Улаанбаатар 1c

Лувсанвандангийн Маналжав: Амьдралын аар саар асуудал аавд, ер нь манай гэр бүлд сонин байгаагүй

“Эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Базарын Ширэндэв, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Шадавын Лувсанвандан, Намсрайн Содном зэрэг нэрт эрдэмтэд онцгой гавьяа байгуулсан юм” Чингис хаан одонт академич Х.Намсрай

Орчин үеийн монгол хэл шинжлэлийн ухааныг олон салбарт бие даасан цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэх их үйл хэрэгт бүхий л амьдралаа бүрэн зориулсан их эрдэмтэн, ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч, дуун хөрвүүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт, Гавьяат багш, академич, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шадавын Лувсанвандангийн 110 жилийн ой энэ онд тохиож буй. Шинжлэх ухаанд ойр байдаг монголчууд, монгол хэл, хэл шинжлэлийнхэн түүнийг их эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэнтэй нэг зиндаанд залрах эрдэмтэн гэдэг. Шавь, шавийн шавь нартаа “Агуу Лу багш” хэмээн хүндлэгдэж, суу алдар нь дуурссар буй Шадавын Лувсанвандангийн ууган охин, Гавьяат багш Маналжавтай ярилцаж, аавынх нь талаарх дурсамжаас нь хуваалцлаа.

-Аав тань бага насныхаа талаар ярьдаг байв уу?
-Өвөө Шадав маань  одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сум, тухайн үеийнхээр Цэцэрлэгмандал аймгийн Баянзүрх уулын хошууны малчин ард, Ламын гэгээний шавь байсан юм билээ. Аав минь мэдээ орохоосоо хонь малын хошуу эргүүлсэн. Хонь хариулж яваад хүрмэн чулуугаар бүхэл бүтэн хот балгас шиг юм барьчихдаг байсан гэж ярьдаг сан. Хот хүрээ, байшин барилга гэж мэдэхгүй, эсгий гэрээс өөр юм үзээгүй хөдөөний хүүхэд хэрнээ өөрийнхөө хийсвэр сэтгэлгээгээр чулуун хот барьдаг байсан хэрэг.

Аавын авга ах Мэгэр гэж бичиг үсэгтэй, төрийн хар  хүн байж. Авга ах нь аавд их нөлөөлж, бичиг үсэг зааж сургасан гэдэг. Аав багадаа хошууны бага сургуульд нэг жил л сурсан хүн шүү дээ. Ингээд арван хэдтэйдээ хошуу тамгын газартаа тал бичээч болсон. Өнөөгийнх шиг хэвлэх, хувилах хэрэгсэл байх биш. Бичгийн машин ч байхгүй, бүхнийг гараар бичдэг, нэг бичсэнээ хэд дахин хуулж, олшруулдаг байсан гэнэ билээ. Монгол бичигтээ сайжрахад нь энэ нөлөөлсөн байх. Аавын нэг онцлог нь мэдээллийг богино хугацаанд хүлээж авч, хурдан өөрийн болгож чаддаг, ой тогтоолт сайтай хүн байсан.

Гадаад хэлийг, ер нь бүх зүйлийг өөрөө л бие дааж сурсан. Орос, англи хэлтэй. Эрдэм шинжилгээний ажлаа хийхдээ хэлний бэрхшээлтэй тулгардаггүй, гадаад хэлийг саадгүй ашигладаг байлаа.

-Малчин хүү хэрхэн нийслэлд ирж, эрдмийн мөр хөөсөн тухай нь сонирхож байв уу?
-Аав 1925 онд нутгаасаа гарч Улаанбаатарт ирсэн. Тэгэхдээ өөрийнхөө монгол бичгийн багш Санж гэдэг хүнийг дагаж ирсэн юм билээ. Хошуу тамгын бичээч Санж гэж ном эрдэмтэй хүн Ардыг гэгээрүүлэх яаманд түшмэлийн алба хаахаар дуудагдаж, тэгэхдээ аавыг дагуулж ирсэн хэрэг. Аав 13-14-тэйдөө хошуу тамгын газарт тал бичээчээр ажиллаж, Санж багштайгаа таарсан юм билээ.

Их сайхан бичдэг, сэргэлэн хүү байсан болохоор багш нь эрдэм ном сурах ирээдүйтэй гэж харсан юм болов уу даа. Аав гэнэт шийдсэн юм уу, нийслэл рүү их л яаруу сандруу явсан бололтой байдаг. Авга ахын охин Лхагва “Амбаа хот орох гэж багшийгаа дагаж явахдаа малгайгаа мартчихаад явсан гэнэ билээ. Аав тэгж ярьдаг” гэж байсан. Хол газраас ирэхэд зардал мөнгө муутай ч байсан бололтой, улаа нэхэж, жин тээх гэх мэтээр унаа унашаа өөрөө олж ирсэн гэдэг юм.

-Хүн танихгүй, газар мэдэхгүй хүүхэд хотод ирээд яаж учраа олсон бол. Хэцүү бэрх зүйлтэй тулгарч л явсан байх даа?
-Аав амьдралын өдөр тутмын аахар шаахар зүйлийг хэзээ ч хайхарч, тоож байгаагүй хүн. Бүхнийг өөрийнхөө хичээл зүтгэлээр сурч, бүтээсэн. Цаг үе хүнээ өөрөө төрүүлдэг гэдэг шүү дээ. Бичиг үсэгтэй хүн цөөхөн байсан. Монгол Улс сэргэн мандаж, боловсролтой хүн асар хэрэгтэй болсон. Тиймээс бичиг үсэгт сайн хүнийг үргэлж зохих газарт нь тавьж, хийж чадах ажлыг нь хийлгэж байсан л гэж ярихаас биш, тэгж бэрхшээлтэй тулгарсан, хэцүү байсан гэж ярьдаггүй байлаа.

Азаар дандаа сайн хүнтэй таарч явсан юм билээ. Хотод ирээд Санж багш нь гэртээ суулгаж, үлгэр жишээ дунд сургуульд оруулсан. Аав тэнд нэг жил сураад, 1927 онд Буриадын багшийн сургуульд суралцахаар явсан. Нэг сонин нь, аав хойно очоод бас Санж (Санжен) гэдэг багштай болж, тэднийдээ суусан гэдэг юм. Тэр үед Монголд баруунтан, зүүнтэн гэлцэж, нугалаа завхрал гарч байсан. 10 бодоос дээш малтай айлыг нударган гэж үзэж байсан учраас аавыг нударганы хүүхэд гээд сургуулиас нь татаж ирсэн юм билээ.

Бичиг үсэгтэй хүн ховор байсан учраас хойноос сургуулиас нь хөөж авчирсан ч Үлгэр жишээ дунд сургуулийн багш болгосон байгаа юм. Аав тэгэхэд физик, математик, газарзүй гээд бүх л хичээл заадаг байсан гэсэн. Тэгж байгаад 1933-1934 онд Улаан-Үдийн Ажилчин залуучуудын их сургууль буюу Рабфакд эндээс очсон залууст монгол хэл, бичиг заах багш хэрэгтэй болж, аавыг явуулсан. Тэнд орос хэл сурсан байх.

1934 онд буцаж ирээд Ардыг гэгээрүүлэх яамны хэвлэлийн тасаг, Улсын хэвлэх үйлдвэрт хянагчаар ажилласан юм билээ. Энэ бол аав багаасаа монгол хэл, бичигт маш сайн байсны нэг баталгаа.

-Нударган гэж сургуулиас хөөгдөхийг бодвол аавын тань аав, ээж баян айл байсан бололтой?
-Өвөөгийнх тийм ч баян биш, бас ядуу ч биш, дунд зэргийн амьжиргаатай, нэг зүсмийн олон адуутай айл байсан гэдэг юм.

-ШУА буюу тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд ажилласан тухай нь мэдэх үү, та?
-1936 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажлыг сайжруулах зорилгоор аавыг Дуун ухааны тасгийн эрхлэгчээр, Хөхтэй гэдэг хүнийг Утга зохиолын тасгийн эрхлэгчээр томилсон юм билээ. Аав тэнд 1943 он хүртэл ажилласан. Тэр үедээ шинжилгээ, судалгааны ажил хийх арга барилдаа суралцсан болов уу. Тэнд ажиллаж байхдаа Лувсанвандангийн цагаан ном хэмээн алдаршсан “Монгол хэлний зүй” дунд сургуулийн сурах бичгээ зохиосон. 1938 онд 28-тай байхдаа бичиж, 1939 онд хэвлүүлсэн байдаг юм. Энэ бол Монгол орны хувьд маш онцгой, соёл, боловсролд их анхаарал тавьж,  хүмүүсийг бүх нийтээр нь бичиг үсэгтэй болгох зорилт дэвшүүлсэн сэргэн мандалтын үе.

Монгол хэлний сурах бичиг гаргасан явдлыг нь мэргэжилтнүүд үнэлэхдээ “Аливаа үндэстэн төрөлх хэлээ зааж сургах сурах бичгийг өөрсдөө бичих нь их чухал” гэдэг юм. Энэ үүднээс авч үзвэл “Монгол хэлний зүй” хэмээх цагаан ном монголчуудын хувьд цаашид хэл соёлоо хөгжүүлэх, боловсролтой, бичиг үсэгтэй болох, соён гэгээрүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан сурах бичиг болсон.

-Орчин үеийн хэл шинжлэлийн аргаар бичсэн анхны сурах бичиг үү?
-Тийм. Өмнө нь монгол бичиг сурах цагаан толгой мэтийн номнууд байсан. Орчин үеийн хэл шинжлэлийн шинжлэх ухааны үүднээс бичсэн анхны сурах бичиг тэр цагаан ном. Үүнээс хойш аав бага, дунд, их сургуульд зориулсан сурах бичиг, судалгааны өгүүлэл олныг бичсэн.

-Аав тань монгол хэл шинжлэлийн шинжлэх ухааны суурийг тавьсан эрдэмтнээс гадна МУИС-ийн анхны багш нарын нэг. Тийм ч учраас Лу багш хэмээн хүндлэгддэг. Багшаар ажилласан жилүүдийнх нь талаар дурсаач?
-1942 онд МУИС дөрвөн салбартай байгуулагдсан. Түүний нэг Түүх, хэл бичгийн салбар сургуулийг байгуулагдсан цагаас нь багшилсан. Эхэн үед нийгмийн ухааны хичээл заадаг байснаа аажимдаа монгол хэл рүү шилжсэн юм билээ. Өөрийнх нь хүсэл сонирхол, зорилго, илүү сайн мэдэх чиглэл нь монгол хэл байсан хэрэг биз. Аав минь ажил, мэргэжилдээ тун дуртай хүн байсан даа. Хичээл эхлэх  цагаас түрүүлж очоод л хийж буй ажил, бичиж буй номынхоо талаар багш нартайгаа ярилцана. Залуу багш нартаа зөвлөгөө өгнө.

1983 онд насан өөд болтлоо МУИС-д багшлахын зэрэгцээ судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа хийсээр байсан. Үүнийг нь ч МУИС өндрөөр үнэлдэг юм. Хоёр ч удаа бүтээлүүдийг нь эмхэтгэн хэвлүүллээ. 2010 онд 100 жилийнх нь ойгоор 12 боть гаргасан. Энэ онд 110 жилийнх нь ойгоор эрдэм шинжилгээний өгүүллүүдийг нь эмхэтгэн зургаан боть гаргалаа. Энэ бол аавын шавь, шавийн шавь нарын оролцоотой хийгдэж буй ажил. Цаашид залуу үеийнхэн монгол хэлээ судлахад энэ номнууд их хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Хэл шинжлэлийн эрдэмтэд бүгд аавыг тань хүндэлж биширдэг. Яг гарын шавь нар нь ямар хүмүүс байдаг бол?
-Аавыг ажиллаж байх үед МУИС-иас төрсөн монгол хэл, утга зохиолын эрдэмтэд бүгд аавын шавь. Түвшиний Пагва, Донмийн Төмөртогоо, Лувсандоржийн Болд, Далантайн Цэрэнсодном гээд олон том эрдэмтэн бий. Маш олон хүн байгаа, би тулгамдаад бүгдийг нь нэрлэж чадахгүй байна. Нэр нь дурдагдаагүй хүмүүс битгий гомдоорой.

-Монгол хэлийг уул гэвэл Лу багш оргилд нь гарсан их эрдэмтэн гэдгийг олон нийт аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Харин та охиных нь хувьд, судлаачийн хувьд аавынхаа монгол хэл, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг юу гэж тодорхойлмоор санагддаг вэ?
-Аав орчин цагийн монгол хэлний судалгааны суурийг тавьсан. Орчин цагийн монгол хэлээ шинжлэх ухааны онолын үүднээс судлахад чухал хувь нэмэр оруулж, системчилсэн. Авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй гээд хандаагүй сэдэв байхгүй. Аавын нэг онцлог нь хийсвэр сэтгэлгээг чухалчилдаг эрдэмтэн байсан шиг санагддаг. Энэ бүхнийг өөрийнхөө хичээл зүтгэлээр, амьдралаас олж авсан туршлагаараа хийсэн нь бас бахархал төрүүлдэг.

Аав минь орчин цагийн монгол хэлийг чухалчилж судлах ёстой гэж үздэг байсан. Аавын үйл хэргийг үргэлжлүүлж байгаа монгол хэл судлаачид, багш нар олон бий. Шавь нар нь сайхан ажиллаж байгаа. Харин сүүлийн үеийн эрдэмтэд орчин цагийн монгол хэлнийхээ талаар бага ярьдаг болсон, хэл шинжлэлийн үүднээс судлах талаар анхаарал суларсан. Агаараар амьсгалаад байгаа хэрнээ агаар гэж юу вэ гэдгийг анхаардаггүйтэй адил монгол хэлээр ярьж, бичээд байгаа хэрнээ монгол хэлнийхээ хөгжлийн талаар залуус төдийлөн ярихгүй байгаа нь харамсал төрүүлдэг. Монголын орчин үеийн утга зохиолын хэл бүрэлдэн тогтоод, улам хөгжиж байна. Олон шинэ шинжлэх ухаан, цоо шинэ ухагдахуунууд гарч ирж буй. Үүнийг монгол хэлээрээ томьёолоод явж байгаа. Тэгэхээр судлах зүйл байгаа л гэсэн үг.

-Аавыг тань эрдэм номд бүх сэтгэлээ зориулсан, амьдралын аар саар зүйлд сатаардаггүй хүн байсан гэж мэдэх хүмүүс нь ярихыг сонсож байсан. Таны хувьд ямраар дурсагддаг вэ. Хүүхдүүддээ юу гэж захиж сургадаг байсан бол?
-Үнэхээр номд л шамдахаас биш аж ахуй, амьжиргааны талдаа төдийлөн анхаардаггүй хүн байсан. Амьдралын аар саар асуудал аавд, ер нь манай гэр бүлийнхэнд сонин байгаагүй дээ. Аавд минь зүгээр суусан өдөр гэж үгүй. Байнга л ямар нэг судалгаа, эрэл хайгуул хийж, ном бүтээж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж сууна.

Бидэнд “Ажлаа л сайн хийж чадвал амьдрал тийм ч хүнд хэцүү биш, аяндаа зүгшрээд, тэгшрээд явна. Ажлаа сайн хийгээд баян ч биш, ядуу ч биш, бусдын нэг адил амьдраад байхад болно” гэж сургасан. Тэр хэрээрээ манайх амьдралын аахар шаахар зүйл ярьдаггүй айл байсан даа. Мөнгөний төлөө хөөцөлдөх ч хэрэггүй гэсэн хүмүүжлээр бид өссөн. 

Зарим хүн хотод гайгүй ажил албатай болоод ах, дүү нараа татдаг бол аавд тийм юм байхгүй. Ах, дүү нар нь бүгд нутагтаа амьдардаг байлаа.

-Та бас хэлний чиглэлийн мэргэжилтэй, Гавьяат багш цолтой. Мэргэжлээ сонгоход аав тань нөлөөлсөн үү?
-Тэг, ингэ, та нар ингэх л ёстой гэж тулгаж зааварчилдаггүй хүн байсан. Мэргэжил сонгоход өөрсдийнхөө хүсэл сонирхлыг л дага гэсэн. Гэвч багаасаа аавыгаа харж, ааваараа бахархаж өссөн болохоор яах аргагүй хэл бичгийн чиглэлийн мэргэжил сонгосон. Хүнд өссөн орчин яалт ч үгүй нөлөөлнө шүү дээ. Миний хувьд аавын нөлөө маш их. Аавынхаа үлгэр дуурайлаар хэл заадаг хүн болсон. Гэхдээ англи, хятад хэл заадаг. Хэл шинжлэлийн шинжлэх ухааныг ч сонирхоно. Монгол хэлээр яваад аавыг давахгүй, хэмжээнд нь хүрэхгүй гэдгээ мэддэг учраас монгол хэлийг сонгоогүй, гадаад хэлний чиглэлээр явсан. 

-Аавтай тань холбоотой дурсамжид хамгийн тод, том байр суурь эзэлдэг зүйл юу байдаг вэ?
-Ном. Аав минь сургуульд гурван жил л суусан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ асар өргөн мэдлэгтэй. Тэр мэдлэгийг номноос л олж авсан. Залуугаасаа Монголтой холбоотой ном цуглуулсан, манай гэрийн хамгийн гол эд хөрөнгө аавын номууд л байлаа. Миний багын дурсамжид аавын номын шүүгээ, түүн доторх янз бүрийн номыг сонирхон уншиж, сөхөж харж байсан үеүд минь тод үлдсэн байна.

Марко Пологийн тэмдэглэл, Рубрукийн тэмдэглэл, Плано Карпинийн тэмдэглэл гээд орос хэлээрх ном, мөн Монголын түүх соёл, Монголтой холбоотой В.Бартольд, Н.Рерих, Г.Д.Вернардский, В.А.Ризановский, В.Радлов нарын орос, англи хэлээрх номнууд байсан. Ер нь гадаад, дотоодын олон хэл дээрх Монголтой холбоотой номууд бараг бүгд аавын шүүгээнд байсан даа. Аав монгол хэлээ судлахдаа түүхтэй холбоно. Гадаад хэл дээрх эх сурвалжуудыг ч олон талаас харна. Тэгэхдээ зөвхөн хэлээ судлаад суухгүй. Олон улсын хамтын нийгэмлэгт Монгол ямар байр суурьтай байна вэ гэх мэтийг ч сонирхоно. Аав улсаа төлөөлж гадаадад их явдаг сан.

Ардын уран зохиолч Т.Галсан “Лу багш бол гадаад оронд Монголоо төлөөлж байсан цөөн элчийн нэг” гэж бичсэн байдаг юм. Энэтхэг, Япон, Хятад, Орос, Англи гээд олон оронд Монгол Улсаа төлөөлж явсан. Олон ч оронд монгол хэлээ зааж, монгол хэл, утга соёлоо дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан. Английн Лийдсийн их сургууль, Ленинградын их сургууль, Бээжингийн их сургуульд багшаар уригдаж, Монголыг сонирхож судалдаг хүмүүст монгол хэлээ зааж байв. Бээжинд гурван жил ажиллах хугацаандаа “Орчин цагийн монгол хэл” их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичгээ бичсэн. 

-Буддын шашныг их сонирхдог хүн байсан гэл үү?
-Аав дорно, өрнийн соёлыг адилхан сонирхоно. Дорно, өрнөд Монголын тухай юу бичиж вэ, шинээр юу гарч вэ гэдгийг үргэлж ажиглаж хардаг байсан. Ялангуяа дорно зүгийн Монголтой холбоотой зүйлс, буддын философийг их сонирхдог байв. 1956 онд Бурхан багшийн 2500 жилийн ойг тэмдэглэхэд Гомбодоо гэсгүйтэй хамт Энэтхэг явсан. Тэнд Жавахарлал Неру, Банчин Богд, Далай лам нартай уулзсан гэдэг юм. Бас Бурхан багшийн гэгээрсэн Бодгаяад очиж мөргөсөн тухайгаа сонирхуулж ярьдаг байлаа. Дорнын гүн ухааныг маш их сонирхож, энэ талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд номтой лам нартай их ойр байна. Гандангийн Данзан-Осор, Иштавхай гуай нартай үргэлж уулзаж ном ярина. 

-Буддын шашны бүх зүйл буруу гэж үзэж байсан тэр үед МУИС-ийн багш буддын шашны талаар сонирхож, лам хартай уулзаад явахад хорио саад ирдэг байсан болов уу?
-Буддизмыг философийнх нь хувьд судалдаг болохоос мухар сүсэгтэй хүн биш л дээ. Тиймээс нэг их хориглодоггүй байсан юм болов уу. Ер нь тодорхой хүрээний хүмүүсээр буддын гүн ухааны талаар юм хийлгэдэг л байсан шиг байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид