Улаанбаатар 1c

Мартахын аргагүй дурсамж үлдээсэн 1983 оны наадам

Хүүхэд насандаа үзсэн наадам л хамгийн сайхан санагддаг. Тэр дундаас 1983 оны Дархан хотын баяр наадам хэзээ ч мартахын аргагүй, дурсамж, дурдатгалыг амьдралд маань үлдээсэн. Манайх наадмын талбайн хажууд Деревенгийн Цэнгэлдэхийн гудамжны нүүрэн талын хашааны айл байлаа. Жил бүрийн  хавар манайх дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр Ноён хонгорын  Их булан руу малаа аваад зусландаа гарна. Харин би ахтайгаа хамт үлддэг ч ах геологи хайгуулын ажилдаа хавар яваад намар ирнэ. Тийм болохоор Хүдэр  нэртэй банхар нохойтойгоо хашаагаа манаж үлддэг байв. Аав, ээж хоёр зургадугаар сарын 10-наас хурдан морио уяж, унагаа барин, гүүгээ сааж эхэлнэ. Би өглөө Ноён хонгор руу 22 км замыг  дугуйгаар туулан  гэртээ очиж, гүү сааж, унага татаж, өдрийг өнгөрөөгөөд орой Деревенгийнхээ хашаа, байшин руугаа  буцаж ирдэг байлаа.

Манай Цэнгэлдэхийн хашаа наадмын талбайгаас 200-300 метрийн зайтай. Наадмын талбайн урдхан талд хуушуур, зайрмаг, ундааны  10 гаруй модон мухлаг байна. Хойд талд нь тоосгон худалдааны хоёр том барилгатай. Түүний ойр орчимд үйлдвэр, албан байгууллагынхан өөрсдийн гэрээ барина. Наадмын талбай дотор бөхийн барилдаанаас гадна дугуйн уралдаан, галын техник спортын үзүүлэх тоглолт, хөлбөмбөг, хөнгөн атлетикийн уралдаан, тэмцээн явагдана. Наадамчдад зориулсан үзвэр үйлчилгээ олон болохоор талбайд суух сандал олддоггүй байлаа.

Наадмын талбай дотор бөхийн барилдаанаас гадна дугуйн уралдаан, галын техник спортын үзүүлэх тоглолт, хөлбөмбөг, хөнгөн атлетикийн уралдаан, тэмцээн явагдана. Наадамчдад зориулсан үзвэр үйлчилгээ олон болохоор талбайд суух сандал олддоггүй байлаа. Талбайд багтаж ороогүй хүнд зориулан үйлдвэр, албан байгууллагын хамтлаг, дуучид, уран сайханчид авто машины тэвшин дээр урлагийн тоглолт хийнэ.  Мөн сургуулийн хүүхдийн урлагийн тоглолт болно. 

Талбайд багтаж ороогүй хүнд зориулан үйлдвэр, албан байгууллагын хамтлаг, дуучид, уран сайханчид авто машины тэвшин дээр урлагийн тоглолт хийнэ.  Мөн сургуулийн хүүхдийн урлагийн тоглолт болно. Үнэхээр тэр үед наадаж цэнгэх гэдгийн  утга, учрыг  бүх нийтээр мэдэрдэг байжээ.  Наадмын баярын жагсаалд байгууллагуудын ажилчид заавал оролцдог байв.  Харин хуушуур, ундаа, зайрмаг дээр урт дараалал үүсгэн дугаарладаг байлаа. Наадамчид өнгө, өнгийн шүхэр барьж талбайн сандалд битүү суух нь өнгийн цэцэг дэлгэрсэн шиг харагдана. Тэр нь наадмын өнгийг тодотгож өгнө. Улаан, цэнхэр, хөх, өнгийн туг, далбаа, шар, ногоон өнгийн дарцгаар талбайг  тойруулан чимэглэнэ.

Баяр наадам, уралдаан тэмцээн явагдахгүй үед талбайн үүд хаалгыг түгжиж, хүн оруулахгүй. Би гудамжныхаа хүүхдүүдтэй наадмын талбай руу авирч ороод, хөлбөмбөг тоглоно. Талбайн манаач Дорж гэдэг хүн байх.  Тэр хүн байнга биднийг хөөж, тууна. Зарим нэг хүүхдийг барьж аваад эцэг, эхийг нь  дуудаж, улсын өмч хөрөнгө рүү дураараа нэвтэрч орсон гээд бөөн асуудал дэгдээдэг сэн. Дорж гуайгаас зугтаж наадмын талбайн өндөр хананаас мөн ч олон удаа үсэрч байлаа.

Цэнгэлдэхийн гудамжны хүүхдүүд дэггүй, сахилгагүй гэдгээрээ алдартай байв. Деревенгийн “Морьт арми” гэгчийн атаман ах нар манай гудамжинд олон. Гэхдээ бидний үеийнхэн ах нар шиг морь, мал хулгай хийж, зодоон цохион хийгээд хэл ам татлан, хэрэг төвөгт ороод байдаггүй. Хавар, зуныг Хараа голын эрэг дээр усанд сэлж, загас барьж өнгөрөөнө. Намар дугуйгаар Булагтай руу жимсэнд явна. Местнй орос хүүхдүүдтэй хөлбөмбөг өшиглөнө.   Өвөл Хараа гол, Хар-Усан дээр хоккей тоглоно, цана, тэшүүрээр гулгана. Зуны оройн сэрүүнд гудамж хэсээд хаана гитар тоглож байна тэнд очоод дуулж, хөгжимдөөд сууна. Шөнө нь ямар ч зорилгогүй шахам вокзал орно. Түүнээс өөр очих, олон хөлийн газар байхгүй болохоор тэр байх.  Үүр, шөнийн суудал өнгөрөөгөөд гэртээ ирнэ. Цагийг зугаатай, адал явдалтай өнгөрөөж байгаа нэг хэлбэр байж дээ. Деревенгийн атаман гээд биднийг хэн ч дээрэлхэхгүй.

Харин би хөдөө гэртээ өглөө очоод, орой ирнэ. Манайх алба, амины  30 гаруй гүү саана. Үйлдвэрийн айрагны тогтоосон нормыг тасалдуулбал торгууль ногдуулдаг хатуу журамтай.  Торгуулийн мөнгийг цалингаас нь шууд суутгаад авдаг болохоор өглөөний сүүний машинд тогтмол 40 литр айраг өгөх үүрэг хүлээнэ. Нормоо тасалдуулахгүйн тулд гүүгээ саах ёстой. Албан газрын гүүнийн саам, сааль тааруу. Тийм болохоор аав, ээж хоёр өөрийн сүүтэй  гүүгээр алдагдлыг нөхнө.

Хоёр хүн, хоёр захаас нь зэрэг сааж эхлэхгүй бол дараагийн гүү саах хугацаа ойртчихно. Хоёр цаг тутамд наранд шарагдан, ялаа, шумуулд хазуулан өдөржин  унага татаж, гүү саах тийм амар хялбар ажил биш. Халширч, шантармаар санагддаг байж билээ. Гурван зэл дүүрэн унага уяна. Нэг сар зэлэнд халуун наранд уягдсан унаганууд дороо л цагааширч, номхорно. Тэр үед нь  унагануудаа тугал шиг саравчтай хашаанд сүүдэр газар хийдэг байлаа.  Хүмүүс “Танай адуу үнэхээр номхон удам, угшилтай юм аа. Унага чинь тугал шиг хөтлүүлээд явах юм” гэж гайхдаг байж билээ. Харин аав “Адуу гэдэг харьцаж байгаа хүнийхээ ааш, араншингаар байдаг, ухаантай амьтан. Ширүүн дориун гараар хандаж, хашхирч гуугачаад байвал үргэж, хулжаад ааштай болдог” гэдэг сэн.

Аав наадам хүртэл хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулах гол ажилдаа анхаарал хандуулна. Тийм болохоор гүү саах, унага татах, айраг бүлэх ажил надад оногдоно. Манайх 1976 онд  Дарханы Гурил тэжээлийн үйлдвэрийн туслах аж ахуйг анх байгуулагдахад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас сементал үүлдрийн 60 гаруй үхэр авчирч маллаж байлаа. Харин  алтанбулагийнхан хамгийн сүү муутай, ааштай үнээгээ өгсөн байж билээ. Тэр үед Дарханд бороо хур их орно. Өвс өндөр, дөрөө шүргэм ургана. Зарим газар голын тохойд морьтой хүн үзэгдэхгүй шахам өндөр өвстэй.  

Их булан, Ноёнхонгорт  мал битгий хэл, айл ховор байсан үе. Ялаа шумуул ихтэй.  Ямар сайндаа манай хоёр ихэр дүү тууварчинд “Энэ манай гэр биш. Шумуулын гэр. Манай гэр Дарханд байгаа” гэж хэлж байх вэ дээ. Шинэ Дарханы “Дархан” зочид буудал, одоогийн Олон улсын худалдааны төв, 16 давхрын зүүн хойд талд Дундговь аймгийнхан ирж хадлан хаддаг байсан санагдана. Тариа, ногоо ч сайн ургадаг байж, төмс, байцай, лууван, манжинг шуудай, шуудайгаар нь үйлдвэрүүд ажилчдадаа хүчээр шахна. Будаа хадгалах элеваторын силос дүүрсэн гээд

Дархан  хоёроос Хүнсний үйлдвэр хүртэлх замын нэг урсгалыг хааж, битүү будаа асгасан байж билээ. Өвс сайн ургахын хэмжээгээр шумуул их гарна.
Өглөө, орой үнээ саах гэж бөөн асуудал дэгдэнэ. Утаа, май тавьж саахгүй бол ааштай үнээнүүд саалгахгүй. Ээж маань ааштай үнээнд тийрүүлж, хөлөө гэмтээгээд ах, эгч бид аргагүйн эрхэнд үнээ сааж сурсан билээ. Надад гүү саах, үнээ саахаас амар, хялбар санагддаг байв. Гэхдээ тухайн үед хүмүүс намайг маш  их шүүмжилдэг байж билээ. “Адуучин хүний хүүхэд байж  хурдан морь сонирхдоггүй, морь унахгүй, төмөр дугуй унаад, охин хүүхэд шиг гүү саагаад” гэж хатуу үг чулуудна. Би тэр бүхний өөдөөс өрвөлзөж, тайлбар тавиад байдаггүй байв. 

Наадам дөхөхөөр морь унах гэсэн Дарханы таних, танихгүй айлын хүүхдүүд манайхаар дүүрнэ. Майхан, амбаар дүүрэн хүүхэд хонож өнжөөд, салахгүй. Тэр олон хүүхдийг аав, ээж хоёр хөөж туухгүй, өөрийн хүүхэд шиг хооллож, ундална. Тийм ч болохоор манайхаас тэд салдаггүй байлаа. Харин наадам дуусуут тэр олон хүүхэд алга болно. Зургадугаар сарын сүүлээс наадмын бэлтгэл ажил эхэлнэ. Наадмын гоёлын дээлээ оёж, эмээлээ төхөөрч, хазаар, ногтоо зангидаж бэлтгэнэ. Манайх зургаан насны хүний өөрийн нийлсэн  20 гаруй морь уядаг байв. Наадмын өмнө долдугаар сарын 2-нд Ширээ нуруу, Халгайт дов дээр их сунгаа болно. Их сунгаанд сайн уралдсан морьд наадамд дээгүүр давхидаг байлаа.

Дархан хотын наадамд Сэлэнгэ аймгийн Номгон, Баруун, Зүүнбүрэн,  Хушаат, Зэлтэр, Цагаан нуур, Баруунхараа, Баянхараат, Алтанбулаг, Ерөө, Бугантын  хурдан хүлгүүд ирж уралдана. Сэлэнгийн морьд бие томтой, эрлийз адуунууд байна. Тухайн үед одоогийнх шиг эрлийз, монгол адуу гэж ялгаж, салгалгүй хольж уралдуулна. Хүчит тэжээл, амин дэм, витамин, хүч тамир оруулагч  эм, тариа гэдгийг мэдэхгүй. Тийм зүйл ч байгаагүй. Будаа, овьёос, хорголжин тэжээлээс хэтрэхгүй. Жинхэнэ уяачийн авьяас чадвар, хөдөлмөр, зүтгэл, ур ухаан, хурдан хүлгийн шандсыг сорьсон шударга уралдаан болно. Их насны морьд Орхон гол хүрч эргэнэ. Хурдан морины зам өгсүүр элс  ихтэй, морьдын хүч тамирыг ёстой нэг шалгадаг байв.

Би 1983 онд тавдугаар ангийн сурагч байлаа.  Дархан хотын баяр наадмын үндэсний бөхийн өсвөр үеийн 32 хүүхдийн барилдаанд барилдлаа. Аав маань дээл, хүрэмний эсгүүр гаргадаг, зодог, шуудаг захиалгаар оёж, ширдэг, нарийн мужаан мэргэжилтэй, адуучин хүн байсан. Аав миний наадамд өмсөх зодог, шуудгийг эсгэж, оёж, ширж өгсөн юм. Тэр зодог, шуудгийг, ээжийнхээ авч өгсөн брезентэн түрийтэй орос  бакал гутлын хамт өмсөөд Дарханы төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээнд дэвэн дэвсээр гарч билээ. Тухайн үед сэтгэл хөөрч догдлоод, сайхан мэдрэмж төрж байсан нь одоо ч санаанаас гардаггүй.  Тэр жилийн наадмын өмнө зургадугаар 1-ний хүүхдийн баяраар би 12-13 насны хүүхдийн барилдаанд түрүүлсэн болохоор наадмын барилдаанд түрүүлнэ гэж сэтгэл зүйн хувьд их өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй зодоглов. Наадмын хүүхдийн барилдаанд 12-16 насны бөх барилдах заавартай байлаа. 

Би нэг, хоёрын  даваанд 5-6 дугаар ангийн,  үе тэнгийн хүүхэдтэй таарч барилдаад давлаа. Гурвын даваанд өөрөөсөө өндөр  биетэй  ахлах ангийн сурагчтай таарав.  Манай сургуулийн “Маажиг”  хэмээх Мийгаа ах надад “Наадах чинь жүдо бөхийн секцний хүүхэд, хөлөө хамгаалж чадахгүй. Чи шууд давхар хамаад дайраарай” гэж захиад гаргасан юм. Мийгаа ахын хэлж захиснаар давхар хамаад дайрчихлаа. Босоо өрдөг, өндөр биетэй хүүхдийн хөлийг давхар хамах нь надад хялбар байв. Тэгсэн нөгөө хүүхэд гараараа газар тулах гэтэл чийгтэй зүлгэн дээр гар нь гулгаж, тохой нь мултарч, хугарчихдаг байгаа. Миний айсан гэж яана. Зүрх хүчтэй цохилж, цээжээ дэлдээд дэлбэрэх шахав. Тэгсэн засуул, багш нар гүйлдэж ирээд ямар мэх хийсэн бэ.

Яагаад гар нь хугарав гээд бөөн үймээн дэгдлээ. Миний нөгөө наадамд түрүүлнэ гэж хөөрч, сагсуураад байсан сэтгэлийн хөөрөл, оргүй хийсэн алга болж, ёстой нэг номхон хонь шиг болж билээ.  Харин засуулууд “Айх хэрэггүй, чиний буруу байхгүй. Тугаа тойр, чи давсан” гэв. Сэтгэл жаахан тайвширсан ч тэр хүүхдийн хугарч, мултарсан гар нүдэнд харагдаад болдоггүй. Тэгсэн шөвгийн дөрөвт үлдээд сургуулийнхаа  Мийгаа ахтай барилдахаар болов. Надад ямар ч барилдах хүсэл, тэмүүлэл байсангүй. Би ”Мийгаа ах аа намайг зөөлөн хаяарай” гэж хэлээд амжив. Мийгаа ах намайг зөөлөн өргөөд тавьсан. Би ч эсэргүүцэл үзүүлэлгүй унасан. Тэр наадамд Мийгаа ах түрүүлж, нэгдүгээр сургуулийн Гантөмөр гэдэг хүүхэд үзүүрлэсэн. Шөвгийн дөрвийн бай шагнал гэж дугуй булантай 10 төгрөгийн үнэтэй гүрж ногоон цайгаар шагнуулав. Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Пунцаг, Чөлөөт бөхийн  багш  Ц..Жигдэн нар надтай ирж уулзав. ”Чи их уян, үетэй хүүхэд байна. Бөх болох сонирхолтой бол намар манай бөхийн секцэнд заавал ирээрэй” гэж захиж билээ. Яг үнэндээ тэр үед би чөлөөт бөх, самбо, жүдо бөхийн алийг нь сонгохоо мэдэхгүй байлаа.

Байны шагналаа сугавчилаад гэртээ иртэл гэрийнхэн бөөн баяр хөөр болчихсон сууж байна. Амьхандаа би онгирч, магтуулах гэтэл намайг тоож харах хүн алга. Тэгсэн ашгүй  ээж “Юун цай аваад ирэв” гэлээ. Бөхийн шагнал гэсэн чинь “Тийм үү ,баяр хүргэе. Ямар гоё бэлгэ дэмбэрэлтэй юм бэ. Манай хул хязаалан наадамд түрүүлсэн” гээд инээд, хөөр болов.

Би олон сайхан  наадмаас  онцлон 1983 оны Дарханы баяр наадмыг ердөө мартдаггүй. Тэр хүүхдийн гар хугалсан айдас, наадмын  шөвгийн дөрөвт үлдэж шагнуулсан баярт мөч. Хул хязаалан маань түрүүлсэн баяр баясгалан хамгийн дурсамжтай сайхан, хэзээ ч мартахын аргагүй. 1983 оны  наадмаас хойш аав минь Дархан хотын наадмаас гурван түрүү, 10 гаруй айраг хүртэж, Дархан-Уул аймгийн Алдарт уяач цол хүртсэн билээ.  Аавыг Дулааны цахилгаан станцын ууган ажилтан, Гурил тэжээлийн үйлдвэрийн адуучин Т.Нацагдорж гэдгээр нь дарханчууд андахгүй.

Би тэр жилийн намар  бөхийн секцэнд ороод долоо ч хонолгүй гарынхаа хуучин бэртлээ сэдрээж бөх болох хувь заяа дутсан юм. Хүний амьдралын нэг хаалга хаагдавч дараагийн  өөр олон хаалгыг нээх боломж үргэлж байдаг юм билээ. Миний дараагийн сонголт амьдралыг маань орвонгоор эргүүлсэн. Гэхдээ би спортоор хичээллэж, тамирчин болоогүй ч их спорттой одоо ч холбоотой яваа хувь заяандаа баярладаг. Мартахын аргагүй 1983 оны Дархан хотын наадам, аав бид хоёрын, манай гэр бүлийн сэтгэлд мөнхрөн үлдсэн сайхан наадам байсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Энэ бидний дүү аавын минь сайхан мөчүүдийн нэгхэн хэсэг гэхэд сэтгэл минь хөдөлж нулимс минь урсаж байна .
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
Нийтлэлчид