Улаанбаатар 1c

Б.Даваажаргал: Бусдын төлөө, сайн сайхны төлөө зурсаар байх болно

Ах, дүү зураач ХӨСҮТ-ийн замын эсрэг талын байрны хананд Д.Нямхүү эмчийн зургийг зурж, коронавирусийн халдвартай чадварлагаар тэмцэж, эрдэм чадлаа дэлхийн түвшинд цуурайтуулж  буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархсан сэтгэлээ илэрхийлсэн билээ.  Энэхүү зургийг зурсан чөлөөт уран бүтээлч  Б.Даваажаргалыг “Шинэ танил”-даа урилаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Бямбадоржийн Даваажаргал гэдэг. 1990 онд Эрдэнэт хотод төрж, өссөн. Гурван дүүтэй, айлын ууган хүү. Д.Нямхүү эмчийн зургийг дунд дүүтэйгээ хамтран зурсан. Дүүг маань Б.Бямбажаргал гэдэг. 

-Нэг айлын хоёр хүүхэд хоёулаа зурдаг гэхээр удам дамжсан авьяас бололтой?
-Аав маань гарын дүйтэй. Мөн нагац өвөө маань сайхан зурдаг хүн байсан. Харин бид хоёр багаасаа л зурагт дурлаж, сонирхлоо мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн. Би 2008 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд АШУҮИС-ийн Био анагаахын ангид элсэн суралцсан. Таван жил сурч, төгссөн ч урлаг, уран зурагт хайртай сэтгэлдээ хөтлөгдөн 2013 онд Соёл урлагийн их сургуульд орсон. Улмаар Дүрслэх урлагийн сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн. 

-Яагаад ханын уран зургаар дагнан ажиллах болсон бэ?
-Уран зураг хэрэглээний түвшинд хөгжиж байгаа нь энэ гэж хардаг. Энэхүү урлагийг бүх салбарт ашиглах боломжтой. Өрөө тасалгаа, албан байгууллагын дотоод, гадаад засал, чимэглэл, байшин барилгын хана гэх мэт  хаана ч зурж, хэрэглэж болно. Ерөөс орчин үед уран зураг сувинeр биш хэрэглээ болжээ. Би ханын зураг зураад найман жил болж байна. Оюутан байхаасаа “Ханын зураг/Haniin zurag” нэртэй фэйсбүүк хуудас ажиллуулан захиалга авч, “Сансар сүлжээ” дэлгүүр, “Алтан жолоо” группийн захиалгыг гүйцэтгэн, тодорхой хэмжээний харилцагчидтай болсон. Миний зурсан зураг дүүрэг бүрт цаашлаад төвийн бүсийн аймгуудад нэлээд бий. Мөн өнгөрсөн жилээс “Гүн бэхи” нэрийн жаазтай бүтээлүүд хийж эхэлсэн.

-Ханан дээр зурах хэцүү юү. Талбайн хэмжээг бодсон ч бийр бариад цаасан дээр зурахаас төвөгтэй байдаг болов уу?
-Мэдээж жаазтай уран зураг шиг палитр дээр өнгүүдээ шахаад, хумсын чинээ будгууд хольж зурахаас өөр. Том талбайтай учраас хэмжээ алдах, өнгөө хэд хэдэн литрээр найруулна гэх мэтчилэн хүндрэлтэй зүйлс бий. Би ихэвчилэн 100 ам метрээс дээш хэмжээтэй хана дээр зурдаг. Хамгийн сүүлд зурсан Д.Нямхүү эмчийн зураг гэхэд  230 ам метр хэмжээтэй.

-Д.Нямхүү эмчийн зургийг зурах санаа яаж төрсөн бэ. Өөрөө анагаахын салбарт номын дуу сонсож явсан нь нөлөөлсөн үү?
-Мэдээж тэр их нөлөөлсөн. Нөгөө талаас хамгийн том сэдэл нь иргэд, аж ахуйн нэгжүүд Улсын онцгой комисст хандив өргөж байгааг хараад  би яаж тусалж  вэ гэж бодсон. Миний чадах зүйл бол зураг зурах. Тэгээд эмч, мэргэжилтнүүдээ алдаршуулан Монголд байхгүй том хэмжээтэй ханын зураг зурахаар шийдэж, цаг агаарын таатай нөхцөлийг хүлээж байлаа. Энэхүү бүтээл бол өнөөг хүртэл коронавирусийн халдварыг дотооддоо алдалгүй бахархам гавьяа байгуулж яваа хэрнээ эгэл даруухнаар хөдөлмөрлөж буй мянга мянган эмч нартаа барьж буй дүү бид хоёрын сэтгэлийн бэлэг, талархал юм. Цаашид онцгой байдлын баатарлаг залуус, энхийг сахиулагч, цагдаа нараа зурна.

-Энэхүү бүтээлд долоон сая орчим төгрөг зарцуулсан гэж сонссон. Чөлөөт уран бүтээлчийн хувьд багагүй мөнгө. Санхүүжилтээ хэрхэн босгосон бэ?
-Энэ зурагт зарцуулсан мөнгө бол өмнөх гурван удаагийн захиалгын төлбөр. Хэн нэгнээс тусламж хүсье гэж бодоогүй. Нэгэнт л бусдыг баярлуулахаар шийдсэн бол сэтгэл дутааж болохгүй. Мөнгө бол олдоно. Эрүүл мэнд гэдэг зүйрлэшгүй үнэтэй шүү дээ. Одоогоор Монголд ханын зургийн захиалга тийм ч их биш. Гэхдээ ирсэн захиалгуудаа чанартай гүйцэтгэвэл, бусдын нүдэнд ил бүтээгддэг учраас дараагийн ажил бэлэн байх боломжтой. Зурагт үнэхээр дуртай учраас заримдаа ашиг харалгүйгээр матeриалын зардлаа зохицуулаад л зурах тохиолдол  ч бий.

-Д.Нямхүү эмчтэй уулзсан байсан. Зургийнх нь эзэн зориод ирнэ гэж бодож байв уу?
-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч, Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар биечлэн ирж баяр хүргэн, хамт зургаа авхуулсан. Тэр л бидэнд хангалттай. Тэднийгээ баярлуулах гэсэн болохоос өөрсдөө талархал сонсох гэж хийсэн ажил биш. Мөн иргэдээс “Бид бүгдээрээ тэдэнтэй гар барин баярлалаа гэж хэлмээр байгаа. Тэрхүү сэтгэлийг та хоёр зургаараа дамжуулж өглөө” гэх талархал их ирсэн.  Энэ бүхнээс маш их урам авч байна.

-Залуу зураачийн мөрөөдлөөр аялъя гэвэл дуусашгүй биз. Бидэнтэй мөрөөдлөөсөө хуваалцвал?
-Би хөдөө газар урлантай болохоор бэлтгэж байгаа. Өндөр гэгээн Занабазар бол миний сэтгэлдээ тээж явдаг шүтээн.Түүн шиг тус, эрдмийг бүтээлээрээ үйлдэхийг хүсдэг. Гэгээнтнүүдийн бүтээлээ туурвиж асан энeргийн хийдэд очиж, элсэн толгод дунд зураг зурж суух юм сан. Мэдээж бясалгана. Ер нь зураач хүн бясалгалч байдаг юм шиг. Монголоороо аялж, бүтээл туурвиж, бусдын төлөө, сайн сайхны төлөө зурсаар байх болно оо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид