Улаанбаатар 1c

П.Нүрзэд: Ах нар минь та нар гавьяагаа ч байгууллаа, гайгаа ч тарилаа. Одоо болсон, залуус нь намаа аваад явъя

АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд авсан саналаараа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн яг ард орсон харагдсан. 
-Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдлөө. Аймгийнхаа 19 сум, багуудаар явлаа. Олон хүнтэй уулзаж, олон ч зүйлийг анзаарлаа. Өөрчлөх шаардлагатай зүйл байна. Улстөрчид нийгмийн амьдралыг мэддэггүй, сонгуулиас сонгуулийн хооронд худлаа амлалтаар аргацаадаг. Тэр нь иргэдийн амьдралд бодитой өөрчлөлт өгдөггүй гэдгийг нүдээрээ харлаа. Тиймээс сонгогдсон ч бай, үгүй ч бай залуус бид нийгмийн дуу хоолой болох ёстой.

Хонгор нутгийн сонгогчид надад итгэж, намайг дэмжиж саналаа өгсөн. Эдгээр хүмүүсийн итгэл найдварыг тээж цааш явах ёстой. Тэр ч утгаараа сонгуулийн процесс, Сонгуулийн тухай хуульд өөрчлөх зүйл олон байгаа талаар дуу хоолойгоо хүргэх ёстой гэж бодлоо.

Залуус өөрсдөө дунд нь явж үзээгүй учраас юмыг гаднаас нь хараад энэ хэвээрээ байхад болох ч юм шиг санадаг, энэ надад хамаагүй гэж орхидог. Ингэж болохгүй юм байна. Арай өөрөөр харж, өөрөөр явах хэрэгтэй. Улстөрчид сонгуулиар худлаа амлалт өгдөг, сонгууль дуусаад мартдаг байдлыг, төрийн эрх барих эрхийг худалдаж авахын тулд мөнгө төгрөг тараадаг явдлыг харахад үнэхээр гутармаар байна. Үүнийг биеэрээ амсаж байж л мэдэрлээ. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн хоногуудад мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авдаг явдал хэрээс хэтэрч байна. Сонгуулийн тухай хуульд энэ талаар зохицуулалтыг маш тодорхой хатуу оруулж өгөх ёстой. Сонгуулиар тараасан мөнгөө хаанаас, хэнээс буцааж авна гэж боддог юм. Асар их мөнгө шүү дээ. 

-Төрөөс олж авна гэдгээ мэдээд л нэр дэвшицгээдэг биз дээ. Нэг намынхан хоорондоо ярьж тохирч байгаад тараадаг байлгүй?
-Би амаараа нэг зүйл ярьчихаад, үйлдлээрээ түүнийхээ эсрэг байж болохгүй гэж боддог. Тиймээс нэг ч төгрөг тараагаагүй. Ямар нэг аргаар мөнгө олоод тарааж болох л байсан. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Үе үеийн сонгуульд мөнгө тараасан тухай яриа гарсаар ирсэн. Тэгсэн хэрнээ үүнийг таслан зогсоох дорвитой ажил хэн ч хийдэггүй. Энэ жил ч ялгаагүй, ажиллах ёстой байгууллагууд, СЕХ огт ажилласангүй.

Сүүлдээ ер нь бид төрийн сонгуульд өрсөлдөөд байгаа юм уу, хэдэн хүн хоорондоо үзэлцээд байгаа юм уу гэдгээ мэдэхээ больсон. Энэ их мөнгө хүсээгүй сонголтыг бий болгож, нийгмийн захиалгыг өөрчилдөг. Мөнгө тарааж гарч ирсэн хүмүүс эргээд мөнгөө хаанаас олж авах вэ гэж л дөрвөн жил хөөцөлдсөөр дуусдаг. Энэ нь эргээд бидний хөгжил, дэвшлийг хойш татдаг. Үүнийг өөрчлөх цаг нь болсон шүү дээ. Сонгуулийн тогтолцоо ч болохгүй байна. УИХ-д 62 суудалтай үнэмлэхүй олонх болсон МАН сонгогчдын 40 хувийн л саналыг авсан. Үлдсэн 60 хувийн санал үнэгүйдэж, хаягдлаа. Энэ бол гажуудал.

Бид ийм байдлаар өөрсдийгөө хуурч, зүгээр л төрийн эрхийг авахын төлөө уралдаж, мөнгө тараах гэх мэтийн амар хялбар, бүдүүлэг, хууль бус хэлбэрээр хэдий болтол явах вэ. Арай өөр, шинэ түвшинд очихгүй бол болохгүй. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, хуулийг чангаруулах, сахиулах хэрэгтэй.

-Мажоритар тогтолцоо сул тал ихтэй, хувь тэнцүүлсэн тогтолцоо илүү тохиромжтой гэж судлаачид хэлдэг. Хэвлэлүүд ч энэ талаар хангалттай бичсэн. Харин улстөрчид үүнээсээ салахыг хүсдэггүй шүү дээ?
-Яагаад гэвэл эдэнд ашигтай учраас хүсэхгүй байхгүй юу.

-АН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Үүний шалтгааныг хэрхэн дүгнэж байна вэ?
-АН-д, бидэнд их алдаа байна. Бид өөрсдөөсөө л болж ялагдсан. Хэн нэгэнд буруу өгөөд байх юм байхгүй. МАН авдаг саналаа л авсан, 40 хувь. Нэгдүгээрт, бид тархай бутархай байсан. Талаар нэг тарсан хүмүүстэй, нэгдсэн бодлогогүй сонгуульд орсон. АН-ын лидер, удирдлагын хийх ёстой ганц л ажил байсан. Тэр нь тархай бутархай хүмүүсээ нийлүүлж, нэг тогоонд оруулах. Ингэвэл гадуур байгаа бүх оноогоо цуглуулчихна.

Ингээд л боллоо. Маш энгийн. Гэтэл энэ ажлаа хийж чадаахгүй, ийм тархай бутархай сонгуульд орохоор ялагдах нь ойлгомжтой шүү дээ. Хоёрдугаарт, эв нэгдэлгүй, баахан хэрэлдэж уралдсан намуудтай орсон. Гуравдугаарт, талцал хуваагдал тэр чигээрээ байна. Өнгөрсөн дөрвөн жилд шинэчлэл нэрийн дор баахан марафон, сунгаа явуулж намыг бүх шатанд нь улам талцуулж, тарамдуулсан. Тэр шарх нь өнөө хүртэл эдгээгүй, саяын сонгууль түүн дээр нь давс үрсэн юм л боллоо шүү дээ. Дөрөвдүгээрт, АН-ынхан нэр дэвшихээсээ өмнө намдаа “саалгасаар” байгаад мөнгө санхүүгийн хувьд туйлдчихсан. Хамаг мөнгөө намдаа өгчихсөн хүмүүс энэ их мөнгө, эрх мэдлийн эсрэг юу ч хийж чадахгүй байлаа шүү дээ.

-Сонгуулиар нэр дэвшигчдээс авсан мөнгөө АН юунд зарцуулсан юм бэ. Нэр дэвшигчдээ дэмжих, ерөнхий пиар хийх ажил дутмаг байсан шиг харагдсан?
-Үнэнийг хэлэхэд Баянхонгорт нэр дэвшээд явж байхад надад АН-ын бодит дэмжлэг, намын нэр хүнд, нөмөр түшиг юу ч мэдрэгдээгүй. Намын нэр бараг сөрөг хандлага, хасах оноо авчирсан. Нэр дэвшигчид үнэхээр бор зүрхээрээ, өөрсдийнхөө бий болгосон нэр хүнд, үнэлэмжээр л явлаа. АН-ын гишүүд бид өөрсдөө хариуцлагатай хандаж, асуудлаа өөрсдөөсөө эхлэхгүй бол болохоо больжээ гэдэг нь саяын сонгуулиар харагдлаа.

АН болохгүй байна, нийгэм хүлээж авахгүй байна. Ах нар ч, бодлого нь ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй, таалагдахгүй байгаа учраас олон нийтийн итгэл найдварыг авахгүй байна. Арай өөр түвшинд гарч ирэхгүй энэ байдлаараа яваад байж болохгүй нь. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бид өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой, үнэн дуугардаг байх хэрэгтэй. Өөрсдийгөө томд бодсон хэдэн дарга нь худлаа яриад суудаг энэ байдлаараа хол явахгүй ээ.

-Өнгөрсөн дөрвөн жилд намаа шинэчиллээ гэж баахан ажил болсон. Тэр нь гишүүд, дэмжигчдийн хүсэн хүлээсэн шинэчлэл байгаагүйг саяны сонгууль харуулав уу даа?
-Олон нийтийн хүлээлтэд нийцээгүй, байгаагүй оноогүй ажил болсон нь үнэн. Бид шинэчлэлээ хийж чадаагүй, биенээ хуурсан. АН арай өөр, гишүүд, дэмжигчдэдээ, өөрсдөдөө таарах шинэчлэл хийхгүй бол шинэчлэл нэрээр хувааж, талцуулж, мөнгөний уралдаан болгодог явдал эцсийн дүндээ өнөөдрийн ялагдалд хүргэлээ. Мөнгөний сонгуулийн эх үүсвэр яг үнэндээ бидэн дээр байна. АН-ын даргын сунгаа, ҮБХ-ны гишүүн, аймаг, дүүргийн намын даргын сонгууль бүгд мөнгөөр үнэлэгддэг. Мөнгө төлсөн хүмүүс нь очоод намын гишүүдээ хэд хуваагаад талцуулчихдаг. Яг үнэндээ ийм л байгаа шүү дээ.

Тэгэхээр өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг үг АН-д тохирохоор байгаа юм. Нам удирдаж буй хүмүүс хариуцлагагүй байна. Удирдлага нь өөрийгөө том дарга гэж бодоод нийгмээс өөрийгөө тусгаарлаж, вакумжсан байдлаараа бид цааш явахгүй. Анхан шат, үүр, баг, хороод руугаа очиж ажиллаж, намынхаа гишүүдийн урмыг сэргээж, хагарал хуваагдлыг байхгүй болгож байж дараагийн сонгуульд орохгүй бол дөрвөн жилийн дараа яг энэ байдлаараа л сууж байх болно.

-Сонгуульд намын дэмжлэг, нөмөргүй явлаа гэлээ. Намын гишүүд, дэмжигчид урам зориггүй, итгэл үнэмшилгүй болсон гэсэн үг үү?
-Гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил бол хэвээрээ байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Харин намыг хувийн өмч мэт аашилдаг ах нар, ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулалцаж байсан хүмүүс хүлээн зөвшөөрөгдөхөө больсон байна. Намыг тэднээр төлөөлүүлж хардаг гишүүд, дэмжигчид, олон нийт дургүйцэж байгаа нь бидэнд мэдрэгдэж байлаа шүү дээ. Энэ бол намын гишүүдийн буруу биш. Харин намыг авч яваа, нүүр царай нь гэж өөрсдийгөө боддог хүмүүс нийгмээ мэдрэхгүй байгаагийн хар гай.

-АН-ыг шинэчлэх хөдөлгөөн өрнөх нь тодорхой. Залуучуудын нуруун дээр нэлээд ачаа ирэх байх. Өөрт чинь шинэчлэлийн талаар ямар төлөвлөгөө байна. Нөхөдтэйгөө уулзаж, ярьж хөөрч байгаа зүйл байна уу?
-Манай үеийнхэн уулзана, ярилцана. Шинэчлэлийг заавал хийх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Энэ бол хэн нэгэн хүний төлөө биш, ардчиллын төлөө, улс орны төлөө хийх ёстой ажил. Үг, үйлдэл, бүх зүйл нь олон нийтэд таалагдахаа нэгэнт больсон ах нар минь одоо больчих. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, АН-ыг байгуулж, төлөвшүүлж өгсөнд баярлалаа. Гэхдээ одоо үүнийгээ өөрсдийнхөө гараар устгаад байна.

Тиймээс яг одоо зогс. Ямар нэг дур тачаал байгаа бол түүнийгээ орхи. Одоо залуус нь цаашаа явъя. Тэгэхдээ та нартайгаа хамт явна, үгийг чинь сонсоно. Нийгэм та нарыг хүлээж авахгүй байгааг би биеэрээ мэдрээд ирлээ. Орон нутагт очиход намын гишүүд, иргэд сонгогчид шал өөр юм хүсэж байна. Ийм байхад эргэж, буцаж зууралдаад яах юм бэ.

-Намын дарга тань хариуцлагаа хүлээж, ажлаа өгсөн. Та бүхэн шинэчлэлийг хаанаас эхэлж, юу хийх вэ?
-Намын үндсэн дүрмийг өөрчлөхөөс эхэлнэ. Орон нутгийн сонгуулиас өмнө тодорхой өөрчлөлт хийнэ гэсэн зорилготой байгаа. Ажиллах арга барилаа ч өөрчлөх хэрэгтэй. Нийгэм өөрчлөгдөж байна шүү дээ. Хүмүүс өөр юм хүсэж байна. Бид түүнд таарч ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүд, дэмжигчдэдээ таалагдах зүйлийг биш, өөрсдөдөө таалагдах юм хийгээд, түүндээ алга ташаад явсан. Тэр нь байгаа оноогүй. Өөрчлөлт шинэчлэлт хийж байж л цаг үетэйгээ зэрэгцэнэ. Оршин тогтноё гэж байгаа бол цаг үетэйгээ зэрэгцэхээс өөр аргагүй.

-Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх шинэчлэл хийх лидер ер нь АН-д байна уу?
-Заавал лидер хүлээгээд суухгүй залуус гарч ирээд аваад явах бүрэн боломжтой. Заавал цаг хугацаа үрээд, хэн нэг лидер хүлээгээд суух шаардлага байхгүй. Гарч ирээд өөр өөрийнхөө бодлогыг яриад нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж болно шүү дээ. Лидер чинь төрдөг юм. Хамгийн гол нь намаа шинэчлэх хүсэл нь үнэнээсээ, ярьж хэлж буй нь үнэн байх ёстой. Хүмүүс үнэн, худлыг ялгана шүү дээ. Бид ирэх дөрвөн жилийг бус, дараагийн 30 жилийг харж, ярих ёстой гэж би боддог. Бидэнд хүнээс дутах зүйл юу ч байхгүй. Өөлүүлэх, дутуу үнэлэгдэх ганц зүйл нь залуу нас. Залуу гэхдээ би 38 хүрч байна шүү дээ.

Би 2003 оноос эхлээд АН-д явлаа. Нэг ч шат алгасахгүй бүх шатаар нь дамжсан. Мөнгөгүй, крангүй явахад их л хугацаа ордог юм байна. Гэхдээ 0 цэгээс эхлээд УИХ-д нэр дэвшүүлж болохоор хүн гэж үзэгдэх хүртлээ унаж босож, үзэж туулах бүхнээ туулсан. Тиймээс намынхаа төлөө дуугарах, шинэчлэлийн төлөө явах бүрэн эрхтэй хүн. Шинэчлэлээ бид л хийнэ. Өөр хэн хийх юм бэ. Гаднаас хүн ирж хийж өгөхийг хүлээх юм уу.

-АН-д монголчууд хайртай. Дэмжээд, дэмнээд төр, засгийн эрх барилцуулахаар гаргаад ирдэг. Гэтэл хоорондоо учраа олдоггүй. Тарж бутарч гүйгээд болдоггүй. Энэ нь ганц нэг удаагийнх биш. Өмнөх түүхээсээ огт сургамж авдаггүй. Ах нарынхаа нэгдэж чаддаггүй байдлыг залуус тасалж чадах болов уу?
-Өмнөхөөсөө сургамж авдаггүй, нэгдэж чаддаггүй энэ байдлыг би ч бас гайхдаг. Ах нар минь гавьяагаа ч байгууллаа, гайгаа ч тарилаа, одоо боль, амарцгаа, залуус нь өөрсдөө хийе, аваад явъя гээд байгаа шалтгаан маань ч энэ. Харин энд нэг зүйлийг баттай хэлэхэд АН-ын залуус дунд тэгтлээ фракцлаад, хэн нэгний гар хөл болоод гүйгээд байх хүн цөөхөн. Тэр тусмаа 1980-аад оны залуус нэг үнэт зүйлтэй. Олонхын шийдвэрийг хүндэтгэх ардчиллын үндсэн суурь зарчим дээр бид нэгдэж байгаа. Энэ соёлыг бид түгээнэ. ҮБХ-ноос нэр дэвших эрхээ авч чадахгүй болохоороо гараад бие даачихаж байгаа хүмүүсийг тэр чигээр нь явуулах хэрэгтэй. Хашааны гадна гарсан хүмүүсийг эргүүлж оруулж ирэх тухай бодоод ч хэрэггүй.

Одоо АН хатуу, зарчимтай байх ёстой. Бид үүнийг л хүсэж байна. Нялцганасан, өөх ч биш, булчирхай ч биш байж яах юм бэ. Манай намыг хүчирхийлсээр байгаад амташчихсан хүмүүс байна. Олонхынхоо шийдвэрийг дагаж чадахгүй, хувийнхаа эрх ашгийг эхэнд тавьж гарч гүйдэг, бие даадаг, нөгөө талд биднийг худалдаж иддэг, хэрэгтэй болохоороо буцаж ордог энэ хүмүүс бүгд хүчирхийлэгч шүү дээ. Ардчиллыг хүчирхийлэгчид одоо боль. Энэ нам чинь ямар та нарт хэрэгтэй үед чинь ашиглуулж байдаг газар уу. АН, АН-ын гишүүд тэнэг биш, битгий доромжил. Бие даасан мөрөө хөө гэж хэлмээр санагдаж байна. АН сайжрахын тулд муу хүмүүсээсээ, ардчиллыг хүчирхийлэгч нараасаа хамгийн эхэнд салах хэрэгтэй. Ашгүй харин нэлээд нь шигшигдлээ.

Нэгэнт олонхын шийдвэрийг дагаж чаддаггүй хүмүүс дахиад л нөгөө зангаа гаргана шүү дээ. Тэгэхээр бузрыг үүд хаалгаараа дахиж оруулах хэрэггүй. Би бол үүний төлөө хатуу зогсоно. Ардчиллын шинэчлэл хатуу бөгөөд зарчимтай эхэлнэ. Бид өөрсдөдөө ч хатуу шаардлага тавих ёстой. Бусдадаа ч түүнийгээ тавья. Тавьсан шаардлагадаа бүгдээрээ тэнцдэг байя гэж нөхдөдөө уриалж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Ariuna
    Mash eh zviliig hiij bvteeh hvn bga yumdaa
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Маш зөв
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Avsan sanal ch gej dee. AH gishuudiin sanal shuu. AH devsheegui bol 100 hunii l sanal avna chi aiamagtaa negch demjileg heniig yun yaj demjij yavsan hun bee. Genet l suraggui gar garaad l irsen sh dee. Haana yu hiij yavsaniig n hench medehgui.
    2020 оны 07 сарын 04
  • Avsan sanal ch gej dee. AH gishuudiin sanal shuu. AH devsheegui bol 100 hunii l sanal avna chi aiamagtaa negch demjileg heniig yun yaj demjij yavsan hun bee. Genet l suraggui gar garaad l irsen sh dee. Haana yu hiij yavsaniig n hench medehgui.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Irgen
    Demjij bna.bodit unen
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
    • Avsan sanal ch gej dee. AH gishuudiin sanal shuu. AH devsheegui bol 100 hunii l sanal avna chi aiamagtaa negch demjileg heniig yun yaj demjij yavsan hun bee. Genet l suraggui gar garaad l irsen sh dee. Haana yu hiij yavsaniig n hench medehgui.
      2020 оны 07 сарын 04
  • Ch.Battsetseg
    Ene zaluu vneheer.shinechleliig hiih beregtei.odoo ene heden hogshin burihuud zaluuchuuda sonsoj demjij.ajillah heregtei.ah nar ta nar gawiya ch baiguulla.gaigaach tarilaa gj vnen hellee.amjilt hvsie
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Амжилт хүсье.ийм үзэл бодолтой залуучууд АН г шинчлэх цаг болсон .хөрсөн дээрээ ирж ажиллаж нөхцөл байдалтай танилцсанд баярлалаа. Нам дагаж гүйдэг ,, Сэтгэлгүй" ахмад ,залуучуудыг ялгаж салгах цаг болсон.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Баяраа
    Дүгнэлтийг зөв хийж дутагдлын зөв олж хардаг залуу байна даа. Амжилт хүсье
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Mash zov oorchlol shinchlelt hiih bson amjilt hvsie
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Mundag ireedvitei zaluu shvv demjeed ywah ni zow
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin
    Yostoi unen heljee..Zaluu hun bur ingej zov zutgel gargaj heregjuulsneer l ur dund hurne.AN-n zov tolovshil bol Mongoliin ireedui..Bidend yalalt oirhon irjee..AN-n nuur tsarai,tuuchee bolson manlailagch zaluustaa amjilt husey..Shine mongoliin ireedui ta nariin gart bna.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Ystoi vnen heljee minii yg bodoj sanaj ywdag zvil bn amjilt hvsii zaluuchuud bid demjseer bga shvv
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Иргэн
    Үнэн2 бүр дээр дооргүй орон нутагт ч гэсэн цэвэрлэгээ хийх ёстой дандаа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явдаг хүмүүстэй арай л биш шүү
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Мөнхжаргал
    Үнэн үг хэлжээ амжилт хүсье бас үргэлж дэмжих болно.Надад бол эгэл жирийн нэгэн монгол залуу Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл Элдэв ааш маяг байхгүй чинь Эгэл даруухан төрх өөрий чинь чимэг байлаа 2024 он зөвхөн чинийх одооноос хөдөлмөрлөж юу хийж чадхаа харуул хонгорчууд бол дэмжиж байгаа хий хийсэнийхээ дараа харуул үзүүл чадах болно Амжилт бүхний оргил нь байг Аз жаргал бүхний эзэн нь байг ээ Хонгор нутгийн нэгэн бүсгүй хэхэ
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Ene yariltslagiig duustal unshaarai zaluusaa
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin
    Tiimee odoo zaluuchuudaa itgel uzuuleed achaa uuruuleh heregtei amjilt husie Nurzedee
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
Нийтлэлчид