Улаанбаатар 1c

Увидаст Чинжиг

Уянга яруу дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа

Аргадаж ядсан аялгууг сонсоод
Асгартал уйлмаар болдоггүй билүү
Андуу эндүүгийн хатуухан харгуйд
Ахиад дуулахад ханамгүй билүү
Эгшиг яруу дууны хорвоод
Эмзэг сэтгэл бөмбөрөөд байх юм аа...

Хэдэн ч удаа аялгуулсан эгшиг, хөгт нь “цаддаггүй” дуу байх. Хаана ч явсан мэдрэмж хөглөж, зүрх догдлуулсан бүтээлийн цаана ямагт сод авьяас билэгтэн сүмбэр уулс шиг ханхайх. Монголын дууны урлагт өөрийн оргилоо бүтээж, эн тэнцүү зэрэгцэх нэгнийг оюун санааны ертөнцөд “хүлээх” Цэдэн-Ишийн Чинзоригийн аялгуут сан хөмрөгийг яндашгүй. 

Монголын дууны урлагт өөрийн гэсэн хөгжмийн хэлээр “Авьяас” гэж бичиж үлдээсэн Ц.Чинзориг гэж гайхамшигт хүний барааг алсаас ч болов харсан сан бол гэсэн бодол хөг аялгуут бүтээлд нь автах бүрт төрдөг. Үеийнхэн нь түүнийг Чинжиг гэдэг байсныг, бүдэг бадаг, бүүр түүрхэн дурсамжийг дэргэд нь явсан нөхдийнх нь ярианаас үе үехэн сийрүүлж сонсдог юм, би. Булган аймгийн Могод сумын нутаг “Дэрстийн гүвээ” гэх газар төрсөн түүний тухай хөгжмийн зохиолчдоос эхлээд эхнэрийнх нь ярьсан, дурссан баримт сэлт нэлээд бий ч түүн дотроос нэрээ сольж, Чинзориг болсон түүх нь яагаад ч юм сонирхолтой санагдаад байдаг юм. Тодруулбал, “...1955 оны Мартын 8-ны өдөр миний хүү төрсөн юм шүү дээ. Төмөртогоо гэдэг нэртэй байсан юм. Өөрөө энэ нэрээ муухай гэж голсоор сургуульд орохдоо Чинзориг гэж нэртэй болсон юм” гэх алдарт хөгжмийн зохиолчийн ээж Д.Намжилцэрэнгийн энэхүү дурсамж яриа санаанаас гардаггүй.

Учир нь, хүн гэгч орчлонд төрөхдөө өөрийн хувь тавилан, амны хишиг, авьяас билэг, нэр зүстэйгээ ирдэг байх. Тиймээс л өөрийн алдраа олох гэж тийн нэрээ сольсон ч байж мэднэ. Хэрэв Чинзориг болоогүй сэн бол "Хорвоод ганцхан ээждээ", “Хүлээсэн сэтгэлийн дуу”, "Үүлэн цэнхэр хангай", "Зүүдний говь", "Учран золгохын ерөөл", "Ус мөрөн олон чиг", "Дууны хорвоо", "Намрын дурсамж" хөг аялгуугаа олохгүй ч байсан юм бил үү. Юутай ч дуулан жаргах, сонсон таашаах  найрал дуу, цөөхүүл хөгжим, тайз дэлгэцийн 400 гаруй бүтээл, 200 орчим дууг тэрбээр туурвин “Энэ бол Ц.Чинзоригийн мөн чанар, хөг аялгуу” гэдгийг тунхаглаад буцжээ. Хэрэв энэ эрхэм хүн Монголын дууны урлагт аргадаж гэгэлзсэн, уянга яруу, шаглаа нугалаа бүхий бүтээлээ туурвисаар амьдарч асан бол өдгөө 65 насны босгоор алхчихсан байх байлаа. Даанч Чинжиг далдын далдаас хөг аялгуу дуурьсан байх огт оргүйн зүгт дэвшчихсэн.  

АВЬЯАС ТӨРДӨГ ЮМ АА

Нийслэлийн Багшийн сургууль, ЗХУ-ын Свердловск хотод Хөгжмийн дээд сургууль төгссөн түүний онгод авьяасаар дамжиж гарсан бүхэн хүний таван мэдэрхүйд хүрч, сонсохуйн болоод мэдрэмжийн хамгийн дээд таашаал өгдөг байсныг түүний багш, хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров дурссан байдаг. Энэ мэт голыг нь олсон дүгнэлтийг манай хөгжмийн сэхээтнүүд дурсан ярьсан баримт сэлт нэлээд үлджээ. Гэхдээ их хүмүүний үйл хэрэг, ирээдүй хойчдоо үлдээсэн бүхэн илхэн ч хувийн амьдралынх нь алдаа оноо, унаж боссон намтар, он жилийн дурсамж яриа, тодорхой үйл явдал, хувь хүний ааль, араншин, амьдралынх нь хэв маягийг яв цав авч үлдсэн баримт сэлт тун ховорхон юм сан уу гэх бодол эрхгүй төрлөө.

Ай сайхан хүмүүн үнэхээр төрдөг ажээ. Тэр тусмаа Монголыг онож төрсөн. Үеийн үед бидний зүрх сэтгэлд аялгуу эгшгийн хэлээр удаан амьдрах Чинжиг ахин дахин төрсөөр байх болтугай. 

Гэхдээ агуу суутнууд угаас эгэл, даруу амьдарсан байдаг хойно доо. Ёстой юм ёсоороо л аж. Ерөөс монголчууд ч биш юм. Хүн төрөлхтний их хүмүүний оюун санааны “талх”-аар хооллож ирсэн замнал ийм л байж. Цаашид ч тийм л байх болов уу. Төрмөл авьяастнуудыг хэрхэн аж төрснөөр нь биш уянга яруу хорвоод юу үлдээв гэдгээр нь хэмжиж, нэгэнтээ бидний дундаас явсных нь дараа сайшаан мандуулж, харамсан халагладаг, хайрлан хүндэтгэдэг. Энэ л хэмжүүр заримдаа харгис, хатуу санагдаад байх болов. Ингэж санагдсан нь Ц.Чинзориг абугайг дурсах ахуйд ч биш юм аа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав гэх эрхэм хүнийг таалал төгсөхөд ийм харуусал, халаглал сэтгэл дүүргээд байв.

Яагаад гэж үү, яагаад гэвэл өнгөрсөн жилийн долдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Б.Шарав гуайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, төрийнхөө ивээлээр нэлээд эрт хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, энгэртээ зүүх ёстой байсан энэхүү шагналаараа яг долоо хоног л “гангарч” чадсан нь зүрх өвтгөдөг юм аа. Мөн Төрийн шагналт Дармын Батбаяр зохиолчийг тэнгэрт дэвшихэд ч Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч гэх дуурсах алдрыг нь төр соёрхчихгүй дээ гэх халаглал  төрж байв. Яг л үүн шиг Монгол хүний оюун санааны дархлаа болж асан суу билэгтэн, их авьяастнууд төрдөг ч бүтээлийнхээ үнэ цэнд тохирсон алдар гавьяаг амьд ахуйдаа тэр бүр хүртэж  чадахгүй буцчихаад байх шиг санагддаг.    

АЙЗАМ ЯРУУ ДУУНЫ ХОРВООД АХИН ДАХИН ТӨРМӨӨР БАЙХ ЮМ АА

Ц.Чинзоригийн уран бүтээлүүд, ая эгшиг бүхэнд нэг тийм далдын их уянга, хөг, хүч бий. Түүний оюун санаанаас бүтээл болж ундарсан бүхэнд үгээр оноохын эцэсгүй амь бий. Өөрөөр хэлбэл, тэр бол аялгууг үгтэй нь сүлж амилуулах увидастай уран бүтээлч байжээ. Ц.Чинзориг агсны дууны уран бүтээлийг ойлгох гэж хэчнээн сонсовч юуг ч барьж авч, ойлгохгүй юм шиг надад санагддаг. Учир нь, түүний аялгуу, эгшиг бүтэн юм. Бүрэн бүтэн бүхнийг эвлүүлдэг тоглоом шиг салгаж болдоггүй ажээ. Мөн нэгэн цул юм шиг санагддаг. Тиймээс л би аялгууг нь ч, үгийг нь ч хоёр тусдаа болгож, хаа нэгтээгээс нь хэсэгчилж ойлгож болохгүй байгаа болов уу. Учир нь, шижир алт гэдэг цэнгээрээ ч, лангаараа ч алт билээ. Тэгэхээр алт мэт түүний авьяасаас гарсан бүхэн цэн, лангаараа нэг л юм. Яг үүнийг илтгэх шиг уран бүтээл бол түүний “Хүлээсэн сэтгэл” дуу. “Эцсийн тушаал” жүжгийн дуу гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. 

Хүлгийн сайныг унасан юм сан
Хүний дээд нь явсан юм сан
Хүүгээ үнсэж амжаагүй юм сан
Хүслээ гүйцээж чадаагүй юм сан
Наран зүгээс чамайгаа ирнэ ээ гээд
Насаа марттал хүлээж суулаа

Амьдралд мөнхөрсөн амраг минь ээ хө...хэмээн үргэлжлэх гуниг, харуусал, итгэл, хайрын зөнтэй энэхүү дууны аялгуу чихээр дамжин зүрхэнд очихдоо сэтгэл булиглуулдаг. Нүдээ анимаар, зүрхээ дармаар, уйлмаар, дуулмаар болдог оо. 

Түүний уран бүтээл, хөг эгшигт нэг л согтон дурлавал түүний энд зэрэгцэх бүтээлийг эрж, хайсаар л байдаг нь Ц.Чинзориг гэх агуу амьтны увидаст илбэдүүлснийх хэмээн хэлбэл нэг их зөрөхгүй ээ. Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Ц.Чинзоригийг энэ цаг үед үнэлж ярих, дурсаж магтах, дуулан алдаршуулагсад бий ч он цаг алсрах тусам  түүний гэсэн бүхэнд автагсад олширсоор л байна гэдэгт гүнээ итгэдэг. Учир нь түүний эгшиглүүлснээр 

...Идэр омголон насны өнгөнд 
Эрдэж бардаж яваагүй л бил үү
Эндүү андуугийн халуухан харгуйг
Эргээд санахад харамгүй л бил үү
Уянга яруухан дууны хорвоод 
Удаан амьдармаар санагдаад байх юм аа...гэсэнчлэн Чинжигийн аялгууг нүдээ анин мэдрэх, хүртэхийн төдийд уянга яруу дууны хорвоод удаан амьдармаар, айзам яруухан дууны хорвоод ахин дахин төрмөөр болдог оо. Тэр бол Монголын дууны урлагт хөгжмийн хэлээр хайр, гуниг, харуусал, удаан амьдрахын сайхныг, уянга яруу оршихыг гайхамшгийг тунхаглах л гэж ирсэн увидастан. 

Дөч гаруйхан насандаа хүн төрөлхтний дундаас явчихсан түүнийг Монголын их урлаг дахь хөгжим судлаачид суутан хэмээн хүлээн зөвшөөрдөг юм аа. Түүний “Илдэн уулсын цуурай” оратори нь ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан фондод хадгалагдаж буй. Энэ бүтээл нь хэрхэн дэлхийн сонгодог хөгжмийн сан хөмрөгт хүндэтгэлтэйгээр залагдсан тухай бахархмаар атлаа хөгжилтэй, нэг бодлын гунигтай ч гэмээр түүх бий. Тодруулбал, Сайгонд болсон Азийн хөгжмийн их наадамд Монголоос хөгжмийн зохиолч Ц.Чинзориг уригджээ. Энэ тухайгаа тэрээр яруу найрагч З.Түмэнжаргалд ийн хуучилсан байдаг.

“Би онгоцноос бас л жаахан биеэ муутгачихсан амьтан буулаа. Азийн бараг бүх орноос хөгжмийн зохиолчид очицгоожээ. Нэг л гангамсаг, гоёмсог амьтад. Хамгийн доожоогүй нь би байсан байх аа. Ядахдаа шартчихсан. Намайг чинь бараг хүн гэж тоож байгаа амьтан алга аа. За, хөгжмүүдээ сонсоцгоогоод л байлаа. Олон урсгалын сайхан хөгжим. Хоёр гурван өдөр үргэлжиллээ. Хамгийн сүүлийн өдөр миний “Илдэн уулсын цуурай” кантантыг сонсоцгоосон доо. Тэгж байтал дүнг нь уншиж сонсголоо. Тэгтэл яасан гээч. Хөтлөгч “Монголын хөгжмийн зохиолч Чинзоригийн “Илдэн уулсын цуурай” кантант тэргүүн байрт шалгарлаа.

Энэ бүтээлийг ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан фондод бүртгэж авлаа” хэмээн зарладаг байгаа. Гайхмаар… Би эхлээд чихэндээ итгээгүй шүү. Хамгийн сонирхолтой нь нөгөө намайг хүн ч гэж тоож харахгүй шахам байсан улс шал өөр болцгоогоод л “Ноён Чинзориг оо, ноён Чинзориг оо” гээд бөхөлзөцгөөгөөд шал өөр болоод л… За, тэгсэн чинь Сайгоны нэг том хөгжмийн зохиолч намайг гэртээ урив аа. Намайг авч яваад нэг гудамж руу орсноо “Ноён Чинзориг оо, энэ миний эзэмшил гудамж. Тэр миний тийм дэлгүүр, студи…” гэж тайлбарлаад л.

Нэг дэлгүүртээ оруулснаа “Та  юу авмаар байна вэ. Хүссэнээ л ав. Би одоо танд хүссэнийг чинь бэлэглэмээр байна” гэж хэллээ. Би жаахан ичиж, нэрэлхэж байснаа хүн шахаад байхаар нь “Би юу авах вэ дээ. Тэр нэг гоё шошготой архинаас л амсч үзмээр байна” гэчихлээ. Харин ч сайн дайлуулсан шүү” хэмээгээд жоготой нь аргагүй хөхөрч байжээ. Энэ бол түүний хамгийн дотны нөхөртөө ярьсан яриа. Тэрээр агуу Б.Шарав, Х.Билэгжаргалтай үй зайгүй андууд. 

Ай сайхан хүмүүн үнэхээр төрдөг ажээ. Тэр тусмаа Монголыг онож төрсөн. Үеийн үед бидний зүрх сэтгэлд аялгуу эгшгийн хэлээр удаан амьдрах Чинжиг ахин дахин төрсөөр байх болтугай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид