Улаанбаатар 1c

Би 42 жил ниссэн. Ниссэн цагаа нэмэхэд зургаан жил гаруй тэнгэрт амьдарсан гэсэн тоо гардаг

Агаарт ажиллаад Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хоёрхон хүн Монгол Улсад байдгийн нэг нь Р.Батнасан гуай. Тэр тусмаа Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолыг энгэртээ ихэрлүүлсэн ганцхан нисгэгч манай улсын нисэх салбарт төрөөд буй нь сонины маань хойморт тухалсан энэ эрхэм. Түүнийг иргэний нисэхийнхэн “Анхдагчийн анхдагч, бүгдийн багш” хэмээн хүндэтгэдэг. Орос ах нар “Монголчууд дуунаас хурдан онгоц жолоодож чадахгүй” хэмээн басамжилж байхад Ту-154-оор ниссэн анхны монгол нисгэгч бол Р.Батнасан. Бас тэрбээр дэлхий дээр Оросоос өөр орон үгүй мэт амьдарсан хаалттай системээс гарахад олон улсад зорчих агаарын замыг шинээр гаргаж түүчээлсэн. Олон зүйлд анхдагч болсон, олон Гавьяат нисгэгч, онгоцны дарга төрүүлсэн Р.Батнасан гуай “Анхдагчийн анхдагч, бүгдийн багш” хэмээн авгайлуулах бүрэн эрхтэй капитан билээ.

Өндрийн хүн

“Би Цамбагаравын энгэрт төрж, өссөн өөлд хүн. Манайх мянга гаруй малаа нийгэмчлээд, нэгдлийн мянга гаруй мал малласан. Тэр олон малыг хариулж маллахад хүүхдийн тус нэмэр их. Хүүхдүүд л гар хөлийн үзүүрт гүйнэ шүү дээ. Цамбагарав хайрхан Монголын таван оргилын нэг. Манайх тэр уулын царамд, 3600-4000 метрийн өндөрт зусланд гарна. Ууланд агаар сийрэг, сэрүүхэн учраас зуны дунд сард мал муулахад мах муудахгүй шүү дээ. Сайхан цэлмэг өдөр гэнэтхэн үүл хурж харанхуйлаад, мөндөр нүдэж, цасаар шуураад унана. Тийм газарт гуталгүй харайлгаж, үхрийн баас, шээсэн дээр хөлөө дулаацуулж өслөө.

 

Манай нутагт баян Цанжид гэж мянга гаруй малтай айл байв. Манайх бас мянгаад малтай. Намайг өргөж авсан айл буюу аавын дүүгийнх 400-500 малтай. Манай хоёрынх нийлэхээрээ мянга гаруй малтай болчихдог. Цанжид гуайн манайхан саахалт. Нэг өдөр Цанжид гуай “Чи гурав хоног нэг газар руу хонио бэлчээлээ. Яагаад өвсгүй газар мал хураагаад байгаа юм бэ” гэж намайг ташуураар ороолгож билээ. Би тэдний хүүхэдтэй тоглох ч гэсэн юм уу, малаа өвс муутай соргог биш бэлчээрт явуулсныг Цанжид гуай харчихсан хэрэг. Тэр үеийн хүмүүс ямар сайхан байгаа вэ. Одоо бол айлын мал хаашаа бэлчиж, яах нь хамаагүй л гэх байх даа. Ийм л зарчимтай, замбараатай, сайхан сэтгэлтэй улсын дунд өсөж, хонь, хурга хариулж явсаар бараг арван нас хүрч 1956 онд сургуульд орсон.

Тэр үеийн ёс заншил, хүмүүжил сүрхий байлаа. Манай нутгийн эмэгтэйчүүд нөхрөө “Манай хүн” л гэхээс нэрээр нь хэлж байхыг би ер сонсоогүй. Хүүхдүүд ч аавынхаа нэрийг хэлэхгүй. Их том алдас, нүгэл гэж бодно. Тиймээс сургуульд ороод багш “Хэний хэн бэ” гэхээр аавынхаа нэрийг хэлж чадахгүй хэлгүй юм шиг зогссон хүүхэд олон доо”. Р.Батнасан гуай бага нас, нутаг усныхаа тухай ийн хуучилсан. Цамбагарав хайрханд зусаж, үүлийг дээрээс нь харж өссөн тэр угаасаа л өндрийн хүн.

-Таныг өргөмөл ааваа дагаж хотод ирсэн гэж сонссон. Ямар учрал тохиолоор өргөгдсөн юм бэ?
-Төрсөн аав минь цагаан гартай цагаан эмч гэж нутагтаа алдаршсан Ч.Цэрэндорж гэдэг хүн байлаа. Санитараас эхлээд сумын бага эмч болтлоо дуудлагаар явж, хүн эмчилсэн хүн л дээ. Аав минь эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Эрэгтэй дүү нь Монголын анхны арван хурандаагийн нэг, эх оронч хурандаа Рэнцэн гэдэг хүн байв. Тэр хүн 1939 оны Халхголын дайнд орсон. Дайны дараа Москвад академид сурч байхад нь Дэлхийн II дайн болж, фашистууд Москвад тулж ирэхэд хамгаалах тулалдаанд пулёматчинаар оролцсон. Академиа төгсөж ирээд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. Дараа нь баруун хязгаарт тулалдсан. Ингээд дөрвөн дайны утаа үнэрлэсэн хүн байсан юм. Дайн дуусахад их сургуульд орж, төгсөөд Ховд аймгийн намын хорооны даргаар очсон.

Тэгэхэд нь би сургуульд суухаар тэднийд ирсэн. Ховдод хоёр жил болоод ах хот руу татагдаж, би ч хамт нийслэлд ирж, нэгдүгээр сургуульд орсон. Ном сурахын эрхээр авга ахыгаа дагаж явсаар өргөмөл хүү нь болсон доо. Манай нэгдүгээр сургууль жигтэйхэн том гуншинтай байлаа. Сурагчид бид “Нийслэл Улаанбаатар хотын туслах бааз, хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрэмжит 11 жилийн нэгдүгээр дунд сургууль” гэж дэвтрээ нүүрлэнэ шүү дээ. Гэтэл Х.Чойбалсан буруудаж, хаанахын ч юм хүмүүс ангиудаар яван, сурагчдын дэвтрийн нүүрнээс “Хошой баатар маршал Х.Чойбалсан” гэдгийг нь арилгуулж билээ. Зарим нь баллуурдаж, зарим нь шүлсээрээ норгож дэвтрийнхээ нүүрийг цоортол үрж байсан сан.

-Нисгэгч болох хувь танд хэрхэн олдов?
-Нисгэгч болох нь миний багын мөрөөдөл. Багадаа шувуу хараад, амьтан яаж ингэж нисдэг юм бол, үүн шиг нисэж үзэх сэн гэж боддог хүү байлаа. Манайх өндөр ууланд нутагладаг байсан гэсэн дээ. Үүл манан биднээс тээр доор харагдана шүү дээ. Энэ үүлэн дээгүүр гүйх юм сан гэж бас бодно. Хонио хариулж явахад дэргэдүүр онгоц нисэхэд сууж яваа хүмүүсийнх нь толгой цонхоороо шовойгоод харагддаг байсан санагддаг юм. Одоо бодоход Баян-Өлгий рүү нисэж байсан ногоон онгоц юм билээ. Онгоцоор нисдэг хүн болох сон гэсэн хүсэл тэндээс анх төрсөн. Нэг намар манайхыг гол руу ороод байтал манай нутгийн Лхам нисгэгч ирж Ховд гол гаргуулсан юм. Тэгж анх нисгэгч хүнийг хувцас хунартай нь ойроос харсан. Түүний өмссөн малгай, формын сайхан харагдсаныг ээ. Лхам ах шиг л нисгэгч болно гэсэн бодол бат суусан.

Техникт дуртай байсан болохоор наймдугаар төгсөөд Политехникумд орж, аравдугаар ангиа 14-р сургуульд оройгоор төгссөн. Иргэний нисэх Батлан хамгаалах яамны харьяа байлаа. Өргөмөл аав маань цэргийн дарга болохоор манайхаар нисэхийн том дарга нар ирнэ. Нэг удаа аавын найз Жамъян хурандааг ирэхээр нь “Жамъян ах аа, би нисгэгч болох мөрөөдөлтэй. Нисгэгчийн сургуульд хүн авах болов уу” гэтэл “Нисгэгчийн хуваарь ирэхгүй л байна. Чи өргөдлөө өгчихгүй юү” гэлээ. Ингээд Политехникумын хоёрдугаар курст байхдаа нисгэгчийн сургуульд орох хүсэлт гаргаж өргөдөл өгсөн юм. Хариу ч ирсэнгүй. Таг чиг байсаар би сургуулиа төгслөө. Политехникум дөрвөн жилийн сургалттай байсан гэхээр өргөдөл өгснөөс хойш лав хоёр жил өнгөрсөн байх нь.

Би гурилын үйлдвэрийн технологич, механикч мэргэжлээр төгсөж, Хархоринд Унгарын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан гурилын үйлдвэрт тээрмийн цехийн даргаар томилогдох боллоо. Гэтэл  Жамъян хурандаа “Энэ жил манайх нисгэгчийн сургуульд хүн авна. Хуваарь ирсэн” гэдэг юм байна. Ингээд саналаараа цэргийн албанд явна гэж ажлын томилолтоос мултраад нисэхийн сургуульд шалгалт өгөв.

100 хүүхэд арваад хуваарийн төлөө өрсөлдөж, эхлээд ерөнхий эрдмийн хичээлээр, физик, математик, орос хэл гурваар шалгалт өгсөн санагдана. Хоёрт нь тав, нэгд нь дөрөв, нийт 14 оноо буюу хамгийн өндөр оноог авсан юм даг. Ингээд нөгөө 100 хүүхдээс 50 нь үлдэж байгаа юм. Бүгдээрээ нисгэгч болно гэсэн 50 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулахад есхөн хүүхэд тэнцэж, тэр дунд нь би багтсан. Нисгэгчээр сургах хүүхдүүдийг их нарийн шалгаж авдаг, тэр дундаа эрүүл мэндийг их чухалчилдаг байлаа. Бүх эд эрхтэн сайн байхыг шаардана. Харааны шил зүүдэг хүнийг нисгэгч болгодоггүй байсан. Хараа шалгахад ганц үсэг буруу хэлэхэд л хасагдана. Тэгж нарийн шалгадаг байв.

Шалгалтад тэнцсэнээр асуудал дууссангүй. Нисгэгчийн сургуульд явна гээд бөөн баяр болтол хасагдах дээрээ тулж, би уйлж хайлж лут юм болж билээ. Гадаадад сурахаар болсон хүүхдүүдийг Дээд боловсролын хорооныхон дуудаж уулзсан юм. Тэгсэн Дээд боловсролын хорооны дарга Адилбиш гуай “Батнасан Политехникум төгсөөд, ажил хийж төлбөрөө төлөхгүйгээр гадаадад сургуульд явах гэж байна. Түүнийг хасаж, Эвлэлийн төв хорооны хөдөлмөрийн товчоонд шилжүүл” гэдэг байгаа. Ерөөсөө л хасагдчихаж байгаа юм чинь, би өөрийн эрхгүй уйлчихсан. Манай боловсон хүчний дарга Шархүү гуай “Наад хүн чинь маш нарийн шалгуураар орсон. Ийм эрүүл мэндтэй, ийм хүн дахиж олоход бэрх” гэж учирлаж байж авч үлдсэн.

-Нисэхийн сургуульд хаана сурсан бэ. Тэгж мөрөөдөж нисэхийн сургуульд явсан хүний онгоц жолоодож сурсан жилүүд гайхалтай сайхан өнгөрсөн байх даа?
-Сергей Есениний төрсөн нутаг Сасово хотын Г.А.Тараны нэрэмжит нисэхийн дунд сургуульд Монгол нисгэгчдийн 80 хувь нь сурсан. Би тэдний нэг. Гурван жил хуаранд дэглүүлж, цэргийн диктатурт амьдарч, нисгэгч мэргэжил эзэмшсэн. Эхний жилд онол үзэж, сургалтын төхөөрөмжүүд дээр дадлагажих, шүхрээр үсрэх зэргээр бэлтгэл хийж байгаад хавар нь багштайгаа хамт нисдэг Як-18а сургалтын жижиг онгоцонд гарсан. Анхны нислэгт гарч, онгоцны хөдөлгүүрийн дуу сонсон, өөрөө жолоодож нисэхэд их сайхан санагдаж билээ. Багш ард суудаг юм. Толиндоо харахад багшийн ам л ангалзаад байсан, би дууг нь сонсоогүй. Ямар ч байсан заасныг нь бүгдийг хийсэн. Онгоцонд гарахаас өмнө бүгдийг нь заагаад, сэтгэл зүйн бэлтгэл суулгачихсан байдаг болохоор сандарч мэгдэх нь гайгүй л дээ.

Багшийн удирдлага дор ингэж зуу гаруй цаг нисээд нисгэгчийн чадварыг хамгийн сайн эзэмшиж буй гэж үнэлэгдсэнээсээ эхлэн бие даасан нислэгт гардаг юм. Нисэхийн сургуулийнхан бие даасан нислэг гэдэг орос үгээ товчлон САМ гарна гэж ярьдаг. Энэ нь бидний хувьд ямар ч том шагналаас илүү хамгийн том баяр. САМ гарсан хүн тамхи, боов, чихэр авчирч нөхдөдөө тараана. Цайллага хийж байгаа нь тэр. Оросууд бол жагсаалаараа сургуулийн усан сан руу очиж, САМ гарсан хүнээ бассейн руу шиддэг уламжлалтай. Тийм том тэмдэглэлт үйл явдал болдог юм. Манай группийнхнээс намайг хамгийн түрүүнд САМ гаргах гэж байснаа группийн ахлагч Авериныг гаргасан. Ингээд би хоёрт гарсан. Анхны бие даасан нислэг жинхэнэ гоё доо.

Агуу Сергей Есениний шүлгээ бичиж байсан, манай Бат хааны сууж байсан Сена мөрний дээгүүр ниснэ. Багш нар тэнд очиж тийм юм хийчихээд ир гэсэн даалгавар өгөөд нисгэдэг юм. Түүнийгээ хийнэ. Сургалтын онгоцны багшийн суудал дээр шуудайтай элс тавьж жинг нь тэнцүүлдэг юм. Хажуунаас тэг ингэ гэх хүн байхгүй, шуудайтай элстэйгээ дураараа дургина даа. Өндөрт гараад хашхирч үзнэ.
Ингэж нэг жил жижиг онгоцоор бие дааж нисээд дараа нь АН-2 буюу давхар далавчтай ногоон онгоцоор хоёр жил шахам ниснэ. Өвөл, зун ниснэ. Тосгодын хооронд явна. Тэр ч бүү хэл, өвөл цасан дунд хээр буулгаж шалгаж байлаа шүү дээ. Жигтэйхэн мундаг бэлтгэж байсан байгаа биз. 

-Танай курсийн есөн хүн бүгд сайн нисгэгч болсон, олон гавьяат төрсөн гэж сонссон?
-Манай курсийн ес бүгдээрээ том онгоцонд ниссэн. Том онгоц гэдэг нь тухайн үед Монголд байсан АН-24 шүү дээ. Сүүлд тав нь Ту, Бойнгод ниссэн. Тэр есөн хүнээс гурван Гавьяат, нэг Хөдөлмөрийн баатар төрсөн. Тэр шалгалтаар ямар хүмүүсийг авсан нь харагдаж байгаа биз. Хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, эрүүл мэнд бүх зүйл цогцолж байж ийм юманд хүрнэ шүү дээ. Одоо тэр есөөс олонх нь бурхан болж, гуравхан нь үлдэж. Тэнгэр өршөөлгүй, хүнд нөхцөл шүү дээ. Мань мэт л аав ээж 90-100 хүрсэн, урт насалдаг удамтайн буянаар амьд явж байх шиг байна. 

-Том онгоцонд ниснэ гэдэг өндөр хариуцлага, итгэл хүлээлгэж буй хэрэг байх. Та төгсөж ирээд хэдэн жилийн дараа том онгоцонд ниссэн бэ?
-Төгсөж ирээд Говь-Алтайд Санжаажав гэдэг даргын хоёрдугаар нисгэгч болж АН-2-т нэг жил ниссэн. Тэгж байтал “Энэ бэлэн дарга хүүхэд байна. Онгоцны дарга болгоно” гээд даргын бэлтгэлд оруулсан. Тэгээд Булган, Хэнтий, Завханд ажилласан. 1970 онд төгсөж ирээд, жилийн дараа АН-2-ын дарга болсон. АН-2 дээр таван жил ниссэн. Тэр үед ар өврийн хаалга л ордог байсан шиг байгаа юм. Дарга нарын хүүхдүүд л АН-24 рүү ороод байсан. Би онгоцны дарга, багш болчихоод Завханд ногоон онгоцондоо яваад л байсан. 1975 онд АН-24-ын курст сууж, хоёрдугаар нисгэгч болсон.

АН-24 онгоц тэгэхэд 15-16 аймаг, Ховдын Булган, Увсын Баруунтуруун, Завханы Тосонцэнгэл гэх мэтийн том сумдад явдаг байлаа. Түүнд явсан. Тэгээд Засгийн газрын экипажид орсон. 6807 гээд ИНЕГ-ын хашаанд хөшөө болгоод тавьчихсан байгаа онгоц Засгийн газрын буюу Ю.Цэдэнбал даргын онгоц байсан юм шүү дээ. Түүний экипажид багтаж, албан томилолтод нь явж байлаа.

-Том онгоцонд нисэнгүүтээ Бал даргын экипажид орсон юм уу. Ямар шалгуураар авсан бэ? 
-Бал даргын экипажийн тухайд эвлэл, пионерийн байгууллагаас эхлээд бүх намтар түүхийг нь үзэж, нисэх чадвар гайгүй гэснээ авдаг байсан. НАХЯ бүх талаас нь шалгана. Тэр шалгуурыг нь хангасан хэрэг байлгүй, хөдөөнөөс ирж, АН-24-ын хоёрдугаар нисгэгч болоод удалгүй Гавьяат нисгэгч Д.Чодин даргатай Засгийн экипажийн хоёрдугаар нисгэгч болсон. Тэгээд жилийн дараа онгоцны дарга болсон.

-Бал даргыг гадаад айлчлал, хурал зөвлөгөөнд хүргэж байв уу?
-Өө үгүй, Оросын онгоцоор, орос экипажтай явдаг байсан. Биднийг тийш нь ойртуулахгүй шүү дээ. Тэр үед гадаад айлчлал ч цөөн байсан. Бид дотооддоо л ниснэ. Хамгийн сүүлд 1980 онд Бал даргыг авч ниссэн. Тэр хавар зүүн гурван аймагт зуд болсон. Баруун аймгуудад цасаар шуурч байгалийн гамшиг болсон юм. Тэгэхэд Бал дарга малчдын сэтгэл санааг өргөж дэмжихээр ч юм уу, баруун аймгуудаар явсан. Тэгэхэд би онгоцны даргаар, Д.Чодин багш ерөнхий шалгагчаар явсан. 1980 онд намайг академид явуулсан болохоор дахиж Бал даргатай нисээгүй.

Арван жил нисээд академид явсан. Төгсөж ирээд Нисэх тээврийн эскадрилын дарга болж, хоногт 9-12 нислэг явдаг байсныг 60-70 нислэг явдаг болгож зохион байгуулсан. Оюутны амралт, цэрэг халагдах, татагдахад нисэхийнхэн бүгдийг зөөдөг байлаа. Намайг Нисэх тээврийн эскадрилын даргаар ажиллаж байхад алдаа мадаг, осол аваар гараагүй.

-Таныг “Олон Гавьяат төрүүлсэн, бүгдийн багш” гэж авгайлдаг юм билээ?
-Бяруу бух дагаж өвсөнд хүрнэ гэдэг. Би 42 жил нисэхдээ улсын буянаар олон хүний шавь болж, их ч юм сурлаа. Оросын академийг төгслөө. Дараа нь “Монголчууд нисэж чадахгүй” гэж байхад бид Ульяновск дахь социалист орнуудын сургалтын төвд очиж дууны хурдтай Ту-154-ийг жолоодож сурлаа. Ирээд орос багш ганц жилийн дараа шууд надад бүхнийг хүлээлгэж өгсөн. Ингээд би бүгдийн багш болж үлдэж байгаа юм. Үүнээс хойш олон ч хүнд багшилж, онгоцны дарга болголоо, бас цөөнгүй Гавьяат нисгэгч төрүүлсэн байна. Ту-гийн анхны таван даргыг би өөрийн гараар зөөж гаргасан. Дадлагажуулж, бэлтгэхээ зөөнө гэдэг юм шүү дээ. Монголд нисэж байгаа бүх компанийн ахлах нисгэгч нар, МИАТ-ын том багш, шалгагч нисгэгч нар бүгд миний шавь.

-Онгоцны дарга бэлтгэнэ гэдэг том ажил бололтой?
-Нисгэгчийн сургуульд төгсөөд ирсэн, хоёрдугаар нисгэгчээр ажиллаад, нисгэгч болчихсон гэж бодож буй хүн явж очоод онгоцны дарга болчихгүй. Онгоцны дарга бэлтгэнэ гэж том ажил байдаг юм. Үнэлж баршгүй олон хүний амь, үнэтэй техникийг тэр хүнд хариуцуулж, хувь заяаг нь гарт нь атгуулах гээд байна шүү дээ. Хурд, хүчний гайхамшиг болсон аварга техникийг бүрэн эзэмшээд, хүний авхаалж самбаа гүйцэхгүй нөхцөлд маш хурдтай бөгөөд оновчтой шийдвэр гаргаж, онгоцны хувь заяаг атгаж явах хэмжээний хүнийг л капитан гэнэ.

Капитан гэдэг дэлхийн хамгийн том ранг, хамгийн том цол. Хаана ч очсон капитан гэхэд хүндэлдэг. Тэр хүнийг бэлтгэхийн тулд дадлагажуулж, сайн, муу агаарт нисгэнэ, янз бүрийн нөхцөлд хэрхэхийг бүгдийг нь зааж өгнө. Онгоц чинь зүгээр л нисээд буудаг эд биш шүү дээ. Нисгэгчийн ажил асар хариуцлагатай.

-Бойнг авчрах гэж АНУ яваад, гар хоосон уйлж ирсэн гэдэг?
-1990 оноос манай улсын гадаад харилцаа Оросоос хальж АНУ-тай ойртлоо шүү дээ. Бид 1992 онд Бойнг-757-гийн сургалтад суусан. Сурч төгсөөд, онгоцоо авч ирэх төлөвлөгөөтэй явсан юм. Мундаг сурч төгсөөд, онгоцоо аваад буцахын даваан дээр энд баахан амьтад алт диллерийн хэрэг гээчийг мандуулж, мөнгөө алдаад, бид онгоцоо авч чадаагүй. Манайх таван сая ам.доллароор онгоцоо авахаар тохироод, Монголын Төрийн далбааг хүртэл зураад бэлдчихсэн байсан юм.

Гэтэл манайх мөнгөгүй болсон тул Хятад долоо хоногийн дотор мөнгөө өгч, Монголын далбааг дарж, өөрийнхийгөө зураад аваад явчихсан. Бид тэр онгоцон дээр баахан дадлага хийгээд, авч явна гэдэгтээ бүр итгэчихсэн байсан. Тэр сайхан онгоцыг жолоодож сураад, Монгол Улс ийм сайхан онгоцтой болно, бид энэ онгоцоор ниснэ гээд бөөн баяр байхад нүдэн дээр өөр улс Төрийн далбааг маань будаад аваад явчихаар уйлалгүй яах юм бэ. Уйлаад л буцсан.

-Монгол нисгэгчдийн өмнө нь очиж үзээгүй улсууд руу төр, засгийн тэргүүнүүд айлчлахаар болоход таныг л томилчихдог байсан гэдэг?
-Ардчиллаас хойш Их, Бага хурлын гишүүд, төр, засгийн тэргүүнүүдтэй их явсан. Өмнөх нийгмийн үед Бал дарга, Улс төрийн товчооны гишүүдтэй дотооддоо ихэвчлэн явдаг байсан бол 1990 оноос хойш гадаадын олон орон руу шинэ зам гаргаж явсан. Нисгэгчийн зовлон мэдэхгүй улс чинь их амарханаар төсөөлнө. Нэг өдөр дуудаад л “За нөхөр Батнасан, туршлагатай ахлах нисгэгч учир таныг төрийн айлчлалд авч явах боллоо. Тэдэн цаг тэдэн минутанд хаалга онгойно шүү” л гэнэ. Хаалттай системээс дөнгөж гарсан, тэр улсуудын талаар ямар ч мэдээлэлгүй, онгоцны буудлынх нь схем зургийг ч хараагүй сууж байсан нөхөд шүү дээ, бид.

Тийшээ яаж очих, очоод хаана нь яаж буух талаар ямар ч төсөөлөл байхгүй, эрх биш дипломат шугамаар дээгүүр нь өнгөрөх улсуудын зөвшөөрөл авсан байсан байх. Улсуудын онгоцны аэродром, онгоцны зам, маршрутын схем гэж нарийн юм байдаг. Тэр талаар манай аль ч байгууллагад, нууцын архивт ч мэдээлэл байхгүй, Оросын нууцаас л үзэх боломжтой. Ингээд хэдэн балын харандаа үзүүрлэж, ахиухан калькин цаас бэлдэж аваад Оросын нууц руу орно доо. Орост миний багш нар ч амьд байсан. Оросын онгоцоор олон жил ниссэн болохоор оросуудтай танил болчихсон нь аминд орж байгаа юм.

Оросуудын материалаас зам, маршрут, онгоц буудлын схемийг калькин цаасан дээр буулгаж авна. Тэгж нэг баримжаатай болоод, газрын зураг дээр шугамдаж, өндрийн хэмжээг нь янз янзаар тавьж байгаад тооцоолно. Хяналтын цэг, хил өнгөрөх цэг, илтгэх цэгүүдээ тэмдэглэнэ. Төвлөрөл, тэнцэл бүгдийг өөрсдөө тооцоолдог байсан сан. Нисэж байгаагүй газар руу нисэх бэлтгэлээ ингэж хангана. Айлчилж буй оронд хүндэт харуул жагсчихсан, хивс дэвсчихсэн, Ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтнууд угтаж байхад Монголын Ерөнхийлөгчийн онгоц тэмдэгтээс өөр газар ямаа, тэмээ харайгаад, энд тэнд цовхроод, илүү, дутуу буугаад байж болохгүй шүү дээ. Яг цагт нь, тэмдэглэсэн газарт нь буух ёстой.

Маш хариуцлагатай ажил шүү дээ. Өмнөд Солонгос, Япон гэх мэт олон оронд манай нисгэгчид огт очиж үзээгүй байх үед ийм маягаар бууж, төр, засгийн тэргүүнүүдийн айлчлалыг ямар нэг алдаа мадаг, асуудалгүй хүргэж байлаа.
Одоо бол бүх юм сайхан болсон доо. Би хамгийн сүүлд Н.Багабанди Ерөнхийлөгчтэй Европын 11 улсаар явсан. Тэгэхэд бидний балын харандаагаар калькин дээр зурдаг юмыг бүгдийг нь 24 цагийн өөрчлөлттэйгөөр тооцож бэлдээд хоёр чемоданд хийчихсэн байсан. Түүнийг хийдэг бүхэл бүтэн баг ажиллаж байгаа.

-Хэдэн шинэ зам нээсэн бол?
-Би 37 орны 100 гаруй хотод Монголын далбаат онгоцоо буулгасан. Манай дээд үед сайн нисгэгчид байсан ч хаалттай нийгмийн үед ажиллаж байсан болохоор ганц нэг оронд л буусан. Даяаршлын үед ажиллаж, дэлхийн иргэний нисэхийн ийм том стандарттай хот, улсуудад онцгой, тусгай үүргийн нислэг хийх хувь тохиосон нь миний аз юм даа.

-Хэцүү, хүнд даалгавар гүйцэтгэж байв уу?
-Онцгой, тусгай үүргийн нислэгт олон удаа явсан. Одоо ярихаар биеэ магтсан болох байлгүй.

-Хөдөлмөрийн баатар хүн хийснээ ярихад хэн юу гэх вэ дээ?
-1995 онд, Гавьяат нисгэгч болсныхоо дараахан Солонгос-Бээжингээс шөнийн нислэгээр ирж явахад нэг айхтар зүйлтэй тохиолдож билээ. Улсынхаа хил рүү дөнгөж орж ирээд байтал онгоцны битүүмжлэл алдагдав. Онгоц чинь бөглөөтэй халуун сав шиг бин битүү байх ёстой шүү дээ. 10 мянган метрийн өндөрт хүн амьдарч чадахгүй. Онгоц 10 мянган метрт нисэж байхад доторх агаарыг 3600-4200 метрт байгаа мэт агаарын даралтыг битүү кабинд барьж явдаг. Үүний тулд  хөдөлгүүрийн шахсан агаарыг арав дахин шахаж, хөргөлтийн аппаратаар оруулж, зорчигчдод өгдөг. Түүнийг оруулж гаргаж амьсгалуулдаг олон аппарат байдаг юм. Тэдний аль нэг нь гацлаа гэхэд битүүмж алдагдана.

Битүүмж алдагдахаар хүчилтөрөгчгүй орчинд 28-58 секундэд хүний тархи үхжинэ. Хүчиртөрөгчийн дутагдалд ороход өвдөж зовох юм байх биш, хүн өөрөө ч мэдэхгүй минутын дотор унтчихна. Дэлхий дахинд ийм явдал цөөнгүй гарсан. Малайзын онгоц учир битүүлгээр алга болоод өнөө хүртэл олдоогүй нь онгоцны битүүмж алдагдсанаас болсон гэж би үздэг. Онгоц алга боллоо гэсэн мэдээ гарахад л би “Битүүмжлэл алдагдаж. Одоо өнгөрсөн” гэж хэлж байлаа. Нөхцөл байдал ч миний таамгыг нотолдог. Ямар ч онгоц өөрийнхөө байдлыг 30 минут тутамд сансрын холбоогоор дамжуулж үйлдвэртээ мэдээлдэг. Тэр онгоц зургаан цаг хагас нисээд, шатахуун нь дуусаад унасан. Битүүмжлэл алдаад тэр улсууд бурхан болсон гэдэг миний таамгийг батлах өөр нэг зүйл бий. Агаарын замаар онгоцнууд 300 метрийн дээгүүр, доогуур өөд өөдөөсөө загас шиг урсаж байгаа учраас өндөрт битүүмж алдагдсан үед нисгэгч онгоцоо 45 хэм эргүүлж байгаад 3600-4200 метр буюу хүн амьдрах орчин руу онгоцоо унагах гулгалт хийх ёстой.

Биеэ даачихсан нисэж яваа онгоц мөд унаж өгөхгүй шүү дээ. Халтируулж, агаарын тормосоо татаж, газаа хасаж, хамаг арга чарга, авхаалж самбаагаа гаргаж онгоцоо доошлуулна. Малайзын онгоц тэгэх гэж оролдсон. Гэхдээ нисгэгч онгоцоо эргүүлж байх хоорондоо ухаан алдсан уу, 180 хэм эргээд буцаад явчихсан байдаг. Нисгэгчтэй, зорчигчтойгоо тэндээ унтчихсаныг би яаж нотолж байна вэ гэхээр 2-3 цаг нисээд Бээжинд ирэх ёстой улсууд онгоц нь зургаан цаг хагас нисэж байхад ядаж нэг нь утсаа оролдоно оо доо. Утсаа оролдсон л бол сансрын станцууд бүртгээд авчихдаг юм. Гэтэл нэг нь ч утсаа оролдоогүй. Онгоц зургаан цаг нисэж шатахуун нь дуусаад унасан. Битүүмж алдана гэдэг ийм аюултай.

Надад ийм зүйл тохиолдсон. 11 мянган метрт явж байтал битүүмжлэл алдсан. Тэгэх тэгэхдээ миний онгоцны олон амьсгалдаг клапаны нэг биш, гаднах том клапаны жийргэвч резин хавчуулагдаад гацсан шиг байгаа юм. Битүүмжлэл алдлаа гэсэн дохио хэдэн секундийн зайтай өгдөг бол минийх шууд зэрэг аюулын дохио өгсөн. Тэгээд шууд онгоцоо унагаж, хүн амьдрах тохиромжтой өндөрт оруулсан. Түүнээс хойш 15 жил боллоо. Би ч үхээгүй, хамт явсан улс ч янз бүр болоогүй л байна. Тэр үед Германы компани манай нисэх буудлын хатуу хучилттай зурвасыг давхарлаж байсан юм. Тэтгэвэрт гарсан нисгэгч тэр ажлыг хариуцаж байж. Тэр хүн тэгэхэд наашаа ирж таарсан юм билээ. Нисгэгч хүн учраас ямар аюулаас мэнд гарснаа ойлгож, дараа нь манайхнаас асууж сурагласаар байгаад надтай уулзсан. Тэр “Би насаараа ниссэн учраас юу болсныг мэдэж байна. Маск унаж байхад аль хэдийн яаралтай гулгалтаа эхэлчихсэн байсан.

Таны ачаар амьд гарч, эсэн мэнд яваадаа баярлаж байна. Ийм юм дэлхийд ч ховор гарна” гэж байсан. Бас залуудаа орон нутагт АН-2-т явж байхдаа дугуйгүй онгоц амжилттай газардуулж, олон хүний амь аварсан хэмээн шагнуулж байлаа. Онгоц хөөрөхөд дугуй нь салаад уначихсан юм билээ. Түүнийг харсан холбооны ажилтан холбоогоор мэдээ өгсний ачаар дугуйгүй онгоцоо аюул осолгүй буулгасан.

-Та шавь нартаа юуг хамгийн чухалчилж зөвлөж, захьдаг вэ?
-Нисгэгч хүнд тэр чухал, энэ чухал биш гэх зүйл байхгүй. Хэзээ ч хэрэг болохгүй ч бай, өдөр тутамд хэрэг болох ч бай, бүгдийг мэдэж, анхаарч байх хэрэгтэй. Багш нар маань “Хамгийн сайн агаарт хамаг эрсдэлээ бодож, хоёрдугаар хайрцагт гарах талаар байнга бодож яв” гэдэг байсан. Тэгэхгүй сайхан агаарт хууртаж ангайж яваад гэнэт болохоо байхад ямар ч туршлагатай нисгэгч сандарна, тэгээд дарааллаа алдана, буруу зөрүү хийнэ. Би ч шавь нартаа “Хамгийн сайн агаарт хамгийн болгоомжтой, дараагийн алхамаа бодож явах хэрэгтэй” гэж хэлдэг.

Нэг хөдөлгүүр унтрах, гал гарах гээд юу эс байх вэ, буух биш, хоёрдугаар хайрцагт гарах талаар байнга бодож, бэлэн байх ёстой. Би 42 жил ниссэн. Ниссэн цагаа нэмж үзэхэд зургаан жил гаруй тэнгэрт амьдарсан гэсэн тооцоо гардаг юм. Энэ хугацаанд аваар осолгүй байсны нууц бол багш нарынхаа захиасыг байнга санаж явсан. Шавь нар маань ч орчин үеийн техникүүдийг сайхан эзэмшиж, сайхан ажиллаж байгаад баярлаад, залбираад сууж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид