Улаанбаатар 1c

У.Хүрэлсүх: Би гэмт хэрэгтэй тэмцэнэ. Шалгах ёстой хүмүүсийг цаашид ч шалгана

Засгийн газар 14 яамтай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг танилцууллаа. Түүний удирдсан Засгийн газар ерөнхий чиг үүргийн зургаа, үндсэн чиг үүргийн найман яамтай байх аж. Тодруулбал, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам зэрэг юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд асуудлыг оруулж ирснийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ хоёр асуулт асууя. Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамтай байхаар Үндсэн хуульд тусгасан. Гэтэл шинэ Засгийн газрын бүтцэд энэ алга. Асуудлыг оруулж ирэхдээ бүтцэд ямар үндэслэлээр оруулалгүй, ЗГХЭГ-ын харьяанд өгч байгаа вэ. Хоёрдугаарт, чөлөөт бүсийн асуудлыг Шадар сайд, хилийн боомтыг Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулжээ. Энэ хоёр газар аль нэгэнд нь харьяалуулж болдоггүй юм уу?

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат: Засгийн газар бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд Эдийн засгийн хөгжлийн яамыг оруулж ирээгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” хөтөлбөр, коронавирусээс үүдсэн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, шинээр яам байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Ер нь, хөгжлийн төлөвлөлттэй холбоотой асуудалы өнөөдөр Үндэсний хөгжлийн газарт харьяалагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Аливаа хөгжлийн бодлоготой холбоотой асуудал төсвийн бодлоготойгоо нягт уялдаж явах ёстой. Тиймээс өнөөдрийн байгаа нөхцөлдөө тохируулаад явах бүрэн боломжтой. Хилийн боомт Сангийн яам, чөлөөт бүс Шадар сайдын эрхлэх асуудлын харьяанд байна гэлээ. Үүнийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд ингэж заасан. Өмнө байсан хуулийн зохицуулалтыг хэвээр нь тусгаж оруулж ирсэн. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ард түмэн тогтвортой ажиллахыг хүссэн. Сандал суудлын хэрүүлийн төлөө явалгүй, хуучин бүрэлдэхүүнээрээ явъя гэсэн. Аль болох албан тушаалын хөдөлгөөн бага байхаар зохицуулъя гэж шийдлээ. Бүтцийн өөрчлөлт нэрээр олон хүн ажлаасаа халагддаг. Тиймээс энэ бүтэц бол цаашид ажиллаад явахад бүрэн боломжтой гэж үзэж байна. Хилийн боомт, чөлөөт бүсийн эрхлэх асуудал өмнөхөөрөө ажиллаад явж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад эдийн засгийн асуудал хариуцсан хүн олддоггүй. Сангийн сайд, ЗГХЭГ, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нь өөрсдөөсөө түлхдэг. Одоо эдийн засгийн асуудал маш чухал. Сангийн сайдад зав нь гарахгүй. Хэн ч болсон энэ асуудлыг аваад явж чадахгүй. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиар агентлагтай байх ёстой. Ямар хууль хэрэгжээд аль нь хэрэгжихгүй байна вэ.   

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат: Төрийн захиргааны байгууллагуудын бүтцийг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийн агентлагийг тусгасан байгаа. Энэ хүрээнд зохицуулах бүрэн боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Яамдын бүтцийг хэмнэлттэй талаас нь харвал, зарим яамыг нэгтгэж болмоор юм шиг. Агентлагуудын хувьд Соёлын яамтай болж байгаа юм бол Соёл урлагийн газар хэрэггүй юм биш үү. Энэ бүтцээ эргэж хараарай. 

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат: Орж ирж байгаа төсөл бол өмнөх Засгийн газрын хэмжээнд байсан бүтцийг үргэлжлүүлээд авч явъя гэдэг ерөнхий концепцийн дагуу юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотой шилжилт хөдөлгөөн хийвэл их хэмжээний зардал гарахаар байна. Соёлын яамыг шинээр гаргасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар БСШУС-ын яам гэж байгааг Соёлынх нь асуудлыг тусад нь гаргаж байгаа юм . Агентлагийг нь Соёл урлагийн газар гэж оруулж ирлээ. Үүнийг энэ хэвээр цаашид аваад явбал харшлах зүйлгүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ бүтцээрээ ажиллаад хэдэн сарын дараа ажилгүйдэл буурч, ядуурал багасах вэ. Өнгөрсөн дөрвөн жилд хэдэн хүн ядуурлаас гаргасан юм бэ

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат: Улс орны өнөөдөр үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үед одоо байгаа бүтцээр нь хадгалъя гэж оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Давхардал их байна. Үүнийг арилгахгүй бол ажил дунд нь орхигдоод байдаг. Хийдэлд нэлээд байна. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 46 хууль батлах ёстойгоос гурвыг нь баталсан. Соёлын яамыг байгуулж байгаа бол тусад нь Соёл урлагийн газар байх хэрэггүй. Өмнө нь Соёлын яамгүй байхад Соёл урлагийн газар байсан. Соёлын сайдын эрхлэх гуравхан асуудал бий. Энэ гурван асуудлыг Соёлын яам дангаараа хариуцах боломжтой. Давхар Соёл урлагийн газар байгуулж, хоорондоо ажлаа булаацалддаг илүү зардал гаргах шаардлагагүй. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу анх удаа хууль баталж байгаа учраас өмнөхтэй зөрчилдөх асуудал байна. Засгийн газрын бүтцийн асуудлыг парламент заавал хэлэлцэх шаардлагатай биш. Ямар санаа, оноо байна вэ гэдгээ Ерөнхий сайдад хэлэхээс өөрөөр хүчээр асуудалд хандах ёсгүй. Үндсэн хуулиар Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ. Мөн парламентын өмнө биечлэн хариуцлага хүлээнэ. Ийм зохицуулалт руу бид орж байгаа. Соёлын яамны хувьд өмнө нь яригдаж байсан. Бусад яам бүгд хэвээр байгаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд та бүхнийг сайн ажиллана гэж ард түмэн найдаж байгаа. Та нарыг биш, мөрийн хөтөлбөрийг чинь дэмжсэн шүү. Мөрийн хөтөлбөртөө уул уурхайн баялгийг ард түмэндээ ашигтай болгож, өрөө дарна гэсэн. Оюутолгой, Дубайн гэрээ зэрэг уул уурхайн гэрээг сайжруулах асуудлыг хар толгойгоороо хэн хариуцах вэ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Газар шороондоо эзэн байхыг  У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн гурван жил чадан ядан явуулсан. Шаардлагатай орд газруудыг буцаан авч ард түмнийхээ өр ширийг дарах ажлуудыг зохион байгуулж байгаа. Цаашдаа ч хариуцлагатай ажиллана. Хууль бусаар олигархиудын гарт очсон, хууль бусаар баяжсан нөхдүүдэд хариуцлага тооцож ажиллаж байгаа. Улам хатуу зогсоно. Байгалийн баялаг ард түмнийх болохоос биш цөөн хэдэн хүнийх биш. Ард түмэн ижил тэнцүү хүртэх ёстой. Хүндрэл бэрхшээлтэй олон асуудал бий. Улс төрийн, хууль хүчний, банк санхүүгийнхэн нийлсэн бүлэглэл байна. Тэдний зарим нь энэ дотор сууж байгаа. Цаашдаа ч шалгах хүмүүс зөндөө бий. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх субъект. Би  гэмт хэрэгтэй тэмцэнэ. Шалгах ёстой хүмүүсийг шалгана, цаашид ч шалгалт үргэлжилнэ. Оюутолгой, Дубайн гэрээг ЗГХЭГ хариуцаж байгаа. Ажлын хэсэг ч байгуулагдсан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эдийн засгийн хямралтай үед ийм бүтэц орж ирж байгаад сэтгэл зовниж байна. Өнөөгийн нөхцөлд энэ бүтэц эдийн засгаа даах уу. Төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарчихлаа. Би АН-ын гишүүн биш, эдийн засагч хүний хувиар ярьж байна. Цалин, тэтгэврээ бид хугацаандаа тавьж чадах уу. Тэгэхээр энэ бүтцийг зарим яам, агентлагийн хугацааг ирэх жилээс болгож болохгүй юу гэдэг санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Батттөмөр: Монгол Улсын эдийн засгийн дотоод багтаамж маш бага. Тиймээс экспорт руу чиглэсэн бодлого хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил явж ирсэн хөгжлийн бодлого мухардалд орсон. Ядуурал нэмэгдэж, өрсөлдөх чадвар 108 орноос 92-т орж байна. Гадаад өр 30.7 тэрбум ам.доллар болсон. Ингээд ярихаар бид хөгжлийн загвараа өөрчлөх шаардлага байна. Гадаад худалдааг хоёр салгасан нь зөв юм уу. Худалдааны салбарт 200 мянган хүн ажиллаж байна. Ийм үед худалдаагаа хоёр салгах нь ямар учиртай юм бэ. Төрийн албаны бүтцийг яаж боловсронгуй болгох вэ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Бүтэц өөрчлөгдвөл бүх зүйл сайхан болно гэсэн баталгаа биш. Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлээд, хариуцлагаа парламентын өмнө хүлээнэ. Бидний өнгөрсөн 30 жилийн алдаа парламент, Ерөнхийлөгч хоёр оролцоод хүчгүй Ерөнхий сайдыг бий болгож иржээ. Шийдэл юу вэ гэдэг нь чухал болохоос бүтэц ямар байх нь тийм ч чухал биш. Өнгөрсөн Засгийн газрууд 1.6 жилийн л настай байсан шүү. Анх удаа Монгол Улсын Засгийн газар дөрвөөс дээш жилийн настай үйл ажиллагаа явуулах гэж байна. Тиймээс нэршил, бүтцээр хэт их оролдоод хэрэггүй гэдгийг энэ ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд хэлье. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 1990 онтой харьцуулахад сүүлийн 30 жилийн хугацаанд эдийн засаг 13 дахин өссөн. Гэтэл үүний хажуугаар төсвийн зардал 70 дахин өсжээ. Энэ хугацаанд зээлийн хүү 55, өрийн хэмжээ 50 дахин өссөн байна. Дэлхийн эдийн засаг маш хүнд сорилттой тулгарсан. Бид өрийг өрөөр дарна гээд өмнөх шигээ явахад хэцүү. Дэлхийн нөхцөл байдал тэс өөр болсон шүү. Ийм тохиолдолд хурдан ажилладаг, мэргэжлийн, цомхон Засгийн газар хэрэгтэй байлаа. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ковидоос үүдсэн эдийн засгийн амаргүй нөхцөлийг бид эрсдэлийн төлөвлөлт гэж тооцсон. Нэг яам байгуулна тэр нь бүтцээ олоод хөлөө олтол хугацаа алдана гэж бид үзсэн. Эдийн засгийн төлөвлөлт дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр орж ирнэ. Нэг бүлэг нэмж орох юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ард түмэн тогтвортой байдлыг хангах сонголт хийсэн юм. Тиймээс яамдын бүтцийг өөрчилж, хөндөөгүй. Өмнө нь ажиллаж байсан учраас гольдрилдоо орчихсон. Үр дүнгээ үзэхийн тулд ажлаа сайн хийх хэрэгтэй. Холбогдох бүтцийн яамд хариуцлагыг нь үүрүүлээд, анхаарч ажиллана гэдгээ хэлье. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Засгийн газарт ажилласан зарим сайд хариуцлагагүй байсан. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд хөдөө аж ахуйнхаа эсрэг ажилласан. Ноолуур кг нь 100 мянга байсныг 50 мянга болгосон. Малын үнийг бог тутамд 40-50 мянгаар бууруулсан. Малчдын халаасыг хоосолчихоод Ч.Улаан сайд улайхгүй алга болох нь. 

Ийн гишүүд асуулт хариулт авсны дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга зарим яамыг нэгтгэх санал хүргүүлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийн төслүүдийн зөвшилцөх саналтай танилцаж, дөрвөн зүйл бүхий зөвшилцөх санал хүргүүлсэн байна. Тэрбээр,
-Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
-Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
-Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүссэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид