Улаанбаатар 1c

Эдийн засгийн хүндрэлийг ШХАБ-ыг бараадаж давах уу

У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрыг ирэх дөрвөн жил амаргүй сорилт хүлээж буй. Монгол Улс өнөөдрийн байдлаар сонгууль гээд байдгаа барчихсан, төсвийн орлого тасарчихсан, төсөвт суусан ажлынхаа гүйцэтгэлээр олгодог санхүүжилтээ ч өгч чадахгүй хэмжээнд хүртэл данс нь улайчихсан байгаа. Яах аргагүй өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан нам ээлжит сонгуулиар дахин үнэмлэхүй олонх болсон тулдаа, ичсэн нүүрэндээ зовлон тоочихгүй амаа жимийж суугаагаас биш улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа нь нууц биш.

Төсөв санхүү мэддэг, нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэлтэй улстөрчид “Шинэ парламентын хамгийн түрүүнд хийх ажил төсвийн тодотгол. Төсвийн орлого багагүй хэмжээгээр тасарсан тул зардлуудаа танах зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгдэж эхэлсэн. Угаасаа өөдтэй байгаагүй эдийн засагт коронавирусийн халдвар нэрмээс болж, байдал тун ч амаргүй болсон нь тодорхой  энэ үед улсын болон иргэдийн амьжиргааг яаж авч явах, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар ямар гарц гаргалгаа, бодлого шинэ Засгийн газраас гарах нь анхаарал татаж байв.

Төсвийн орлогын тасалдал, алдагдалтай төсөв, ирэх онуудад төлөх их өрүүд гээд Монгол Улс аль нэг хандивлагч, донорыг түшиж, аврал эрэхээс өөр аргагүй хүндхэн байдалд байгаа. Гэтэл эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилд “амь аварсан” ОУВС-гийнхаа итгэлийг алдаж, зөвлөмж зөвлөгөөг нь зөрчин, хөтөлбөрөө ч дүгнүүлж чадахгүй суугаа нь байдлыг тун бүрхэг болгож буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Засгийн газар энэ хүндрэлтэй байдлыг даван туулах гарцаа олсон бололтой. Тэдний шинэ аврагч нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байж тун магадгүй нь.

Ингэж таамаглахаас аргагүй нэгэн шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар гаргасан байна. Тодруулбал, Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14-ний Зөвлөмж дэмжих тухай 375 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай 162 дугаар тогтоолыг энэ оны тавдугаар сарын 6-нд гаргажээ. Хүчингүй болсон Зөвлөмж дэмжих тухай тогтоол нь “1. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгасугай. 2. Монгол Улс байнга төвийг сахих талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу олон улсын сонорт хүргэх, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжсэн НҮБ-ын шийдвэр гаргуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай” гэсэн хоёр заалттай. 

Харин дээрх тогтоолыг хүчингүй болгож гаргасан тавдугаар сарын 6-ны тогтоолоор Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгажээ. Ингэснээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих санаачилгыг дэмжсэн эрх зүйн баримт бичиг Монголын төрд үгүй болж буй юм.

Төвийг сахих санаачилгыг дэвшүүлэх үед судлаачид, гадаад харилцааны мэргэжилтнүүд тал талаас нь ярьж, нийгэмд өргөн хэлэлцүүлэг өрнөсөн. Нэг нэгнээ үгүйсгэсэн эн тэнцүү хоёр талцсан хэлэлцүүлэгт аль нэг тал нь давж гараагүй бөгөөд төвийг сахих нь зөв, буруу гэсэн нэгдсэн ойлголтод олон нийт хүрээгүй үлдсэн.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилга, дээр дурдсан тогтоолын дагуу батлагдсан хууль, тогтоомж ч байхгүй.

Гэхдээ олон жилийн өмнөөс манай улсыг эгнээндээ нэгтгэхээр “Танай улс дэндүү удаан ажиглагчаар явлаа. Жинхэнэ гишүүн болбол бид ийм боломж олгоно” хэмээн сайхан сайхан зүйл ярьж, “Одоо шийдвэрээ гарга” гэж ятгах, шахахыг хослуулдаг ШХАБ-д “Монгол байнга төвийг сахих санаачилга гаргаад явж байгаа болохоор түр байзнах хэрэгтэй байна” хэмээн эелдгээр татгалзах бамбай нь дээрх тогтоол болж байсан юм. Үүнийг хүчингүй болгосноор сүүлийн жилүүдэд шахамдуулах нь илт эрчимжиж буй ШХАБ-д элсэх бэлтгэлээ базааж байна гэж таамаглаж болохоор байгаа юм.

ШХАБ-ын талаар ч олон нийт, эрдэмтэн судлаачид мөн л хоёр талд гарсан. Тэгэхдээ дийлэнх нь “Хоёр хөрш манайхыг ШХАБ-д элс гэхийн зэрэгцээ Америк мэтийн гуравдагч хөршийн асуудлаа боль гэсэн шахалт үзүүлдэг. ШХАБ-ын ажиглагчийн статусаа ахиулж, жинхэнэ гишүүн болбол Орос, Хятадын үгээр л явна гэсэн үг. Энэ нь манайд аюултай” гэдэг билээ.

Шийдвэр гаргах түвшинд ч ийм зүйл яригдаж, ШХАБ-д элсэхээс аль болох бултаж, татгалзаж ирсэн. Харин сүүлийн 2-3 жилд энэ байдал өөрчлөгдөж, төр, засгийн тэргүүний түвшинд “Элсэх хэрэгтэй” гэсэн байр суурь давамгайлах болсон. Гадаад харилцааны яам 2018 онд ШХАБ-д элсэх, эсэх талаарх асуудлыг УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчийн институцээс ч ШХАБ-д элсэх ёстой гэсэн байр сууриа ил илэрхийлэх болсон. Тухайлбал, 2018 оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоод ирсний дараа тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд “Монгол Улсын бодлого өөрчлөгдөж байна. Гадаад харилцааны яамнаас ШХАБ-д элсье гэдэг асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүллээ. Ерөнхийлөгч Засгийн газартай санал нэг байгаа. ШХАБ-д элсэх нь зөв юм байна” гэж мэдэгдсэн.

Тэрбээр тухайн үед “ШХАБ-д элсвэл төвийг сахих бодлого юу болох вэ” гэсэн асуултад “Тэр бол Ц.Элбэгдоржийн хувийн бодлого болохоос төрийн гадаад бодлого биш. Харин ШХАБ-ын тухайд төрийн гадаад бодлого явж байна. Бид сүүлийн 15 жилд явсан гадаад бодлогынхоо залгамж чанарыг л авч яваа. Манай дарга нар өмнө нь “Бид элсэнэ, гэхдээ Энэтхэг, Пакистан хоёрын дараа” гэж хэлдэг байсан. Нөгөө хоёр нь 2016 онд элсчихсэн. Одоо бидэнд дотооддоо хийх гэрийн даалгавар үлдсэн” гэсэн. Мөн тэрбээр “Ерөнхийлөгч “ШХАБ-д элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх.

Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэсэн. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр санал нэгтэй байгаа. УИХ энэ дүгнэлтэд хэзээ хүрэх юм, мэдэхгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр ажлаа хийчихлээ. Одоо УИХ-ын хийх ажил үлдсэн. Элсэх, эсэхийг УИХ шийднэ. Ерөнхийлөгч, Засгийн газрын бодлого төрийн бодлого болж УИХ-аар батлагдах ёстой. Засгийн газар УИХ-даа бичгээ явуулах хэрэгтэй. Мах, арьс ширээ заръя, хийн болон нефтийн хоолойг нутгаараа дамжуулъя, төмөр зам, засмал зам тавья гэвэл ШХАБ-д элсэх асуудлыг шийдэхээс өөр аргагүй” хэмээсэн маш тодорхой байр суурийг Ерөнхийлөгчийн өмнөөс илэрхийлсэн.

ШХАБ-д элсэх нь цаг хугацааны л асуудал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр санал нэгтэй байгаа гэдэг дээрх мэдээллээс тодорхой харагдаж буй биз. Харин тэр цаг нь энэ дөрвөн жил байж тун магадгүй нь.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Нийтлэлчид