Улаанбаатар 1c

Э.Авирмэд: Номингийн говийн элст хотгорыг Монгол орны нам дор цэгээр баталлаа

Нам дор цэгээс 10 орчим километрт ус, ургамал, амьтан, хүн байхгүй

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик, газарзүйн салбарын эрдэмтэд Монгол орны нам дор цэгийг шинээр баталгаажуулжээ. Энэ талаар судалгаанд гар бие оролцсон тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Э.Авирмэдтэй ярилцлаа.

-2019 оны тавдугаар сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Номингийн говийн Элс хотгорыг Монгол орны хамгийн нам дор газраар баталгаажуулжээ. Энэ цэгийг хэрхэн тогтоосон бэ?
-Энэхүү нам дор цэг 1942 онд Зөвлөлтийн армийн жанжин штабын, 1950 болон 1960  оны  байр зүйн зурагт  тэмдэглэгдсэн байдаг юм. Гэхдээ 1980 онд Засгийн газраас Монгол орны хамгийн нам дор цэгийг далайн түвшнээс дээш 560 метрт орших  Хөх нуурын хотгор гээд тогтоочихсон. Учир нь, тухайн үед Номингийн говийн Элс хотгорын нам дор цэг тэртээ баруун хязгаарт, говь цөл дунд, хилд ойрхон байсан учраас очиж баталгаажуулахад хүнд байсан юм билээ. Энэ цэгийг хүмүүс ч, судлаачид ч мэддэг байсан. Харин 2019 онд Говийн их дархан цаазат газрын А ба Б хэсгийн захирлууд Шинжлэх ухааны академид албан бичиг ирүүлж, албан ёсоор тогтоож өгөхийг хүслээ. Ийнхүү манайх есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Говь-Алтай аймгийг зорьсон.

Энэ онд гэхэд Цагаан дэлийн агуйг орон нутгийн төсвөөр санхүүжүүлж, судалгаа хийж байна. Өнгөрсөн жил Хойд цэнхэрийн агуйн судалгааг орон нутгийн хөрөнгөөр хийсэн. Эртний зосон зургийн асуудал хүнд болсон байна.  Палеолитийн үеийн зосон зураг ихээр сүйтгэгдсэн.  Дээр нь фломастераар сараачиж, нэр усаа бичиж, сангасыг нь шатааж түймэр тавьж харлуулсан байна.

Багийн бүрэлдэхүүнд Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймаг болон сумын засаг захиргаа, Говийн их дархан цаазат газрын А ба Б хэсгийн захирлууд болон судлаачид багтсан. Алтай сумаас цааш 100 километр гаруй газарт хэмжилт хийж, цэг дээр очлоо. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Алтай суманд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GNSS-ийн системээр баталгаажсан хатуу цэг байдаг. Тэр цэгээс хэмжилт аваад цааш хөөж, хоёр өдөр 100 километр гаруй хэмжиж нам цэгт очсон хэрэг. Мөн тэндээ найман цаг статик хэмжилт хийж, үр дүнгээ олон улсад хүргэсэн. Ийнхүү далайн түвшнээс дээш 526 метр өндөр тус цэгийг олон улс Монгол улсын хамгийн нам цэгээр баталгаажуулсан.

-Далайн түвшнээс хамгийн өндөр болон нам дор цэгийг тогтоох нь ямар ач холбогдолтой вэ?
-Аль ч улс өөрийн газар нутгийнхаа хамгийн өндөр болон нам дор цэг, хилийн зурвасын урт болон захын цэгүүдийг тогтоодог. Энэ нь нэгдүгээрт, тухайн орны хил хязгаар, газар орныг баталгаажуулсан газарзүйн гол цэгүүд юм. Хоёрдугаарт, нам цэг бол улс орны аялал жуулчлалын бүс байдаг. Жишээлбэл, дэлхийн хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 420 метрт орших Сөнөсөн тэнгисийн тэнд “Та дэлхийн хамгийн нам цэгт зогсож байна” гэсэн самбар байдаг. Тиймээс хүмүүс зорьж очиж, зураг даруулах сонирхолтой.

-Өндөрлөг газар явахад толгой эргэх, даралт ихсэх гэх мэтээр хүнд өөрчлөлт гардаг. Үүнийг монголчууд “Газрын сүрд дарагдлаа” гэж ярьдаг. Тэгвэл ямар ч багаж төхөөрөмжгүй үед нам дор газрыг мэдэрч болдог уу?
-Өндөр болон нам дор газрын хэлбэлзэл хүний даралтад нөлөө үзүүлнэ. Монгол орны хамгийн өндөр болон нам цэг баруун хязгаарт байдаг. Мөн нам дор болох тусам илүү халуун байдаг. Харин өндөрсөх тусам сэрүүсдэг.  Энэ бол 100 метр дээшлэхэд 0.6 градусаар агаарын температур буурдагтай адил доошлох тусам температур нэмэгддэг гэсэн үг.

-Тус газрыг та бүхэн Сарны хотгор гэж нэрлэсэн юм билээ. Энэ нь ямар утга учиртай вэ?
-Энэ бол жинхэнэ цөл. Жинхэнэ цөл гэхээр тэнд ус, ургамал юу ч байхгүй, хайрга чулуутай газар. Өөрөөр хэлбэл, сарны гадаргатай ижил. Тус цэгээс 10 орчим километрт ус, ургамал, амьтан, хүн байдаггүй. Гэхдээ эртний чулуужсан мод  энэ хотгорт байдаг. Хотгор дотор Монгол орны хамгийн нам дор цэг бий.

-Тэгэхээр тухайн газар нутагт хүн амьдардаггүй байсан нь элсэн цөл байсантай холбоотой юу?
-Нэгдүгээрт, энэ газар жинхэнэ цөл. Хоёрдугаарт, хилийн бүс. Мөн усгүй учраас амьтан амьдрах боломжгүй. Ер нь бол судлаачид л зорьж очно уу гэхээс хүн ганц нэгээр очиход их хүндрэлтэй. Ойр хавьд усгүй, холбоо барих боломжгүй. Гэтэл манайхан Баянхонгорын урд говьд л  төөрдөг шүү дээ. Геологич хүртэл тэнд  төөрч нас барсан. Гэхдээ техник, технологи хөгжсөн орчин үед онгоцоор нисэж очоод үзчих боломжтой, жуулчны бааз байгуулахад сайхан газар.

-Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн сүүлийн үед ямар судалгаа хийж байна вэ?
-Өнгөрсөн онд манай физик газарзүйн салбарынхан Монгол орны ландшафтын экологийн чадавхын  судалгааг хийсэн. Энэ судалгааны зорилго бол Монгол орны байгалийн бүсүүдийн ландшафтын экологийн чадавхыг тодорхойлох байсан юм. Ихэнхдээ хүн ам, малын тоо толгой ландшафтын чадавхаас хэтэрсэн газруудад байгалийн чадавх доройтож байна. Өөрөөр хэлбэл, өвс ургамал ургахгүй, газар эвдэрч, элсжиж байна. 

-Хүн ам, малын тоо толгой олширсноос доройтсон газар аль аймгийн нутгаар түлхүү байна вэ?
-Байгалийн бүсээр үзвэл хээрийн бүс хамгийн их талхлагдсан байна. Хээр, ойт хээрийн бүс нь хүн, малын  бөөгнөрөл ихтэй  нутаг юм. Жишээ нь, Сэлэнгэ аймагт Монгол орны газар тариалан, хүн, малын олонх нь бий. Ер нь газрын даац хэтэрч байна. Сарын өмнө судалгааны үр дүнг  “Монгол орны ландшафтын  экологийн чадавх” ном болгож  хэвлүүлсэн.

-Дараачийн судалгааны ажил юу байх вэ?
-Би агуй судлалаар мэргэшиж, эрдмийн зэрэг хамгаалсан. Өнөө, маргаашгүй Цагаан дэлийн агуй руу явах гэж байна. Тэр хавьд олон уурхай үйл ажиллагаа явуулж, дэлбэрэлт хийснээр агуй эвдэрч нэлээд хүнд байдалд орсон. Тиймээс тэнд очиж судалгаа, шинжилгээ хийнэ. Цагаан дэлийн агуйг тойроод уул уурхайн 10 орчим компани лиценз эзэмшиж байгаа. Агуйн ам орчмыг хятад эзэнтэй компанид лицензээр өгчихсөн байсан.

Хятадууд агуй дотор болор буюу бидний мэдэх хайлуур жоншны нөөц байсныг бүгдийг нь ухаад авчихсан. Одоо ч бас агуйн амыг тойрсон олон уур уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Орон нутаг нь дөнгөж саяхан агуйн амыг хамгаалалтад авсан. Цаашид бүхэлд нь хамгаалалтад авахаар хичээж байгаа. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Дашбалбар суманд шинээр агуй нээгдсэнийг очиж судалсан. Тэр нь 63 метр гүнзгий, дороо дөрвөн метр гүнзгий устай том агуй байсан.

-Монгол орны газарзүйн өвөрмөц тогтоц бүхий ач холбогдол өндөртэй ийм газрыг манай улс хуулиараа хамгаалдаггүй гэсэн үг үү?
-Ер нь  Монгол орны газар нутгийн 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар зорьж байна. Байгалийн дахин давтагдашгүй  өвөрмөц тогтоцтой газруудыг хамгаалалтад авч байгаа. Хамгийн гол нь газар нутгийг хамгаалалтад авахад орон нутгийн захиргаа, ИТХ, нутгийн иргэдийн зөвшөөрөл, БОАЖЯ болон Засгийн газрын хуралдаан, УИХ гээд олон шат дамжлагатай учир цаг хугацаа их шаарддаг. 

-Монгол орны нам дор цэгийг УИХ-аар баталчихвал сурах бичиг, Монгол орны лавлах гээд бүгдэд нь өөрчлөлт хийх юм билээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь юу болж байна?
-Өнгөрсөн есдүгээр сард ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцээд,  нам дор цэгийг баталгаажуулах хэмжилт, судалгааны ажил зөв зүйтэй болсон гэж дүгнэсэн. Иймд цаашид  холбогдох байгууллагуудаар баталгаажуулахын тулд Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн зөвлөлөөр оруулж, үүний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцдэг юм байна. Энэ асуудал хойшилсны шалтгаан нь 1980 оны Сайд нарын зөвлөлийн тогтоолоор  нам дор цэгийг баталгаажуулахдаа хамгийн өндөр цэг, захын цэгүүд, хилийн уртыг хамтад нь баталгаажуулсан учир бүгдийг нь хамт хэлэлцэх болж байна. 

-Агуйн  судалгааны төсвийг улсаас гаргаж байгаа юу?
-Улсаас санхүүжүүлээд хийлгэж байгаа агуйн судалгаа байхгүй. Энэ онд гэхэд Цагаан дэлийн агуйг орон нутгийн төсвөөр санхүүжүүлж, судалгаа хийж байна. Өнгөрсөн жил Хойд цэнхэрийн агуйн судалгааг орон нутгийн хөрөнгөөр хийсэн. Эртний зосон зургийн асуудал хүнд болсон байна.  Палеолитийн үеийн зосон зураг ихээр сүйтгэгдсэн.  Дээр нь фломастераар сараачиж, нэр усаа бичиж, сангасыг нь шатааж түймэр тавьж харлуулсан байна. Ховд аймгийн Засаг дарга өнгөрсөн жил энэ асуудлаар нэлээд хөөцөлдсөн. Орон нутагтаа сэтгэлтэй хүмүүс л ийм юм хийж байна. Тэрнээс биш төрөөс бодлого гаргаад, хийсэн зүйл алга.

-Гаднын орнууд энэ тал дээр ямар арга хэмжээ авдгийг судалж үзэв үү?
-Аль ч улс агуйн аялал жуулчлалаасаа доод тал нь 10 хувийн ашиг олдог. Гэтэл Монголд тийм биш. Тэгэхэд гадаадаас олон хүн Монголын агуйг үзэх гэж аялал зугаалгаар ирэх сонирхол их. Манайд гаднын орнууд шиг тоноглоод, хүн үзэхэд бэлэн болгосон нэг ч агуй байхгүй. Одоо Талын агуй, Хойд Цэнхэрийн агуйг тохижуулж янзлах том төсөл хэрэгжиж байна. Ер нь агуйн аялал жуулчлал хөгжүүлэхэд асуудал байхгүй.

-Аялал жуулчлалын зорилгоор ашиглахад агуй эвдрэл сүйрэлд өртөх нь хэр байх вэ?
-Хүний нөлөөллийг бага байлгах үүднээс олон арга хэмжээг авч болдог юм. Зам, шат тавих, гэрэлтүүлгийн систем хийх, агуйн тогтоцыг хамгаалах гээд олон арга бий. Байгалийн дахин давтагдашгүй тогтоц, агуйн доторх түүх, соёлын дурсгалыг хамгаалах зайлшгүй шаардлага бий болоод байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид