Улаанбаатар 1c

АНУ Хятадын эсрэг шинэ хориг баталлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Хонконгод үүссэн хэрэг явдалтай холбоотойгоор Бээжингийн эсрэг эдийн засгийн шинэ хориг баталжээ. Шинэ журмаар Хятадын албаныхантай бизнесийн холбоотой банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах аж. Гэхдээ уг хоригийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд Сенатын танхимаар хэлэлцэж, дараа нь Ерөнхийлөгч Трампын гарын үсэг хэрэгтэй болох юм. Гэсэн ч өмнө нь батлагдсан бусад хоригийн адилаар саадгүй батлагдаж, тун удахгүй хэрэгжиж эхлэх нь бараг баттай гэгдэж байна. 

Мягмар гарагт баталсан Аюулгүй байдлын тухай шинэ хууль нь 1997 онд Хонконгийг Их Британийн мэдлээс БНХАУ-ын мэдэлд шилжүүлэх үед талуудын зөвшилцөн тохиролцсон 50 жил хонконгчуудын эрх, эрх чөлөөнд халдахгүй, хуучин тогтолцоог нь хэвээр хадгална гэсэн журмыг зөрчиж байна гэж олон улс үзэж буй юм. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мөнхүү хуулийг хонконгчуудын эрх чөлөөг боомиллоо гэсэн бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Бээжингийн үйлдлийг 1985 оны Хятад-Британийн хамтын тунхаг бичгийг зөрчсөн хэмээн мэдэгдлээ. Их Британийн эрх баригчид Хонконгийн гурван сая иргэнд эхлээд байнгын оршин суух зөвшөөрөл, дараа нь Британийн иргэншил санал болгоод байгаа юм. Түүнчлэн Австралийн албаныхан Хонконгийн иргэдэд улс төрийн орогнол олгох талаар ойрын өдрүүдэд тусгайлан хэлэлцэхээ мэдэгдээд байна. 

Харин Хятадын албаныхан аюулгүй байдлын тухай хуулиа өнгөрөгч онд Хонконгт дэгдсэнтэй адил үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөн давтагдахаас сэргийлж, бүс нутгийн тогтвортой байдлыг сахин хамгаалахын тулд баталсан хэмээж буй. Барууны голдуу орнууд энэхүү хуулийг эсэргүүцэж  байгаа бол Куба тэргүүтэй 50 гаруй улс Хятадын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. 

АНУ-ын албаныхан өмнө нь Хонконгийн тусгай статусыг цуцалж, батлан хамгаалахын чиглэлийн бараа, бүтээгдэхүүний экспортыг зогсоож, дэвшилтэд технологийн салбар дахь барааны нийлүүлэлтийг хязгаарласан билээ. Вашингтоны зүгээс мөн өнгөрөгч онд Хонконгийн ардчиллын төлөөх тэмцлийг дэмжсэн Хүний эрх, ардчиллын акт хэмээх тусгай журмыг хуульчлан баталсан юм. 

Олон улсын хүний эрхийн байгууллагынхан болон хуульч, ажиглагчдын үзэж буйгаар аюулгүй байдлын тухай шинэ хуульд Хонконгт ажиллах эх газрын Хятадын хууль, эрх зүйн салбарынхан халдашгүй, онцгой эрх дарх эдлэхээс гадна гадаадынхантай үгсэж, төв Засгийн газрыг шүүмжилсэн иргэнд хариуцлага тооцох, шүүгчдийг эрх баригчдын зүгээс тухайлан томилох, шүүх хурлыг хаалттай бөгөөд иргэдийн төлөөлөлгүй явуулах, алив хэргийг мөрдөх, шүүн таслах, яллах эрхийг эх газрын албаныханд шилжүүлэхийг зөвшөөрөх зэрэг хэд хэдэн ноцтой заалт багтжээ.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийг галдан шатаахыг террорист үйлдэл хэмээн үзэх, сэжигтнийг хэдий хугацаанд цагдан хорихыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэх зэрэг зүйл заалт байгаа нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхэд халдсан хэмээн шүүмжилж байна. 
Шинэ хууль батлагдсанаас хэдхэн цагийн дараа гэхэд Хонконгийн цагдаа нар арав гаруй хүн баривчилж, 360 гаруй хүнийг түр албадан саатуулжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид