Улаанбаатар 1c

ОНЦЛОХ ХҮН: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, ХХ зууны манлай бөх Х.Баянмөнх

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга,  ХХ зууны манлай бөх Х.Баянмөнхийн хэвлэлд өгёөн ярилцлагуудаас түүвэрлэн онцлох ТАВАН АСУУЛТЫГ хүргэж байна. 

-1953 онд таны эцэг Шударга Довчин тэнгэрт хальжээ. Ингээд таван өнчин хүүхэд эх Хорлоогийн хамт үлдсэн байна. Танаас гадна нэгэн эцэг эхийн дөрвөн хүүхэд байдаг ч тэдний тухай олон нийт огт мэддэггүй юм байна?  

-Би номоо нэлээн сайн бодож байгаад “Хагас зуун жилийн ганцаардал…миний ялалт” гэж нэрлэсэн л дээ. Туулж өнгөрүүлсэн амьдралаа бүхэлд нь цэгнэж үзлээ. Би чинь одоо монгол тооллоороо 70 нас зооглох гэж байна шүү дээ. Энэ хүртэлх миний амьдрал яаж өнгөрөв. Бүх амьдралынхаа үүх түүхийг бодож, цэгнэж, ширгээж үзлээ. Номын маань нэрийг хараад хүмүүс энэ хүн зөвхөн бөхийн ертөнцөд ганцаардсан хүн юм байна гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш л дээ. Би бөхийн ертөнцөд биш амьдралд бас  ганцаардсан хүн. Манайх гэдэг айл гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй ийм айл байжээ. Би эхийнхээ 37 ны жил дээр гарсан. Энэ үед миний том эгч айл гэр болчихсон. Удаах эгч Улаанбаатар луу Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурахаар явчихсан байсан. Миний дээд талын ах маань багадаа бурхан болчихсон. Тэгээд нэг ахтайгаа хоёулаа л бага насандаа хамт өссөн.  Аав маань намайг 10- тай байхад өөд болж, ахтайгаа хоёулаа дээлтэйгээ хоцорсон. Ах маань тэр үед 15 настай. Миний ээж бол ганц биеийн зовлон амсч, үнэхээр хүнд хүчир  амьдрал туулсан хүн.  Ганц биеийн зовлон гэдэг бол эмэгтэй хүнд хатуу амьдрал. Ёстой гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан.

-Та урагтаа “Хүчтэн” гэж овог авсан юм билээ. Энэ нь утга билэг шингээж өөрөө өгсөн  уянгийн халилтай нэр үү. Бас өөр юм байна уу?

-Ер нь бол манайхан нутаг усандаа хоёр нэрээр л их алдаршсан улс. Нэг нь шударгынхан гэж ярьдаг. Нөгөө нь хүчтэнийхэн. Намайг жишээ нь, найм дахь үеийн бөх гэж ярьдаг. Би бол гурван үеийг нь мэддэг. Цааш нь мэддэггүй. Ийм болохоор  удмаа бодож, утга билэг шингээж авсан, олон түмэн өгсөн овог юм. Манай аав бол шударга Довчин гэж нутаг усандаа хүндлэгддэг хүн байсан. Ноёд дээдэс гэхгүй хэлэх юмаа хэнээс ч айхгүй хэлдэг, шулуун шударга хүн явсан. Нутаг орныхон нь хайрладаг, айж эмээдэг, үгийг нь сонсдог тийм хүн байсан. Багадаа аавынхаа тухай домог шиг юмнуудыг зөндөө л сонсч өслөө шүү дээ.

-Уг нь бид дотоод хэрүүл маргаанаас илүү бөхийн спортын хөгжилд анхаармаар байна. Япон гэхэд сүмо бөхөө яаж хөгжүүлж байгааг харж байна.  Ер нь бөхийн хөгжил маань уламжлалаа хадгалаад явах юм уу. Эсвэл олон улсын бөхчүүдэд хаалгаа нээж, цаашаа явах уу. Та юу гэж боддог вэ?

-Үндэсний спорт бол ард түмнийхээ сайн сайхны толь нь болж хөгжих ёстой юм. Японы сүмо гэхэд гаднаас бөх  оруулж байна. Сүмогийн ямар л ёс байна түүнийг ширхэг нэг бүрээр мөрдүүлдэг. Тухайн бөхийн нэрийг хүртэл өөрчилдөг. Манай бөх түрүүллээ гэхэд Монголын бөх гэж ярихгүй байгаа биз дээ. Японы туг намирч, сүлд дуу нь дуугарч байна. Тэгэхээр бид Үндэсний бөхдөө гадны тамирчин оруулж болж байна. 

Гэхдээ ёс журмаа нарийн чанад сахиулах ёстой. Дэвж шавж чадахгүй, гараа өргөөд гүйгээд байвал утгаа алдана биз дээ. Тэгэхээр ёсоо мөрдүүлж чадвал гадны бөх орж ирэхэд буруудах юмгүй л гэж хэлмээр байна. Ер нь дэлхийн чиг хандлагыг харахад Үндэсний спорт нь мэргэжлийн  чиглэл рүү орж байж л хөгжиж байна. Сонирхлын хүрээнд байгаа спортууд бол мөн чанар нь буурсаар л байна.   

Үндэсний бөхийн арван дархлаа гэж бий. Түүнийг л өөрчилж болохгүй болохоос биш үндэсний бөхөө огт шинэчилж болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ.  Тэгэхээр мэргэжлийн болох, шинэчлэгдэх гэдэг дээр бид ажиллах л цаг үе ирсэн байна.

-Та бөх байхын тухай сайхан зүйрлэлүүдийг хэлж байна. Одоогийн бөхчүүд сэтгэлд таарах нь бий байх. Таарахгүй нь ч байгаа. Тийм ээ?

-Монгол хүн бөхөөрөө яагаад бахархаж байна гэхээр түүхийн хугацаанд бүхий л сайн сайхнаа энэ соёл уламжлалд шингээчихсэн юм шүү дээ.  Түүнийг сахиж, хамгаалж явах нь бидний  үүрэг.  Ер нь алдар цолтой бөх байна гэдэг өндөр хариуцлага юм.  Биеэ  зөв авч явахаас эхлээд хүн байх, өөрийн орон зайдаа ямар байх вэ гэдгээ ч бодох ёстой. Энэ талаар би шавь нартаа байнга хэлдэг6

Миний шавь нар дунд “эвгүй” хүн бараг байхгүй дээ. Тэгээд ч хүн хүмүүжлээрээ л ажиллаж, амьдарч хорвоотой танилцдаг юм билээ. Хүний хүмүүжил нэгдүгээр асуудал.  Дараагийнх нь эрдэм мэдлэг. Хүнтэй сайхан мэндэлдэг, биеэ зөв авч явдаг хүн цаанаа л сайхан харагддаг. Тэр хүнийг олон залуу бөх харж байна. Яг энэ бөх шиг болох юмсан гэсэн сэдэл тэндээс төрдөг. Тэгж бид хөгжихийн зэрэгцээ, түүхэн уламжлал дархлаагаа хадгалж явна. Би шавь нараасаа ийм энгийн зүйл шаарддаг. 

Ахмад аваргууд бидний хувьд хойч үе, шавь нараа сайхан хүмүүжүүлэх өртэй юм шүү дээ.  Ингэж ойлгож байгаа.  Гэхдээ энэ дунд ёс зүйгээр тааруухан бөх ч бий.   Би үүнийг үгүйсгэхгүй.

-Залуудаа жилдээ 200 гаруй барилдаанд оролцдог байлаа гэж та номондоо бичсэн байна лээ. Одоо нэг жилд энэ хэмжээний барилддаг  залуу бөх байгаа болов уу?

-За даа, одоо ер нь үгүй байх шүү. Нэг хэсэг чинь Монголын үндэсний бөхийн холбоо чинь бөх барилдуулахаа байчихсан юм ш дээ. Ерөөсөө л аймаг, цэргийн цотой бөх гэж хэдэн бөх барилдуулчихаад л сууж байдаг. Би чинь тэрийг чинь шүүмжилж, муутан болж,  холбоо байгуулж бөх барилдуулж ингэж хөдөлгөж байж одоо харин бөхөө барилдуулдаг болсон.   

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид