Улаанбаатар 1c

Ө.Эрдэнэбулган: Ямар ч үед жаргалтай байж сурах юм сан

“Bluemon” арт галерейн хаалгаар ормогц хойморт нь дорнын намуухан Отгонтэнгэр хайрхан үүлсийн дундаас сүндэрлэж, хажууханд нь домогт Бурхан Халдун сүр бараагаа гайхуулан оршино. Танхимын зүүн талд цаст Алтай таван богдын бэлд нүүдэл хийж яваа малчин үзэгдэнэ. Энэхүү орчинд цэцэг навч алаглаж, уул толгод сүндэрлэн, гол мөрөн дуниартан цэнхэртэж, тэгснээ мөнх цаст хайрхан мөнгөн оройгоо гайхуулах шиг хорвоогийн сайхан бүхэн бүрджээ. Энэ бол “Монголын сайхан орноор” үзэсгэлэн зотон дээр амилсан төрх байдал. Монгол түмний сэтгэлдээ тээж, сүслэн залбирч  явдаг их хайрхнуудыг бидний  нүд, сэтгэлийн өмнө авчирсан зураач Өнөбаатарын Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Та анхны үзэсгэлэнгээ хөрөг зургаар дагнан гаргаж байсан. Энэ удаа байгаль тэр дундаа төрийн тахилгат хайрхнуудыг голчлон зуржээ. Бүтээлийн санаа хэрхэн төрөв?
-Энэ үзэсгэлэн маань  “Хөх тэнгэрийн орон-II” төслийн хүрээнд дэлгэгдэж буй үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Тус төслийн санаачлагч, продюсер Монгол Улсын соёлын элч Хүрэлбаатарын Дамдинсүрэн ах надад хамтран ажиллах санал тавьсан. Мөн гэрэл зурагчин Батцэнгэлийн Эрдэнэбулгантай хамтран ажилласан. Би түүний зургийн хальснаа буусан хайрхнуудыг уран зураг болгон хөрвүүлсэн. Нийт 13  ширхэг том хэмжээний байгалийн зураг тэр дундаа төрийн тахилгат хайрхнуудыг зурсан. Сүүлийн гурван сар гаруйн хөдөлмөр маань ийнхүү олны хүртээл болж, дэлгэгдэж байна. 

-Гэрэл зураг харж зурахад бэрхшээлтэй байв уу. Мэдээж байгальд суугаад зурахаас өөр мэдрэмж байх?
-Гэрэл зургийн хэл, зохиомж гэж бий. Мөн тухайн зурагчин өөрийн мэдрэмжээр, байгалийн гоо сайхан, сүр хүчийг тодотгон буулгасан байгаа. Гэтэл үүнийг тэр чигт нь уран зураг болгон буулгахад хүндрэлтэй. Жишээлбэл, гэрэл таарахгүй байх, зохиомжийн хувьд бага зэрэг өөрчлөх шаардлага ч тулгарна. Үүнийг зураач өнгө будгаар хэрхэн шийдэх нь чухал. Гэхдээ би эдгээр газрын нэлээдэд нь очиж байсан. Мөн зарим хөргийг гэрэл зургаас эх авч зурдаг учраас учиргүй хүнд, хэцүү байсангүй.

-Та бол орчин цагийн Монголын уран зурагт өөрийн орон зайг үүсгэн, түүнээ өдрөөс өдөрт өргөжүүлэн, өнгө нэмж яваа уран бүтээлч. Анх уран зурагтай хэрхэн холбогдож байв?
-Аав минь зураач мэргэжилтэй. Мөн нагац талаас Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн болон н.Төмөрхүү, н.Ганхүү гэх ах, дүү зураач бий. Багадаа аавынхаа зураг зурахыг харж,  аавыгаа дууриан усан будгаар зурж тоглодог байлаа. Бас манайх том номын сантай айл л даа. Номын хавтаснууд дээр зураг зурж байгаа нэртэй харандаагаар эрээчдэг хүү байсан. Гэхдээ би тухайн  үед зураач болъё гэж бодож байгаагүй.  

Элчин сайд юм уу архитектур болно гэж мөрөөддөг байлаа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, мэргэжил сонгох мөчид л энэ замыг сонгочихсон. Ер нь бол миний багш Дарамын Батбаяр, үеэл С.Билэгсайхан нар намайг зураач болоход түлхэц болжээ гэж боддог. 2005 онд 33 дугаар сургуулийг дүүргэж, Дүрслэх урлагийн дээд сургуульд хар, өнгөт, зохимжит зураг гэсэн гурван төрлөөр шалгалт өгч тэнцэж байлаа. Улмаар таван жил суралцаж, суурь уран зургийн ангийг төгссөн.

-Таныг И.Е.Репиний академийн төгсөгч гэдгийг мэднэ. Дэлхийд нэр хүндтэй академид суралцана гэдэг залуу уран бүтээлчийн хувьд ховор боломж байх?
-Дүрслэх урлагийн дээд сургуульд орсноор ОХУ-ын Санкт-Петербург хот дахь И.Е.Репиний нэрэмжит урлагийн академи байдгийг, тэр сургуульд Монголын тэргүүлэх, ахмад уран бүтээлчид сурч төгссөнийг олж мэдсэн. Оюутан ахуйгаасаа тэнд сурахыг хүсэж, мөрөөдсөн. Төгсөөд дөрвөн жил орчим чөлөөт уран бүтээлч, Уран зургийн галерей, Занабазарын музейд Сан хөмрөгийн эрхлэгчээр ажилласан.

Тэгээд нэг л өдөр мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж ОХУ-ыг зорьсон. Намайг сургуульд явахад тус академийн төгсөгч, зураач Б.Отгонтүвдэн хамгийн их тусалсан. Оросоос ирсэн даруйдаа хэт орос школтой байсан байж магад. Гэхдээ би багш нарынхаа зааж сургасан уран зургийн суурь онол, өнгөний онолын хүрээнд өөрийн онцлог, техникийг гаргаж  авах гэж хичээж, суралцаж л яваа.

-Сайн бүтээл төрөхөд орчин чухал байх. Та ямар орчинд зурах дуртай вэ?
-Би олон хүнтэй урланд байж чаддаггүй. Хэзээнээсээ л ганцаараа уран бүтээлээ туурвиад сурчихсан. Сэтгэл санаа тайван, урам зоригтой үед сайхан зураг “төрдөг”. Зураг зураагүй үедээ ном унших дуртай. Хааяа шүлэг бичнэ. Бас ганц нэг өгүүллэг оролдож л байсан. Уран зохиол миний дотоодод маш том орон зай эзэлдэг. Зөвхөн уран зохиол гэлтгүй хэл бичгийн салбар. Өнөөдрийн миний оюун санаа, сэтгэлгээ төлөвшихөд, ном их нөлөөлсөн гэж хэлнэ. Би оюутан байхдаа сургуулийнхаа цэвэрлэгч н.Цэрэнжаргал гэж байнга инээмсэглэж явдаг сайхан эгчийн хөргийг зурж байсан. Одоо ч хөрөг зурах дуртай.

-Таныг Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гэх эрхэм хүний хайртай, гарын цөөн шавийн нэг гэх юм билээ. Тэнгэрт дэвшсэн багшийнхаа тухай дурсаач?
-Би анх долдугаар ангийн хүү байхдаа Гандантэгчэнлин хийд дээр багштайгаа таарсан юм. Орой нь үеэл ах, яруу найрагч асан С.Билэгсайхан “Багш чамайг номын хүн байна. Энэ дүүгээ номын мөр хөөлгөөрэй. Чи багштай гэрт нь очиж уулз” гэсээр ирлээ. Тэр үеэс л энэ эрхэм хүн миний амьдралын, уран бүтээлийн бүхий л мөн чанарын багш  болсон.  Багшаасаа сурсан зүйлийг тоочно гэвэл хязгааргүй. Хамгийн чухал нь миний багш жинхэнэ уран бүтээлч байх тухай сургаж, мэдлэгийг сэргээж, сануулж ирсэн жинхэнэ уран бүтээлч.

-Залуу уран бүтээлчийн хувьд Монголын уран зургийн хөгжлийг ямар түвшинд байна гэж хардаг вэ. Өөрийн хувь нэмрээ оруулах сан гэсэн хүсэл бий биз?
-Өөрийнхөө иртэй залуу насаа уран бүтээлд зарцуулж, өөрийгөө боловсруулахыг зорьж байна. Мөн эх орныхоо уран зургийн хөгжил, дэвшилд чадах чинээгээр хувь нэмрээ оруулах хүсэл байлгүй яахав. Монголын уран зургийн сан хөмрөг бол бусад улс орнуудтай  харьцуулахад маш багахан гэлцдэг. Жишээлбэл, Монголын уран зургийн галерейд томоохон хэмжээний, гүйцэтгэл сайтай уран зураг цөөн. Үүний тоог нэмэх хэрэгтэй.

Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний том уран бүтээл хараахан алга. Ерөнхийдөө манай улсад өрсөлдөөн байхгүй. Уран зургийн соёл өндөр хөгжсөн орнууд  өөрийн боловсон хүчин, уран бүтээлчээ дэлхийн өнцөг булан бүрт бэлтгэж байна. Тиймээс манай улс сайн уран бүтээлчээ гадаад, дотооддоо бодлогоор бэлтгэх хэрэгтэй. Манай дүрслэх урлагийн сургууль мэргэжлийн уран бүтээлч бэлтгэх уламжлалаа гээчихсэн. Тиймээс дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургууль, сургалтын системд шинэчлэл хийж, бэлтгэгдэн гарсан уран бүтээлчээс шударгаар сонгон, шалгаруулж, Итали, Орос, Хятад зэрэг орны  урлагийн академид суралцуулах хэрэгтэй.

Энэ мэт зураачдаа дэмжсэн, уран зургийн салбараа үнэлж, хүндэтгэсэн төр засгийн бодлого хэрэгтэй гэж хардаг. Уран зургийн чиглэлээр гадаадад сурахад төлбөр маш өндөр. Үүнийг дөнгөж сургуулиа төгссөн залуус  өөрөөсөө гаргах тун төвөгтэй. Нэг талаас хувь зураачийн асуудал мэт боловч хожмоо соёлын салбарын ирээдүйтэй холбогдох асуудал юм.

-Уран зургийн хувь хүн, нийгэмд үзүүлэх нөлөөллийн тухайд тайлбарлавал?
-Хүнд маш их зүйл өгнө. Хойно сурдаг байхад амралтын өдрөөр “Русский музей”, “Эрмитаж” руу ороход, эцэг эхчүүд хүүхдээ дагуулаад урт дараалалд зогсож байдаг.  Хүүхдүүд нь шалан дээр цаас дэвсээд зураг зурж байгаа харагддаг. Ядаж л уран зураг харж өссөн хүүхэд шалан дээр байгаа сонин сэтгүүл дээр гишгэхгүй, урахгүй, түүгээр цонх арчихгүй. Юмыг хайрлах, нандигнах сэтгэлзүйтэй болж төлөвшдөг.

Түүнчлэн хүн байгаль дээр анзаараагүй зүйлээ уран зургаар дамжуулж олж хардаг. Жишээ нь,  нар мандах жаргах, цэцэг навч дэлбээлж буйг зурсан хойно нь л сайхныг нь мэдэрдэг. Уран зураг, урлаг гэдэг байгаль ертөнц амьдралын сайн сайхныг сэрж мэдрэх, оюун санаагаа услахад тустай.

-Та өөртөө болон амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Уран бүтээлч эрх чөлөөтэй байхыг хүсдэг юм билээ. Амьдралын учрал тохиол, үйл явдал бүрийг зөвөөр хүлээн авч, зөрчил багатай амьдрахыг хүсдэг. Аливаа зүйлийг, эсвэл хэн нэгнийг сайн, муу гэж ялгалгүй, нээлттэйгээр хүлээн авч, мөн чанарыг нь ойлгож, уран бүтээлээ туурвих тэжээл авдаг. Ер нь ямар ч үед жаргалтай байж сурах юм сан гэж бодож явна.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө хуваалцаач?
-Аж байдал болон түүхэн сэдвийг барьж  зурна, судална гэж бодож байгаа.  Монголчууд өвөрмөц ёс заншил, өнө олон жилийн түүхэн уламжлал, дахин давтагдашгүй өв соёлтой ард түмэн. Үүнд хөндөгдөөгүй сэдэв зөндөө бий. Эдгээр ёс заншилд байгаа урлагийн бүтээл  болохуйц элементүүдээр том хэмжээний бүтээл хийхээр төлөвлөж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид