Улаанбаатар 1c

Б.Соёлмаа: Сэтгэлгээний урлаг, уран зурагтаа дуртай учраас орхиж чаддаггүй

Манай улсад эмэгтэй зураач чамгүй олон, хөрөг зураг дагнан зурдаг нь цөөн.  Хөрөг болон уран зургаар бүтээлээ туурвиж буй зураач Батмөнхийн Соёлмааг “Уран бүтээлчийн цаг”-таа урьж ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Батмөнхийн Соёлмаа гэдэг. 1992-1996 онд СУИС-д зураач Д.Мягмар, Б.Хүрэлбаатар багш нарын удирдлага дор  уран зургийн ангид суралцаж, төгссөн. СУИС-аа төгсөөд МСҮТ-д зураач П.Цэгмидийн хамт уран зургийн багшаар ажилласан. 1998 оноос  хойш хувийн амьдралаа зохиож, жаахан цалгардсан ч уран бүтээлээсээ холдож  хөндийрөлгүй  өнөөг хүрч байна.

-Багаасаа зурдаг байв уу?
-Таван настайгаасаа  зурж эхэлсэн. Манай аав офицер хүн байлаа. Намайг гэрт харах хүн олдохгүй үед аав ажилдаа дагуулаад явна.  Аав надад өнгийн харандаа, бичгийн цаас өгөөд зураг зур гээд суулгана. Өглөөнөөс орой ажил тартал, өдөржин зураад суудаг байлаа. Хөдөлгөөн багатай, томоотой охин байжээ. Зураг зурах, уран зурагт сонирхолтой болоход аав их нөлөөлсөн. Сургуульд ороод зургийн хичээлд дур сонирхолтой байв. Ганцхан зургийн хичээлд ч биш, бусад хичээлдээ ч сайн сурдаг охин байлаа.

Би дөрвөн дүүтэй, айлын том охин. Дүү нар маань миний амьдралд их  чухал нөлөө үзүүлсэн. Тухайн үед аав, ээж хоёр өглөө ажилдаа яваад орой ирнэ. Тийм болохоор дүү нараа харах, гэр орны ойр зуурын  ажлыг  наймтайгаасаа 16  нас хүртэл хийсэн. Дүү нараа харахдаа их ядарна. Тэр үед зураг зураад суух нь надад сайн амралт болдог байлаа.  Зав чөлөө гарвал л зураг зураад суучихна.  Зураг зурах үед сэтгэл санаа уужран, нэг л сайхан мэдрэмж төрнө. Үеийнхээ хүүхдүүдтэй тэр болгон гадаа тоглохгүй. Зургаа зураад суух үед бие амарч, алжаал, ядаргаа тайлагдах мэт, тайвшрал, тайтгарлаа мэдэрнэ Зуны амралтаараа хөдөө явахад их баярлана. Манай ээж Булганых. Харин аав Завханы уугуул.

Хөдөө явахад зам зуур аав надад уул, ус танилцуулна. Тэр сайхан байгаль, уудам тал, өндөр уулс, ой хөвч, цэлмэг хөх тэнгэрийг хараад сэтгэл уужран баярладаг байлаа. Тэр бүхэн зураач болоход суурь болсон. Ингэж хөдөөгийн байгалийн сайхныг таньж, мэдэрсэн нь миний дотоод сэтгэлийн мэлмийг нээсэн гэж боддог. Би хүүхэд насныхаа хамгийн жаргалтай үеийг аавгүйгээр төсөөлж чаддаггүй. Үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралын үүд хаалгыг аав хүн нээж өгдөг юм болов уу гэж боддог.

-Ээжээсээ илүү аавдаа хайртай охин байж дээ?
-Манай ээж чанга хатуу, зарчимч эмэгтэй. Биднийг дэг журамтай, зөв хүн болгон хүмүүжүүлсэн. Харин аав бидний авьяас чадварыг хөгжүүлж, нээхийг чухалчилж үздэг байлаа. Зураач мэргэжил эзэмшихэд аав суурийг нь зөв тавьж өгсөн гэж үргэлж бодож, баярладаг. Одоо аав маань тэнгэрийн орноос охиныгоо хараад баярлан, бахархаж суугаа байх.

-Сургуульд байхдаа зургийн уралдаанд оролцдог байсан уу?
-Зургийн уралдаанд оролцдог байсан. Эрдэнэтэд болсон хүүхдийн зургийн уралдаанаас медаль хүртэж байлаа.

-Бага байхдаа ихэвчлэн ямар сэдэвтэй зураг зурдаг байв?
-Бага байхдаа гол төлөв хүний дүрс,  хүүхдийн нүүр  зурах дуртай байсан. Харин сургуульд ороод үнсгэлжин, гүнж, хатны зураг голлон зурах болсон. Тэр үед үнсгэлжин гээд Оросын хүүхэлдэйн киног их үздэг байсантай холбоотой байх. Үнсгэлжинг  их гоё даашинзтайгаар зурна. Найзууд, ангийн охид үнсгэлжинг их зуруулдаг байсан.

-Дунд сургуулиа төгсөөд СУИС-д элссэн үү?
-Би долоон настай сургуульд орсон. Аравдугаар ангиа 17 настайдаа төгссөн. Дүрслэх урлагийн дундад орохоор шалгалт өгтөл тэнцээгүй. Аав “Миний охинд зургийн онолын мэдлэг дутуу юм байна” гэж хэлээд  зургийн дамжаанд суулгасан. Тэр дамжааны Г.Лхагвасүрэн багш надад зургийн анхан шатны мэдэгдэхүүн заасан. Нэг жил бэлтгэж байгаад  аавтайгаа хамт  ирж, СУИС-д  шалгалт өгөөд тэнцсэн. Аав, ээж хоёр “Миний охин нас биед хүрлээ. Одоо өөрийн хувь заяагаа өөрөө шийдэх хэрэгтэй” гээд  оюутны байранд суулгасан. Тэр үед би бие даасан шийдвэр гаргаж, анх удаа эрх чөлөөтэй байхыг мэдэрсэн.

Дүү нараа харж, гэрээс гардаггүй түгжигдмэл байдлаас салсан нь надад эрх чөлөө мэт санагдсан. Өөрийн дураар шийдвэр гаргах, хүссэн зүйлээ хийх болсон нь надад сонин санагдаж билээ. Тэр үед  нийгэм солигдож, ардчилал, хүний эрх чөлөөг тунхагласан үе таарсан. Гэхдээ ардчилсан хувьсгал, нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэлийг ойлгохгүй байв. Харин сэтгэлийн, сэтгэлгээний эрх чөлөөний өөрчлөлт ирсэн гэдгийг зөн совингоороо мэдэрч байлаа. Хүүхэд байхад надад  дүү нараа харж, гэр орны ажил хийх нь ачаалал,  дарамттай юм шиг санагддаг байсан. Харин одоо  бодоход дүү нартайгаа хөгжилдөн, уйлж, дуулаад үнэхээр аз жаргалтай үе  байж.

-СУИС-ийн оюутны амьдрал нь чөлөөтэй сайхан гэхээсээ илүү завгүй өнгөрсөн үү?
-Манай ангийнхан гол төлөв Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн мэргэжлийн зураачид байсан. Над шиг уран зургийн талаар ойлголтгүй, арав төгсөөд ирсэн 2-3 хүүхэд байв. Анх зурж чадахгүй хэцүү үеийг туулсан. Их сургууль гэдэг утгаараа эхлээд натюрморт зуруулж байгаад  шууд хувцастай, хувцасгүй хүн зуруулж эхэлсэн. 2-3 дугаар курст голдуу нүцгэн хүн зурдаг, хүний биеийн анатоми судалдаг  болсон. Анх нүцгэн хүн хараад их сандарч, тэвддэг байв. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу янз бүрийн нүцгэн хүн рүү ичээд, харж чаддаггүй байлаа.  Миний эзэмших ёстой мэргэжил учраас дасан зохицохоос өөр аргагүй болсон.  Тэгээд уран зургийг дөнгөж ойлгодог болж байтал сургуулиа төгсөх болчихсон. 

-Оюутан байх үеэсээ л хөрөг зурж эхэлжээ гэж ойлгож болох уу?
-Оюутны амьдралын дөрвөн жилийг хөрөг зурж өнгөрөөсөн. Гэхдээ төгс зурж сураагүй. Хөрөг зурах техникийг төгс сайн эзэмших тийм амар, хялбар зүйл биш.

-Анх ямар хүний хөрөг зурж байв?
-Настай хүн байсан. Гэхдээ нүцгэн биш. Хувцастай байсан болохоор зурахад арай хялбар байж билээ. Түүний дараагаас нүцгэн хүний хөргийг зураад эхэлсэн. Манай багш нар Оросын Ленинградын  Рипенийн нэрэмжит уран зургийн академи төгсөж ирсэн зураачид. Тэд Оросын хөрөг зургийн школоор биднийг бэлтгэн гаргасан. Манай улсад 1942 оноос хөрөг зургийн анхны суурь тавигдсан гэж үздэг.

-Одоо хөрөг зургаа дагнан зурж байна уу?
-Хүний амьдралд жаргал, зовлон, уйтгар гуниг, баяр баясгалан гээд юу ч тохиолдож болно. Тэр бүх амьдралын нугачаанд эзэмшсэн мэргэжлээ зэврүүлчихгүй байхыг хичээсэн.  Би СУИС-ийг төгссөн цагаасаа өнөөдрийг хүртэл зургаасаа холдоогүй. Сэтгэлгээний урлаг, уран зурагтаа дуртай учраас орхиж  чаддаггүй. Би энэ мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжилдээ хайртай.

Миний амьдралын зорилго уран зураг. Зорилго тавьсан учраас уран зургийн мэргэжлээ хаяж, орхиогүй. Амьдралын бүх цаг үед зураад л явсан. Хүнтэй суугаад хүүхэд гаргахдаа ч  зурж л байлаа.  Одоо ч үргэлжлүүлээд зурж л явна.  Гэхдээ одоо байгалийн зураг зурах сонирхолтой болсон. Сүүлийн жилүүдэд арилжааны чиглэлийн зураг түлхүү зурж байна. Зарим зураач арилжааны зураг зурахыг шүүмжлэх нь бий. Амьдралаа авч явахын тулд зурахаас өөр замгүй шүү дээ.

-Арилжааны зураг гэсэн төрөл, урсгал байдаг юм уу?
-Яг ч тогтсон төрөл урсгал биш л дээ. Гэхдээ сонгодог уран зургаас арай  ялгаатай. Сонгодог уран зургийг тэр болгон хүн ойлгохгүй. Худалдаж авах хүн ч ховор. Уул, ус, байгаль  адуу, мал, ан амьтны сэдэвтэй арилжааны зураг бол харин өөр. Нутаг ус, уул хайрханы зургийг хүмүүс  худалдаж авах нь их. Би арилжааны зураг зурахын хажуугаар уран зургаа ч амжуулаад зурж байгаа. Аль алийг нь хослуулаад яваа.

-Өөрөө Отгонтэнгэр хайрхан, Найман шарга морийг голчлон зурсан байх юм?
-Манай аав Завхан аймгийн хүн. Аавынхаа  нутгийн тахилгатай шүтээн уулыг зурах их сонирхолтой. Нутгийн хүмүүс Отгонтэнгэр хайрханыг тахилга, шүтлэгтэй уул гэж зуруулдаг. Би мөн морь зурах дуртай. Сүүлийн арав гаруй жил морь зурж байгаа. Морь гэдэг их тэнгэрлэг, хийморьтой амьтан. Морь зурахад тийм нэг далдын ч гэмээр хурд, хүч, эрчим, хэмнэл мэдрэх шиг санагддаг.

-Таны найман шарга морины хөдөлгөөн, зураг бүхэн дээр өөр байх юм?
-Арилжааны зураг гээд нэг зургаа хуулаад байдаггүй. Морьдын хөдөлгөөн, ааш араншин,  давхилт хоорондоо онцлог ялгаатай. Давхиж  буй морьдын хөлийн хөдөлгөөн, тавилт, эрч хүч, эрчим, хэмнэл өөр. 

-Дэлхийн сонгодог зураачид өөрийнхөө хөргийг зурсан байдаг. Та яагаад өөрийнхөө хөргийг зурах болов?
-Миний өөрийгөө зурсан хөргийг Эрдэнэцогт зураач хараад  шүүмжилсэн. “Уран зураг биш байна. Урлагийн бүтээл биш. Сонирхогчийн, чимэглэлийн маягтай зураг” гэсэн. Шүүмжлэл байж урлаг хөгждөг хуультай. Тийм болохоор тэр шүүмжлэлийг би хүлээж авсан.  

Хүний залуу нас мөнх биш гэдгийг би ойлгох болсон тэр үеэс хойш өөрийнхөө залуу насыг мөнхлөн үлдээх бодол төрсөн.  Залуу байхад аав, ээжийгээ амьд сэрүүн үед хүн сэтгэл зүйн хувьд хэтэрхий омголон, агаарт хөөрч, газарт буухаа ч мэдэхгүй нисэж явдаг юм билээ. Аав, ээжийгээ алдсаны дараа гэнэт л зог тусан, өнгөрсөн амьдралаа эргэж харсан. Тэр хоёртоо эрхэлж, тунирхан, жаргааж чадалгүй, гомдоочихсон юм биш байгаа гэх эмзэглэл төрсөн. Урсаад өнгөрсөн, эргэж ирэхгүй цаг мөч бүрийн талаар эргэцүүлэн бодож,  ухаарч, омголон зан дарагдан газарт бууж ирсэн. Амьдрал гэдэг хатуу юм байна.

Хүн мөнх биш, цаг хугацаа хатуу ширүүн гэдгийг ухаарсан. Тэр үед миний бие өвдөж, олон сар эмнэлгийн үүд сахиж, хэвтэрт ортлоо туйлдсан. Намайг гэх найз нөхөд, ойр дотнын  нэг ч хүн байхгүй, хүнд хэцүү, шалгуурыг даван туулж гарсан. Түүний дараа “Хүн гуйж, өөрийгөө зуруулах шаардлага надад байхгүй. Би өөрөө зураач хүн, залуу насаа  мөнхлөн зурж, үлдээж яагаад болохгүй”  гэж бодоод зурсан.

-Хөрөг зурахын тулд судалгаа хэр хийдэг вэ?
-Би фото зураг авах дуртай. Тиймээс зурах гэж байгаа орчныхоо зургийг гэрэл зургийн хальсанд буулгаж, угаалгаад хардаг. Зураач зургийн аппараттай байх ёстой. Байнга судалгаа хийж, зураг дарж явах  хэрэгтэй. Зураач хүн ажигч, гярхай, шинийг эрэлхийлэгч, мэдрэмтгий байдаг. Уран бүтээл хийхийн өмнө маш сайн судалгаа хийх нь чухал. Судалгаа сайн байж, сайн уран бүтээл гардаг. Залхуу, тэвчээргүй, туйлбаргүй хүнээс ямар ч уран бүтээл гарахгүй.

-Уран зураг ойлгохгүй надад таны хөрөг гайхамшигтай гоё харагдах юм?
-Жирийн хүний нүдэнд сайхан харагдах байх. Харин мэргэжлийн зураачид өөр өөрийн өнцөгөөс хардаг. Зарим зураач арилжааны зураг гэж байхад нөгөө хэсэг нь  чимэглэлийн зураг байна гэж маргах жишээтэй. Тэр бүх шүүмжлэлээс сургамж авч, ойлгож, алдаагаа засаж, сайжруулахыг хичээдэг. Монголын эрэгтэй зураачид их авьяаслаг, чадвартай. Эмэгтэй хүний хувьд тэдний хэмжээнд хүрч, цойлж гарна гэдэг хэцүү.

Олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэвчээр шаардсан зүйл. Эмэгтэй зураач нөхөртөө халамж анхаарал тавина, хүүхдээ өсгөнө, гэр орны ажлаа амжуулна гээд зав чөлөө багатай.  Бас эмэгтэй зураач үр хүүхэд, гэр орны ажил, уран бүтээл хоёрынхоо алийг сонгох вэ гэдэг сонголттой тулгардаг. Аль нэгийг нь золиослох шаардлага тулгарах үе бий.  Миний хувьд сонгосон, дуртай мэргэжил болохоор тэр бүгдийг амжуулахаас өөр замгүй.

-Бурхны хөрөг зурдаг уу, хамгийн том хэмжээтэй бурхны хөрөг гэвэл?
-Нэг хэсэг зурдаг байсан. Намайг тэвчээртэй сууж сурахад бурхны хөрөг  чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Бурхны хөрөг зураач хүнээс хичээнгүй, тэсвэр, тэвчээр нягт нямбай байдал, гүйцэтгэл сайтай байхыг шаарддаг. Би гол төлөв ногоон, цагаан дарь эхийн хөргийг зурж байлаа. Хамгийн том хэмжээтэй нь гэвэл 180: 250 см-тэй ногоон дарь эх бий.

-Уран бүтээл туурвих агшин, сэдэл төрөх мөчийг онгод орох гэж нэрлээд байна уу?
-Онгод орох гэдэг хийсвэр, утгагүй зүйл. Зарим уран бүтээлч архи уухаар онгод ордог гэж хөөрцөглөх нь бий.  Би үүнд итгэдэггүй. Харин хүнд дурлах, хүнийг хайрлах үед сэтгэл хөдлөл үүсэж, илүү их эрч хүчтэй болдог юм билээ. Хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд, хүн өсөж, хөгждөг. Тэрнээс биш онгодоо хүлээж байна гээд суугаад байхыг би ойлгодоггүй.  Байнга суралц, шинийг эрэлхийл, ур чадвараа дээшлүүл,  судалгаа хий, хөдөлмөрлө.  Гэхдээ сэтгэл хөдлөл, догдлол, тэмүүлэл  уран бүтээлчдэд байх ёстой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид