Улаанбаатар 1c

Эннио Морриконе таалал төгсөв

Италийн нэрт хөгжмийн зохиолч, Оскарын хошой шагналт Эннио Морриконе 91 настайдаа Ромд таалал төгслөө. 1928 онд Ромын жазз хамтлагийн бүрээчний гэр бүлд мэндэлсэн тэрбээр 12 настайдаа Гэгээн Чечилийн хөгжмийн сургуульд элсэн суралцсан бөгөөд 16 наснаасаа хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. 

1950-иад оноос нэртэй хөгжмийн зохиолчдын бүтээлийг дахин найруулж, радиогоор дамжуулах, тоглолтын хөгжмийн зохиомжлох зэрэг ажил эрхэлж, хожим нь телевизийн шоунд зориулан хөгжим бичиж эхэлсэн гэдэг. 1961 оноос тэрбээр вестерн төрлийн киноны хөгжим бичиж, Италийн Бернардо Бертолуччи, Пьер Паоло Пазолини, Дарио Арженто, Сальваторе Сампери зэрэг нэрт найруулагчидтай хамтран ажиллажээ. Төдөлгүй Морриконе Европт төдийгүй дэлхийд нэрд гарч, Холливудын уран бүтээлчидтэй хамтран ажилласны дунд Роман Полански, Оливер Стоун, Брайан Де Пальма, Майк Николс, Жон Карпентер, Барри Левинсон, Терренс Малик, Квентин Тарантино нар багтсан. 

Эннио Морриконе Оскарын шагналд зургаан удаа нэр дэвшсэнээс 2007 онд кино урлагт оруулсан хувь нэмрээрээ, 2016 онд “Заналт найм” киноны хөгжмөөр хүртэж байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид