Улаанбаатар 1c

Д.Трампын талцуулсан үг

Дэлхий:
NPost.mn
2020-07-06 17:52

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 4-ний буюу Америкийн Тусгаар тогтнолын өдрийн үгэндээ улс орноо Ковид-19-ийн эсрэг “ялалт байгуулж байна”, “халдварт өвчинтэй тэмцэх бидний стратеги зөв, оновчтой байна” хэмээгээд Америкт бүртгэгдээд буй коронавирусийн нийт тохиолдлын 99 хувь нь “аминаас холуур, аюулгүй” гэж мэдэгдлээ. Сүүлийн мэдээгээр 2.8 сая америк хүн коронавирусийн халдвар авч, 130 мянга орчим нь уг өвчнөөр амиа алдаад байгаа юм. Д.Трамп мөн цар тахал Хятадаас дэгдсэн учир тус улсыг хариуцлага хүлээх ёстой, Америкийн эрдэмтэд энэ оны сүүлч гэхэд коронавирусийн эсрэг ямар нэгэн эм бэлдмэл, хүчтэй вакцин гаргаж авсан байх болно гэжээ.

Тэрбээр халдварт өвчнөөр амиа алдагсдын талаар нэг ч үг унагаагүйн дээр 40 сая иргэнээ хэдийнээ шинжилгээнд хамруулсан, цар тахлын оргил дэгдэлтийн үе дууссан хэмээсэн нь цар тахлын мэдээ мэдээллийг нуун дарагдуулах, булзааруулах өнгө аястай гэгдэн ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Ажиглагчид Цагаан ордны тэргүүний жил бүрийн долдугаар сарын 4-ний албан илтгэлийг тухайн засаглалын бодлого, хандлагыг харуулах томоохон хэмжүүр гэж үздэг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн үгийг ихэд нэг талыг барьсан, худал мэдээллээр дүүрэн, ард иргэдээ талцуулсан гэж дүгнэж байна. Хар арьстнуудын эрхийн төлөө америкчууд хэдэн арван хотод мянга мянгаараа жагсаал цуглаан зохион байгуулж, Америкийн өнгөт болон цагаан арьстнууд, үндэстний цөөнхүүдийн дунд нөхцөл байдал хурцадмал, нийтийн уур амьсгал түгшүүртэй, талцсан байгаа үед Д.Трамп ийнхүү ард түмэндээ хандан үг хэлсэн нь энэ удаагийн Тусгаар тогтнолын баярын нэг онцлог юм. Тэрбээр эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр түүхэн хөшөө, баримлуудыг нурааж, сүйтгэсэн жагсагчдыг “зөвхөн эвдрэл сүйрэл хүссэн”, “тэд Америкийн уламжлалт ахуй соёл, түүхэн уламжлалыг үгүй хийж чадахгүй” хэмээсэн нь арьсны үзлийг дэвэргэсэн явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. 

Ерөнхийлөгч Д.Трамп баасан гарагт Өмнөд Дакота мужийн нутаг дахь Рашмор уулын хормойд хэлсэн үгэндээ мөн дээрхтэй төстэй үг хэлсэн юм. Тэрбээр “Хэт зүүний үзэлтнүүд, марксист, анархистууд, өдөөн хатгагч, тонон дээрэмдэгчдийг ямар ч хамаагүй үнээр ялан дийлнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Харин бямба гарагт эхнэр Меланиягийнхаа хамт Цагаан ордны өмнө цугласан олонтой мэндчилэн, Зэвсэгт хүчин, эмч сувилагчдын төлөөлөлтэй уулзсаныхаа дараа арьсны үзлийн эсрэг тэмцсэн иргэд болон цар тахалтай холбоотой дээрх мэдэгдлийг хийжээ. 

Түүнийг үг хэлэхтэй зэрэгцэн Вашингтон хотоос 60-аад км-ийн зайд оршдог Балтимор хотод эсэргүүцлийн цуглаан болж, тус хот дахь Кристофер Колумбын хөшөөг унагасан байна. Д.Трамп К.Колумбыг Америкийг үүсгэн байгуулсан эцэг, баатруудын нэг гэж өмнө нь олонтаа тэмдэглэж байсан юм. Рашмор уулан дахь ёслолын үеэр мөн нутгийн уугуул индианчууд, хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгчид нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан ч цагдаа нар жагсагчдыг хүчээр тараажээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид