Улаанбаатар 1c

Нийтийн тээврээр зорчигчид бэлэн мөнгө төлснөөр жолооч торгуулж байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээнд тогтмол хяналт тавьдаг. Ингэхдээ  жолооч болон зорчигчдын зөрчлийг шалгана. Энэ дагуу хяналтын байцаагчид өнгөрсөн лхагва  гарагт Зорчигч тээврийн хоёрдугаар баазын Нисэх, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр чиглэлийн автобусыг “Вива сити” хотхоны автобусны буудлын орчимд зогсоож шалгалаа. Энэ үеэр дөрвөн байцаагч автобусны картыг гар утсанд суурилуулсан системд уншуулж, картаа дараагүй болон мөнгө төлсөн зөрчил илрүүлж,  жолоочийн бичиг баримтыг хураан, торгууль ногдуулсан юм.

Ингэснээр тухайн жолооч  тэр өдрөө үйлчилгээнд явах боломжгүй болдог аж. Энэ талаар жолоочоос тодруулбал “Шалгалт өдөр бүр явж, жолооч нар тэр бүрт торгуулдаг. Ажлаа хийхийн тулд Улаанбаатар хотын банкны дансанд 26 мянган төгрөгийн торгууль тушааж, бичиг баримтаа буцааж авна. Би сая бичиг баримтаа хураалгаагүй. Гэтэл баазын даргад хэлсэн байна. Ингэж л ажил хийлгэхгүй дарамталдаг. Өмнө нь торгуулийн хэмжээ 25 мянган төгрөг байсан. Долоо хоногт таван удаа шалгалт хийдэг.  

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас жолооч нарт хатуу хандаж, байнга торгож байна. Улаанбаатар смарт карт гараад 3-4 жил боллоо. Энэ хугацаанд карт цэнэглэх цэгээ олон болгож, нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчид картаа цэнэглэж байгаа эсэхийг хянасан бол жолооч бэлэн мөнгөтэй харьцахгүй” гэж байлаа. Ийнхүү тухайн тээврийн хэрэгсэл төлөвлөгөөнөөсөө найман минут, очих ёстой газраасаа гурван буудал хоцорсон юм.

З.Цэвээндорж: Зорчигчийн төлсөн бэлэн мөнгийг жолооч авсан учраас торгодог

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтэсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг өдөр бүр тогтмол хийдэг. Улаанбаатар хотыг баруун, зүүн, хойд, урд бүсэд хувааж, хөдөлгөөнт хэлбэрээр ажиллаж байна. Манай байгууллага хяналтын  20 байцаагчтай. Зорчигч хөлс төлөхтэй холбоотой шалгалтад дөрвөн хяналтын байцаагч ажилладаг. Тэдний хяналтын хуваарь долоо хоногоор солигдоно” гэв. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Хувийн болон улсын нийтийн тээврийн жолооч нарын зөрчил ялгаатай юу. Хяналтаар  зөрчил хэр их илэрдэг вэ?
-Бэлэн мөнгө авах зөрчлийг хувийн байгууллагын жолооч түлхүү гаргадаг бол зан харилцааны доголдлын зөрчлийг улсын байгууллагын жолооч илүү гаргадаг. 2020 он гарснаас хойш төлбөр төлөөгүй 300 орчим иргэнд Зөрчлийн тухай хуулийн 16.4.1 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Коронавирустэй холбоотой нийтийн тээврийн  дотоод цэвэрлэгээнд түлхүү анхаарал хандуулж байна. Цэвэрлэгээ хангалтгүй хийсэн 16 аж ахуй нэгжид хоёр сая гаруй төгрөгтэй тэнцэх торгууль тавьсан. 

-Автобусанд картаар зорчдог болсноос хойш бэлэн мөнгө төлөхийг хориглосон. Гэвч бэлэн мөнгөөр зорчих иргэн олон. Тэгэхээр зорчигчдын төлсөн бэлэн мөнгө хаашаа ордог вэ?
-Зорчигчийн төлсөн бэлэн мөнгийг жолооч авдаг  учраас торгох арга хэмжээ авдаг.  Уг нь жолооч бэлэн мөнгө авахгүйгээр тухайн хүнийг тээвэрлэхээс татгалзаж, картаа цэнэглэхийг шаардах ёстой. Гэтэл жолооч шаардлага тавихгүй, бэлэн мөнгийг нь авчихаад байгаа. Долоо хоногт 100 орчим жолоочид хуулийн дагуу торгууль тавьдаг. 

-Зорчигчид хяналтын үеэр жолооч болон өөрийгөө олон шалтгаанаар өмөөрдөг. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Манай байгууллага хуулийн дагуу ажиллаж байгаа. Ингэхдээ зам дагуу болон аж ахуйн нэгж дээр нь очиж шалгадаг. Зам дагуу шалгах үед иргэд зөрчил гаргасан жолоочийг хамгаалж, хяналтын байцаагч руу дайрч, доромжлох, шалгалтын үйл ажиллагааг саатуулах зэргээр хүндрэл учруулдаг. Тухайн жолооч зөрчил гаргаагүй бол  саатуулахгүй. Тиймээс иргэд үүнийг ойлгох хэрэгтэй. 

-Нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгө төлж зорчих шалтгаан нь “Карт цэнэглэх цэг цөөхөн, зөвхөн бэлэн мөнгөөр цэнэглэдэг, өглөө эрт онгойдоггүй” гэж зорчигчид хариулдаг?
-Автобусны карт борлуулах, цэнэглэх цэгийн үйл ажиллагаа болон иргэдээс ирдэг эдгээр гомдлыг “Улаанбаатар смарт карт” компани шийдэх ёстой. Тус компани банкны картаараа автобусны картаа цэнэглэх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас иргэд санаачлагатай байж, ойрхон АТМ рүү очих боломж бий. 

Карт борлуулах, цэнэглэх 802 цэг байна

Автобусны карт цэнэглэх цэг, ажиллах хуваарийн талаар “Улаанбаатар смарт карт” компанийн мэргэжилтнээс тодруулахад “Долдугаар сарын 1-ний байдлаар карт борлуулах, цэнэглэх 802 цэг  ажиллаж байна. Тэдгээрийн ажиллах цагийн хуваарь харилцан адилгүй. CU, Circle K сүлжээ 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг бол ихэнх ТҮЦ 06:00 цагт онгойно. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цагийн хуваарь өөрчлөгдөж байгаа. Тэрнээс биш, бид цэгүүдийг өглөө 07:00 цагт онгойж, 22:00 цагт хаах шаардлага тавьдаг” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид