Улаанбаатар 1c

Их Британи бие даан хориг тавих эрхтэй болов

Их Британи улс түүхэндээ анх удаа хүний эрх зөрчсөн хуулийн этгээдэд бие даан хориг арга хэмжээ авах эрхтэй болж буйгаа зарлалаа. Тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Раабын мэдэгдсэнээр Их Британийг Европын холбооноос албан ёсоор гарсны дараа тусгай хороо тохоон томилогдож, хүний эрхийн зөрчилтэй хэнийг ч өмч хөрөнгө эзэмших эрхгүй болгож, энэ чиглэлээр өөрсдийн гэсэн хараат бус бодлого хэрэгжүүлэх аж. Их Британи улс өмнө нь зөвхөн НҮБ юм уу, Европын холбооны гишүүний хувиар бусад улс, хувь хүнд хариуцлага тооцон, ялангуяа хүний эрх зөрчсөн хүмүүст санхүүгийн хориг тавьдаг байсан юм. Харин Брекситээс хойш ийнхүү бие даан шийдвэр гаргах эрхээ эдлэхээр болж байна. Дээр дурдсан тусгай хороог одоогоор Британийн автономит хоригийн зөвлөл хэмээн нэрийдэж байгаа аж. 

Бодлого, үйл ажиллагаа нь жигдэрсний хойно тус хороо хүний эрх зөрчсөн хувь хүн, албан байгууллага болоод тэдгээрээс ямар нэг байдлаар санхүүгийн дэмжлэг авдаг хуулийн этгээдэд ч хатуу арга хэмжээ авна гэж Д.Рааб тэмдэглэлээ. Британийг албан ёсоор Европын холбоог орхисны дараахан тус улсын санхүүгийн дангаар тавих хоригт багтсан хүмүүсийг тодорхой зарлах аж. Ажиглагчид британичуудын анхны “хар жагсаалт”-д ОХУ, Саудын Араб, Хойд Солонгосын албаныхан, бизнес эрхлэгчид орох болов уу гэж таамаглаж байна. Харин БНХАУ-ын албаныхан багтах үгүйг одоо хэлэхэд эрт байгаа нь Хонконгийн асуудлаас болж хоёр улсын харилцаа таагүй болсонтой холбоотой. 

Шинжээчдийн онцолж буйгаар британичууд энэхүү шинэ эдлэх эрхээ ийнхүү чухалчилж байгаа нь, гадаад харилцааны бодлогынхоо цөм болгож буй нь улс орноо олон улсын эрх зүй, хүний эрхийн сахин хамгаалагч болгох гэсэн алсын хараа, холын санаархлынх нь илрэл бололтой. Мөн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байх үеэсээ хойш анх удаа бие даан хориг хэрэгжүүлэхээр болж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. Стратеги бодлогын хувьд ч Европын холбоо, АНУ-тай эн зэрэгцэх нэгэн бие даасан хүчин болохоо батлан харуулахыг хүсэж буйнх нь илрэл гэж ажиглагчид дүгнэж байна. 

Д.Раабын үг ч үүнийг нотолно. Тэрбээр дээрх мэдэгдэлдээ “Бид сэтгүүлч, сурвалжлагч, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг хөнөөсөн, хүнийг шашин шүтлэг, итгэл үнэмшлийнх нь төлөө хохироосон хэнийг ч байсан хатуу шийтгэнэ. Өнөөдрөөс эхлээд Британи улс хүний эрх, эрх чөлөөнд халдсан атлаа улс оронд маань нэвтрэх гэсэн, манай банк, санхүүгийн байгууллагаар бохир мөнгөө урсгах гэсэн, манай эдийн засгаас ашиг хонжоо олох гэсэн гэмт этгээдүүдтэй тэмцэх шинэ хүчийг олж авлаа” гэжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид