээсэн.

Ингээд гадаадаас услалтын систем оруулж ирж, газар тариалан эрхлээд царгас тарьж байна. Царгас гэдэг нь нэг тарьчихад арван жил дахиж тарихгүйгээр ургац хураадаг ургамал. Энэ бол ургамлын хаан гэгддэг, хамгийн их уурагтай ургамал. Үүгээр тэжээл хийгээд, тэжээлээрээ хурга бордоод, хурганыхаа махыг гадаадад гаргах маш алсын хараатай, цар хүрээ нь өргөн, өндөр өгөөжтэй төсөл эхлүүлчихсэн явна. Үүн шиг мал аж ахуйд ч газар тариаланд ч бүтээгчид хэрэгтэй байна. Мал аж ахуйн хувьд өөр нэг өндөр үр ашигтай, технологийн санаа бий. Технологийн хувьд өөрчлөлт хийхгүйгээр манай мал аж ахуй урагшлахгүй.     

-Тухайлбал энэ нь юу гэсэн үг вэ. Сайтар тодруулаад яриад өгөөч?
-Хонио хэзээ төллүүлэх вэ гэдгээс асуудал эхэлнэ. Эрхэмбаяр захирлын хийж байгаа технологи бол маш зөв. Яаж байна гэхээр, хоёрдугаар сард хонио хургалуулж байна. Гэтэл манай уламжлалт мал аж ахуйн мал төллөдөг хугацаа гуравдугаар сар шүү дээ. Хоёрдугаар сард төрсөн хургаа зунжин сайхан царгасаар бордоод намар ес, аравдугаар сар гэхэд 25-30 кг жинтэй хурга болж бойжиж байгаа юм. Бүдүүн эр хонь шиг хургаа онд оруулах гэж зардал, чирэгдэл гаргахгүйгээр махны үйлдвэрт нийлүүлж байгаа юм. Энэ бол үнэхээр дэвшилтэд технологи юм. Ийм л ухаалаг технологи мал аж ахуйн салбарт хэрэгтэй байна.

Жишээлбэл, зуд турхан боллоо гэхэд хамгийн түрүүнд үхэр үхдэг шүү дээ. Тэгэхээр яг өнөөх хургатай ижил технологийг нэвтрүүлээд малчид зардлаа бууруулж, малаас хүртэх өгөөж, ашиг шимээ өндөрсгөж болно. Говьд ногоон тэжээл тариад, хэдэн малаа тэжээгээд, ашиг шимээ арвин авчихдаг технологи нэвтрүүлэхгүй бол уламжлалт маллагаа, асаргаагаар урагшлахгүй. Уламжлал байх ёстой ч шинэчлэл хийхгүй бол аль ч салбарт өөрчлөлт гарахгүй. Мал аж ахуй бол шинэчлэл хийх хамгийн боломжтой салбар. Манайхан хургаа зуны эхэн сарын шинийн 8-ны өдөр засдаг шүү дээ.

Энэ нь тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхэн шүү дээ. Үхрээ бяруунд нь засчихдаг. Гэтэл дэлхийн үйлдвэржсэн мал аж ахуйн салбарт ингэдэггүй. Эр амьтны төмсөгнөөс андроген гэж гормон ялгардаг. Энэ гормон нь мах бий болгодог. Өөрөөр хэлбэл, уураг нийлэгшүүлдэг. Үхрээ засахгүй бол мах их хуримтлагддаг. Засчихаар өөх их хуримтлагддаг. Монголчуудад тухайн үед өөх нь хэрэгтэй байж л дээ. Өдгөө дэлхийн махны үйлдвэрүүд бярууг 18 сар хүргээд, зөөлөн махтай болгож бордоод, нядалдаг байх нь. Энэ бол эдийн засгийн маш өндөр өгөөжөө өгч байна. 

-Энэ мэт технологиос гадна боловсруулах үйлдвэртэй болох хэрэгцээ байна шүү дээ?
-Ямар яриа байх билээ. Мал аж ахуйн түүхий эдийг боловсруулахгүйгээр бид энэ салбараас өндөр өгөөж хараад бүтэхгүй. Цаг сайхан байхад манайх энэ чиглэлийн олон сайхан боловсруулах үйлдвэрээ устгасан. Одоогийн Хан-Уул дүүрэг ажилтны район гээд арьс шир, өлөн, ноос ноолуурын үйлдвэр байлаа. Одоо бүгд алга. Энэ үйлдвэрүүд байсан бол “Эмээлт” зах дээр малын түүхий эд хог болж овоорохгүй байв. Мал, газар хоёр бол баялаг ургуулдаг. Уул уурхай шиг шавхагддаггүй.

-Улсын хөгжил баялаг бүтээгчдээс ихээхэн шалтгаалах юм. Гэвч харамсалтай нь хийдэг биш хэлдэг нь олшроод байх шиг?
-Би яг энэ тухай нэлээд боддог. Тэгээд “Хүн болох амаргүй” гэж ном бичсэн. Хүн амьдрах богинохон он жилүүддээ хүн шиг явсан бол тэр нь хүн болох ухааныг тавьж, зааж өгсөн өмнөх хүмүүстэй ихээхэн холбоотой гэж би боддог. Миний тухайд хөгшин ээж минь намайг өдий зэрэгтэй хүн болоход их үүрэг гүйцэтгэсэн. Намайг сургуулиа төгсөөд үйлдвэрлэлийн шатанд ажиллахад ч нөлөө үзүүлж, ухаан тэлж байсан олон сайхан хүн байсан. Нэг л жишээ хэлье л дээ. Аравдугаар ангиа төгсчихөөд аймгийн Усжуулах конторт нэг жил орчим ажилласан. Цахилгаан хайгуулын бригад л даа. Байнга хөдөө явна.

Төвд ирэхээр “ширүүн” Даваа дуудаж, дэргэдээ суулгаад бичиг цаасны ажил хийлгэдэг байлаа. Ерөнхий инженерээс хүмүүс их цэрвэнэ. Хэрэв түлхүүрээ гартаа эргүүлээд явж байвал уулзах хэрэггүй, аль болох харагдахгүй зугатах хэрэгтэй гэлцдэг байв. Бодвол ууртай үедээ түлхүүрээ эргүүлдэг байсан юм байгаа биз. Даваа инженер бригадын ажлын гүйцэтгэлийн бичиг баримтыг шалгаж, хийснээр нь цалин бодно. Тухайн үед одоогийнх шиг тооны машин, компьютер байсангүй. Бичгийн машин ч ховор үе. Бүх бичиг баримтыг гараар бичнэ. Тооцоог сампингаар бодно.

Ийм л үед энэ хүн 100-гийн доторх мэдээжийн тоог ч орос сампиндаа заавал хоёроос гурван удаа бодож байж дүнг тавина. Ажлын гүйцэтгэл, цалин хөлс бодсон тооцоогоо заавал өөртөө нэг хувь илүү хуулж өөртөө хадгалдаг нягт нямбай хүн байсан. Яагаад ингэж байгааг нь асуухаар “Энэ бол мөнгөний асуудал. Яаж мэдэх вэ. Хэн нэг нь миний бичсэнийг засаад, мөнгө идчихэж мэднэ. Тийм үйлдэл гарвал намайг хэргээс мултлах баримт энэ” гэж хэлдэг байв. 

-Мөн ч уйгагүй, нямбай хүн байж шүү?
-Даваа инженер өрмийн мастер хүн л дээ. Дунд боловсролтой хэрнээ ерөнхий инженер хийж, дээд сургууль төгссөн инженерүүдээ захирна. Мэргэжилдээ үнэхээр гаргуун. Түүний чадварт зэрэгцэх хүнгүй. 

-Энэ хүнээс та нягт нямбай, хариуцлагатай байхыг сурав уу?
-Хайр нь дотроо, хал нь гаднаа байх ухааныг сурсан. Нэгэн удаа Даваа инженерийн өрөөнд богино яндант худгийн өрмийн мастер, бригадын дарга Хайдав орж ирлээ. Түүнийг толгой түрүүгүй зад загнав. Харин гарсных нь дараа их аядуу, зөөлөн дуугаар “Энэ муу Хайдав эхнэр нь нас барчихсан, дөрвөн өнчин хүүхэдтэй, ядарч яваа эр хүн. Хайрлаж явах хэрэгтэй хүн байгаа юм гэж билээ. Тэгэхэд л хүнийг ингэж загнасан хэрнээ дотроо ингэж хайрлаж явдаг яасан нандин, сайхан чанар вэ гэж бодсон. Энэ бол удирдагч хүнд байх ёстой хамгийн чухал чанар санагддаг.

Ажилтандаа хатуу шаардлага тавьж болно, харин үнэхээр хайрладаг байх ёстой юм байна гэж бат ойлгосон. Мөнгө төгрөгний асуудалд нягт, нямбай, хашир хандах гэх мэт тэр хүнээс сурсан бага сага юм бий. Энэ мэт их олон сайхан хүнтэй амьдралын зам мөр минь намайг учруулсан. “Хүн болоход амаргүй” номондоо энэ бүх сайхан хүмүүсийн тухай бичихийг эрмэлзсэн. 

-Ер нь хүн гэгч амьдралынхаа туршид хурааж хуримтлуулсан эд мөнгийг биш таарч, учирсан хүн, тэдний үлдээсэн харилцаа, хандлага, бодолд үлдээсэн сайхан түүхийг л дурсан санаж, түүгээр дүүрч амьдардаг юм шиг. Та ч мөн ийм сайхан учрал, хүн хүнээ гэсэн харилцааг санаж явдаг байх нь?
-Амьдрал надад олон сайхан хүмүүсээр хүрээлүүлэх боломж олгосон. Энэ хувь заяандаа баярладаг. Тодорхой ярья л даа. 1982 оны зун. Богдхан уулын Богины аманд мотоциклийн бартаат замын уралдаан үзээд зогсож байтал гэнэт хэн нэгэн хажуугаас “Сайн байна уу, Банди аа” гэв. Харвал сансрын нисгэгч Ж.Гүррагчаа. Монгол хүнийг дэлхийд таниулсан баатар маань зогсож байна. Шоконд орно гэдэг л болсон. Эг маг хийн, ээрч гацаад юу ч ярьж чаддаггүй. Уг нь баатартай бага сага танил гэхэд болно л доо. 1966 онд Хөдөө аж ахуйн сургуульд нэг жил элсэж, тэр инженер-механикийн ангид, би зоотехникийн ангид элсэж байсан юм. Хоёр жилийн дараа бид хоёр ардын цэргийн 065 дугаар ангид, тэгэхдээ хоёр өөр суманд алба хаасан юм.

Сансарт монгол хүн ниссэний маргааш өглөө самбарт жигтэйхэн танил хүний зураг байхыг хараад би мэл гайхав. Миний огт таньж мэдэхгүй, ер бусын гэмээр хүн сансарт нисэх юм шиг бодогдож билээ. Гэтэл маньтайгаа хамт нэг сургуульд сурч, нэг ангид цэргийн алба хаасан хүн байдаг. Гүррагчаа хөдөө аж ахуйн машины инженер болж мэдэх байсан. Хэрэв тэгсэн бол сансарт нисэхгүй байсан болов уу. Гэтэл хүний хувь заяа цаанаасаа зурагдсан байдаг юм шиг.  Хөдөө аж ахуйн сургуулийн нэгдүгээр ангийг төгсөхөд дээд тооны хичээл дээр тэдний хэсгийнхэн цөмөөрөө унажээ. Ж.Гүррагчаа сургуульдаа сонирхол муутай байж. Хоёрдугаар ангид ороод арваннэгдүгээр сарын эхээр хаврын унасан шалгалтаа өгөх ёстой байв. Гэтэл аавынх нь дүү жолооч ачаа аваад нутаг явах гэж байна гэнэ. Хагас жилийн амралт яагаа ч үгүй. Гэтэл мань хүнд гэрээдээ явмаар санагдаж, авга ахдаа “Би тантай хамт явна аа.

Намайг хүлээж байгаарай” гэж хэлчихээд сургуульдаа явжээ. Тэр өдөр өнөөх унасан дээд тооны шалгалтаа өгөх ёстой байж. Гэтэл түрүү жил нь сургуулиа төгссөн Нямдорж гэж тооны багш нь “Чамд дунд тавья. Чи цаашаа сурч чадах уу” гэж гурван удаа асуусан ч юу ч дуугарахгүй байсан тул сурлагын дэвтрийг нь өгөөд гаргасан байдаг. Ингээд  Ж.Гүррагчаа баатар ахтайгаа хамт гэртээ харьсан нь сансарт нисэх замыг нь заасан байгаа юм. Тэгэхээр хүний хувь заяа гэдэг их сонин байгаа биз. Жанибеков баатар түүнд сансарт нисэхээс өмнө их сонин, гоё үг хэлсэн байдаг юм билээ. Юу гэхээр “За чи сансраас бууж ирэх үед их олон шинэ танилтай болчихсон байна. Тэр үед хуучин цагт нөхөрлөж, найзалж явсан хүмүүсээ битгий мартаарай” гэж хэлсэн юм билээ.

Мань хүн тэр үгийг мартаагүй, одоо ч над руу утсаар залгаж мэнд мэдэж, хаан, юу хийж байгааг минь сурагладаг. Тэгэхээр энэ мэт хүмүүсийн харилцаа гэдэг үргэлж бие биенээсээ суралцсан, ухаарал, дурсамж дүүрэн байдаг юм байна. Ж.Гүррагчаа баатар  бол их ховор зан чанартай хүн. Намуухан, түвшин араншинтай. Их найзархаг, чамгүй шогч. Хүнтэй хэзээ ч уралдаж ярихгүй. Үгээ их сайхан цэгцтэй хэлнэ. Нэг их ярьж байснаа гэнэтхэн тормоз гишгэх шиг яриагаа базаж, цэгцлээд дуусгачихна. Энэ нь өөрийгөө их сайн хянаж чаддаг, их ярьж хүн чилээх вий гэж боддогийнх байх. Ухаантай хүн өөрөө ярихаасаа бусдыг сонсохыг илүүд үздэг ч байж мэднэ. Үнэхээр ч ухаарлыг их ярьснаар биш их тунгааснаар олдог байх. Өвөр энгэр нь ээвэр,  дулаан, өмөг түшигтэй, хүн чанар сайтай, уулс мэт буурьтай ийм хүмүүсээр л амьдрал дэгжин, гэрэлтдэг болов уу гэж боддог доо. Тэгэхээр надад тахинаас илүүтэй, хүмүүсийн харилцаа, хүн болох ухааны талаар ярих л сайхан байдаг даа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид