Улаанбаатар 1c

Т.Сүхбаатар: Байраа зарж, тамирчдынхаа зардлыг хийсэндээ харамсдаггүй

Монгол Улс дотооддоо халдваргүй байгаа үедээ наадмаа үзэгчгүй явуулах нь зөв

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, “Женко” клубийн багш Түмэндэмбэрэлийн Сүхбаатартай ярилцлаа. Сүхээ багшийн шавь Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал, МУГТ О.Бурмаа, МУГТ О.Насанбурмаа, ОУХМ Б.Оюунсүрэн, ОУХМ Б.Болортуяа нар өнөөдрийн байдлаар дэлхийн дэвжээнээс 10 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Харин Азийн наадам, Ази тивийн аварга, өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргаас медаль хүртсэн шавь нарынх нь амжилтыг тоолж баршгүй. Монголын эмэгтэй чөлөөт бөхийг дэлхийн тавцанд гаргахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан Т.Сүхбаатар багшийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн баатар, Ардын багш цолоор шагнаж урамшуулахад буруудах зүйлгүй биз ээ.

-Та наадмын бөхийн барилдааныг Төв цэнгэлдэхэд очиж үздэг үү?
-Үеийн найз бөхчүүд, шавь нараа барилддаг байхад Төв цэнгэлдэхэд очиж үздэг байсан. Сүүлийн жилүүдэд наадмаар хөдөө ахындаа очиж амраад зурагтаар үздэг болсон. Тавын даваанаас хойших барилдааныг анхааралтай үздэг дээ.

-Энэ жилийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах нь зөв үү. Үзэгчгүй барилдаан бөхчүүдийн сэтгэл зүйд  нөлөөлөх болов уу?
-Дэлхий нийтээрээ хорио  цээр тогтоосон үед харин ч бид наадмаа үзэгчгүй зохион явуулах гэж байгаа нь сайн зүйл. Олимпын наадам хүртэл болохгүй, бүтэн жилээр хойшиллоо. Өвчин намдахаар намар хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс байна. Намар энэ өвчин намдахгүй бол яах вэ. Одоо Монгол Улс дотооддоо халдваргүй байгаа үедээ наадмаа үзэгчгүй явуулах нь зөв. Төрт ёсны уламжлалт баяр наадмаа тасалдуулахгүйгээр хяналттайгаар явуулах нь буруу биш. Техник технологи хөгжсөн үед телевиз, гар утсаараа, сошиалаар наадмаа үзэж болно. 

-Таны бага нас Толгойтод өнгөрчээ?
-Би Архангайн Тариатын гаралтай хүн л дээ. Улаанбаатар хотод 1974 онд ирсэн. Манай аав цэргийн хүн байсан болохоор Зүүнбаян, Лүн гээд байнга л нүүдлийн амьдралтай байв. Аав 1971-1974 онд Зүүнбаянд хуваарилагдан ажилласан. 1974 онд манайх УБ-ын Толгойтод нүүж ирж байлаа. Үүнээс хойш Октябрийн район Баянгол дүүргээс холдолгүй 40 гаруй жил амьдарч байна даа.

-Та чөлөөт бөхөөр хэзээнээс хичээллэж эхлэв?
-13 настай байхдаа чөлөөт бөхийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан. Тэгээд л тухайн үеийн “Замчин”  нийгэмлэгт  намайг шууд авсан. Тэгж л Ардын багш, А.Басхүү багшийн шавь болж байлаа.

-Та дэлхийн цомын аварга билүү, ДАШТ-д хэр амжилттай барилдаж байв аа?
-Дэлхийн цомын аварга болсон бөхчүүд гэвэл,  Г.Хишигбаатар ах, З.Дүвчин ах,  А.Энхээ нар бий. Харин би дэлхийн цомын хошой мөнгөн медальтай. ДАШТ-д хоёр удаа, олимпод нэг, дэлхийн цомын тэмцээнд хоёр удаа барилдсан. 1986 оны Унгарын Будапештын, 1987 оны Францын Парисын  ДАШТ-д барилдаж байлаа. Түүний дараа 1988 оны Сөүлийн олимпод хүч сорьсон.

1986 оны “Сайн санааны тоглолт”-д орж хүрэл медаль хүртэж байв. Би арав гаруй килограмм хасаж 48 кг-д барилддаг байсан болохоор их тамирдаж, суларч жиндээ ордог байв. Тэр үед өндөр ачаалал авч, өдрийн гурав бэлтгэл хийнэ. Тэр бүхнийг тэсвэрлэх хүндрэлтэй, тэсвэр, хатуужил, хичээл, зүтгэл шаарддаг байсан.

-Таны дүү Д.Зүүнбаян 48 кг-д барилддаг байсан шүү дээ?
-Манай Зүүнээ надаас илүү амжилт гаргах боломжтой байлаа. Хоёр ч удаа ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдсан. 2000 оны Сиднейн олимпын шагналт байрт орсон.

-Та хэдэн оноос дасгалжуулагчийн ажилд шилжсэн бэ?
-1991 онд Улсын шигшээ багаас гараад,  дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Хүүхдийн соёл, спортын “Солонго” төвд багшилсан. Тэр үед эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин байгаагүй. Миний удирдсан секцээс улсын арслан, ОУХМ  Д.Ганхуяг,  улсын начин М.Цанлиг, аймгийн арслан, ОУХМ С.Мөнхсүх, чөлөөт бөхийн тайлбарлагч ОУХМ  С.Сүхбаатар нар төрөн гарсан.

-“Солонго” төвд хэдэн жил ажиллаж байгаад Япон руу явав.  Японд чөлөөт бөхийн чиглэлээрээ ажиллаж, суралцав уу?
-Баянгол дүүргийн Хүүхдийн соёл, спортын “Солонго” төвд долоон жил ажиллаж байгаад Япон руу явсан. 1990-ээд онд хүн бүхэн ганзагын наймаанд явж, гадаадад ажилладаг байлаа. Бусдын жишгийн дагуу амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор Японд бөхөөс өөр чиглэлээр хоёр жил ажилласан.

-Японоос ирээд эмэгтэй  бөхчүүдтэй ажилласан уу. Японы чөлөөт бөхийн эмэгтэй баг дэлхийд ноёлдог. Тэдний бэлтгэл, сургуулилалтыг  үзэж харж байв уу?
-Японы багуудын бэлтгэлийг очиж, сонирхож хардаг байлаа. Тэд хүүхдийг багаас нь бэлтгэдэг юм билээ. Ялангуяа охидыг гурван настай цэцэрлэгт байх үеэс нь сургадаг.  Японы алдарт бөх Саори Ёшида, эгч, дүү Каори Ичо, Чихари  Ичо нар 3-5 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байдаг. Манайхан бөхөөр хичээллэнэ гэхээр хүүхдийг хооронд нь барилдуулах юм бодох нь бий.  

Гэтэл японууд анхан шатны хөдөлгөөний эвсэл суулгах дасгал, хөдөлгөөнийг  тоглоомын аргаар суулгаж өгдөг юм билээ. Манайхан “Хуурнин шуугигч” гээд тав, зургаан настай хүүхдийг хүчээр барилдуулж байгаа нь маш буруу. Хүүхдийн сэтгэл зүй, бие бялдрыг эвдэж, тархинд нь буруу үзэл суулгаж  байна. Давж, ялах гэж хэт улайрч нервтэж,  унахаараа сэтгэлээр унаж уйлж, сэтгэл гутралд орж, өөрийн хүчиндээ итгэхгүй болох аюултай. Хүүхдийн сэтгэл зүй эмзэг шүү дээ.

Би 1998 онд Япон руу явсан. Японы эмэгтэй багийн бэлтгэлийг хааяа очиж хардаг байв. 2000 онд Японоос ирээд “Замчин” нийгэмлэгийн дасгалжуулагч болов. Тэр үеэс охидыг  бүртгэн авч ажилласан. Түүний дараа “Долоон бурхан” клуб, тэгээд “Женко” клубт ажиллаж байгаад улсын шигшээ багийн дасгалжуулагч болж, 2008-2012 он, 2012-2016 оны хоёр олимпын циклд ажилласан.

-Том О.Бурмаа, О.Насанбурмаа хоёр таны гарын шавь,  одоо хүртэл олон жил амжилттай барилдаж байна.  Энэ бүхэн нь нэг багштайгаа явсны үр дүн болов уу?
-Том О.Бурмаа анх 19 настай хүүхэд ирж байлаа. Тэр үед эмэгтэй чөлөөт бөхийн эхлэл тавигдаж байсан үе болохоор сонирхогч охид тийм олон байгаагүй л дээ. Харин О.Насанбурмаа, (Ука) 13 настай байхдаа, Ц.Энхжаргал 18 настайдаа  секцэнд орж байлаа. Гавьяат Ц.Энхжаргал Ховд аймгаасаа самбо бөхийн суурьтай охин ирсэн.  ОУХМ Б.Оюунсүрэн, О.Насанбурмаа хоёр уг нь нас чацуу юм. Гэхдээ Б.Оюунсүрэн жаахан хожуу 17 настайдаа ирсэн.  

Завханаас оюутан болж ирээд, Спортын төв ордны бөхийн секцийг сураглаж яваад  надтай таарсан. Тэгээд бүртгүүлж секцэнд орсон юм. Богино хугацаанд биеэ дайчлан амжилт гаргасан, их хөдөлмөрч хүүхэд. Дэлхийн аваргаас медаль хүртсэн шавь нар минь өөр багш солилгүй надтай одоо хүртэл цуг яваад нь баярладаг. Ер нь олон багш солих тийм сайн зүйл биш байх. Багш болгоны арга барил өөр, анх тавьсан суурийг нь өөрчилж, эвдэх гээд байдаг сул талтай. Манай охид миний удирдлагад  бэлтгэл хийхдээ дуртай. Чанартай бэлтгэл сургуулилалт хийж байна гэсэн итгэл, үнэмшлийг авч чаддаг юм билээ.

Өөрсдийн барилдааны алдаа, оноогоо надтай чөлөөтэй ярьж, ойлголцож чаддаг. Би тэдний ямар үед бэлтгэл нь сэргэдэг, хэзээ уналтын үе байдаг.  Ямар үгээр урамшуулбал сэтгэл санаа нь өөдрөг сайн барилдах, ямар зэмлэл, хатуу үг хэлэхэд гомддог вэ гэдгийг мэднэ.  Охид бүрийн сэтгэл зүй, зан араншин өөр өөр, онцлогтой.  

-ОУХМ Б.Оюунсүрэн ДАШТ-ий хошой мөнгөн медальтай билүү. Таныг шавь нарынхаа  тэмцээний зардалд нэмэр болох гэж байраа зарсан гэдэг юм билээ?
-Б.Оюунсүрэн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,  дэлхийн аваргаас нэг мөнгөн медаль хүртсэн. Харамсалтай нь, ид амжилт гаргах оргил үедээ бэртэл авсан.  Мөр нь байнга мултардаг болчихсон учраас барилдах боломжгүй болсон. Одоо дасгалжуулагчаар амжилттай ажиллаж байгаа. 1990-ээд оны шилжилтийн хүнд үед тэмцээний зардал олох хүнд асуудал бэрхшээлтэй байлаа.

Тэр үед гурван өрөө байраа 19 саяар зарсан. Тэгсэн чинь долоо хоногийн дараа гурван өрөө байрны ханш 50-60 сая төгрөг болж өссөн. Гэхдээ байраа зарж, тамирчдынхаа зардал  хийсэндээ  харамсдаггүй. Чөлөөт бөхийг хөгжүүлэх гэж амьдралаа зориулж яваа хүнд тэр зэргийн золиос байх л зүйл.

-Та одоо байртай болсон уу?
-Байртай болж чадаагүй ээ. Эгчийнхээ байранд амьдарч байгаа. Залуу байхад байр түрээслэн амьдраад, тоодоггүй байж. Харин одоо өөрийн гэсэн байртай болохыг  хүсэх болсон.

-Таны шавь нар дэлхийн аваргаас арван медаль хүртсэн. Улсын шигшээ багт ажилласан найман жилийг оруулбал таны шавь нар  ДАШТ-ээс  олон медаль хүртсэн тоо гарна биз. Та тоолж үзсэн үү?
-Өнгөрсөн 2019 онд миний шавь нар ДАШТ-ээс арав дахь медалиа авсан. Хоёр Бурмаа, Б.Оюунсүрэн, Б.Болортуяа нар арван хуруугаа харуулж, арван медаль авсан шүү гэдгийг илэрхийлэн зургаа даруулсан байна лээ. Охид маань дэлхийн аваргаас арван медаль хүртжээ. Харин улсын шигшээ багт ажиллаж байх үед шавь нарын хүртсэн медалийг ер нь тоолж үзээгүй юм байна. Эмэгтэй шигшээ багийн тамирчид ДАШТ-ээс 20-30 медаль хүртсэн байх.

-Дэлхийн чөлөөт бөх сонирхогчид таныг “Бүжиглэдэг дасгалжуулагч” гэдгээр тань андахгүй.  Анх О.Бурмааг дэлхийн аваргын  медаль хүртэхэд бүжиглэж байсан байх аа?
-О.Насанбурмаа дэлхийн аваргаас хүрэл медаль авахдаа, хүнд барилдаан хийсэн юм. Түүний дараа Том Бурмаа медаль хүртсэн. Үүнээс гадна Монгол Улсын тамирчид ДАШТ-ээс зургаан медаль зүүлээ. Манайх багийн дүнгээр  дэлхийд хоёрдугаар байрт шалгарахаар  хөл газар хүрэхгүй шахам баярлаад, бүжиглэхгүй яахав. Сэтгэл, хөөрч, догдлоод өөрийн эрхгүй нэг л мэдсэн чинь бүжиглэсэн байлаа. Ер нь Унгарын Будапештын дэвжээ монголчуудад их ээлтэй шүү. 

-Өнгөрсөн жил Б.Болортуяаг дэлхийн аваргаас медаль хүртэхэд  дахин бүжиглэсэн. Таны сэтгэлийг Б.Болортуяагийн барилдаан догдлуулжээ?
-Б.Болортуяагийн сүүлийн арван секундын барилдаан үнэхээр сэтгэл, хөдөлгөж, огшуулсан, бахархмаар урамтай сайхан өндөрлөсөн. Туркийн охин дэвжээнд гараад шүгэл дуугарахад өмсөх мэх хийж хоёр оноо авчихсан. Өмсөх мэхэндээ их сурмаг, гаршчихсан, дадмаг юм билээ. Эхний үеийн барилдааны төгсгөлд Болороо хэвтээгээс олон оноо алдаж 9:6 болсон. Барилдааны завсарлагааны үеэр Болороод баруун гараа битгий даруул, өмсөх мэхний барьцыг өгч болохгүй шүү гэж захиад гаргасан.

-Б.Болортуяа тэгж олон оноо алдчихаад, ялж чадаж байна гэхээр сэтгэл зүй сайтай, дайчин барилдаантай юм аа?
-Болороо шийдсэн, шийдэмгий барилдааныг бахдалтайгаар үзүүлсэн. Сүүлийн 30 секундээс арван секунд хүртэлх хугацаанд Болороо хожигдож л явсан.  Анх удаа дэлхийн аваргад орж байгаа болохоор хэт яарсан, тэвдсэн барилдаан хийж, алдаа гаргаад байсан. Медаль авахсан гэсэн сэтгэл зүй нь алдаа гаргах, биеэ барих шалтгаан болсон байх. Яараад байсан. Би “Яарах хэрэггүй, тайван бай.

Наад Турк чинь хамгаалж, хайрцаглаад байна. Сайн хөдөлгөж байгаад, цагийн төгсгөлд яваад үз” гэж хашхирсан. Миний үгийг сонссон юм уу, үгүй юм уу бүү мэд. Ямар ч байсан  бахдалтайгаар барилдааны төгсгөлийг сайн хийж хожсон.  Эхлээд зүүн талд нь явж оноогоо ойртуулаад, дараа нь зүүн хөлийг нь авах гэж  хуураад баруун хөлийг авч суулган ялалт авсан.

-О.Насанбурмаа дэлхийн аваргын дөрвөн медальтай бөмбөрцгийн том бөх.  2012 оны Лондоны олимпын эрхийг өөрөө авсан ч түүний оронд С.Батцэцэг явсан. Тэр ид сайн үед нь дэмжээд явуулчихсан бол  дараа дараагийн олимп, дэлхийн тэмцээнд илүү өндөр амжилт гаргах сэтгэл зүй суух байсан болов уу?
-Чөлөөт бөхийн холбоо О.Насанбурмааг Лондоны олимпод С.Батцэцэгтэй хамт аваад явсан. Гэхдээ  олимпын наадамд барилдаагүй гэдэг нь сэтгэл зүйд нь хүнд цохилт болсон байх.  Сэтгэл санаагаар их унасан, чөлөөт бөхөө орхих, болих дээрээ хүрсэн. Би “За Ука минь, чи үнэхээр хүчээ шавхан байж дэлхийн аваргаас олимпын эрхийг авсан. Ингэж зовж, зүдэрч, амжилт гаргачихаад, ид амжилт гаргах оргил үе дээрээ спортоо орхиж, болих шиг амархан зүйл байхгүй. Уг нь чи эцсийн мөч хүртлээ энэ спортоороо хичээллэх ёстой. Олимп нэгээр дуусахгүй” гэж хэлсэн.

Би тэгж хэлсэн ч яг үнэндээ бол олимп, дөрвөн жилд нэг удаа болдог.  Их урт цаг хугацаа. Дөрвөн жилийн хугацаанд оргил амжилтаа хадгалж барина гэж бараг байхгүй л дээ. О.Насанбурмааг зодог тайлуулахгүйн тулд,  тэгж хэлсэн юм. Манай О.Насанбурмаа олон бэртэл, гэмтэл авч байсан. Эгэм, хоёр хөл нь хугарсан.  Хүнд хагалгаанаас бөхийн спортдоо эргэн ирж байлаа. Бэртэл, гэмтлүүд  амжилтыг нь хойш татсан. Гэхдээ тэр хүнд бэрхшээлийг даван туулж дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртэж чадсан гэдэг бахархалтай.

-Лондоны олимпоос хойш О.Насанбурмааг сайн барилдахгүй байна. Зодог тайлах цаг нь болжээ гээд шүүмжилсэн. Гэтэл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртчих юм?
-Азийн наадамд том Бурмаагийн хэмжээнд ойртож  барилдах болов уу гэж  О.Насанбурмааг жин өгсүүлэн 76 кг-д барилдуулсан. Тэр тэмцээнд маш их хэл ам дагуулан явсан нь  муугаар нөлөөлсөн. Азийн наадамд явах онгоцонд суугаад бие нь өвдөж, халуурсан. Очоод халуун нь буурч, дахин халуурч бие нь сайнгүй байсаар  тааруухан барилдсан.  Манайхан чинь тамирчдыг амжилт гаргахаар магтаад, жаахан тааруу барилдахаар нь элдвээр хэлж, шүүмжилдэг зантай шүү дээ. Тэр дагуу  О.Насанбурмааг Азийн наадмаас ирсний дараа хөгшин, настай, эмгэн гэх зэргээр аль муухайгаар нь дуудаж, зодог тайлах болсон гээд шуугисан.  

Би “Зүгээр ээ тэр бүхнийг битгий тоо. Ер нь амжилт гаргаагүй нь хувь тамирчин чиний л хариуцлагагүй байдалтай холбоотой. Хүйтэн ус, ундаа хэрэглээд биеэ хайхрахгүй байсан чиний буруу. Одоо хэдхэн сарын дараа  дэлхийн аварга болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Бэлтгэлээ сайн хий. Өөр элдэв, юм бодож, сэтгэлээ зовоох шаардлагагүй” гэсэн.

-Хэдхэн сарын дотор үнэхээр хичээж бэлтгэлээ хийжээ. Хэл амны дайралт сэтгэл санаанд нь их, бага хэмжээгээр нөлөөлсөн л байхдаа?
-Ер нь манай О.Насанбурмаа сэтгэл зүй өндөртэй тамирчин. Тийм  ч учраас дэлхийн аваргын тэмцээнд очоод амжилт гаргаж чадсан. Дэлхийн аваргын дөрвөн өөр жинд барилдаж, дөрвөн медаль  авлаа. Олимпын төрөлд ордог дөрвөн жинд, дөрвөн медаль хүртэнэ гэдэг том амжилт. 2019 онд дэлхийн аваргаас С.Батцэцэг дөрөв дэх медалиа хүртэж, Укагийн амжилтад хүрлээ. Өөр дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн тамирчин манайд байхгүй.

С.Батцэцэг дэлхийн аваргын хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай. Ука болохоор  дэлхийн аваргаас  нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн тамирчин. Манай улсын нэг жингийн дэлхийн хэмжээний тэнцүү өрсөлдөгчид, бие биенээ сайн хурцалж өгдөг. Тийм учраас тэд дэлхийд өндөр амжилт гаргаж байгаа.  Дотооддоо бид сайн өрсөлдөгчтэй байж, дэлхийн медаль, бөмбөрцгийн амжилт ярих ёстой. Дотоодын өрсөлдөөн сул бол дэлхий, олимпын медаль санах хэрэггүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • эрка
    Ядаж л байртай болгоод ид амжилт гаргаж байгаа үед нь төрийн шагналаа өгчихмөөр юм даа . Чөлөөтийнхөөн, Ерөнхийлөгчөө хөө..........
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
Нийтлэлчид