Улаанбаатар 1c

“Александр Лукашенкогоос ашгүй тэд залхав уу”

Ирэх наймдугаар сар Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн Төрийн тэргүүний сонгуулийн кампанид тэрбээр цор ганц боломжит хувилбар, тогтвортой байдлыг хангагчийн дүрд тоглож ирсэн. Гэвч энэ удаад тус улсын эдийн засаг хямарч, коронавирусийн халдвар тархаж, өөрөөр хэлбэл нөхцөл байдал төдий л сайнгүй. Хямарсан, туйлдсан эдийн засаг, цар тахал, олны дургүйцэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан түүний нэр хүнд өмнөх шигээ байхаа болив. Эсвэл ард түмэн түүнээс залхав уу? 

“Танай ч, манай ч” зарчмыг чадамгай ашиглаж, Умард, Өмнөдийн хооронд арга сүвэгчилж чаддаг “хоёр нүүрт” Александр Лукашенког санал хураалт будлиантуулдаг, дарангуйлагч, чөлөөт сэтгэгчдийг нухчин дарагч гэх зэргээр шүүмжилдэг. 1994 оноос хойш өнөөг хүртэл Беларусийг удирдаж буй тэрбээр ирэх наймдугаар сард ч Төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Сүүлийн 25 жилийн хугацаанд ганхаагүй түүний нэр хүнд, байр суурийг өдгөө эсэргүүцэх хүн цөөнгүй гарч ирж байна. Олон нийтийн сүлжээнд алдартай влогч Сергей Тихановский ч тэдний нэг. Бие даан нэр дэвшигчдийг дэмжиж буй тэрбээр А.Лукашенко зэрэг улс төрийн “жоомноос” салахыг уриалж, автомашиныхаа дээвэр дээр асар том таавчигний дүрс бэхлээд Минскийг тойров. Минск хотод алдартай банкны захирал Виктор Бабарико ч нэр дэвших эрхээ авахын тулд 400 мянган хүний гарын үсэг цуглуулж амжсан гэх. Оросын “Газпром” компанитай нягт хамтран ажилладаг “Белгазпром” банкны захирал  Виктор Бабарико ардчилалд уриалж, нэг хүн ахин дахин төрийн эрхэнд гарсаар буй явдалд цэг тавихыг хүсэж байгаагаа илэрхийлэв. 

Өмнөх таван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үргэлжид давуу эрхтэй байж ирсэн Александр Лукашенкогийн хувьд энэ удаа олон сорилттой нүүр тулах нь. Санал хураалтын дүнг будлиантуулах, өрсөлдөгчдөө шоронд хийх, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах зэрэгт буруутгагддаг тэрбээр одоо цар тахалтай тэмцэх олигтой арга хэмжээ авахгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж буй. 9.4 сая хүнтэй тус улсад коронавирусийн халдвар авсан 59 мянган тохиолдол бүртгэгдээд байхад цар тахлаас сэргийлэхийн тулд ууранд сууж, архи уухыг зөвлөсөн нь хүмүүсийн эгдүүцлийг хүргэлээ. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалаас эдийн засгаа голчлон бүрдүүлдэг  тус улсад цар тахлын улмаас эдийн засгийн хямрал нүүрлэж, байдал улам хурцдаж магадгүй болов. 

Гэвч А.Лукашенко энэ удаад ч хуучирсан аргаа л хэрэглэж байна. Энэ сарын 11-нд влогч  Сергей Тихановскийг олон нийтийн хэв журам зөрчсөн, иргэдийн гарын үсэг цуглуулах явцад цагдаагийнхны тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар баривчилжээ. Санал хураалт хүртэл өрсөлдөгчөө ийм шалтгаанаар хорихоор төлөвлөж байсан ч Тихановскийн эхнэр нэр дэвшихэд шаардлагатай гарын үсгийг цуглуулж амжлаа. Зургадугаар сарын 18-нд Виктор Бабарико болон банкны 15 топ менежерийг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчилсан байна. Энэ удаад баривчлагдсан хоёр хүнийг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Минскт болж, 100 орчим хүн, түүний дотор хэд хэдэн сэтгүүлчийг цагдаа нар саатуулав. Нэг жилийн өмнө огт мэддэггүй байсан өрсөлдөгчдийг нь иргэд дэмжин ийнхүү гудамжинд гарч буй нь А.Лукашенкогийн хувьд ч, ард түмний хувьд ч, ажиглагчдын хувьд ч гэнэтийн зүйл байлаа. 

Үүний зэрэгцээ тэрбээр ОХУ болон гаднын бусад хүчин сонгуульд нөлөөлөхийг оролдож байна гэж мэдэгдлээ. Оростой харилцаагаа бэхжүүлж, АНУ-тай ч эв эвдрэхгүй байхыг эрхэмлэдэг А.Лукашенкогоос энэ удаад ард түмэн нь залхав, бололтой. Тиймээс наймдугаар сарын 9-нд, түүнээс өмнө ч Беларусьд анхаарал татсан явдлууд болох төлөвтэй. 

Эх сурвалж: www.washingtonpost.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид