Улаанбаатар 1c

Хүн “урлагч”

Эх хүн биеэ хувааж, үрээ төрүүлдэг бол багш ухаанаа хувааж, шавиа төрүүлдэг гэдэг. Хүмүүний үхэх, сэхэхийг эмч хормын дотор шийддэг бол харин багш нэг насных нь амьдралын зүг чигийг заадаг алтан гадас  Тэр тусмаа бага ангийн багш бол хүнийг “урлаж”, хүмүүжүүлж, хүн байх ухаанд сургадаг “дархан”.  Ийм нэгэн хүн “урлагч” багшийг энэ удаагийн “Эгэл амьдрал” булангийнхаа зочноор урилаа. 

Ангийнхаа сурагч бүрийн гэрээр явж, ахуй амьдралыг нь судлахын зэрэгцээ яагаад хичээлдээ тааруу болоод байгаа шалтгааныг  олж тогтоон, мөн хичээлдээ ирэхгүй байгаа хүүхдийг “байцааж”, буруутанг олдог, бүр үнэгүй давтлага өгдөг эрэлч, сэтгэлтэй багш өнгөрсөн нийгэмд олон байсан тухай бишгүй сонссон. 

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд сурвалжилга хийх үеэр ангийнхаа сурагч бүрийн гэрээр орж, даалгаврыг нь шалгадаг багштай таарсан юм. Ийм ч учраас энэ багшийн ангид хүүхдүүдээ оруулах хүсэлтэй эцэг, эх олон байдаг гэнэ. Харин бид нийтлэлдээ тохирсон зураг авах хүсэлдээ хөтлөгдсөн нь энэхүү ярилцлагыг багагүй саатаах шалтгаан болсон билээ. Түүнийг Ц.Наранцацрал гэдэг бөгөөд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Хатгал” ерөнхий боловсролын сургуулийн 2а ангийн багш. 

Хатгал тосгоны унаган хүүхэд тэрбээр 12 жил ардын хүүхдүүдэд эрдмийн үр тарьж,  гурван удаа анги дааж буй. Анхны ангийнхан нь энэ жил XII анги төгсөж байгаа бол удаах нь VII анги, харин хамгийн отгон анги нь 2а ангийнхан. Тэрбээр удам дамжсан багш гэсэн. Ээж нь боловсролын салбарт 40 гаруй жил ажилласан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой бага ангийн багш. Мөн хоёр эгч нь ч багш  мэргэжилтэй бөгөөд нэг нь түүний ажилладаг “Хатгал” сургуульд математикийн багшаар ажилладаг гэнэ. 

Ц.Наранцацрал Архангайн Багшийн их сургуулийн математик, мэдээлэл зүйн багшийн ангийг 2008 онд төгсжээ. Төгссөн жил нь анхны зургаан настнуудыг элсүүлэхээр болсон тул улсын хэмжээнд бага ангийн багшийн эрэлт үүсэж, үргэлжлүүлээд сургуульдаа бага ангийн багшаар хөрвөж сурсан нь түүний бага ангийн багш болох, ээжийнхээ мэргэжлийг өвлөх шалтгаан болсон гэдэг. Ийн сургуулиа төгсөж ирээд л анхны зургаан настнуудыг өлгийдөн авчээ. Энэ жил XII анги төгсөж буй анхны ангийнх нь сурагчдын олонх нь хэдийн аймаг, хотын төв бараадан, багшийн гараас гарсан ч одоо ч тэдэндээ санаа зовон, басхүү чадах, мэдэх зүйлээрээ туслан, холбоотой байгаа гэсэн.

Анхны шавь нарын нэг нь нийслэлийн олон олимпиадад амжилт үзүүлж, шилжиж очсон нийслэлийн V сургуулийнхаа шилдэг сурагч хүртэл болж байжээ. Ингээд зогсохгүй тэр шавь нь үеийнхнээсээ түрүүлж сургуулиа төгсөж, одоо АНУ-д сурч байгаа аж. Харин одоогийн 2а анги нь тэргүүний олон сурагчтай бөгөөд өнгөрсөн жил л гэхэд аймгийн хэмжээнд хэрэгжүүлдэг “Сайн сурагч” аяны хүрээнд унших чадвараараа аймгийнхаа “Үлгэр жишээч хамт олон”-оор шалгарчээ. Аймгийн аэробикийн ганцаарчилсан болон багийн медальтай, сум, орон нутгийн олимпиадид байнга амжилт үзүүлдэг гэнэ. Коронавирус гарсантай холбоотойгоор сургууль, соёлын байгууллагууд үйл ажиллагаа зогсоож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг телевизээр заах болсонтой холбоотойгоор ганц Ц.Наранцацрал багш гэлтгүй “Хатгал” сургуулийн багш нар сурагчдынхаа хичээл, даалгаврыг гэрээр нь очиж шалгах болжээ. Ц.Наранцацрал багш долоо хоногт 3-4 шавийнхаа гэрээр очиж, даалгаврыг нь шалгахаас гадна гэр нь  хөдөө байдаг хүүхдүүдийг зорьж очсон удаа цөөнгүй. 

Ц.Наранцацрал:Хүүхэд гэдэг хир буртаггүй, цагаахан цаас 

“Багш хүний хамгийн том бахархал шавь нь. Манай хүүхдүүд жигд сурлагатай байдаг нь миний ажлын хамгийн том үзүүлэлт” хэмээн Ц.Наранцацрал багш даруухан өгүүлнэ. Харин “Хэр хатуу багш вэ” гэх асуултад маань жаахан бодлогошронгуй “Чанга” гэснээ “Би өөрөө сайн мэдэхгүй байна. Хүмүүс хатуу л гэдэг” хэмээн инээд алдсан түүнтэй ярилцсанаа хүргэе. Бидний ярианы гол сэдэв теле хичээл байсан юм. 

-Коронавирустэй холбоотойгоор сургуулиуд хөл хорио тогтоож, анх удаа ийм удаан хугацаагаар теле хичээл заалаа. Ямар санагдав?
-Теле хичээлийг сурагчид үзээд, хичээлийнхээ агуулгыг нөхөж байгаа боловч хөдөөгүүр хичээлээ хийж байгаагаасаа хийхгүй нь элбэг байлаа. Малчны хүүхдүүд телевизгүй, интернэтгүй болохоор төвийн хүүхдүүдээс орчин, нөхцөл нь өөр. Мал төллөлтийн үеэр эцэг, эхчүүдийн хүүхдэдээ туслах боломж хомс учраас хөдөөний хүүхдүүдийн хичээл хаягдах маягтай байсан. 

-Танай анги хэдэн сурагчтай вэ. Төвөөс алслагдмал, малчны хотонд байгаа хүүхдүүдтэйгээ теле хичээлийн үеэр хэрхэн ажилласан бэ?  
-Манай анги 31 сурагчтай. Үүнээс 4-5 нь хөдөө амьдардаг. Аймгийн төвөөс зөвлөмж өгдөг. Мөн бид хичээлийнхээ агуулгын хүрээнд зөвлөмж гаргасан. Үүнийхээ дагуу дасгал, даалгавар гаргаж, сургууль, орон нутгийн удирдлагуудтай хамтран хүүхдүүдэд даалгавар хүргэж өгөх, хянах чиглэлээр гурван чиглэлд арга хэмжээ явуулсан. Түүнчлэн хүүхдүүдтэйгээ утсаар холбогдож, даалгавраа хийж байгаа эсэхийг лавлана. Энэ үеэр хүүхдүүд “Даалгавраа хийж байгаа” гэж байсан ч очоод үзэхээр нөхцөл байдал өөр байлаа. 

-Теле хичээлийн алдаа мадаг юу байна вэ. Юун дээр анхаарах хэрэгтэй санагдав?
-Бага ангийн хүүхдэд эцэг, эхийн дэмжлэг маш их хэрэгтэй болж байна. Ахлах, дунд ангийнхан хичээлээ үзээд ойлгоод байгаа ч орчин нөхцөлөөс шалтгаалаад эцэг, эхийн дэмжлэг сул байсан. 

-Теле хичээлийн агуулга, хөтөлбөр, багш нарын заах арга барилын хувьд ямар байсан?
-Багш нарын заах арга барил маш сайн байсан ч хичээлийг хэт хурдтай зааж байлаа. Бас зарим теле хичээлийн агуулга манай үзчихсэн хичээлүүд байсан. Жишээ нь, монгол хэлний гуравдугаар сард заасан хичээлийг манай хүүхдүүд аль арванхоёрдугаар сард үзчихсэн. Мөн дундаас нь агуулгын завсардлага гарах магадлал өндөр байна лээ. 

-Теле хичээл заагаад, багш нар амраад байгаа юм шиг харагдаад байсан. Харин танд ачаалал хэр байв?
-Харин ч ажиллаж байсан үеэсээ их ачаалалтай байлаа. Учир нь, хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхээс гадна хийсэн даалгаврыг нь шалгах гэх мэтээр ажил мундахгүй юм. 

-Ажиллах хугацаандаа “Би багш болж чадахгүй юм байна” гээд шантарч байсан үе бий юү?
-Би арав гаруй жил багшилсан, хоёр ч анги дааж аваад төгсгөчихсөн, туршлагатай багш. Харин өнгөрсөн жил Цагаантолгойгоо үзээд, шалгалт өгөх дөхөөд эцэг эхчүүд, хүүхдүүдтэйгээ зүтгэсэн. Тэр үед л чанга байсан. Манай аймагт I ангийн хүүхдүүдийн минутын дундаж уншилт 55-аас дээш байх ёстой гэсэн шаардлага байдаг. Төв газрын хүүхдүүдээс манай хүүхдүүд онцлогтой. Огт цэцэрлэгт хамрагдаагүй, хөдөөний хүүхэд л гэхэд манай ангид тав байх жишээтэй. Тэгэхээр хүүхэд бүрийн аливаа зүйлийг харах, цээжлэх нь ялгаатай.

Шалгалтын үеэр манай менежер өөр сургуулиас, өөр сургуулийн менежер манайд ирж шалгалт авна. Энэ шалгалтыг өгөх гэж эцэг, эхчүүд, хүүхдүүдтэйгээ чардайсан. Шалгалтыг манай зэргэлдээ сумын сургуулийн менежер авсан юм. Тэр менежер “Багш сурагчгүй “сэгсийсэн” байна. Нусаа сугартал уншжээ” гэсэн. Манай ангийнхны минутын дундаж уншилт 40 байсан. Минутанд 100 уншдаг хүүхэд байхад зарим нь 10 үг уншина. Гэхдээ дунджийг бүх хүүхдийн дундаж биш, хамгийн муу уншсан зургаан хүүхдийн дунджаар гаргасан. Аймгийн хэмжээнд манай анги II байрт орсон. 

-Багш байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Хүүхдүүдтэйгээ бужигнаад сууж байх, хичээлээ зааж байх мөчүүд сайхан. Хүүхэд гэдэг чинь хир буртаггүй, цагаахан цаас. Тэднийгээ хараад баясах л сайхан. 

-Сайд солигдоход дагаад боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж харагддаг. Гал тогоонд нь ажилладаг хүнээс хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг асуухгүй өнгөрч болохгүй болов уу?
-“Зөв Монгол хүүхэд”, “Цөм” хөтөлбөр гээд олон хөтөлбөр хэрэгжиж байна. Би багш болсон энэ 12 жилийн хугацаанд цөөнгүй хөтөлбөрийн шинэчлэл үзлээ. Хөтөлбөрүүд яагаад хөрсөнд буухгүй байна вэ гэхээр хүүхдүүдийн ялгаатай байдал асар их байна. Хотын I ангийн хүүхэд адаглаад гэрлэн дохио мэдэж байхад хөдөөний хүүхдүүд гэрлэн дохионы талаар огт мэдэхгүй байх жишээтэй. Мөн хөтөлбөрүүдийг лаборатори сургуулиудад туршдаг. Манай аймгийн “Эрдмийн далай” лаборатори сургууль л гэхэд уншдаг, бичдэг хүүхдүүдийг I ангид авдаг.

Тэгэхээр нэгэн жигд хүүхдүүд нэг ангид орно. Тийм сургуульд туршсан  хөтөлбөр бидэн дээр ирэхээрээ үр дүнгүй болдог. Тэгэхээр шинэчилсэн хөтөлбөрүүдээ хөдөөний сургууль дээр туршиж үзээд, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тусгай хүүхдүүдтэй сургууль дээр туршсаныгаа энгийн сургууль дээр хэрэгжүүлж, багш нараас үр дүн нэхэх шаардлагагүй. Өнгөрсөн намар мөн л хөтөлбөр шинэчиллээ л гэсэн. Нэг их шинэчилсэн зүйл байгаагүй. Зарим агуулгыг шилжүүллээ, хаслаа гээд байгаа ч төдий л өөрчлөлт гараагүй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид