Улаанбаатар 1c

Хүй долоо худагт бага сунгаа боллоо

Ц.Цогтгэрэл: Хүй долоо худагийн талбайн тохижилтын ажил 60-70 хувьтай байна

Бага сунгааны их насанд Говь-Алтай аймгийн алдарт уяач Н.Цэрэнлхавгын хээр түрүүллээ

Хүй долоо худагийн баруун, зүүн дэнжид газар газрын уяачид буудаллаа. Үндэсний их баяр наадмын морь шүдэлж, гараанд гардаг хашаанд 20 орчим уяач, унаач хүүхэд цугласан байв. Унаач хүүхдүүд гийнгоо дуу аялж, морьд гишгэлж, уяачид хөлс авч байлаа. Уяачид өчигдөр наадмын өмнөх бага сунгаа хийж байхтай таарсан нь энэ. Азарга, соёолонгийн насанд долоо, их насанд тав, дааганд зургаан адуу уралдахаар зэхэж байв. Биднийг очих үеэр их насны таван морь уралдааны замд гарч таарлаа. Говь-Алтай аймгийн алдарт уяач Н.Цэрэнлхагва галынхантайгаа хамт төрийн наадамд сойж буй нас насны морьдоо хөдөлгөхөөр Хүй долоо худагийн морь шүдэлгээний газарт ирсэн байлаа. Тэрбээр “Энэ жил оройхон зун боллоо. Нар буцсанаас хойш бороо орж, ногоо сайхан гарч байна.

Морьдын уяа ч сайхан орох шинжтэй байна. Хүй долоо худагийн баруун, зүүн дэнж, Эмээлт, Цагаан хөтөлд уяачид буудалласан байгаа. Уяачид бид өвлийн цагт морьдоо барьж, уяа сойлго хийж байсан. Харин хөл хорионы улмаас  цуглаж, морьдоо хөдөлгөөгүй. Өнөөдөр (өчигдөр) бид анх удаагаа цуглаж, бага сунгаа хийлээ. Уяачид мэдээгүй болохоор бараг цугларсангүй. Цаашид уяачид нэмэгдэж, өдрийн байдлаа харж байгаад дунд, их сунгаа хийнэ. Манай уяанаас бага сунгаад азарга, их морь, даага тус бүр хоёр, ганц соёолон хөдөллөө. Хөгшин би хэд хоногийн өмнө бодохдоо ган гачигтай, зуншлага тааруу байна. Өвс ногоо сайтай өөр газар морьдоо уралдуулбал, ямар байдаг юм бол гэж бодож байлаа. Харин одоо ногоо гараад, сайхан болж байгаа болохоор дассан газраа наадах нь зүйтэй.

Одоогийн байдлаар бидэнд “Наадам Хүй долоо худагт болдгоороо болно” гэж мэдэгдсэн зүйл байхгүй. Гэхдээ морьд нь яваад сурчихсан, уяачид нь газраа мэддэг болохоор эндээ болох байх. Газар нь тодорхойгүй байсан болохоор морьдын бүртгэл хийгээгүй байна” гэлээ. Биднийг ийн ярьж байх зуур их нас барианд орж ирсэн юм. Аймгийн алдарт уяач Н.Цэрэнлхагвын уяанаас мордсон хээр морь түрүүлж, Цагаан хөтөлд буудалласан уяачийн хүрэн морь аман хүзүүдлээ. Алдарт уяач Н.Цэрэнлхагва гуай барианы зурхайд хөл нь сулраагүй эрчээрээ орж ирж байгаа хээр морины унаач хүүхдэд “Аяархан, аяархан. Бариандаа гүйцээд ороорой. Зөөлөн аясаар нь явуулаарай” гэсээр угтав. 

Хүй долоо худагт уяачдын гал хотхон байгуулахгүй байх шийдвэр гарчээ

Морь уралдах газрын замыг засаж, гуу жалгыг нь бөглөсөн гэж тохижилт, үйлчилгээний ажил хийж буй ажилчид хэлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт үер бууж, зам эвдэрчээ. Морь уралдах замын ажлын талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрахаас тодруулахад “Наадам болтол зам засварын ажил хийнэ. Өнөөдөр зассан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад эвдрэх тохиолдол гарна. Тийм болохоор наадам болтол зам засварын ажил хийнэ гэж ойлгож болно. Зургадугаар сарын 16-нд Үндэсний их баяр наадмын комисс хуралдаж, энэ жилийн наадмыг зохион байгуулах түр журам баталсан.

Морины уралдаан зохион байгуулахдаа, Хүй долоо худагт уяачдын гал, хотхон байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Өмнө нь Хүйн долоо худагийн орчимд уяачдын гал дүүрэн буучихдаг байсан шүү дээ. Мөн морь барих барианы зурхайд уяач, зөвшөөрөл бүхий хэвлэл мэдээллийн ажилтан, зохион байгуулагчдаас өөр хүн нэвтрэхгүй. Уралдааны замд зөвхөн зохион байгуулагч, хэвлэл мэдээллийн ажилтнаас өөр хүн явахгүй. Үндэсний  их баяр наадамд уралдах морийг долдугаар сарын 9-нд нэгдсэн журмаар Хүй долоон худагт бүртгэж, дугаар олгоно. Өөрөөр хэлбэл, уралдах моридыг зөвхөн нэг өдөр бүртгэнэ гэсэн үг. Түүнчлэн азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна.

Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага уралдах юм. Уралдах морьдыг тухайн өдөрт тээвэрлэн Хүй долоо худагт авчрах, буцаан тээвэрлэхийг уяачид хариуцна гэж заасан байгаа. Мөн гараа, барианы зурхайд ариутгал, халдваргүйтэл хийнэ. Харин морь шүдлэх ажлыг мэргэжлийн хүмүүс хийх болно. Түрүүлж, айрагдсан морьдын бай, шагнал гардуулах үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулна. Морины комисс анхны хурлаа хийж, хоёр дахь хурлаа ирэх баасан гарагт Хүй долоо худагт хийхээр төлөвлөсөн. Шагнал гардуулах талбай руу морь хөтөлж орж ирэх унаач хүүхдүүдийн хувцас захиалах ажил хийгдсэн байгаа. Айрагдсан морь цоллох индэр зоох газар зэргийг газар дээр нь хуралдаж, тодорхой болгоно. Наадмын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа” хэмээв. 

Хүй долоо худагт 1300 хүний сандал дэлгэжээ

Хүй долоо худагийн талбайд энд тэндгүй цэнхэр өнгийн жижиг оврын автобус холхилдож, наадмын бэлтгэл ажил ид өрнөж байлаа. Тэнд наадамчдад үйлчлэх 20 орчим нийтийн бие засах газар байдгаас наадмаар зарим нь ажиллахгүй гэнэ. Хүй долоо худагт байрлах “Монгол наадам” цогцолборын орлогч дарга Ц.Цогтгэрэлээс наадмын бэлтгэл ажлын талаар тодруулахад “Наадмын талбайн тохижилтын ажил 60-70 хувьтай яваа. Хэдийгээр энэ жилийн наадам үзэгчгүй болох ч одоогийн байдлаар бид талбайд 1300 орчим сандал угсраад байна.

Уг нь 3000 суудал дэлгэдэг юм. Уяач, туслах уяач, унаач хүүхэд, наадмын комисс, хүн, мал эмнэлэг болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчид суух зориулалттай. Манай цогцолбор зөвхөн тохижилт үйлчилгээг хариуцах ёстой. Үүнд, сандал, морь бариа, шүдэлгээний газар, айрагдсан морьны уяа, наадмын комиссын хашаа, нийтийн бие засах газрыг хариуцдаг. Энэ бүх бэлтгэл ажлыг хангачихсан гэж хэлж болно. Одоогийн байдлаар зарим будгийн ажил хийгээгүй байна.

Мөн урлаг  соёлын тоглолт болдог талбайд үйл ажиллагаа болохгүй хэдий ч сүүдрэвч, хашаа, эд хогшлоо будаж, замын тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах ажил хийнэ. Манай зүгээс төлөвлөгөөт ажлаа хэвийн явуулж байгаа. Мөн нийтийн бие засах зарим газар, төв талбайд цахилгааны монтаж хийж байна. Хүй долоо худагт байрлах автомашины зогсоолуудыг нээхгүй байх талаар ярьж байгаа. Гэхдээ тэр газар нь манай тохижилт, үйлчилгээнд хамаардаггүй” гэлээ. 

Орон нутгийн наадмыг иргэд үзэж болно

Аймаг, сумдын наадмыг долдугаар сарын 11-12-нд Үндэсний их баяр наадамтай нэг өдөр хийхээр товлосон. Харин төрийн их наадмыг "XIII зуун цогцолбор"-т хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр орон нутгийн наадмыг нээлттэй зохион байгуулахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ дагуу орон нутгийн удирдлагууд аймаг, сумын баяр наадмаа зохион байгуулахдаа “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой аж.

Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгасан талаар мэдээллээ. Үндэсний их баяр наадмыг МҮОНРТ тэргүүтэй 16 телевиз, бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон Хүй долоо худагт болох зургаан насны морин уралдааныг шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх аж. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх гэнэ.

Иймд монголчуудын төрт ёсны уламжлал, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуйн нөхцөл, гэр зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид